Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   03 сарын 03, 2019

7 хоногийн тойм: Элон + Оскар + Конгресс

Ковер зургийн тайлбар: Элоны галзуу долоо хоног: Хямд Тесла + Түүхэн нислэг

Онцлох: Оскарын ялагчид тодорлоо

Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогдох Оскарын ялагчдыг тодруулах ёслолын ажиллагаа явагдлаа. 91 дэх удаагийн наадмын шилдэг киногоор "Green Book" тодорч, шинжээчдийн таамгийг эвдэв. Тус кино нийт 3 шагнал хүртжээ.

Гэхдээ энэ өдрийн хамгийн олон шагналыг хүртсэн кино нь "Bohemian Rhapsody" байв. Тэд нийт 5 төрөлд нэр дэвшиж 4-т нь ялалт байгуулсан нь энэ. Алдарт Ф.Меркуригийн дүрийг бүтээсэн Р.Малек шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарчээ.

Энэ жилийн онцлох бүтээлд тооцогдож байсан "Roma" хэдий шилдэг киноны шагналаа хүртэж чадаагүй ч 3 Оскартай буцлаа. Найруулагч А.Куарон шилдэг найруулагчаар тодорсноор энэ шагнал сүүлийн 6 жилд 5 дахь удаагаа Мексик уран бүтээлчдэд очив. Мөн тэрбээр шилдэг зураг авалт төрөлд ялалт байгуулснаар шилдэг найруулагч болон зураг авалт төрөлд нэг жил зэрэг оскар хүртсэн анхны хүн болж байна. Netflix 15 сая долларын төсвөөр бүтээгдсэн уг киноны лоббинд 30 сая доллар зарцуулсан гэнэ.

Онлайн стриминг платформууд уламжлалт студиудтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн нь энэ жилийн гол онцлог байв. "Roma"-аас гадна Netflix-ийн "Period. End of Sentence" бүтээл шилдэг богино хэмжээний баримтат киногоор тодорсон. Харин Hulu-ийн "Minding the Gap", Amazon-ий "Cold War" нар ялалт байгуулж чадаагүй ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Оскарт нэр дэвшиж чадлаа.

Супер баатруудын киноноос анх удаа шилдэг кинонд нэр дэвшсэн "Black Panther" хувцас загвар, шилдэг ая зэрэг нийт 3 төрөлд ялалт байгуулсныг мөн онцлох хэрэгтэй. Саран дээр газардсан түүхийг өгүүлэх "First Man" шилдэг хослол зургийн шагналыг хүртжээ. Хамгийн олон буюу 10 төрөлд нэр дэвшсэн "The Favourite" зөвхөн шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд цомтой буцлаа. Харин шилдэг анимэйшн бүтээлээр "Spider Man: Into the Spider-Verse" ялж, Pixar-ийн давамгайллыг зогсоолоо.

Vox: 2019 оны Оскарын наадмын ялагчид ба ялагдагчид

Оскарын шилдгүүд шагналаа гардлаа

Дэлхий дахинд

Барселона хотноо гар утас, түүнтэй холбогдох технологи хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт Mobile World Congress явагдлаа. Энэ жилийн гол дүр нь Samsung, Huawei, Xiaomi, LG, ZTE тэргүүтэй 5G технологи дэмжигч утас үйлдвэрлэгчид байлаа. Үүнээс гадна Samsung, Huawei-ийн нумардаг утас ч анхаарлын төвд байв. Гэхдээ гар утаснаас илүү анхаарал татсан технологи нь Microsoft-ийн HoloLens 2 байв. 3500 доллараар борлуулагдах уг төхөөрөмж олон салбарт дэвшил авчрах нь гарцаагүй. Танилцуулсан технологиуд нь дараагийн жилүүдэд өргөн хэрэглээг тодорхойлох, өдөр тутмын амьдралд шууд дэвшил авчрах нөлөөтэй төхөөрөмжүүдтэй, маш чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Gizmodo: MWC-ээс онцлох 5 зүйл

Facebook хуурамч аккоунт, лайк, дагагчид зарж борлуулж байсан Хятадын зургаан вэбсайтыг оюуны өмчид халдсан хэмээн шүүхэд өглөө. 2017 оноос эхлэн уг хууль бус үйл ажиллагааг эхлүүлсэн эдгээр компани тус бүрээс 100 мянган долларыг тэд нэхэмжилж байгаа гэнэ. Үүгээрээ тэд дэлхий даяар ижил аргаар орлого олж буй этгээдүүдэд анхааруулга өгнө хэмээн үзэж байгаа юм.

