Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 15, 2019

Сансрыг эзэгнэх мөрөөдөл буюу хүйтэн дайны сансрын өрсөлдөөн

1969 оны 7-р сарын 20. Энэ өдөр хүн төрөлхтөн анх удаа саран дээр хөл тавьж, дэлхий дахин түүхэн үйл явдлын гэрч болсон юм. АНУ-ын нисгэгч 38 настай Нэйл Армстронг тус өдрийн 20:17 минутад саран дээр анх хөл тавьж "Анхны хүн" болсон билээ. Үүнээс 6 цагийн дараа Базз Алдринг 02:56 минутад саран дээр хөл тавьж саран дээр буусан хоёр дахь хүн болжээ. Тус ажиллагаа "Аполло-11" хэмээх нэрийн дор зохион байгуулагдсан бөгөөд 1944 оноос хойш 20 гаруй жил үргэлжилсэн ЗХУ, АНУ-ын хоорондын сансрын өрсөлдөөний нөлөөгөөр биеллээ олсон юм. Тэр хүртэл хүйтэн дайны үед хоёр улс сансарт бие биеэсээ илүү гарах гэж нэг төсөл дээр л гэхэд хэд хэдэн тэрбумаар нь зарцуулж, юуг ч золиослоход, юуг ч хийхэд бэлэн байсан юм. Энэ удаагийн нийтлэлээр бид уг өрсөлдөөний ард бүхнийг хийж байсан Вон Браун, Сергей Королев нарын сонирхолтой түүхийг хөндөж байна. 

Сансрын өрсөлдөөний туршид дайны үед Германы пуужингийн төслийн эрдэмтэн байсан Вон Браун АНУ-ын талд ажиллаж, дайны үед хоригдол байсан Сергей Королев ЗХУ-д ажиллаж байлаа. ЗХУ сансрын өрсөлдөөнд 1960-аад оны сүүл үе хүртэл ноёлж байсан нь Королевд ЗХУ бүх итгэлийг хүлээлгэсэнтэй шууд холбоотой. Харин АНУ-ын Германд ажиллаж байсан Браунд итгэхгүй, итгэнэ гэсэн дотоод зөрчилдөөн ажлыг удаашруулж, үр дүнг муутгаж байлаа. Уг зөрчилдөөн Брауны ажилд саад болж АНУ ЗХУ-аас бүх зүйлээр хоцорч, эцэстээ НАСА 1970 оноос өмнө саран дээр хүн буулгана гэсэн хүндхэн амлалтыг өмнөө тавьсан юм.

хүйтэн дайныг эхлүүлсэн нь

Хоёр улсын сансрын өрсөлдөөн дэлхийн хоёрдугаар дайны сүүл үеэс эхлэлтэй. Холбоотнууд тэнхлэгийн гүрнүүдийг буулган авах нь тодорхой болсон тэр үед АНУ-Германы пуужингийн нууц төслүүдийн материалыг олж, уг төслийг удирдаж байсан Вон Брауныг өөрсдийн нутаг руу авч явжээ. Харин энэ мэдээллийг авсан ЗХУ гар хумхин суухыг хүссэнгүй. Хоёрдугаар дайны үед хорих лагерьт хоригдож байсан Сергей Королевийг ЗХУ пуужингийн төсөл дээр ажиллах нөхцөлтэйгөөр сулласан байна. Ингэснээр дэлхийд жанжлах хүсэлтэй хоёр өөр системтэй, хоёр хүчирхэг гүрэн суут эрдэмтдээр хүчээ зузаатгаж хүйтэн дайны сансрын өрсөлдөөнийг эхлүүлжээ.

Хоёр улс ЗХУ задартал шууд бус байдлаар "байлдаж" байсан нь сансрын өрсөлдөөнөөс эхлэлтэй. Аль аль нь сансрын салбарт мөнгө хаяж, пуужингийн төсөл дээр ажиллаж эхэлсэн нь харилцан бие биеэ устгах болгоомжлолыг үүсгэн хүйтэн дайн хүчээ авах нэг шалтгаан болов. Хүйтэн дайны хувьд дэлхийд хүчээр гэхээсээ стратегийн хувьд ноёрхох сонирхол байсан тул пуужингийн хөгжүүлэлтээр гадаад хүчээ чангатгаж, шинжлэх ухаанаар дэлхий дахинд нэр хүндээ өсгөхийг талууд эрмэлзэж байв.

