Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 13, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - World Education Agency-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Цэндсүрэн

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөртэй холбоотойгоор бид хэд хэдэн дугаар дамнуулан хүчирхэг эмэгтэйчүүдтэй ярилцаж байгаа билээ. Энэ удаагийн зочин маань боловсролын салбарт амжилттай ажиллаж яваа World Education Agency-ийн үүсгэн байгуулагч Ц.Цэндсүрэн. Тэрээр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд ХААН Банк, Анод банкуудад ажиллаж байжээ. Үүний дараа 2006 онд Англи улсын Edgware Academy-д суралцаж төгсөөд эргэн ирж, Оюу толгой компанид 5 жил ажилласан байна. Ингээд 2014 онд боловсролын зуучлалын World Education Agency-г үүсгэн байгуулсан нь өдгөө 27 улс руу 270-280 оюутныг тэтгэлэгтэй болон өөрсдийнх нь зардлаар суралцуулсан, тэргүүлэх агентлагуудын нэг болж чаджээ. Тэрээр агентлагийнхаа салбарыг өнгөрсөн хоёрдугаар сард Эл Салвадор улсад нээсэн бөгөөд өөр шинэ бизнес, шинэ төслүүдийг эхлүүлж байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.

Байршил: Улаанбаатар
Эрхэлж буй ажил: World Education Agency-ийн үүсгэн байгуулагч, захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: iMac 21.7" болон MacBook Pro 13''
Сошиал хуудсууд: Tseegii Tsog (Фэйсбүүк), @tsog_tseegii (Твиттер)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?

Хурдтай ажиллахыг эрмэлзэж, зэрэг олон зүйлийг амжуулахыг боддог. Өглөө ажил дээрээ ирээд ажлуудаа хуваарилан хүмүүстээ хариуцуулж, өдөрт нь хэрэгжилтээ хянаад явдаг. Уулзалтад нэлээн их цаг зарцуулагддаг. Уулзалтгүй үедээ сууж судлах ажлууддаа төвлөрнө.

Ер нь нарийн мэдээлэл олох, судалгаа хийх бол миний нэг гол ажил. Үүндээ ч нэлээн дадсан гэж боддог. Мөн сүүлийн үед шинэ ажил, төслүүд рүү орох санаатай, бүр ч их судлах зүйлстэй байна.

Их ажилладаг. Өглөө 9 гэж ажилдаа ирээд, оройтож харьдаг. Залуу байгаа дээр дайчин байж, сайн ажиллаж, бизнесээ босгочихоод, 45 хүрээд ажиллахгүй тааваараа байх сан гэж мөрөөддөг. Гэхдээ найз нөхөд маань "Чам шиг хүн чадахгүй ээ, ажиллаад л гүйж байна" гэдэг юм (инээв).

Сүүлийн үед сайн чадварлаг хүмүүсийг олж, бэлтгэж, баг болон ажиллаж, тэдэндээ итгэл хүлээлгэхэд анхаарч байгаа. Ингэж байж л бизнес амжилттай явна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Хэрэглэдэг төхөөрөмжүүд маань бүгд Apple-ийнх. Google-ийн аппууд болон Word зэрэг оффисийн програмуудыг ажилдаа ашигладаг. Мөн Trello ашигладаг. Canva-г хэрэглэх дуртай. Airbnb, Booked зэрэг аяллын аппуудыг мэдээж их ашиглаж таардаг. Сошиал медиагаас Фэйсбүүк, Инстаграм дээр идэвхтэй. Фэйсбүүк бол яахын аргагүй ажил бизнесийн гол суваг болчихоод байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өдөр бүр, долоо хоног бүр давтагддаг ажлаа цагийн хуваарьт оруулдаг. Тодорхой цаг оноож, урьдчилан төлөвлөнө гэсэн үг. Хэрэглэдэг эд зүйлсээ тогтсон газарт нь тавьж хэвшсэн. Гэртээ ч, ажил дээр ч, аялахдаа ч тэр. Эмх цэгцтэй байх дуртай. Мэдээж маш сайн төлөвлөх л цаг хэмнэнэ дээ.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Жагсаалтаа өглөө бүр дэвтэр дээрээ гаргадаг. 1, 2, 3 гээд дугаарлаад эхнээс нь хийгээд явдаг. Эхнийхийгээ хийхгүй бол дороос нь хийж чаддаггүй сонин зуршилтай. Тэрхүү жагсаалтаа өдөртөө дуусгаж байж санаа амардаг. Мөн чухал зүйлсээ Календарь, Reminder дээр оруулдаг. Хааяа завтай үедээ хуучин дэвтрүүдээ сөхөөд хийсэн ажлуудаа эргэн харж, урам авдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Хүмүүс намайг хурдтай, дайчин гэдэг. Бас шинэ санаа олох, сэтгэх тал дээр гайгүй юм болов уу, суусан газраасаа шороо атгах юм гэж найзууд маань ярьдаг. Би өөрийнхөө юуг илүү үнэлдэг вэ гэвэл, ажилдаа болон хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг гэж хэлнэ. Би сайн сонсогч байхыг хүсдэг. Сайн ч сонсдог. Ажил ярих гэж орж ирсэн хүмүүстэй амьдрал яриад суучих үе ч байна. Асуудал бэрхшээлийг нь сайн яриулаад, өөрсдийнх нь боломж бололцоонд тааруулан хамгийн зөв сонголт юу байж болох тухайд зөвлөдөг. Гадагшаа сурах хүсэлтэй ч мөнгө төгрөгийн бололцоо тааруу хүнийг ятгаж, азыг нь үзүүлэх маш дургүй. Хүмүүсийг итгүүлж, азанд найдаж үлдээдэг тиймэрхүү боловсролын зуучлалын байгууллагууд олон бий. Энэ маш буруу.

