Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 17, 2019

7 хоногийн тойм: 31,415,926,535,897 + Фэйсбүүкгүй 16 цаг + Сурагчдын жагсаал

Ковер зургийн тайлбар: Шинэ Зеландын сүмийн халдлага дэлхийг цочроов

Дэлхий дахинд

Шинэ Зеландын Крайстчерч хотод зэвсэгт этгээд алан хядах ажиллагаа үйлдэж, сүмд мөргөл үйлдэж байсан 50 хүний аминд хүрсэн явдал боллоо. Дүрвэгсэд болон муслимын эсрэг үзэлтэй 28 настай австрали иргэн уг хэргийг үйлдсэн нь тодорхой болоод байна. Тэрээр 17 минутын турш фэйсбүүкээр лайв бичлэгээ хуваалцаж, олон нийтэд өөрийн үзэл санаагаа түгээх гэж оролдсон нь энэ хэргийг улам ээдрээтэй болгосон. Хурдтай арга хэмжээ авч, бичлэг түгэхээс сэргийлж чадаагүй Facebook, Twitter, Youtube тэргүүтэй технологийн компаниуд ихээхэн шүүмжлэлд өртсөн бол Шинэ Зеландын ерөнхий сайд Я.Ардерн галт зэвсгийн хяналтын тухай хуульдаа яаралтай өөрчлөлт оруулна хэмээн мэдэгджээ.

Шведийн 16 настай сурагч охин Грета Тунбергийг Скандинавын улс төрчид Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нийтийг хамарсан кампанит ажлыг зохион байгуулж буй тэрээр ялалт байгуулж чадвал 17-тойдоо энх тайвны шагналыг хүртсэн Малалагийн амжилтыг эвдэх учиртай. Сонирхуулахад, Гретагийн Давос болон НҮБ-ийн тайзнаа хийсэн хурц мэдэгдлээс урам зориг авсан 123 орны сурагчид 3-р сарын 15-нд мянга мянгаараа гудамжинд гарч, жагсаал хийсэн юм.

Vox: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сурагчдын жагсаал гэрэл зургийн дуранд

Этиоп болон Индонезид хагас жил хүрэхгүй зайтай тохиосон онгоцны осолд ижил шинжүүд илэрч байгаа учраас Boeing "737 Max 8" загварын бүх онгоцны нислэгийг зогсоох шийдвэр гаргалаа. Үүнээс өмнө АНУ, Сингапур, БНСУ, Монгол тэргүүтэй 40 гаруй улс уг загварыг нисгэхгүй гэдгээ зарлаад байсан юм. Нийт 371 онгоц энэ хоригт хамаарагдаж байгаа гэнэ. Boeing-ийн хувьцааны үнэлгээ үлэмж хэмжээгээр унаж, 26 тэрбум доллараар багасаад байна.

BBC: Boeing одоо яах вэ?

3-р сарын 29-нд товлогдон Их Британи Европын холбооноос албан ёсоор гарах тов хойшилж магадгүй болоод байна. Ерөнхий сайд Т.Мэй шинэчилсэн хэлэлцээрийн төслөө парламентад танилцуулсан ч ахин дэмжлэг авч чадалгүй ялагдал хүлээсэн нь түүний хувьд хүнд цохилт болов. Парламент үүний дараагаар эцсийн хугацааг хойшлуулах хэлэлцээр хийх зөвшөөрлийг өгөн олонхоор дэмжсэн юм. Гэсэн ч Европын Холбооны зүгээс ямар нэгэн баталгаа өгөөгүй байгаа нь экспертүүдийг түгшээсээр байгаа юм. Хэрвээ Т.Мэй Европын холбоотой зөвшилцөж, хугацааг 3 сараар хойшлуулж эс чадваас Их Британи ямар нэгэн таатай нөхцөл, гэрээ хэлэлцээргүйгээр Европыг орхих аюултай тулгараад байгаа билээ.

Энэ долоо хоногт тохиосон "Pi" өдөртэй зэрэгцэн Google-ийн ажилтан 3.14-өөр эхэлдэг тус "гайхамшигт" тооны 31 триллион оронг тооцоолсноор дээд амжилт тогтоосон байна. Клоуд систем дээр ажилладаг япон инженер Х.Ивао өмнөх дээд амжилтыг 9 триллионоор ахиулсан нь энэ. Тэрээр нийт 25 виртуал тооцоолуур дээр 121 өдөр ажилласны эцэст ийм үр дүнд хүрчээ.

технологийн ертөнцийн эргэн тойронд

Системийн тохиргооны өөрчлөлттэй холбоотойгоор Facebook-ийн үйл ажиллагаа доголдсон нь "гэнэтийн" явдал байв. Нийт 16 цагийн турш дэлхийн өнцөг булан бүр дэх 2.3 тэрбум хэрэглэгч нь сайт руу нэвтэрч чадахгүй байх, зурвас илгээхэд асуудал үүсэх зэргээр "хохирсон" нь тэдний хувьд түүхэн дэх хамгийн том саатал нь боллоо. Facebook-ээс гадна Instagram, Whatsapp зэрэг тэдний эзэмшлийн сошиал платформууд ч ажиллагаагүй болсон байна. Энэ хооронд өөр нэг чат апп Telegram 24 цагийн дотор 3 сая шинэ хэрэглэгчтэй болсон гэнэ.