пуужингийн өрсөлдөөний үе

Хэн нь илүү пуужинтай болох вэ гэдэг эхний өрсөлдөөн байв. АНУ-ын НАСА-д ажиллаж байсан Вон Браун дэлхий хоёрдугаар дайны үед Германд байхдаа Гитлерийн тушаалаар дууны хурднаас 4 дахин хурдан пуужинг бүтээж Лондонг завсаргүй бөмбөгдөж байлаа. Тийм ч учраас хүйтэн дайны үед АНУ пуужингийн технологи дээр давамгайлах бүрэн үндэслэлтэй байсан юм. Вон Браун америкчуудад өгөхгүй гэсэндээ бүх материалаа устгасан байж. Хэрвээ тэр судалгаагаа үгүй хийгээгүй сэн бол уг материал дунд пуужингийн дараагийн 25 жилийг тодорхойлох мэдээллүүд, хүн төрөлхтний сансрын аяллын талаарх бодитой судалгаанууд бэлэн байх байв.

Харин нөгөө талд хорих лагериас суллагдсан Королев германчуудаас олсон мэдээлэл дээрээ тулгуурлан Брауны өмнөх пуужингаас 2 дахин хол зам туулах чадалтай Ви2 пуужинг бүтээж пуужингийн өрсөлдөөнд нэг алхам урд алхаж эхлэв. Гэтэл америкчууд Гитлерийн хүнд сансрыг эзэгнэх ажлаа даалгахгүй хэмээн зөрчилдөж, цаг хугацааг дэмий үрж байлаа. Энэ хооронд цаг хожиж чадсан Сергей Королев тив дамжих чадалтай баллистик пуужин зохион бүтээсэн нь дор хаяж 5500 км туулах хүчтэй байсан юм.

хиймэл дагуулын өрсөлдөөний үе

Энэ нэрийн дор бид 1957-1960 оны хоорондох үеийг авч үзнэ. Пуужингийн өрсөлдөөнд илүү гарсан ЗХУ-ын дараагийн төлөвлөгөө нь анхны хиймэл дагуулыг хөөргөж түүний ачаар тагнуулын мэдээлэл цуглуулах байв. Гэхдээ үүнээс өмнө 1952 онд АНУ устөрөгчийн бөмбөг бүтээж зэр зэвсгийн талбарт маш том дэвшил хийгээд байлаа.

ЗХУ дахиад л энэ үед ялалт байгуулж 1957 оны 10 сарын 4-нд анхны хиймэл дагуул болох Спутникийг хөөргөв. ЗХУ-ын эрдэмтэн энэ мэтчилэн хүссэнээ бүтээх эрх мэдэлтэй байсан бол Вон Брауны эрх мэдэл жилээс жилд хумигдсаар байлаа. Америкчууд сансар гэхээсээ илүү зэр зэвсэг, цэргийн салбарт мөнгө хаях болж, сансарт зарцуулах төсөв, Вон Браунд итгэх олон нийтийн итгэл унасаар байсан юм. Сансарт ноёлох ёстойг ойлгуулахын тулд Вон Браун бүр Уолт Диснейтэй хамтарч шууд нэвтрүүлгээр сэтгэл хөдөлгөм илтгэл тавьсан байна.

Америкчууд дотоод асуудлаа шийдэж чадахгүй үймэж байх хооронд анхны хиймэл дагуул хөөргөснөөс ердөө сарын дараа Спитнуик-2 төслийн дагуу ЗХУ анх удаагаа амьд амьтан сансарт нисгэв. Лайка хэмээх нохойг амжилттай нисгэсэн ч тухайн үеийн хөгжил дэвшлийн хувьд Лайка ердөө 5 цаг л амьдрах боломжтой байлаа. Уг явдлыг Америкчууд өлгөн авч амьтны эрхийг зөрчсөн, харгис үйлдэл хэмээн шуугиж байв. Гэвч энэ нь ЗХУ-ийн сансрын давамгайлалд ямар нэг нөлөө үзүүлж чадаагүй юм. Тэгээд ч удалгүй ЗХУ дахин нохой сансарт нисгэж, тэр нь эх дэлхийдээ амьд эргэн ирсэн билээ. Тэр нохдын нэрийг Стелка, Белка гэдэг байсан бөгөөд нэгийг нь зөвлөлтийнхөн америкийн цагаан ордон руу "бэлгэдэл" болгон илгээсэн гэдэг.