Ажлын бус зүйл гэвэл маш сайн хоол хийж чадна.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манай байгууллагад хандаж буй хүмүүс гадаад хэлний түвшин сайнгүй, эсвэл ямар нэг асуудал бэрхшээлтэй байх нь элбэг байдаг. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн хувьд гадаадад суралцана гэдэг бол амьдралд нь маш том өөрчлөлт авчрах, амьдралыг нь өөрчлөх үйл явдал болдог. Тэдэнд туслаад, санасан зорьсон зүйл нь бүтэхэд, виз нь гарахад хүмүүс маш их баярлаж, урмын үгс, талархал ирүүлдэг. Тэр нь яах аргагүй ажлын маань хамгийн сайхан тал.

Нөгөө талаар виз гарахгүй байх гэх мэтийн асуудлууд үүснэ. Би өөрөө их сэтгэл хөдлөлтэй хүн болохоор үйлчлүүлэгчээ дагаж гутарч гуних үе цөөнгүй. Хэдийгээр боловсролын зуучлалын байгууллага нь ЭСЯ биш учраас виз гарна гэсэн баталгааг өгөх эрх байгүй ч үйлчлүүлэгчээ хамгийн сайнаар нь бэлтгэж, материалыг нь сайн бүрдүүлээд л оруулдаг даа.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Саяхан нэг том үйл явдал болсон. Хоёрдугаар сарын сүүлээр манай агентлаг Эл Салвадор улсад салбараа албан ёсоор нээлээ. Миний бие оны өмнө Латин Америкийн зургаан улсаар аялсан юм. Ингээд тэнд байдаг монгол найзтайгаа нийлээд тэндхийн боловсролын зуучлалын агентлагуудыг судлав. Тэгтэл Монголынх шиг цогц, хүндээ хүрсэн үйлчилгээ үзүүлдэггүй юм байна. Агентлагууд нь голдуу л гадаадад сурах сургуулийг нь л олж өгдөг. Тэгсэн хэрнээ эл салвадорчууд 82 орон руу визгүйзорчдог юм билээ. Тиймээс ер нь яагаад энд бизнесээ эхлүүлж болохгүй гэж бодоод найзтайгаа зориг шулуудсан. Бид эндээс бүх материал, нөү-хаугаар хангаж, найз маань тэндэх ажлаа хариуцан манай агентлагийн франчайз маягаар ажиллуулах юм. Саяхан эхний зарим үйлчлүүлэгчээ аваад, ажил амжилттай эхэлж байна. Ойр хавийнх нь улсуудаас манайх шиг үйлчилгээ авъя гэсэн саналууд ч ирж байгаа. Монголдоо бол энэ жил 11, 12-р ангийн хүүхдүүдэд хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ахлах ангийнхан гадаадын сургуулиудад очоод тэндхийнхээ дипломтой төгсөх боломжууд хаана, хаана байна вэ гэдгийг таниулахад чиглэж байгаа. Бусад үйлчилгээ хийгддэгээрээ хийгдээд явж байгаа. Ер нь манайхаар 3 сардаа 40-50 хүн үйлчлүүлдэг тооцоо бий. Улс, сургуулиа сонгоод, материал бүрдүүлээд визээ авах үйл явц дунджаар 3 сар орчим үргэлжилдэг.

