Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   03 сарын 12, 2019

Mongolian Women In Tech - Технологийн салбарыг эмэгтэйчүүд тодорхойлох нь

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй зэрэгцэн нэгэн цагаа олсон арга хэмжээ зохион байгуулагдсан нь Монголын технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн "Mongolian Women In Tech" эвент байлаа. Монголын технологийн салбарт ажиллаж буй нийт хүмүүсийн ердөө 25 хувийг л эмэгтэйчүүд эзэлж байна. Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ мөчид Монголд ч гэсэн энэ талаар хэлэлцэх талбар хэрэгтэй байсан юм. Ингээд 3-р сарын 7-ны өдөр HUB Инновацийн төвд зохион байгуулагдсан "Mongolian Women In Tech" арга хэмжээний гол сэдвүүдийг тоймлож онцлох эшлэлүүдийг хүргэе. 

"Технологийн манлайллын талаар хэлэлцэхэд хамгийн түрүүнд санаанд буудаг Стив Жобсын тухай бид ярихгүй, Билл Гэйтсийн арга барилын талаар хэлэлцэхгүй. Бид өнөөдөр өөрсдийн "хөрсөнд" хамгийн ойр жишээ, хамгийн бодитой үйл хэргүүдийн талаар хэлэлцэнэ. Бид өнөөдөр Монголын технологийн салбарт хөдөлмөрлөж буй, амжилтад хүрэхийн тулд хичээж буй эгэл жирийн эмэгтэйчүүдийн талаар, тэдний эзлэх орон зайны талаар ярилцах болно" хэмээх тунхаглалаар HUB Инновацийн төвд "Mongolian Women In Tech" эхэлсэн юм. Эмпасофтоос зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 8 илтгэл тавигдаж, 1 панел хэлэлцүүлэг болж, амжилттай явагдан өндөрлөлөө.

технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зай бий юу?

"Технологийн салбарын манлайлагч эрэгтэйчүүдээс дурд гэвэл таны толгойд маш олон нэрс зурсхийн орж ирэх биз ээ. Харин технологийн эмэгтэй лидер, манлайлагчдаас нэрлэ гэвэл бага зэрэг бодох шаардлага тулгарч магадгүй. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээ маань яг л энэ орон зайны талаар, эмэгтэйчүүдийн хувьд алдагдаж буй тэрхүү боломжуудын талаар хэлэлцэх учиртай" хэмээн Эмпасофт компанийн үүсгэн байгуулагч Баатар онцолсон нь санаандгүй хэрэг биш юм.

Технологийн салбарт ажиллах, амжилт үзүүлэх эрмэлзэлтэй маш олон эмэгтэйчүүд бий хэдий ч энэ салбар хэдийнээ "эрчүүдийн ертөнц" болсон гэхэд хилсдэхгүй. IBM-ийн CEO Жинни Рометти, HTC-ийн үүсгэн байгуулагч Чер Вонг, Фэйсбүүкийн COO Шэрил Сандберг зэрэг технологийн нүүр царай болсон эмэгтэйчүүдийг нэрлэж эмэгтэйчүүдийн манлайллыг дурдаж болох ч нийт технологийн салбарт ажиллагсдын хүйсийн харьцааг харвал ондоо дүгнэлт хийх шаардлагатай болно. Технологийн салбарын топ-15 компанийн ажилчдын хүйсийн харьцааг тодорхойлбол эмэгтэйчүүдийн эзлэх хувь дунджаар ердөө 30 хувьтай байна. Харин Европ дахь технологийн ажилчдын хүйсийн харьцааг харвал эмэгтэйчүүдийн эзлэх хувь 7 хувьд ч хүрэхгүй. Энэ мэт тоонууд технологийн талбар эрэгтэйчүүдийн мэдэлд бүрэн орж, тус салбарт ажиллах хүсэлтэй эмэгтэйчүүдэд орон зай олдохгүй байгааг бэлхнээ харуулна.

Эмэгтэйчүүдэд хүсэл эрмэлзэл, боломж потенциал байгаа хэдий ч түүнийгээ үр дүн болгох талбар хэрэгтэй байна.

Эдгээр тоонууд юунд нөлөөтэй вэ? Мэдээж эрэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна гэдэг нь тэр хэрээр компаниудын эрэгтэй ажилчдыг үнэлэх үнэлэмж илүү өндөр байгааг илтгэнэ. Эмэгтэйчүүд ээж болсноор ажлаас завсарддаг, гэр бүлдээ анхаараад ажилдаа бүрэн төвлөрдөггүй зэрэг шалтгаанууд эрэгтэй ажилчдын үнэлэмжийг өсгөх гол шалтгаануудын нэг болдог аж. Эдгээр асуудлууд бодитой оршдог хэдий ч байгалийн, жам ёсны зүйлсээс болж эмэгтэйчүүдэд ижил боломж олгохгүй байх нь шударга бус юм. Тиймээс дэлхийн технологийн том компаниуд эмэгтэй ажилчдыг аль болох дэмжиж, тэдэнд боломж олгож буй нь зарим компанийн эмэгтэй ажилчдын тоо 50 хувьд дөхөж буйгаас харж болно.

