Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 08, 2019

Эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт: Тоглоомын дүрмийг өөрчилсөн 20 настай гүйгчийн бахдам түүх

1966 оны 12-р сард Нью Йоркийн Сиракюзийн их сургуулийн спортын тэнхимд нэгэн жигтэй хүсэлт иржээ. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг 19 настай бүсгүй хүсэлтдээ гүйлтийн клубт элсэн тогтмол бэлтгэл хийж, албан ёсны уралдаан тэмцээнд орох зорилготой байгаагаа дурдсан байна. Үүнийг ирсэн бичиг бүрд нухацтай хариулт өгдөг тэнхимийнхэн зүгээр л нэг наргианд тооцон огт тоолгүй өнгөрөөхөөр шийдсэн нь санамсаргүй хэрэг биш байв.

Учир нь тухайн үед спортын арвин уламжлалтай тус сургуульд эмэгтэйчүүдийн гүйлтийн баг гэж байсангүй. Зөвхөн тус сургуульд ч гэлтгүй Америк даяар хөнгөн атлетикийн чиглэлээр дагнасан хөтөлбөрүүдэд эмэгтэйчүүдийг багтаадаггүйгээр барахгүй албан ёсны тэмцээн ч зохиогддоггүй байж.

Гэхдээ тус сургуулийн шууданчаар ажилладаг, гүйлтийн багт сайн дураар дасгалжуулагч хийдэг Арни Бриггс хэмээх эрхэм уг хүсэлтийг санаандгүй байдлаар үзээд ихэд олзуурхан хүлээн авч, мөнөөх эмэгтэйг эрэгтэй багийнхантай хамт бэлтгэл хийхийг урьжээ.

Бидний өгүүлэх түүх ийн эхэлсэн юм.

Катрин Свицер дунд сургуульд байхаасаа л гүйлтэд дурлажээ. Тийм ч учраас Бостоны Марафонд 15 удаа гүйсэн, 50 насыг шүргэж яваа Арнигийн удирдлаганд тэр орой бүр дор хаяж 10 км замыг туулах болов. Бэлтгэлийн үеэр дасгалжуулагчийнхаа өгүүлэх сонирхолтой яриа, домог мэт түүхүүдэд улам бүр татагдах болсон Катрин тэгтэл санаанд оромгүй хүслээ ил болгожээ.

"Би Бостоны марафонд гүймээр байна!"

Гэнэтийн энэ асуултанд тулгамдсан ч Арни "Эмэгтэйчүүд Бостоны марафонд гүйх боломжгүй. Өмнө нь хэн ч гүйж байгаагүй шүү дээ" хэмээн шулуухан хариулжээ. Мөн 42 км гэдэг тоглоом биш, маш өндөр бэлтгэлгүй л бол бүтэхгүй, тэглээ ч эмэгтэйчүүдэд тохиромжгүй төрөл хэмээн халгаасангүй. Гэвч Катрин бууж өгөх шинжгүй байлаа. Тэр өмнөх жил нь "нууцаар" марафонд гүйсэн хэмээн шуугиан дэгдээсэн бүсгүйн тухай ярьж, өөрийгөө ямар сайн формтой байгаагаа дуулгав.

"Хэрвээ Бостоны марафонд эмэгтэй хүн гүйж чадах бол чи ч чадна л гэсэн үг. Гэхдээ чи надад өөрийгөө бэлэн гэдгийг баталж харуулах хэрэгтэй. Хэрвээ чи бэлтгэл дээр бүх замаа дуусгаж чадвал би чамайг Бостон руу өөрөө дагуулж явах болно" хэмээн Арни хэлжээ. Катринд чухам энэ хариулт л хэрэгтэй байлаа. Одоо тэр зорилготой боллоо.

Бостоны марафон бол дэлхийн хамгийн ууган марафон. 1897 онд анхны тэмцээнээ зохион байгуулахад нь жилийн өмнөх Олимпийн наадам жинтэй нөлөө үзүүлсэн гэдэг. Жил бүр оролцогчдын тоо нь өсдөг, дэлхийн хамгийн том зургаан марафоны нэг болох энэ тэмцээн бол гүйгчдийн хувьд эзлэх ёстой Эверест нь, мөргөх учиртай ариун дагшин сүм нь, хөдөлмөрийнх нь үр шимийг батлах гол утга учир нь л гэсэн үг.

