Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 16, 2019

Залуу маркетеруудын Young Spikes Competition 2019-өөс гарсан онцлох санаанууд

Ази, Номхон далайн орнуудын маркетингийн салбарын хамгийн том, креатив наадам бол "Spikes - Asia Festival of Creativity" билээ. Энэ хүрээнд Монголд анх удаа залуу маркетерууд, уран бүтээлчдийн авьяас чадварыг сорих "Young Spikes Competition" 5 сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 15 баг оролцож, Бэлчээрийн тухай хуулийг батлуулахын төлөө кампанит ажил боловсруулан танилцуулсан юм. Ингээд та бүхэнд хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй бэлчээрийн олон асуудлыг шийдэхийн төлөө залуучууд ямар ямар бүтээлч шийдэл, шинэ санааг уралдуулсныг сонирхоцгооё.

i байр "OOTB баг"- Shrinking country

Монгол орны бэлчээрийн төлөв байдлын 2018 оны үндэсний тайланд дурдсанаар манай улсын бэлчээрийн нутгийн 57 хувь нь доройтжээ. Бэлчээр доройтсоноор ургамлан бvрхэвч тачир сийрэг болж, шимт чанар багасахаас гадна элсний нүүлт, хөдөлгөөн идэвхжиж улам цөлжсөөр байгааг бид тэр бүр анзаарахгүй явсаар л байна.

Тиймээс Вайрил Партнерс ХХК-ийн OOTB баг газар нутаг, хил хязгаарын асуудлыг бэлчээртэй холбон өнөөгийн ашиглах боломжтой бэлчээрийн хэмжээг Монгол Улсын газрын зураг дээр харьцуулан харуулжээ.

Энэ хүрээнд Бэлчээрийн хуулийг батлахыг дэмжиж нэг хүн саналаа өгөхөд 20 км2 нутаг газрын зураг дээр нэмэгдэхээр шийдсэн байна. Ингэснээр байгаль орчиндоо санаа зовниж буй хүн бүрийн санал хувь нэмэртэй гэдгийг харуулжээ. Түүнчлэн даалгаварт өгөгдсөн 7 сарын 10-аас өмнө хэрэгжих боломжтойгоороо өндөр оноо авсан юм.

Түрүүлсэн баг Сингапурт болох "Youth Spikes Competition"-д оролцох эрхийг авсан бөгөөд Азийн шилдэг залуу маркетерууд, уран бүтээлчидтэй санаагаа уралдуулах болно.

ii байр "Y&R numbo one" Баг - үнээмааг дэмжье!

Бид малынхаа тоонд бус чанарт нь анхаарах, бэлчээрийн газрыг ижил тэгш хуваарилах зэрэг бэлчээрийн харилцааг зохицуулахын тулд бэлчээрийн тухай бие даасан хуультай болох зайлшгүй шаардлагатай. Гэвч 2000 оноос хойш Бэлчээрийн тухай хуулийн төслийг дөрвөн парламент дамжин хэлэлцсэн ч батлалгүйгээр өдийг хүрчээ. Тиймээс "Numbo One" баг шийдвэр гаргах түвшний улс төрчдийг чиглэсэн кампанит ажил өрнүүлэн, уг асуудлыг анхааралдаа авахыг шаардах зорилгоор богино хугацаанд өвөрмөц, хурц шийдлийг маркетингдаа тусгахийг хичээсэн аж.

Ингэхдээ бэлчээрийн тухай асуудлыг энгийн иргэдэд чухал мессеж болгон хүргэхийн тулд тэд "Үнээмаа" гэх дүрийг бүтээжээ. Тус дүрээр дамжуулан бэлчээрийн тухай хуулийн ач холбогдол, нөлөөг хялбарчлан тайлбарлаж, олны дэмжлэг авах санааг дэвшүүлсэн байна.

iii байр "The VU" баг - celebration day of rangeland degradation

Бэлчээр доройтлын асуудал нь зөвхөн малчид биш нийт иргэдийн анхаарал хандуулах чухал сэдэв гэдгийг харуулахын тулд тус баг "Бэлчээр устсаныг тэмдэглэх өдөр" хэмээх кампанит ажлыг боловсруулжээ. Тэд иргэдийн өргөн, дэлгэр тэмдэглэдэг баярын өдрийг бэлчээрийн асуудалтай холбон харуулахыг зорьж, баярын өдрийн уламжлалт зан заншлыг эсрэг талаас нь харуулсан аж. Тухайлбал, хатсан цэцэг бэлэглэх, муудсан хүнсээр баярын зоог бэлдэх зэргээр байгальд орчинд аюул тулгарч буй дохио өгч, ирээдүйд биднийг ийм зүйлс хүлээх боломжтой гэсэн мессежийг хүргэхийг хүссэн байна.