яагаад бидэнд технологийн эмэгтэй лидерүүд хэрэгтэй вэ?

Технологи хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, дэлхий дахинд тулгамдаад буй асуудалд чиглэж байж хүнд илүү хэрэгтэй байх учиртай. Тийм ч учраас бидний өмнө онцолж байсан "Билл Гэйтсийн онцолж буй 2019 онд тэсрэлт хийх 10 шинэ технологи" нийтлэлийн бараг бүх технологиуд дэлхий дахинд тулгамдаад буй асуудал руу чиглэсэн байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Эрэгтэйчүүдийн удирдаж буй, эхлүүлсэн бизнесүүд ихэвчлэн хүний зан үйлийг даган бүтээгдэж байдаг бол эмэгтэйчүүдийн оролцоот технологи, бизнесүүд илүү дэлхий дахин, нийгэмд тулгамдсан асуудал руу чиглэх төлөвтэй байдаг аж. Үнэхээр л технологийн вэбүүдийн онцолсон дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийдэх технологиуд дунд эмэгтэйчүүдийн нэр бусад технологийг бүтээгчдийг бодвол элбэг байдаг.

Технологийн салбарын жендерийн тэгш байдлын талаар шүүмжлэлд өртөж буй ээлжит асуудал нь эрэгтэйчүүд давамгайлсан учраас эрчүүд рүү чиглэсэн технологи их байна гэсэн шүүмж юм. Эмэгтэйчүүд технологийн салбарт олон болохын хэрээр эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд зориулсан технологиудад зах зээл бий болж илүү тэнцвэртэй орчин бүрдэх учиртай. Үүний нэг жишээ нь "Mongolian Women In Tech"-ийн илтгэгчдийн нэг "Babystar.mn"-ийн үүсгэн байгуулагч Т.Солонго байлаа.

Ингээд харахаар, гений онцлогоос хамаараад ч тэр үү (эх хүний сэтгэхүйн онцлог) эмэгтэйчүүдийн бизнес илүү органик, байгальд ээлтэй, хүн рүү чиглэсэн, цаашлаад дэлхий дахины тулгамдсан асуудлуудад чиглэсэн байдаг болов уу. Энэхүү санааг ч гэсэн "Mongolian Women In Tech" арга хэмжээний үеэр хэд хэдэн илтгэгчид онцолж байлаа. Нэгдүгээрт, эмэгтэй хүний тууштай, сахилга баттай, тогтвортой байдал тулгамдсан асуудлууд дээр оновчтой үр дүнг гаргах боломжтой. Хоёрдугаарт, ээж болсон технологийн эмэгтэйчүүд аливаа асуудалд сэтгэлээр амархан унадаггүй, эцсийг нь үздэг, илүү ирээдүй үр хойчдоо хэрэгтэй технологиуд руу энергиэ зарцуулах хүсэлтэй байдаг аж. Тийм ч учраас илтгэгч Ц.Оюунгэрэл утаа, хөрсний бохирдол, хог зэрэг Монголын нийгэмд тулгамдсан асуудлуудад эмэгтэйчүүдийн оролцоо, тэднээс гарах технологийн ухаалаг шийдлүүд хэрэгтэй байгааг сануулж уриалга гаргасан юм. Магадгүй энэ л дүгнэлт "Яагаад бидэнд технологийн эмэгтэй лидерүүд хэрэгтэй вэ?" гэсэн асуултад хариулт бүрэн өгч чадах мэт.

технологийн эмэгтэй лидерүүд хэрхэн ажилладаг вэ?

Эмэгтэйчүүд үндсэн ажлаасаа гадна хүүхэд төрүүлэх, хүүхдээ өсгөх, гэр бүлдээ анхаарал тавих зэргээр ээж хүнийхээ үүргүүдийг гүйцэтгэдэг тул цагийн менежмент, карьерийн менежментдээ маш зөв сонголт хийх шаардлагатайг арга хэмжээний үеэр олон илтгэгчид онцолж байлаа. Өмнө дурдаж байсанчлан технологийн компаниудын эмэгтэйчүүдийг гэхээсээ эрэгтэйчүүдийг ажиллуулах сонирхол нь эдгээр шалтгаануудтай холбоотой байх нь бий. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхдээ ажил карьертайгаа хэрхэн зохицуулах вэ гэдэг асуулт энэ өдрийн хэлэлцүүлгийн нэг гол сэдэв байлаа.

Чаддаг зүйлдээ төвлөрч, шинэ чадваруудаа нээхийн сацуу хэзээ гэр бүлтэй болох, хэзээ суралцах зэргээ нарийн төлөвлөхөд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг илтгэгчид сануулж байлаа.