Катрин 1967 оны 3-р сард буюу тэмцээн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө 42 км 195 метрийн зайг анх удаа бүрэн дуусгажээ. Найдвартай нь дээр гээд бүр 50 км гүйсэн тохиол ч байсан гэдэг. Шавь нь бэлэн гэдгийг мэдэрсэн багш нь ч хэлсэндээ хүрч, Бостон явах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Гэхдээ тэр эцсийн мөч хүртэл нэг ч эмэгтэй гүйгч уралдаж байгаагүй уралдааны замд шавиа хэрхэн гаргахыг мэдэхгүй л байлаа.

Тэр үед марафон зөвхөн эрчүүдийн спорт байв. Албан ёсны тэмцээнүүдэд эмэгтэйчүүд 1500-аас дээш метрийн зайд гүйдэггүй байж. Эмэгтэйчүүдэд хол зай туулах тэсвэр байхгүй, бие физиологийн хувьд ч боломжгүй хэмээн мэтгэдэг бүлэг байсан гэдэг.

Гэхдээ тэдний өмнө гаргалгаа нь маш азтай байдлаар гараад иржээ. Тэмцээний албан ёсны дүрмийн номд гүйгчдийн хүйсийн талаар дурдсан заалт байдаггүйг өмнө нь хэн ч тоож анзаардаггүй байж. Мөн эцэг нь дөнгөж төрсөн охиныхоо нэрийг бүртгүүлэхдээ "е" үсгийг нь гээчихсэн учраас Катрин нэрээ дандаа л "К.В.Свицер" хэмээн товчилж бичдэг байжээ. Тиймээс тэд энэ товчлолыг ашиглан анкетаа бөглөж, ердөө 3 доллар төлөөд л албан ёсоор уралдаандаа бүртгүүлчихсэн хэрэг. Катриныг найз залуу Том Миллер болон гүйлтийн дасгалжуулагч Жон Леонард нар нь дэмжин хамт бүртгүүлжээ. Тэр үед Том "Хэрвээ чи марафоныг дуусгана гэдэгт итгэлтэй байгаа бол би ямар ч бэлтгэлгүйгээр замаа дуусгана л гэсэн үг" хэмээн хэлсэн гэдэг.

67 оны марафонд нийт 601 гүйгч оролцсон нь тухайн үедээ рекорд болж байв. Гэхдээ тэдэн дунд ердөө ганцхан эмэгтэй байжээ.

1967 оны 4-р сарын 19. Цас хаялсан хаврын өглөө. Катрин гүйх гэж байгаагаа гэрийнхэндээ уралдаан эхлэх өглөө л дуулгажээ. Ямар ч зүйлд чамбай бэлтгэдэг охиныхоо занг мэдэх аав нь хэдий ихэд сандарч байгааг нь гадарлаж байсан ч огт эргэлзсэнгүй. "Зүгээр дээ, охин минь, зүгээр л гүй. Чи сайн бэлдсэн, хангалттай чадна. Үзүүлээд өг" хэмээн охиндоо урам өгөх нь тэр.

Гараан дээр цугларсан мянга мянган эрчүүд Катриныг таатай хүлээн авсан нь түүнийг бага ч гэсэн тайвшруулав. Цаадуул нь "Бостонд эмэгтэй гүйгч харах таатай байна", "Эхнэрээ марафонд уруу татах зөвлөгөө өгөөч" зэрэг үгсийг хэлэх нь түүнд таатай. Зарим нэг нь бүр хамт зургаа авахуулах ч санал тавьж байв. Удалгүй уралдаан эхэлж, бүх зүйл ном журмын дагуу өрнөв.

Марафоны эхлэл үргэлжид л "хөгжилтэй" байдаг. Эргэн тойрон сэтгэл нь хөдөлсөн үзэгчид бүх тамирчдыг урамшуулан хөөргөж, эрч хүч өгөх үгсийг харамгүй хайрлана. Эрч хүч дүүрэн гүйгчид эхэндээ бүгд л нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар өнгөрнө. Зай алсрах тусам, хугацаа өнгөрөх тусам бүх зүйлс хэцүү болно гэдгийг мэдэх учир тэд ч аль болох энэ мөчийг мэдрэхийг хүснэ. Гэхдээ Катрин ба түүний багийнхны баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Уралдаан эхлээд ердөө 2 км өнгөрч байхад бүх дэлхий хөмөрчих шиг үйл явдал тохиов.

"Миний уралдаанаас яг одоо гар. Дугаараа яг одоо надад өгөөдөх" хэмээн тэмцээнийг зохион байгуулагчдын нэг Катриныг араас нь зуурчээ. Мөрөн дээрээс нь хүчтэй гар угз татахыг мэдэрч, анх удаа ийм дайралтанд өртсөндөө сандарч мэгдсэн Катриныг яахаа мэдэхгүй эргэлзэх зуур найз залуу нь түүнийг хамгаалж, нөгөөх эрийг түлхэн холдуулжээ. Хүчтэй түлхэлтэнд биеэ бэлтгэж амжилгүй хашлага тийш "нисэх мэт унасан" өнөөх зохион байгуулагч бол тэмцээний ерөнхий менежер Жок Семпл байж.

