Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 10, 2019

7 хоногийн тойм: Фэйсбүүкийн шинэ төлөвлөгөө + Хамгийн залуу тэрбумтан + Зуун жилийн ганцаардал

Ковер зургийн тайлбар: Фэйсбүүкт ахин итгэх үү?

Онцлох: Facebook-ИЙН ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨ

Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 3200 үгтэй блог бичвэрээрээ дамжуулан компанийхаа алсын харааг шинээр тодорхойлж байгаагаа мэдэгдлээ. Сүүлийн үед хэрэглэгчийн нууцлал, түүний аюулгүй байдалтай холбоотой асар их дарамтанд байгаа тэд "нууцлалд төвлөрсөн харилцааны үйлчилгээ" болох зорилготой байгаа аж.

Үүний хүрээнд тэд хэд хэдэн томоохон өөрчлөлтийг платформдоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

- Бүх мессеж үйлчилгээндээ бүрэн энкрипт нууцлалыг нэвтрүүлж, хакер, гэмт хэрэгтнүүд, засгийн газрын хэн нь ч нэвтэрч чадахгүй нөхцөлийг бүрдүүлнэ.
- Facebook-т хадгалагдаж буй мэдээллийн хэмжээг эрс бууруулах зорилгоор "пост, зураг, статус, мессежүүдийг тодорхой хугацааны дараа устдаг" байдлаар зохицуулдаг нэмэлтийг гаргана.
- Instagram, Messenger, Whatsapp-ийг нэгтгэн апп хооронд мэдээлэл солилцдог, мессеж бичих боломжтой болгоно.

Ингэснээр тэдний сурталчилгааны бизнесийн борлуулалт эрс буурах нь тодорхой. 40 тэрбум доллараар үнэлэгдэх уг бизнесийн үндэс нь хэрэглэгчдийн нүүр хуудсандаа оруулж буй мэдээлэл, хэрэглээ байсан юм. Үүний хүрээнд өөрсдийн AI чип, ухаалаг туслахыг хөгжүүлж, үндсэн алгоритмаа өөрчлөхөд бэлэн байгаа гэнэ.

Хэрэглэгчид бүгдэд нээлттэй сүлжээнээс илүү ойрын хүрээлэлдээ зориулсан контентыг илүүд үзэх болсныг Зукерберг онцолсон бөгөөд хувийн чат, группүүдийн хэрэглээг нэмэгдүүлснээр өөрсдийн датаг хянах боломжийг олгоно хэмээн үзэж байгаа аж.

Тэрээр хэрэглэгчдийн итгэлийг эргүүлэн авах нь Facebook-ийн эрхэм зорилго гэдгийг онцолж, илүү олон хүнийг сүлжээндээ нэгтгэж, шинэ туршлага, шинэ сүлжээ, шинэ мэдээлэл олж авах гол суваг нь байхын тулд "нууцлалыг эхэнд тавьсан" хамт олон байх болно гэдгээ амласан байна.

Wired: Зукербергээс асуух 9 асуулт

Зукербергийн шинэ төлөвлөгөөг дэлхий нийт хоёр янзаар хүлээн авч байна

дэлхий дахинд

Forbes сэтгүүл 21 настай Кайли Женнерийг өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу энтрепренер хэмээн албан ёсоор зарлалаа. Сошиалд 128 сая дагагчтай тэрээр өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд Facebook-ийн М.Зукербергийн амжилтыг 2 насаар урагшлуулсан нь энэ. Kylie Cosmetics хэдий арав гаруйхан ажилтантай ч 900 сая долларын үнэлгээтэй болжээ.

Vox: К.Женнер хэрхэн хамгийн залуу тэрбумтан болов?

Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн суудлын төлөөх сунгаанд өрсөлдөж буй Э.Варрен топ технологийн компаниудыг "хуваах" бодлого баримтална гэдгээ зарлалаа. Тэрээр зах зээлийг илүү шударга өрсөлдөөнтэй байлгахын тулд Facebook, Amazon, Apple, Alphabet зэрэг монополь шинж чанартай компаниудыг чиглэлээр нь салгах талаар блог нийтлэлдээ дэлгэрэнгүй бичжээ.

Одоог хүртэл тодорхойгүй нөхцөл байдал дунд байсаар буй Венесуэлийн хамгийн том усан цахилгаан станцад осол гарснаас орон даяар тог тасарлаа. Сургууль, эмнэлэг, оффисийн үйл ажиллагаа үүнтэй холбоотойгоор тасалдаж, гэрлэн дохио, метро ажиллахгүй байгаа гэнэ. Сөргөлдөгч хоёр тал бие биенээ буруутгаж, эсэргүүцлийн жагсаал улам бүр газар авсаар байна.