Гэр бүлийн амьдралаа ажил карьертайгаа уялдуулж зохицуулах нь ярвигтай зүйл тул энэ тал дээр үлгэр жишээ болсон эмэгтэйчүүдийн нөү-хау, зөвлөгөө маш чухал гэдэг нь ойлгомжтой. Тэдний нэг төлөөлөл нь "iTools" компанийн захирал Тамир юм. Тэрбээр хэрхэн зовлон бэрхшээлийг давуу тал болгож, саад бэрхшээлд шантралгүй урагшлах талаар сонирхолтой илтгэлийг толилуулсан билээ.

эмэгтэйчүүдийн манлайлалд юу саад болж байна вэ?

Эмэгтэйчүүдийн манлайлалд ээж болох, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг зэрэг нь нөлөөлдөг гэгддэг ч нөгөө талаар энэ нь давуу тал болох тохиолдол байдаг гэнэ. Учир нь ээжүүд хүнийг юунаас илүүтэйгээр ойлгож, зовлон бэрхшээлийн өмнө сэтгэлээр уналгүй зогсож, тууштай тэмцэж, асуудлыг илүү хүлээцтэйгээр шийддэг хэмээн илтгэгчид онцолж байлаа.

Тэгвэл хувь хүн талаасаа технологийн эмэгтэйчүүдийн манлайлалд юу саад болж байна вэ? Уг асуултад "Дэйл Карнеги Трэйнинг Монгол" компанийн сургалт хариуцсан захирал Чинзориг эрсдэлээс айх айдас хэмээн хариулав. Учир нь эрэгтэйчүүдийн эрсдэл гаргах чадвар эмэгтэйчүүдийнхээс илүү байх хандлагатай байдаг ба алдах тохиолдлууд байдаг ч эдгээр оролдлогуудын үр дүнд эрэгтэйчүүд амжилт олох магадлал бий болдог байна. Эмэгтэйчүүдийн илүү нухацтай, сахилга баттай байдал нэг талаар давуу тал болдог ч нөгөө талаар шинэ боломжийг алдалгүй ашиглах, шат ахихад саад болох нь бий ажээ. Тиймээс энэ өдрийн гол мессежүүдийн нэг нь олдсон боломж болгоныг ашиглах гэж оролдож байх, эрсдэлээс айхгүй зоригтой байх гэсэн санаа байлаа.

Г.Будхандын амжилттай давж чадсан шалгалт, CISM-ын сертификатыг дэлхий даяар ердөө 32 мянган хүн л эзэмшдэг.

"Дэлхийг өргөх эсэх нь танаас хамаарна. Санаа бүрийг унагахгүйг хичээх юм бол тэр дундаас амжилттай зүйл гарна гэж бодож байна."

технологийн салбарын жендерийн тэгш байдал

Технологийн чиглэлээр их дээр сургууль төгсөгчдийн 28 хувь нь эмэгтэй, "Дэйл Карнеги Трэйнинг Монгол" сургалтад сууж буй хүмүүсийн ердөө 8 хувь нь эмэгтэй байгаа нь энэ өдрийн онцлох тоонууд байлаа. Үүнээс бид технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэгш байдал, шинэ арга барил хэрэгтэй гэдгийг ядах юмгүй ойлгоно. Энэ үеэр "Нутгийн Шийдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл жендерийн тэнцвэрт байдлыг байгууллагууд эрчимтэй дэмжиж буйг онцлов. Технологийн баг дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь 40 хувьтай компаниуд ч байгаа бөгөөд энэ тоо улам өсөх хандлагатай байгаа ажээ.

Арга хэмжээний үеэр "Интерактив" ХХК-ын системийн архитект Номин-Эрдэнэ одоогийн компанидаа ажилд орох үед өөр технологийн эмэгтэй мэргэжилтэн байгаагүй талаар, ямар бэрхшээлүүд тулгардаг байсан талаар хуваалцсан юм. Гэхдээ нөхцөл байдал жилээс жилд өөрчлөгдөж, эмэгтэйчүүд өөрсдийнхөө юу чаддагийг өдрөөс өдөрт харуулах бүрд энэ тоо нэмэгдсээр байжээ. Эцэст нь өнөөдөр гэхэд компанийнх нь нийт 81 ажилчны 40 орчим нь эмэгтэй бөгөөд 35 нь технологийн чиглэлийн эмэгтэйчүүд болсон байна.

Технологийн салбарын эмэгтэйчүүд "хөшигний ард" байсаар байх уу?

Эцэст нь дурдахад, "Mongolian Women In Tech" зөвхөн ганц удаагийн арга хэмжээ биш бөгөөд технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн нөлөөллийг нэмэх, тэдэнд тэгш боломжийг олгох шат дараалсан арга хэмжээнүүдийн эхлэл цэг юм.

15725   1


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.