Өндөр хүлээлтэн дор явагдсан Ким-Трампын албан ёсны хоёр дахь уулзалт нэгдсэн тохиролцоонд хүрэлгүй өндөрлөлөө. Ханой хотноо явагдсан уулзалтын үеэр хоёр тал зөвшилцөлд хүрээгүй нь аль аль нь буулт хийхэд бэлэн биш байсантай холбоотой бололтой. 2 улсын удирдагчдын хооронд явагдах байсан сүүлийн оройн зоог хүртэл явагдаагүй нь уур амьсгал тийм ч таатай биш байсныг харуулна. Гэхдээ аль аль нь хэлэлцээрийг ахин үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Цөмийн зэвсэг эзэмшдэг Энэтхэг Пакистан улсын хооронд цэрэг зэвсгийн хурцадмал байдал үүссэн нь олон улсыг түгшээж байна. 2 улсын хилийн ойролцоо орших Кашмир орчимд байдал тун ноцтой байгаа бөгөөд 2 тал харилцан бие биеийнхээ сөнөөгч онгоцыг унагаж, цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн явагджээ. Өнгөрсөн сарын эхээр Энэтхэгийн цэргийн цуваанд амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн нь уг үйл явдлын үндсэн эхлэл болсон бололтой.

Montsame: Энэтхэг Пакистаны хооронд юу болж байна вэ?

"Бүтэлгүйтсэн болзоо" гэдэг үг л энэ уулзалтыг бүрэн төлөөлөх мэт

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн өнцөг булан бүрт хямд үнэтэй, илүү чанартай интернэтийг хүргэх амбицтай OneWeb анхны зургаан хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө. 4 жилийн турш 2 тэрбум гаруй доллар босгосон тэд нийт 900 хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм. OneWeb-ийг SoftBank, Coca Cola, Airbus, Virgin Group зэрэг томчууд дэмжиж байгаа билээ.

2002 онд "хүн төрөлхтөнд өөр гарагт амьдрах боломжийг олгох" зорилгоор үүсгэн байгуулагдсан SpaceX энэ зорилтдоо нэг алхам ойртлоо. Тэд хүн тээвэрлэх зориулалт бүхий Crew Dragon-ий туршилтын нислэгийг амжилттай хийснээр энэ зундаа багтаан сансрын нисгэгчдийг Олон Улсын Сансрын Станц руу зөөх боломжтой болов.

Google өнгөрсөн жил зарласан Google Docs-д зориулсан, хиймэл оюунд суурилсан алдаа засагчаа нээлттэй болголоо. Уг нэмэлт нь хэрэглэгчдэд үсгийн алдааг нь сануулахаас гадна дүрмийн зөвлөмжийг санал болгох учиртай юм.

Твиттер "Hide Tweets" нэмэлтийг нэвтрүүлж байна. Энэ нь тухайн хэрэглэгч өөрийн үүсгэсэн жиргээнд үүссэн харилцан яриа, бусад хэрэглэгчдийн хариуг нуух, ил гаргах удирдлагыг өгөх учиртай юм.