Мөн би бизнесийн өөр боломжуудыг эрэлхийлж, зарим нэгийг нь эхлүүлчихсэн явж байгаа.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном нэлээн уншина. Тэмдэглүүштэй, урам зориг авах хэсгүүдийг доогуур нь зурж унших дуртай. Урьд нь номын эхний нүүрэн дээр хэзээ худалдаж авсан, хэзээ уншиж дуусгаснаа нарийн бичдэг байлаа. Англи хэлээр голдуу уншдаг байсан бол сүүлийн үед монгол хэлээрээ унших сонирхолтой болоод байна. Сүүлд "Mindset" гэх номыг худалдаж авсан. Өөр аяллын нэг ном уншиж байгаа. Өөрөө аялалтай холбоотой нэг ном бичих төлөвлөгөөтэй л байна. Би хүмүүсийг хямд зардлаар гадагшаа аялаасай, газар үзээсэй гэж их хүсдэг. Тэгэхээр хэрэгцээт мэдээллүүдийг өөрийн туршлагатай нэгтгэн ном бичих зорилготой.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим сонсох дуртай. Сүүлийн үеийн хит дуунуудыг голдуу сонсдог. Машинд явахдаа темптэй доргио хөгжим чангахан тавьдаг. Урьд нь CD их цуглуулдаг байв. Одоо харин хүнд тарааж өгсөөр цөөн CD-тэй үлдсэн байна лээ.

ТА ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ?

Би их нээлттэй хүн шүү. Хүнтэй амархан найзална. Итгэмтгий. Тийм ч болохоор хүмүүстэй буу халаад л суучихдаг. Бодсон санаснаа шулуухан хэлчихдэг зантай. Нөгөө талаас шүүмж их хэлэх гээд байдаг дутагдалтай гэсэн үг (инээв).

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө унтах гэсээр 02 цаг хүргэчихдэг. Тэгээд хэзээ ч унтсан өглөө 6.30-6.40-ийн үед сэрчихдэг юм. Ер нь тун бага унтдаг болчихоод байна. Энэ ч сайн биш л дээ. Орой шөнөөр бас сууж ажиллаж таардагтай, цагийн зөрүүнээс болоод шөнөөр имэйл унших, харилцах тохиолдол гардагтай холбоотой байх.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хэчнээн их ажилтай ч ядаж бүтэн сайн өдрийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөхийг хичээдэг. Гадуур гарна, салхинд гарна, гэртээ сайхан хоол хийж иднэ.
Ер нь сонирхдог зүйлс, хобби ихтэй хүн. Оёдол, шигтгээ наамал их хийдэг байсан ч сүүлийн үед багасчихаж. Оёж зүүх ажил хийхээр тархи их амардаг юм шиг санагддаг. Бас Puzzle их эвлүүлдэг байсан. Одоо хааяа сагс тоглоно. Тавилга, интерьер их сонирхдог.

Аялал бол хамгийн том хобби юм даа. Ер нь хүссэн үедээ цүнхээ үүрээд гараад явчихдаг талдаа хүн. Сүүлийн үед өмнө нь очиж байгаагүй, сонин содон улс руу явах юм сан гэж хүсдэг болсон байна лээ.

АЯЛЛЫН ТУХАЙ ТУСАД НЬ АСУУМААР САНАГДЛАА?