Twitter шинэ өнгө төрх, дизайнаа хэрэглэгчдийн дунд турших зорилготой шинэ апп "twttr"-ээ нээлттэй болголоо. Зөвхөн цөөн тооны хэрэглэгчдийн дунд туршигдаж буй уг апп-ийн амжилтаас хамааран тэд шинэчлэл хийх эсэхээ шийднэ. Хариултуудыг өнгөөр ялгах, тухайн жиргээнд "бүртгүүлэх", шинэ аналитик платформ зэрэг цоо шинэ нэмэлтүүдтэй уг шинэчлэл тэдэнд ихэд дутагдаж буй залуу хэрэглэгчдийг платформд авчрах найдлагыг дагуулж байгаа юм.

Snapchat ирэх сард багтаан тоглоомын платформ үүсгэж магадгүй тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Өнгөрсөн жил Snappables нэртэй AR линзээ танилцуулж, 1-р сард Австралийн тоглоом бүтээгч Prettygreat-ийг худалдан авсан тэд хэрэглэгчдийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд тоглоомын зах зээл рүү нэвтэрч буй нь энэ юм. Үүнээс гадна уг салбарын акул Tencent Snap-ийн 12 хувийг эзэмших болсон нь ч уг шийдвэртэй холбоотой байх боломжтой билээ.

Google нумардаг дэлгэцний шинэ загвараар патент авах хүсэлтээ гаргалаа. Худалдаанд гараад удаагүй байгаа Samsung, Huawei-ийн утастай харьцуулахад босоогоор нугардаг нь энэ загварын гол ялгаа. Гэхдээ тэд хүсэлтдээ "утас" гэдэг үг оруулаагүй нь зөвхөн гар утаснаас гадна таблет болон бусад төхөөрөмжүүдэд хэрэглэгдэх дэлгэц хийхээр зэхэж буйг нь илтгэнэ.

Токио 2020 олимпийн наадмын үеэр ашиглагдах 2 төрлийн шинэ робот танилцуулагдлаа. Toyota, Panasonic-ийн бүтээсэн уг роботууд хүнд туслах болон хүргэлт хийх гэсэн үндсэн зорилгоороо ялгагдах бөгөөд бүтээмжийг 20 хувиар нэмэгдүүлэх тооцоотой байгаа гэнэ. Бүрэн робот туслагчдыг нийтийн зах зээлд 2030 он гэхэд нэвтрүүлэх төлөвтэй байгаа хэмээн Toyota энэ үеэр мэдэгджээ.

Google нумардаг дэлгэцэнд бооцоо тавьж байна

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн тэргүүлэх хөгжмийн стриминг апп-уудын нэг Spotify Европын холбоонд хандан Apple-ийн эсрэг гомдол гаргалаа. Тэд Apple өөрсдийн эзэмшиж буй Apple Store-оор дамжуулан "шударга бус" өрсөлдөөн үүсгэж байна хэмээн үзсэн нь энэ. Гомдолдоо тэд "Apple-ийн татвар" гэгддэг бүх төлбөрөөс 30 хувийг суутгаснаар Apple Music-т үнээр өрсөлдөх давуу байдал олгодог, хэрэглэгч апп хоорондын зарим харилцааг хязгаарладаг зэргийг дурдсан байна.

Tesla 2020 онд худалдаанд гарах дунд оврын шинэ загварын машинаа олон нийтэд танилцууллаа. Хэрэглээ, хүчин чадлаасаа хамааран гурван төрлөөр үйлдвэрлэгдэх Model Y-ийн үнэ 39 мянган доллараас эхэлж байгаа гэнэ. Хамгийн найдвартай, хамгийн хүчирхэг цахилгаан машин хэмээн Э.Маскийн тодорхойлсон уг загвар нэг цэнэглэлтээр хамгийн ихдээ 480 км-ийг туулах бөгөөд 5.5 секундын дотор 97 км/цагийн хурд авах чадалтай гэнэ.

Wired: Model Y-г бусад загваруудтай харьцуулах нь

Энэтхэгийн 2 дахь баян хүн Азим Премжи нийт 7.5 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийг нийгэмд чиглэсэн төслүүд хэрэгжүүлэхэд зориулан хандивлаж байгаагаа зарлалаа. Дэлхийн технологийн гигантуудын нэг Wipro-ийн үүсгэн байгуулагч тэрээр 2023 хүртэл нийт 21 тэрбум долларыг өөрийн нэрээр нэрлэгдсэн сандаа хандивлах гэнэ. Уг сан боловсролын салбарт илүү анхаарал хандуулан ажилладаг бөгөөд шинэ санхүүжилтийн дараагаар дэмждэг төслүүд, байгууллагуудынхаа тоог 3 дахин нэмэгдүүлэх аж.

