Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 07, 2019

WMRM: Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүдийг танилцуулах нь

Манай улсын хамгийн гол орлогыг бүрдүүлдэг, бусад салбараа тэтгэдэг чухал салбар бол уул уурхай билээ. Уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болох Оюу Толгойн уурхай ба тус төслийн хэмжээнд 17,000 орчим хүн ажиллаж байгаагаас 25 хувь нь эмэгтэйчүүд юм. Тэдний дунд судалгааны ажлаас эхлээд хамгийн хүнд хэмээн тооцогддог гүний уурхайн малтлагыг хүртэл хийдэг чадварлаг эмэгтэй мэргэжилтнүүд олон бий. Эрчүүд давамгайлдаг энэ салбарт амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүдийг алдаршуулж, урам зориг өгөх зорилгоор Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо (WMRM)-оос "Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүд" шагналыг санаачилсан бөгөөд 3-р сарын 6-нд анхны томоохон арга хэмжээгээ маш амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан юм. Шилдгүүдийг тодруулахдаа Оюу Толгой ХХК ба нийт туслан гүйцэтгэгч байгууллагуудын дунд нэр дэвшүүлэх маягт явуулан шалгаруулсан байна. Ингээд энэхүү арга хэмжээг тоймлон, уул уурхайн салбарын нэрийг өндөрт өргөж яваа эмэгтэйчүүдтэй танилцацгаая.

"оны шилдэг эмэгтэй ажилтан"-д нэр дэвшигчид

Энэ өдрийн 5 номинацийн хамгийн оргил нь "Оны шилдэг эмэгтэй ажилтан"-ы шагнал байв. Мэдлэг чадвар, хичээл зүтгэлээрээ ялгаран байгууллагынхаа, цаашлаад салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй мэргэжилтнийг энэхүү шагналаар тодруулав.

2019 оны шилдэг эмэгтэй ажилтнаар Оюу Толгой ХХК-ийн Геологийн дата ба системийн ахлах ажилтан А.Одончимэг тодров.

Тэрээр шагналаа гардан аваад хэлэхдээ:
"Шинжлэх ухаан хэзээ ч хөгширдөггүй, хуучирдаггүй. Шинжлэх ухааны үүрэг роль, ач холбогдол өдрөөс өдөрт өссөөр байгаа болохоор шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр илүү олон залуус суралцаасай гэж хүсдэг" гэсэн юм.

А.Одончимэгийн нөхрийнхөө хамтаар үүсгэн байгуулсан Geology.mn вэб хуудас нь мэргэжлийн ангийн оюутны анхдагч гарын авлага болсон төдийгүй геологи сонирхдог хүмүүст хэрэгцээт мэдээллийг түгээдэг, сонирхолтой хичээлүүд бүхий сурвалж болжээ.

"оны шилдэг залуу ажилтан"-д нэр дэвшигчид 

Энэ салбараас ажлын гараагаа эхэлж буй, амжилттай ажиллаж буй маш олон залуу бүсгүйчүүд буй. Тэдэнд урам зориг өгөх, улам өндөрт тэмүүлэх сэдлийг өгөх нь "Онц шилдэг залуу ажилтан" шагналын зорилго юм.

2019 оны шилдэг залуу ажилтнаар "Jacobs Engineering"компанийн төслийн инженер Д.Уянга тодров.

Тэрээр шагналаа гардан авахдаа: "Бид ажлын талбар дээр маш олон эрэгтэй инженертэй өрсөлддөг. Хэрвээ танд боломж гарч ирэх л юм бол өөртөө итгэлтэй, зоригтойгоор хийх хэрэгтэй. Мөн олон сайн ментороос суралцах нь адилхан чухал гэдгийг санаарай" хэмээн хэлэв.

Д.Уянга техникийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч Jacobs Engineering олон улсын компанийн Монгол дахь карьерийн сүлжээ салбарыг эхлүүлсэн бөгөөд Монгол болон Aзи, Номхон далайн бүсийн карьерийн сүлжээний салбаруудыг удирддаг.

"ЖЕНДЕРИЙН ОЛОН ТАЛТ, ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ДЭМЖИГЧ МАНЛАЙЛАГЧ" ШАГНАЛД НЭР ДЭВШИГчИД

Уул уурхайн салбарт амжилт гаргахад эмэгтэйчүүдийн өөрсдийн хүчин чармайлт дангаараа хангалтгүй. Энэ салбарт эмэгтэйчүүдийн хувь оролцоог нэмэгдүүлэх, тэдний хийж буй амжилтыг танин, алдаршуулахад эмэгтэй, эрэгтэй хүн бүрийн оролцоо нэн чухал билээ. Энэхүү шагнал нь жендерийн олон талт байдлыг дэмждэг эрэгтэй, эмэгтэйчүүд хүмүүсийг бусдад таниулахад чиглэжээ.