Үүдэл эсийн эмчилгээний дараагаар өмнө нь оношлогдсон ДОХ-ын халдвар нь бүрэн үгүй болсон өвчтөний талаарх судалгаа Nature сэтгүүлд нийтлэгдлээ. "Лондоны иргэн" хэмээн кодлогдсон тус өвчтөн 18 сарын турш эмчилгээ хийсний эцэст эм уухаа зогсоосон байна. Хэдий нийт масст уг эмчилгээг хүргэхэд хүндрэлтэй ч цаашид энэ өвчинтэй тэмцэхэд онцгой нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. 10 жилийн өмнө "Берлиний иргэн" хэмээгдсэн өөр нэг өвчтөний халдвар эдгэрч байснаас хойших анхны тохиол нь энэ болжээ.

Ethiopian Airlines-ийн онгоц осолдож, 149 зорчигч, 8 багийн хүн бүгд амь насаа алдлаа. Нийслэл Аддис Абабагаас орон нутгийн цагаар 8:38 минутанд Кенийн Найробиг чиглэн хөөрсөн Boeing 737 онгоц 8 минутын дараа осолдсон нь энэ. Өнгөрөгч 10-р сард Индонезид мөн ижил загварын онгоц осолдож байсан билээ.

технологийн ертөнцийн эргэн тойронд

3-р сарын 2-нд SpaceX-ийн хөөргөсөн хүн тээвэрлэх боломжтой Crew Dragon үүргээ амжилттай гүйцэтгэн эх дэлхийд буцаж газардлаа. Ингэснээр тэд түүхэнд анх удаа ийм амжилт үзүүлсэн хувийн компани болж байгаа юм. Crew Dragon дэлхийг 18 тойрсны эцэст Олон Улсын Сансрын Станцтай холбогдож, улмаар 5 хоногийн дараа амжилттай буужээ. NASA SpaceX-ээс гадна Boeing-тэй хамтран ижил технологи туршиж, сансрын нисэгч тээвэрлэх илүү үр өгөөжтэй-бага зардалтай шийдлийг эрэлхийлж байгаа юм.

Instagram DM буюу хувийн мессежээрээ дамжуулан найзуудтайгаа хамтдаа, зэрэг видео үздэг нэмэлтийг туршиж байгаа гэнэ. Facebook-ийн Watch Party-тай төстэй уг нэмэлт нь Instagram-ийн видео талбар IGTV-ийн өсөлтийг өдөөхөд нөлөөлөх боломжтой. Сонирхуулахад, Messenger ч "Watch Videos Together" нэртэй нэмэлтийг туршиж байгааг эх сурвалжууд мэдээлж байсан билээ.

Apple 2020 оны эхний хагаст багтаан AR технологид суурилсан зүүдэг төхөөрөмж гаргахаар зэхэж байгаа гэнэ. Уг төхөөрөмж нь bluetooth-ээр дамжуулан iPhone-тэй холбогдох учиртай ч нарийн мэдээллүүд хараахан ил гараагүй байна.

Tesla цахилгаан цэнэглэгчийн шинэ хувилбараа танилцууллаа. V3 SuperCharger нь өмнөх хувилбарынхаа ашигт ажиллагааг 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд 5 минутын дотор 120 км зай туулах цэнэгийг шахах чадалтай аж. Бусад өрсөлдөгчдөөсөө тасрах боломж олгох уг технологио тэд 2019 онд багтаан зах зээлд нэвтрүүлнэ.

MIT-ийн эрдэмтэд Mini Cheetah нэртэй робот нь нуруугаараа бүтэн эргэж чаддаг болсныг зарлалаа. Дэлхийн хамгийн уян робот гэгдэх уг биет 9 кг жинтэй бөгөөд хурдан гүйж, урдах саадаа даван харайх чадалтай. Тэд уг технологи дээр суурилан цаашид тээврийн зориулалттай роботуудыг үйлдвэрлэх зорилготой байгаа юм.

Шинэ үеийн роботтой танилц!

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн урт усан доорх галт тэрэгний зам барих төслийн санхүүжилт шийдэгдлээ. 15 тэрбум еврогийн өртөгтэй уг төслийн хүрээнд Эстонийн нийслэл Таллин болон Финляндын нийслэл Хельсинкийг холбосон 100 км-ийн туннель ашиглалтанд орох учиртай юм. Сонирхуулахад энэ төслийг анх Angry Bird-ийг бүтээгчдийн нэг Петер Вестербака санаачилж байжээ.