Аялал бол миний эрч хүчний нэг гол ундарга. Аялаад шинэ содон зүйлсийг үзэхээр нүд нээгдэж, дахин дахин аялах хүсэл бадардаг. Хамгийн сүүлд Никирагуа улсад идэвхтэй галт уулыг тун ойроос үзсэн. Урсаж буй лавыг нь хараад олон жилийн өмнө анх далай үзсэн шигээ их догдолж хөөрсөн шүү. Тэгээд дараагийн аялалдаа явах мөнгө олохын тулд өөрийн эрхгүй их ажилладаг юм шиг байгаа юм. Би ер нь мөнгө хадгалдаггүй хүн. Олсон мөнгөөрөө нэг бол аялна, үгүй бол өөр бизнест хөрөнгө оруулдаг. 2016 онд би багагүй хүндхэн өвдсөн юм. Түүний дараа, хүн чинь мөнгөтэй мөнгөгүй, хүчтэй хүчгүй, ямар ч байлаа гэсэн, ингээд нэг л өдөр амархан бүх зүйл дуусчихаж болох нь, тиймээс одоо цагтаа амьдарч, хийхийг хүсдэг зүйлсээ хийж амьдрах хэрэгтэй юм байна гэж бодох болсон.

Миний хувьд аяллаар нэг тийш явахдаа маршрутаа өргөсгөөд хэд хэдэн газар үзэхийг боддог. Монголоос гарах онгоцны билетийн зардал өндөр шүү дээ. Аялал төлөвлөх дуртай. Хамгийн төгс аяллын маршрутыг гаргаж чадна гэдэгтээ итгэдэг (инээв). Оны өмнө Панам, Коста Рика, Никирагуа, Гондурас, Эл Салвадор зэрэг Латин Америкийн зургаан орноор аялсан. Эмэгтэй хүн ганцаараа аялахад аюултай гэгддэг газрууд тул хүмүүс нь их гайхаж хүлээж авч байсан.

ТАНЫ БИЗНЕСТ АНГЛИ ХЭЛ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ. АНГЛИ ХЭЛИЙГ ТА ХЭРХЭН СУРСАН БЭ?

Одоогийн түвшиндээ хүрэхэд үнэхээр англи хэл хамгийн их нөлөөлсөн. 2006 онд Англи руу явахад, тэнд очоод ажил хийж мөнгө олоход, эргэж ирээд боловрсолын зуучлалын агентлаг, дараа нь Оюу толгойд ажиллахад англи хэл л хэрэг болж байлаа. Надтай уулзсан хүмүүс итали, испани зэрэг хэлүүдийг сурмаар байна гэхэд нь би "толгойг нь эргүүлчихдэг". Үнэхээр бодит байдал дээр манай нийгэмд англи хэл л хамгийн их хэрэгцээтэй байна. Англи хэлтэй бол өнөө үед ямар ч ажлыг хийнэ, ямар ч мэдээллийг олно, аль ч газрын хүнтэй харилцаж чадна.

Миний хувьд англи хэлийг Англид очоод орчинд нь сурсан. Зөөгчөөр ажиллаад 3 сарын дотор хүнтэй ойр зуур ойлголцчихдог болж байгаа юм. Ингээд 10 сарын дараа гэхэд англи хэлэндээ нэлээн сайн болсон. Паабд ажиллахаар хүмүүстэй их ярьж хөөрөх хэрэгцээ гардаг нь эергээр нөлөөлсөн. Бас коллежийн багш маань ч чухал нөлөө үзүүлсэн. Тэр багш биднийг өглөө ирэхдээ метронд үнэгүй тараагддаг Metro сонинг авчрахыг хүсдэг байв. Тэгээд түүн дээр байгаа мэдээнүүдийг англиас англи руу орчуулуулна. Өөрөөр хэлбэл бид тухайн мэдээг ойлгоод, утга санааг нь өөр үгсээр буулгах ёстой. Багш маань бас биднийг танхимд суулгаад байхыг боддоггүй. Биднийг Лондоны түүх соёлын газруудаар дагуулж явна. Яг ийм үед л оюутнууд хоорондоо харилцаж, илүү амьд орчин үүсгэж, хэлээ илүү сайжруулдаг юм билээ. Туршлагаасаа харахад, танхимын сургалтыг практик дадалтай сайн хослуулах нь хэл сурахад их чухал санагддаг. Гадаад хэлийг хэчнээн сайн сурсан ч хэрэглэхгүй л бол мартагдана.

Мөн би англи хэлийг сурч байгаа хүмүүсийг эхлээд болж өгвөл британи аялгаар сураасай гэж хүсдэг. Тэгвэл сонсгол илүү сайтай болдог юм шиг санагддаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хайртай хүмүүсээсээ хамгийн их урам зориг авдаг. Аав ээж минь миний амьдралд том орон зай эзэлдэг хүмүүс. Үр хүүхдүүд маань амьдралын гол утга учир байж, урагшлах хүчийг өгдөг. За тэгээд мэдээж үйлчлүүлэгчид, харилцагчдаасаа их урам авдаг. Хамтарч ажиллаад зорилгодоо хүрсэн хүмүүс "Мөрөөдөлдөө хүрлээ, чадлаа" гэсэн сайхан мессеж, урмын үгс ирүүлэхэд сайхан санагдана.