Уралдааны уур амьсгал агшин зуур орвонгоороо эргэв. Одоо Катринд буцах зам нэгэнт үгүй болжээ.

"Хэрвээ би уралдааныг орхивол хэн ч эмэгтэйчүүд биднийг 42 км-ээс илүү зайг туулах чадвартай гэдэгт итгэхээ болино гэдгийг би мэдэрч байлаа. Хэрвээ би уралдааныг орхичихвол хүмүүс намайг зүгээр л анхаарал татах гэж оролдсон нэгэн гэж харна гэдгийг ухаарч байлаа. Хэрвээ би уралдаанаа орхих л юм бол эмэгтэйчүүдийн спорт урагш биш хойш ухрах болно гэдгийг гадарлаж байв. Хэрвээ би зүгээр л хаячихвал ахиж Бостонд уралдахгүй гэдгээ, тийм боломж бусдад олдохгүй ч байж магад гэдгийг мэдэж байлаа. Хэрвээ би гарчихвал Жок Семпл болон түүн шиг үзэл бодолтой хүмүүс ялах болно гэсэн сэтгэгдэл төрсөн. Миний айдас болоод ичгүүр хоромхон зуур уур болж хувирсан даа" хэмээн Катрин Свицер хожим дурссан билээ.

Хэдий хэвлэлийнхэн түүнийг тасралтгүй дагаж "Юу батлах гэж гүйж байгаа юм бэ?", "Хэзээ замаа орхих вэ?" гэх мэт утгагүй асуултыг асуун дарамталж байсан ч, амьдралдаа анх удаа дайралтад өртөн сэтгэл санаа нь төсөөлөхийн аргагүй "өвдөж" байсан ч, найз залуугийнхаа олимпийн мөрөөдлийг үгүй хийчихлээ дээ хэмээн өөрийгөө зүхэж байсан ч, уралдааны зохион байгуулагчид халдсан учир баривчлагдаж ч магадгүй хэмээн эмээж байсан ч тэр бууж өгсөнгүй. Одоо замаа дуусгах нь зөвхөн түүний зорилго бус, түүнийг харж буй, уралдааныг үзэж буй, хожим харах охид бүрийн зорилго болон хувирчээ.

Катрин 4 цаг 20 минутын хугацаанд замаа дуусган барианд оржээ. Ингэхдээ тэр өөрийгөө ямар том түүхийн эхлэлийг тавьснаа ухаарч амжаагүй байсан нь лав. Бүх дэлхий энэ амжилтыг хэрхэн хүлээж авахаа ч ойлгохгүй байсан юм. Тиймээс тэр шөнөдөө л Нью Йорк руу явчихсан гэдэг.

Гэвч түүх дөнгөж эхэлж байсан юм. Нью Йорк орох замдаа хоол идэхээр зогссон тэд өглөөний шинэ сонин гарчиглаж байсан эрхмийг хараад зогтусжээ. Нүүр хуудас, дунд хуудас, арын хуудсаар нь дүүрэн Катрины зураг, түүний эшлэлүүд, түүний тухай нийтлэлүүд зурайж байв. Тэр хүнээс гуйж аваад итгэж ядан гарчигласан мөнөөх сониноо Катрин одоо хүртэл хадгалсаар буй. Учир нь тэр хожмоо зөвхөн марафон төдийгүй нийт спортын ертөнц дэх эмэгтэйчүүд, тэдний оролцооны талаарх тогтсон ойлголгыг эвдэх хөдөлгөөнийг эхлүүлсэн байлаа.

Энэ үйл явдлаас хойш ердөө тавхан жилийн дараа Бостоны марафон анх удаа эмэгтэй гүйгчдийг уралдахыг хүлээн зөвшөөрчээ. 1980 онд Лондон хот анх удаа марафонд зориулан төв замаа хаасан нь Катрины шанг нь татсан, эмэгтэйчүүдийн гүйлтийн цуврал явагдсантай холбоотой байв. 1984 оноос эхлэн эмэгтэй марафон Олимпийн хөтөлбөрт багтах нь тэр.