Жендерийн олон талт, ялгаатай байдлыг дэмжигч манлайлагчаар "Epiroc Mongolia" ХХК-ийн ерөнхий захирал Андерс Бэргланд тодров.

Ноён Андерс Бэргланд хэлэхдээ "Энэ бол урт хугацааны аялал. Бидний хийж буй ажил бол зөвхөн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах тухай асуудал биш, байгууллагууд ялгаатай байдлыг дэмжвэл бүх талаар үр өгөөж хүртэнэ гэдгийг ойлгуулах явдал юм" гэсэн юм.

Тэрээр Монголын уул уурхайн салбарт 7 жил ажиллаж байгаа бөгөөд түүний удирдлагын багийн 38 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байна. Мөн тус компанийн 6 техникч бүсгүй далд уурхайн төсөлд амжилттай ажиллаж байгаа ажээ.

"ОНЫ ШИЛДЭГ ОПЕРАТОР, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНИКИЙН АЖИЛТАН"-Д НЭР ДЭВШИГЧИД

Оператор, засвар үйлчилгээ, техникийн ажилтнууд бол уул уурхайн салбарын "ид шид"-ийг өөрсдийн гараар бүтээдэг "фронт"-ын дайчид билээ. Эрчүүд л энэ төрлийн ажлыг хийдэг гэх хэвшмэл ойлголтыг өөрчилж яваа тэд өөр олон олон эмэгтэйчүүдэд урам зориг өгч байгаа нь эргэлзээгүй.

2019 оны шилдэг оператороор "Dayan Contract Mining" компанийн өргүүрийн оператор Ц.Азжаргал тодров.

Тэрээр шагнал авах үеэрээ "Монгол улсын хэмжээнд 11 өргүүрийн оператор байгааг нэмэгдүүлэх хэрэгцээ их байгаа. Тиймээс мэдэх, чадах бүхнээ олон хүнд зааж өгөх болно" хэмээв.

Өргүүрийн операторууд нь далд уурхайд ажиллаж байгаа хүмүүс, техникүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй, тун хариуцлагатай албатай хүмүүс билээ.

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭГЧ ХЭЛТЭС, АЛБА, КОМПАНИУДЫН "ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН"-Д НЭР ДЭВШИГЧИД

Уул уурхайн салбарын хөгжилд мэдээж бусад олон салбарын үүрэг оролцоо чухал байдаг. Бүх ажил газар шорооны ажил биш байх нь ойлгомжтой. Энэхүү шагналаар бусад дэмжигч салбаруудын шилдгийг тодруулахыг зорьжээ.

2019 оны шилдэг ажилтнаар "Оюу Толгой" ХХК-ийн Орон нутгийн хэлтсийн менежер Г.Сугар тодров. (Тэрээр хараахан өөрийн биеэр шагнал авч чадсангүй.)

Г.Сугарын хувьд, малчдын нөхөн олговрын гэрээг амжилттай хэрэгжүүлэн, хамтын ажиллагааны гэрээний "Говийн Оюу Санг" үүсгэн байгуулахад чухал хувь нэмэр оруулжээ.

Г.Сугарын хүчин чармайлтаар орон нутгийн иргэдээс гаргасан 2 гомдол амжилттай шийдвэрлэгдсэн бөгөөд Оксфордын их сургуулийн судлаачид түүний асуудлыг шийдвэрлэсэн арга барилд суурилсан шинэ моделийг бий болгохоор ажиллаж байгаа ажээ.

Ууамсэх-ны нэрэмжит "онцгой амжилт шагнал" 

Энэ өдөр мөн зохион байгуулагч Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо (WMRM)-оос нэгэн тусгай шагналын эзнийг өөрсдийн саналаар тодруулсан юм.

Энэхүү шагналын эзнээр "Оюу Толгой" ХХК-ийн уул уурхайн инженер Ш.Даваасүрэн тодорсон юм.

Тэрээр шагналаа гардах үеэр “Миний хувьд анхны эмэгтэй уулын инженер болсондоо баяртай байдаг. Саяхныг хүртэл эмэгтэй хүн гүний уурхайн инженерээр ажиллах хориотой байдаг байсан бол 2016 оны 6-р сард л эмэгтэй хүн ажиллах боломж бүрдсэн....
Гүний уурхайд ажиллан тэсэлсэн өргөцөг, тунелийнхээ эхэнд зогсохдоо энэ газарт надаас өөр хэн ч ирээгүй дээ гэж бодохоор сайхан байдаг” хэмээн ярив.

WMRM: арга хэмжээний зургуудаас

11721   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.