Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   03 сарын 05, 2019

Апп тойм: Class Dojo - Багш, сурагч, эцэг эхийн төгс хоршил

Энэ удаа бид багш, эцэг эх, хүүхэд гурвын харилцааны асуудлыг маш ухаалгаар шийдсэн утасны апп-ийг танилцуулж байна. 2016 онд "Женерал Каталист"-аас 21 сая долларын хөрөнгө оруулалт авч, саяхан хоёр дахь шатандаа 35 сая долларын хөрөнгө оруулалт авсан "ClassDojo" апп нь боловсрол олгох арга барил, түүний эргэн тойрондох харилцаанд том өөрчлөлтийг авчрах төлөвтэй байна. Одоогоор апп-ийг дэлхий даяар 10 сая гаруй хүүхэд ашиглаж байгаа бөгөөд нийт 180 оронд 35 хэлний сонголттойгоор ажиллаж байгаа ба манай улсын багш нар ч идэвхтэй хэрэглэж байна. 

яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

"ClassDojo" бол багш, сурагч, эцэг эхийн гурвалсан харилцаа ба сургалтын нээлттэй байдлыг дэмжсэн апп юм. Бага насны хүүхдүүдийн утасны зохисгүй, үр дүнгүй хэрэглээ, эцэг эхийн хүүхдэдээ санаа зовсон байдал, багшийн сургалтын арга барил ба сурагчид болон эцэг эхчүүдтэй харилцах харилцаа зэрэг олон асуудлыг энэхүү апп шийднэ. Урьд өмнө нь яг энэ төрлийн асуудлыг шийдэх ийм амжилттай апп гарч байгаагүй болов уу. Олон талт байдлаар ашиглагдах, үзэмжтэй, маш олон үйлдэлтэй, бодитоор ашиглагдах бүрэн боломжтой зэрэг давуу талуудыг дурдаад байвал дуусахгүй. Мөн боловсролд зориулсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа апп-ийн бараг бүх үйлдэл үнэ төлбөргүйг онцолъё.

ямар онцлог, давуу талуудтай вэ?

Уг апп-ийг монгол сургуульд ч ашиглах боломжтой бөгөөд аль хэдийн манайд хэрэглээнд нэвтэрсэн байна лээ. Бүртгэлээ үүсгээд нэвтрэх үед сургууль сонгох хэсэгт таны байгаа газарт буй бүх сургуулийг харуулах бөгөөд үүнд Монголын бүх сургуулиуд сонголтоор харагдана. Үүнээс "British School of Ulaanbaatar", "American School of Ulaanbaatar", "Хобби", "Оюунлаг" зэрэг хувийн хэвшлийн сургуулиудаас эхлээд зарим улсын сургуулиудын багш нар ч ашиглаж байгаа нь харагдана. Одоогоор апп-д Улаанбаатарт нийт 90 багш бүртгэлтэй байна.

Апп руу дөрвөн төрлөөр хандаж болох бөгөөд үүнд багш, сурагч, эцэг эх, сургуулийн ажилтан гэсэн төрлүүд багтана. Таны хэн бэ гэдгээс хамаараад апп-ийн доторх функц, дизайн, боломж, үйлдэл бүгд өөр. Эцэг эхийн тухайд сургалтын хөтөлбөр харах, өдөр бүрийн хичээлийн зураг, явц, өнөөдөр юу орсон, ямар даалгавартай зэргийг шууд харж болно. Мөн багш болон хүүхэдтэйгээ шууд чатлах боломж бий.

Хамгийн их үйлдэлтэй нь багш болон сурагчийн хэсэг. Сурагч багшийн өгсөн даалгавар, үүсгэсэн үйлдлүүдийг гүйцэтгэх, шууд хараад явах боломжтой. Сурагчийн апп дээр харагдаж буй ихэнх үйлдлүүдийг хичээл дээрээ шууд хэрэглэгдэхэд тохиромжтой. Мөн санаачилга гаргах, өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлэх, чөлөөтэй шинэ зүйл хийх бүрэн боломжтой гэдгээрээ онцлог.

Багшийн апп-д багшийн хийж болох бүхий л үйлдлийг оруулж өгсөн. Аппаараа сурагчдын дунд санал асуулга явуулах, даалгавар өгөх, аппаас санал болгосон хичээлүүд болон видеог үзүүлэх зэрэг боломжуудыг онцолъё. Багшийн апп-ийн хамгийн гоё хэсэг нь "Big Idea". Үүнд сурагчдаараа хийлгэх маш олон төрлийн ажил, үйлдлүүд багтдаг бөгөөд сонирхолтой бодлогууд, хичээлүүд, видео, хөгжим, дасгал хөдөлгөөнөөс аваад таны огт төсөөлөөгүй зүйлс ч бий. Хамгийн гол нь эдгээрийг санал болгоод зогсохгүй багш хэрэгжүүлэх, сурагчид оролцох, аппууд хоорондоо холбогдон уялдаж ажиллах зэрэг нь маш хялбар. Тиймээс хэрэгжих, үр дүнгээ өгөх магадлал тун өндөр.

ямар сул талтай вэ?

Монгол багш, сурагчид хэрэглэхэд хэлний бэрхшээл тулгарах асуудал гарч магадгүй. Тийм ч учраас манайд хэрэглэж буй ихэнх сургуулиуд дандаа гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд байна. Гэхдээ апп 5-14 насны хүүхдэд зориулсан тул анхан шатны англи хэлтэй хүн хэрэглэхэд торох юм юу ч байхгүй.

unread-ийн үнэлгээ

Дэлхий даяар хүчтэй тренд болж буй уг апп-д бид 9 оноо өглөө. Монголд ч амжилттай хэрэглэгдэж буй, үнэгүй, олон талт, аль ч дижитал хэрэгсэл дээр хэрэглэх боломжтой, user experience маш сайтай, хэрэглээнд амархан нэвтрэх боломжтой зэрэг олон зүйлийг үндэслэн тус үнэлгээг өглөө.

Татаж авах

15372   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.