Номыг бас дурдах ёстой байх. Ялангуяа бодит хүмүүсийн намтар түүхээс би их урам авдаг. Тэгээд түрүүнд дурдсан аялал.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав ээж хоёрын маань сургамж зөвлөгөөнүүд л хамгийн ойрхон байдаг даа. Би чинь аав ээжийгээ л шүтдэг хүн. Аав маань ингэж хэлдэг юм: "Хүн хэчнээн их дээд сургууль төгссөн бай, өндөр боловсрол эзэмшсэн бай, зөв хүн л байж чадахгүй бол ямар ч нэмэргүй" гэж хэлдэг. Хүнийг аргалъя гэсэн зантай болоогүйд, ажлаа чин сэтгэлээсээ хийж сурахад энэ мэт сургамж нь их нөлөөлсөн байх гэж боддог.

Бас аав ээж хоёр маань ерөөсөө бусдыг буруутгадаггүй. Ямар нэг асуудал байвал өөрсдөөсөө л бурууг хайдаг юм. Юм болгон хоёр талтай байдаг болохоор хүнд өөрт нь заавал буруу байдаг. Би ер нь "Юм хоёр талтай" гэж хэлэх дуртай юм байна.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Өөрөө юм юм руу нэлээн ордог, сайнаар хэлбэл "хөрвөх чадвартай" болохоор залуучуудыг тийм байгаасай гэж хүсээд байдаг байх. Гэхдээ найзууд маань хүн бүр адилгүй шүү, чам шиг бүхнийг хийгээд яваад байна гэж байхгүй шүү гэж хэлдэг л юм. Залуу хүмүүс ямар ч байсан эрсдэлээс битгий эмээж байгаасай. Эрсдэл хийх ёстой бол эртхэн л, алдах юм багатай залуу байгаа дээрээ л хийх ёстой.

Миний хувьд ахлах ангийн сурагч байхдаа л үсчин нээхээр төсөл бичээд аав, ээжээсээ 3 сая төгрөг гуйж явлаа. Манжуур явж тоног төхөөрөмжөө хүртэл судалж байсан. Тухайн үед сурлага сайтай байсан болохоор "Юун бизнес, хичээлээ сайн хий" гэдэг хариу авсан. Оюутан байхдаа бас пааб ажиллуулах тооцоо хийж, төсөл шиг юм гаргаад, гэрийнхнээсээ мөнгө гуйж байлаа. Бас л ном сурлагадаа төвлөр гэсэн хариу авч байв. Энэ мэтээр өөрийгөө бага залуу гэлтгүй үзээд алдъя л гэдэг байсан. Одоо харин аав маань тэр үед охиноо дэмжсэн бол бүр ч мундаг бизнес эмэгтэй болох байж дээ гэдэг. За тэгээд, бас нөгөө л хэлдэг зүйлээ хэлэхэд, залуучууд ийш тийшээ явж, газар үзээсэй. Эрээн ч болтугай орох хэрэгтэй. Биднээс өөр газар хүмүүс яаж амьдарч, ажиллаж байгааг харах хэрэгтэй. Нэг газраа л шигдээд суугаад байгаад байвал сэтгэлгээ хөгжихгүй, тэлэхгүй, шинэ санаа орж ирэхгүй. Бас би залуучуудыг залхуу байна гэж шүүмжлэх гээд байдаг. Боломжийг атгаад авбал зууралдаад л байх хэрэгтэй. Жишээ нь, ажлынхаа залуучуудад би "Надаас зууралдаад сурч ав. Над шиг найз үедээ найз, хатуу үедээ хатуу захирал ховор шүү" гэдэг юм (инээв).

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Б.Гантуяа гэдэг мундаг найзыгаа санал болгоё. Найз маань СЭЗИС-ийн Ухаалаг цахим сургалтын эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ Азийн хөгжлийн банкны зөвлөхөөр ажилладаг. Давхар өөрөө фермерийн бизнес эхлүүлээд явж байгаа.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

50311   5

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.