Цахиурын хөндийн хамгийн амжилттай хурдасгуур хөтөлбөр Y Combinator-ийн ерөнхийлөгч Сэм Алтман үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. 2011 онд Y Combinator-д элсэж, 2014 оноос тэргүүлэх болсон тэрээр GitLab, Strikingly, DoorDash, Instacart, Flexport зэрэг топ стартапуудыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэ жил IPO хийхээр зэхэж буй байр түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Airbnb зочид буудлын захиалгын HotelTonight-ийг 400 сая доллараар худалдан авлаа. 2010 онд үүсгэн байгуулагдсан HotelTonight жижиг буудлын сүлжээтэй хамтран ажиллаж, аялагчдад эцсийн мөчид захиалгаа баталгаажуулах боломж олгодгоороо ялгардаг. 2018 оноос хойш зөвхөн байр түрээсээс гадна буудал захиалгын салбарт нэвтэрсэн Airbnb 31 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

100 тэрбумын хөрөнгөтэй Vision Fund-аараа дамжуулан стартап ертөнцийг доргиож буй Softbank зөвхөн Латин Америкийн зах зээлийг онилсон шинэ сангаа нээлээ. 2 тэрбум долларын санхүүжилттэй уг сан нь Innovation Fund нэртэй бөгөөд цахим худалдаа, санхүү-даатгал, эрүүл мэнд, тээврийн технологийн стартапуудад төвлөрнө гэнэ.

Үүнтэй зэрэгцэн SoftBank зүүн өмнөд Азийн зах зээлийн тэргүүлэгч такси дуудлага-хүргэлтийн стартап Grab-д хөрөнгө орууллаа. Санхүүжилтийн хэмжээ 1.4 тэрбум доллартай тэнцүү байгаа нь Индонези стартапын үнэлгээг 14 тэрбум доллар болгон өсгөж байгаа юм.

Уг төслийг Хятад компани бүрэн санхүүжүүлнэ гэнэ

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Мarvel-ийн анхны супер эмэгтэй баатрын кино Captain Marvel нээлтийн долоо хоногтоо 156 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Хэдий энэ нь Marvel-ийн цувралууд дунд дөнгөж 7-д орох үзүүлэлт ч шинжээчдийн таамгаас давсан амжилт юм. Зөвхөн Хятадын зах зээл дэх эхний өдрөө 34 сая долларыг олсон Captain Marvel олон улсаас аль хэдийн 120 саяыг олоод байгаа юм.

Vox: Яагаад Captain Marvel-ийн ирээдүй өөдрөг байна гэж?

Техасын Остинд жил бүр явагддаг SXSW нээлтээ хийлээ. Технологи, энтертэйнмент салбарын оргил шоунуудын нэгт тооцогддог уг фестивал долоо хоногийн турш үргэлжлэх хугацаандаа 200 мянга гаруй оролцогчийг нэгтгэдэг юм. Энэ жилийн фестивалд шинэ кино, хөгжмүүд танилцуулагдахаас гадна АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй улс төрчид панел хэлэлцүүлэгт оролцох юм.

Variety: SXSW-ийн хамгийн эрэлттэй 11 кино

Видео стриминг үйлчилгээний зах зээлд өрсөлдөхөөр зэхэж буй Quibi анхны оригинал шоунуудынхаа мэдээллийг ил болголоо. Тэд Ж.Бибертэй хамтран хөгжмийн реалити шоу зохиохоос гадна Snapchat-ийн түүхийг өгүүлэх цуврал хийх гэнэ. 2020 оны 4-р сард нээлтээ хийх тус стартап өдөрт 100 видео контент гаргах төлөвлөгөөтэй. Quibi-г Disney-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хожмоо DreamWorks-ийг үүсгэн байгуулсан Ж.Каценберг удирдаж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Цэгцтэй амьдрах урлагийг номоороо болон Netflix-ийн баримтат киногоороо дамжуулан сурталчилж, улмаар сая сая хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд буй Мари Кондо бизнесээ улам өргөжүүлэх гэж байна. Тэрээр хөрөнгө оруулагчдаас 40 сая доллар босгож байгаа бөгөөд цахим худалдааны платформ бүтээх зорилготой байгаа аж.

20-р зууны дэлхийн утга зохиолын ертөнцийн хамгийн нөлөөт бүтээлүүдийн нэг "Зуун жилийн ганцаардал" телевизийн бүтээл болох гэж байна. Колумб зохиолч Г.Г.Маркезийн 1967 оны сод бүтээлийн эрхийг Netflix хүүгээс нь худалдан авсан бөгөөд 2020 онд багтаан цацахаар төлөвлөж байгаа гэнэ.

100 жилийн ганцаардал тун удахгүй дэлгэцийн бүтээл болно!

алдалгүй унших арван мэдээ

Wired: Huawei АНУ-ын засгийн газрыг шүүхэд өглөө
BBC: Фижи хэрхэн аяллын салбарыг өөрчилсөн бэ?
CNN: Америк иргэд 2021 оноос эхлэн Европ руу зорчихдоо бүртгүүлдэг болно
Recode: Твиттер бидний мэддэг жиргээний ертөнцийг өөрчлөхийг хүсэж байна
Vox: М.Жэксоны хямралыг тайлбарлахуй
Techcrunch: Цөмийн зэвсгийн салбарыг "тэслэх" цаг ирсэн үү?
The Verge: Google тоглоомын удирдлагын патент авчээ
Ikon: Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоов
Variety: Олон Улсын Эмэгтэйчүүдийн Нөлөөллийн Тайлан 2019
Politico: Трампыг Кеннедитэй адилтгах нь

14002   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.