"tnt" Баг - Энэ танд хангалттай юу?

Өдгөө Монгол оронд бэлчээрийн даац хүрэлцэхгүй байгаагийн улмаас нэг хонинд ногдох шим тэжээлийг 3-5 хонь хуваалцаж байна. Тиймээс уг асуудал нь малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд ноцтой үр нөлөөтэйг хотын иргэдэд ойлгуулахын тулд TNT баг иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэглээг 3-5 хуваан харуулжээ.

"brainstorm" баг - it's your mic

Бид бэлчээрээс гадна олон асуудалд дуу хоолойгоо нэгтгэж нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах учиртай. Тиймээс хүмүүс аливаа асуудлыг шийдэхийн төлөө хэзээ ч, хаана ч дуу хоолойгоо хүргэн тэмцэж чадна гэдгийг "Brainstorm" баг төрөл бүрийн медиа хэрэгслээр дамжуулан хүргэхийг гол зорилго болгожээ. Дижитал болон уламжлалт сурталчилгааг ашиглан анхаарал татахуйц дизайн, түлхүүр үгсийг олон нийтийн газруудад томоор байршуулсан нь иргэн бүрийн нийгмийн хариуцлагыг сануулсан чухал сэдэл болж өгсөн байна.

"lollipop" баг - nothing lasts forever

Дэлхийн дахинд уур амьсгалын өөрчлөлт улам лавширч, олон гамшигт үзэгдэл тохиосоор байгаа ч бэлчээрийн доройтлын үндсэн шалтгаан нь хүний буруутай, зүй бус үйл ажиллагаа юм. Тиймээс бэлчээрийг зөв ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах бодлогыг хууль эрх зүйн хүрээнд бий болгохын тулд бэлчээрийн асуудлыг хүний гоо сайхан, эрүүл мэндийн асуудалтай адилтган үзэж, байгаль орчноо хайрлан хамгаалах тухай санааг "Lollipop" баг хүргэжээ.

"bsp" баг - we fear change

Шинэ зүйлийг туршиж, хуучин зүйлээ өөрчлөхөд тохиодог гол асуудал бол өөрчлөлтөөс айх явдал юм. Энэ хүрээнд "BSP" баг хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтийн тухай онцолж, бид хэзээг хүртэл өөрчлөлтөөс айн хөдлөхгүй байх вэ хэмээх гол асуултыг тавьжээ. Тиймээс хэрэв бид юу ч хийхгүй суусаар байвал байгаль дэлхий өдөр ирэх бүр өнгө төрхөө алдсаар байх болно гэдгийг сануулж, өөрсдийн ирээдүйг бүтээхийн тулд эерэг өөрчлөлтийг нээлттэй хүлээн авах тухай санааг дэвшүүлсэн юм.

"M&M" баг - let it grow

Хэрэв бид бэлчээрийн зөв менежмент хэрэгжүүлж чадвал доройтсон газруудыг 10 жилийн хугацаанд сэргээх боломжтой аж. Бэлчээрийн талхагдалд орсон газрын нутгийн 90 хувь нь хүний буруу үйл ажиллагаанд өртөхгүй бол өөрөөрөө нөхөн сэргээгдэх боломж бий. Тиймээс M&M баг бэлчээрийг сайжруулах, хамгаалах тухай сэдлийг өгөх зорилгоор "Let It Grow" хэмээх уриатай дэвшүүлэн, онлайн санал өгөх платформ бий болгохыг зорьжээ.

"promotion craft" баг - website with informative quiz form

Бэлчээрийн хууль батлагдаагүй 25 жил болсон нь монголчуудын энэ асуудлын талаарх ойлголт бага байгааг илтгэж байгаа билээ. Тиймээс залуучуудын дунд түгээмэл ашиглагддаг "quiz" форматыг ашиглан "нэгийг бодогдуулах" асуулт бүхий сорилыг боловсруулж төгсгөлд нь санал хураах боломжийг бүрдүүлсэн формыг боловсруулсан байна.

НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг

Хандалт / Сэтгэгдэл:

14644   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.