Хиймэл дагуулын өрсөлдөөн хүн сансарт нисэх хүртэл үргэлжилсэн бөгөөд хиймэл дагуулыг илүү дэвшилтэт болгох маш олон оролдлого хийгдэж байлаа. Үүнийн ач холбогдол нь тагнуулын мэдээлэл цуглуулах, цаг агаарын мэдээлэл авах, станцын долгион дамжуулах зэрэгт оршиж байв.

Лайка бол сансарт гарсан анхны амьд амьтан!

хүн сансарт нисгэх өрсөлдөөний үе

Тив дамжих пуужин, хиймэл дагуул, амьд амьтан сансарт хөөргөсний дараагийн алхам нь сансрын аялал байлаа. Эхлээд хүн сансарт нисгэх өрсөлдөөн өрнөх нь тодорхой байсан ч түүний дараа саран дээр хүн газардуулах ёстой гэдгийг аль аль тал ойлгож байсан юм.

1959 онд америкчууд ЗХУ-тай илүү хүчтэй өрсөлдөх хэрэгтэй гэдгээ ойлгож НАСАГ-г байгуулав. Гэвч энэ хооронд зөвлөлтийнхөн аль хэдийнээ сансарт нисгэх хүнээ хайж эхэлсэн байлаа. Учир нь тэд 1959 онд буюу НАСА байгуулагдсан жил амьд биетгүйгээр аль хэдийн саран дээр газардсан байв. Тус оны 10 сарын 4-нд Королевийн зохион бүтээсэн Лунар-2 хөлөг саран дээр газардсан анхны биет болжээ. Уг үйл явдлын дараа ЗХУ-ын удирдагч Хрущев "Бид сансрын өрсөлдөөнд яллаа. Харин америкчууд зайдасны өрсөлдөөнд л яллаа" хэмээн хошигнож байж.

Харин үүний дараа ЗХУ-ын сансрын нисгэгчийг сонгох шалгаруулалт маш нарийн дэгийн дагуу явагдсан гэдэг. Биеийн эрүүл мэнд, гэр бүлийн байдал, туулсан амьдралын түүх, сэтгэл зүй, биеийн өндөр, жин, нас гээд бүхий л мэдээллийг нь шалгаж олон сорилтыг тавьж байлаа. Зарим шалгуурууд хэтэрхий хүнд байснаас ихэнх хүмүүс давж чадалгүй хасагдаж байжээ.

Оросууд хэдийнээ амьтан хөөргөчихсөн учраас түрүүлж хүн сансарт нисгэх өрсөлдөөнд ялах нь тодорхой байв. Байгуулагдаад удаагүй байсан НАСА-ийн ажил удаашралтай байснаас болж "дээрээсээ" шахуулж ажлыг оромдох шахуу юм болж байлаа. Харин 1961 онд ЗХУ АНУ-ын дотоод зөрчлөөс цаг хожиж 4-р сарын 12-нд Юрий Гагарин хэмээх нисгэгчийг сансарт нисгэж түүхийн шинэ хуудсыг бичив.

Маш том "тулаанд" ялагдал хүлээсэн АНУ эцсийн том "дайнд" ялахгүй л бол байдал маш хүнд болов. Тиймээс Жон Кеннеди ерөнхийлөгч Конгрессын хурал дээр "Америкчууд 1970 оноос өмнө саран дээр хүн буулгана" хэмээн ам гарсан байна. НАСА учраа олохгүй, Браунд ч олигтой эрх мэдэл өгөхгүй байсан үед ерөнхийлөгч ямар ч төлөвлөгөөгүй ийм мэдэгдэл хийсэн нь НАСА-ийн хувьд маш хэцүү даалгавар болох нь ойлгомжтой.

Сергей Королев тэр үед Юрий Гагариныг сансарт нисгэхдээ амьд эргэн ирэх магадлалыг нь 5 хувь л гэж бодож байжээ. Учир нь Гагарин буцаж дэлхийд буухдаа агаар мандалд хэт их өнцгөөр орж ирвэл шатаж үхэх, хэт бага өнцгөөр орвол дэлхийн мөнхийн дагуул болох аюултай байсан юм. Мөн Гагарин хүндийн хүчийг мэдрэхээ больсноос хойш 9 минутын дараа дэлхийгээс холбоо тасарч, багийнхан нь түүнийг амиа алдчихлаа гэж бодож байжээ.