SoftBank болон Toyota нийт 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Uber-ийн жолоочгүй машины технологи хөгжүүлэгч нэгжид хийхээр зэхэж байна. Сард 20 сая долларыг шинэ технологидоо зарцуулж буй гэх Uber-ийн энэ нэгж ингэснээр 10 тэрбум орчмын үнэлгээтэй болж байгаа юм. Ташрамд дурдахад Uber-ийн удтал хүлээлгэж буй IPO 4-р сард эхлэх бололтой.

Супер компьютерт зориулсан чип үйлдвэрлэгч Mellanox 6.9 тэрбум долларын үнэ хүрэн NVIDIA-д зарагдлаа. Үүлэн тооцоолуурын эрин үед ихээхэн эрэлттэй технологи хөгжүүлж буй тэдний төлөө Microsoft, Intel тэргүүтэй томчууд бүгд өрсөлдсөн гэнэ.

Model Y өмнөх загваруудаасаа илүү амжилтанд хүрнэ хэмээн Маск итгэж байна

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Marvel хэдхэн сарын өмнө ажлаас нь халсан найруулагч Жэймс Ганныг эргүүлэн авчирч, Guardians of Galaxy цувралын гурав дахь ангийг ахин удирдуулах болсноо зарлалаа. Guardians-ийн өмнөх 2 ангиар ихээхэн амжилт олсон тэрээр хэт барууны үзлийг дэмжсэн, бараг 10 жилийн өмнөх жиргээнээсээ болж шүүмжлэлд өртөөд байсан юм. Улмаар тэрээр Marvel-ийн гол өрсөлдөгч DC-ийн бүтээж буй Suicide Squad-ийн 2-р ангийг бүтээх болсон билээ.

Хэрэглэгч өөрийн хүсссэнээр үйл явдлаа удирддаг интерактив шийдлийг амжилттай туршсан Netflix өөр олон контент дээр энэ технологио хэрэглэж байгаа гэнэ. Эдгээрээс тэд романтик комеди төрөлд илүү найдвар тавьж буй бөгөөд үзэгчид гол дүрийн жүжигчдийн шийдвэр гаргалтыг удирдснаар илүү сэтгэл хангалуун туршлага хуримтлуулна хэмээн найдаж байгаа аж.

Apple 3-р сарын 25-нд шинэ бүтээгдэхүүн танилцуулах эвентээ зарлалаа. Сэтгүүлчдэд хүргүүлсэн урилга дээрээ гол түлхүүр үгээ "It's Show Time" хэмээн онцолсон байсан нь тэднийг энэ удаад контент руу илүү төвлөрч, улмаар шинэ стриминг платформоо танилцуулах нь гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Үүнээс гадна тэд Apple News-ийн шинэ хувилбараа зарлах магадлалтай хэмээн экспертүүд үзэж байгаа юм.

"Captain Marvel" Хойд Америкт нээлтээ хийснээс хойш 2 долоо хоногийн дотор 200 сая долларын борлуулалтын босгыг давлаа. Энэ долоо хоногт 70 сая долларыг олсон тэд бокс оффисийн жагсаалтанд Paramount-ийн шинэ анимэйшн "Wonder Park", Lionsgate-ийн "Five Feet Apart"-ийн урд бичигдсэн нь энэ. 150 сая долларын төсвөөр бүтээгдсэн Марвелын бүтээл одоогоор дэлхий даяар 590 сая долларыг олоод байна.

Red Hot Chili Peppers Гизагийн пирамидуудын урд 10 мянган үзэгчтэй амьд хөгжмийн тоглолт хийлээ. Египтийн аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн уг тоглолт нь 2015 оноос хойш Гизагийн урд хийгдсэн анхны олон нийтийн арга хэмжээ байснаараа онцлогтой. Энэ тоглолтыг үзэхээр 67 орноос фенүүд нь ирсэн бөгөөд Youtube-ийн шууд дамжуулалтын үзэлтийн тоо 2 сая давжээ.

Пирамид + Рок!

алдалгүй унших арван мэдээ

The Verge: Google тоглоомын зах зээлд юу бэлдэж байна вэ?
Variety: Game of Thrones-ийн шинэ ангиудын хугацаа ил боллоо
Konbini: 20 мянган долларын үнэтэй скэйтбордтой танилц!
CNN: Н.Мадурог алах дрон халдлагын эргэн тойронд
Vox: Бид яагаад хожихгүйгээ мэдсээр байж лото тоглоод л байдаг вэ?
Youtube: Avengers: Endgame-ийн шинэ трэйлэр!
Spin: Glastonbury 2019-ийн уран бүтээлчид тодорлоо
Vanity Fair: Топ сургуулиудын элсэлттэй холбоотой авилгалын хямралын эргэн тойронд
Techcrunch: Америк хакер ерөнхийлөгчтэй болох уу?
National: Тусгай Олимпийн наадам АНЭУ-д нээлтээ хийлээ

11439   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.