1981 онд Лондоны марафон анх удаа явагдахад 6000 гүйгчдийн 300 нь л эмэгтэй байжээ. Харин өнөөдөр 22 мянга гаруй эмэгтэй энэ уралдаанд гүйж байна. Америкт нийт марафон гүйгчдийн 58 хувь нь, Канадад бүр 65 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Бостоны марафонд оролцогчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь улам бүр өссөөр ирэх жил 50 хувьд хүрэхээр байна.

Зөвхөн гүйлт гэлтгүй спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгдэхэд ч энэ үйл явдал дам нөлөөлсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Монголчууд анхны медалиа хүртэж асан 1968 оны Мехикогийн олимпийн наадамд нийт тамирчдын 13 хувь нь л эмэгтэйчүүд байсан бол ирэх жил Токиод анх удаа хүйсийн харьцаа 50:50 болох болно.

Катрин одоо ч гүйсээр буй. Тэр нийт 42 марафонд уралдаж, 1974 онд Нью Йоркийн марафоны ялагчаар тодорчээ. Түүний санаачилгаар зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан зохиогддог Avon International Running Circuit тэмцээн 1978 оноос хойш 27 оронд зохиогдож, сая гаруй гүйгч оролцжээ. Хамгийн сүүлд 70 насандаа 2017 оны Бостоны марафонд оролцохдоо тэр 20 настайгаасаа ердөө 20 минутаар хоцорсон амжилтыг үзүүлсэн байна. Катрины анхны уралдаандаа зүүсэн 261 дугаарыг Бостоны марафон үүрд мөнхөлж, дахин хэнд ч зүүлгэхгүй болсноо мэдэгдсэн нь түүний үзүүлсэн нөлөө ямар том цар хүрээтэй байсныг бүрэн илтгэх биз ээ.

Ихэнх хүмүүсийн хувьд марафон олон сарын уйгагүй хөдөлмөрөө үнэлэх, зорилгодоо хүрэх талбар нь болоод өнгөрдөг. Харин Катрины хувьд тэр уралдаан зуун дамнан өрнөж буй их өөрчлөлтийг түүчээлсэн, сая сая охидод урам зориг бэлэглэсэн түүхийн эхлэл байсан гэлтэй.

Төгсгөлийн оронд

Дээр хавсаргасан видеог өнгөрсөн долоо хоногт үзсэн нь бидэнд энэ контентийг бүтээх сэдлийг өгсөн юм. Уг видеонд өгүүлэх үгс, үзэгдэх дүрсүүд, гол дүрүүд бүгд дор бүрнээ асар их түүхийг агуулсан, төсөөлшгүй их нөлөөг дагуулсан билээ. Ийнхүү 2 жилийн өмнө "261" дугаарыг мөнхлөх талаар бичсэн нийтлэлийг үзээд, өгүүлэн буй баатрын бичсэн "Marathon Woman" номыг эргүүлж байснаа санан энэ гайхалтай түүхийг чухам энэ л өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр уншигч тантай хуваалцахыг хүслээ.

Энэ түүх бидэнд, өдгөө энгийн мэт санагдах, өөрөөр төсөөлж чадахааргүй болтлоо дадсан зүйлс ямар их үнэ цэнээр ирснийг сануулах болно. Бидэнд ахиад хийх зүйл зөндөө байгаа, нөхцөл байдлаа тасралтгүй сайжруулах хэрэгтэй шүү гэсэн дохиог ч өгөх болно.

Дэлхий нийт энэ жилийн "Мартын 8"-ыг хүйсийн тэнцвэрт байдлаар дамжуулан нийгмээ илүү сайн сайхан болгоё хэмээн #BalanceForBetter уриатайгаар тэмдэглэж байна. Тогтвортой хөгжлийг цогцлоон илүү тэнцвэртэй нийгмийг бүрдүүлэхэд хүйсийн тэгш байдал хамгаас чухал гэсэн гол санаа энд бий. Эмэгтэйчүүдийн эрх нь хүйсээр давамгайлах үзэл санаа огт биш, угтаа хүний үндсэн эрхээ эдлэх, ямар нэгэн хязгаар, хориггүйгээр сонголтоо хийх эрх чөлөөг л хэлж буйг бид мэдэх учиртай.


Катрин Свицер шиг цаг үеэсээ түрүүлсэн, хойч үеийнхнийг дагуулсан олон зоригт бүсгүйчүүдийн түүх бидний эргэн тойронд оршсоор. Энэ өдөр бид чухам тэднийг алдаршуулж, тэдний түүхийг хүүрнэж, тэднээр, тэдний амжилтаар бахархаж бахдах нь угтаа зүй ёсны хэрэг мэт.

Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

32662   11


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар
Н.Халиунаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.