"анхны хүн"-ий төлөөх өрсөлдөөний үе

Саран дээр газардсан анхны хүнийг өөрсдийнх байлгахын тулд хоёр улс бүхнээ зориулах үе Кеннедигийн 1961 оны мэдэгдлээс эхэлжээ. Бүтэн 20 жил ЗХУ-ын ард явсан АНУ анх удаагаа тэднээс илүү гарах нөхцөл энэ үед бүрдэж эхлэв. Учир нь Вон Браунд анх удаа чөлөөтэй ажиллах бүрэн эрхийг өгсөн бөгөөд "Аполло" төслийн хүрээнд Сатурны хөлгийг бүтээсэн нь Спутник шиг 1500 хиймэл дагуулыг саранд хүргэх чадал бүхий гайхамшигтай бүтээл байлаа. Гэхдээ Королев өрсөлдөгчөөсөө илүү алхах чадвараа дахин нэг удаа гайхуулсан нь 1965 он байв. Энэ цаг үед ЗХУ анх удаа задгай сансарт хүн нисгэсэн нь 23 минутын турш хөөрсөн ЗХУ-ийн нисгэгч Леонов байв. Хариуд нь АНУ "Gemini" хөлгийг бүтээж хоёр ч удаа сансарт гарах оролдлого хийв.

Хоёр агуу эрдэмтний өрсөлдөөний жинхэнэ ялагчийг тодруулах гэж байсан энэ чухал үед Сергей Королев 1966 онд хавдрын улмаас харамсалтайгаар хорвоог орхив. Ийнхүү ЗХУ сансрын өрсөлдөөнд ялж байсан гол хүнээ алдаж цаашдын жилүүдэд АНУ-ын ард хоцрох нь гарцаагүй болсон юм. Түүний нэрийг сансрын өрсөлдөөний үед дэлхий нийтээс бүрэн нууцалж байсан бөгөөд нас барснаас нь хэд хоногийн дараа Королевийн нэрийг зарлаж, орон даяар хүндэтгэлтэйгээр үдсэн байна.

1967 оны нэгдүгээр сард америкчууд саран дээр бууна гэдэгтээ бүрэн итгэж 3 нисгэгчийг Сатурн хөлгийн капсулд оруулсан ч капсулд шаталт үүсэн Аполло-1 ажиллагаа бүтэлгүйтсэнээр 3 нисгэгч амиа алдав. Иймээс тэд капсулыг бүрэн шинэчлэх шаардлагатай болж "Аполло-11"-ийг бүтээх хүртэл хүнгүй маш олон удаагийн туршилтыг хийжээ. Амжилттай болно хэмээн найдаж 1969 онд буюу Нэйл Армстронгийг сар луу нисэхээс 17 хоногийн өмнө хүнгүй туршилт хийсэн ч дахин бүтэлгүйтэн хөлөг дэлбэрч, атомын бөмбөг хаясан мэт үйл явдал болжээ. Хөлгийн үлдэгдлүүд ойрын 10 км-ийн зайд цацагдсан гээд л бод.

Гэвч хачирхалтай нь америкчууд уг бүтэлгүйтлээс ердөө 17 хоногийн дараа төлөвлөсөн хугацаандаа Нэйл Армстронг, Базз Алдрин нарыг капсулд суулган сар луу хөөргөсөн байна. Өмнөх бүтэлгүйтлийн шалтгаан нь ердөө нэг боолтноос болсон хэмээн үзэж уг асуудлыг шийдсэнээр асуудал үүсэхгүй гэдэгт тэд бүрэн итгэжээ. Энэ хооронд Королевоо алдсан ЗХУ-ын сансрын хөгжүүлэлт уналтад орж америкчуудыг зурагтаар үзэхээс өөр аргагүйд хүрээд байв.

Ингээд оросууд төдийгүй дэлхий нийт 1969 оны 7-р сарын 21-ны 20 цаг 17 минутад Нэйл Армстронг саран дээр хөл тавьсан анхны хүн болохыг үзжээ. Вон Брауны үйл хэрэг үр дүнгээ өгч сансрын өрсөлдөөнд америкчууд ялж үзсэн нь энэ. Гэхдээ уг өрсөлдөөний явцад илүүрхсээр байсан Королевийн үйл хэрэг үр дүнгээ одоо ч өгсөөр байгаа бөгөөд түүний бүтээсэн Союз капсул, P-7 пуужин одоог хүртэл ОХУ-ын сансрын гол хэрэглэгдэхүүн болсоор байна.

Энэ бол хүн төрөлхтний саран дээр тавьсан анхны "тамга"!

705   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.