Microsoft Excel хэвлэсэн цаасан дээрх хүснэгтийг камер ашиглан шууд хөрвүүлж, засах боломжтой болсноо зарлалаа. Оффисийн ажилчид, судлаачдын цагийг эрс хэмнэх энэхүү нэмэлт нь одоогоор зөвхөн Андройд үйлдлийн систем дээр нэвтэрчээ.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Такси дуудлагын стартап Lyft 4-р сард хийх IPO-ийн санхүүгийн мэдээллээ ил болголоо. 20 тэрбум доллараар үнэлэгдэж буй Lyft 2018 онд 30.1 сая дуудлага хүлээн авч, борлуулалтын орлого нь 2 дахин өсөж 2.2 тэрбумд хүрчээ. Гэсэн ч тэд 911 сая долларын алдагдалтай ажилласаар байгаа юм. Сонирхуулахад, Америкийн зах зээлийн 34 хувийг эзэлж буй тэдний хамгийн том хувьцаа эзэмшигчдэд Японы Rakuten (13%), General Motors (7.76%), Alphabet (5.3%) тооцогддог аж.

Amazon энэ ондоо багтаан шинэ брэндийн хүнсний сүлжээ дэлгүүрийг нээх гэж байна. Гэхдээ энэ нь тэдний эзэмшдэг Whole Foods-ээс тусдаа үйл ажиллагаа явуулж, өөр нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг илүү хямд үнээр санал болгон ялгарах бололтой. Эхний салбарын байршил нь Лос Анжелес байна хэмээн эх сурвалжууд мэдээллээ.

Санхүүгийн төлбөр тооцооны тэргүүлэх технологийг хөгжүүлэгч Square-ийн үүсгэн байгуулагчдын нэг Тристан О'Терни 35 насандаа өвчний улмаас таалал төгслөө. Өмнө нь Yahoo, Apple-д инженерээр ажиллаж байсан тэрээр 2009 онд Твиттерийн Ж.Дорситой хамтран Square-ийг бүтээж, 2013 он хүртэл хүчин зүтгэж байсан билээ.

Softbank-ийн эзэмшдэг Vision Fund Хятадын авто зах Chehaoduo-д 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Тус компани нь хуучин машин борлуулдаг онлайн худалдааны сайтаас гадна шинэ машин борлуулдаг 600 гаруй дэлгүүрийг эзэмшдэг гэнэ.

Tesla 3 жилийн өмнөх амлалтандаа хүрч, зах зээл дэх хамгийн хямд буюу 35 мянган долларын үнэтэй Model 3 загвараа танилцууллаа. Үүнээс гадна Model S, Model X-ийн зарим загварууд 18 мянган доллар хүртэл хямдарсан байна. Энэ хямдралыг бодит болгосон гол шалтгаан нь тэд борлуулалтын гол суваг байсан дэлгүүрүүдээ хааж, онлайн хэлбэр лүү шилжин зардал хэмнэх боломжтой болжээ.

Uber-ээс өрсөж Lyft нээлттэй компани болов

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Disney онлайн стримингийн үйлчилгээ үзүүлэгч Hulu дахь нөлөөллөө нэмэгдүүлж, AT&T-ийн эзэмшиж буй 10 хувийг авахаар зэхэж байна. Disney компани Fox-ийг өөртөө нэгтгэснээр Hulu-ийн 60 хувийг эзэмших болоод байгаа юм. 25 сая хэрэглэгчтэй Hulu-ийн 10 хувь 1 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа гэнэ.

Медиа салбарын хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг Ричард Плеплер HBO-ийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өглөө. 27 жилийн өмнө HBO-д ажиллаж эхэлсэн тэрээр 2013 оноос хойш тус компанийг удирдаж байсан юм. Уг шийдвэрийн үндэс нь AT&T HBO-ийн толгой компани Time Warner-ийг худалдаж авсантай холбоотой байж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

200 сая тоглогчтой дэлхийн хамгийн эрэлттэй тоглоомд тооцогдож буй Fortnite удтал хүлээлгэсэн шинэ хувилбараа танилцууллаа. Season 8-ийн үндсэн сэдэв нь далайн дээрэмчид байсан бөгөөд үүнтэй холбоотой сонирхолтой зэвсгүүд, байршлууд нэмэгджээ. Fortnite зөвхөн 2018 онд гэхэд 3 тэрбум долларын ашигтай ажилласан билээ.

Теннисийн ертөнцийн амьд домог Рожер Федерер карьерын 100 дахь тэмцээний түрүүгээ хүртлээ. Тэрээр Дубайн аварга шалгаруулах тэмцээний шигшээд Грекийн С.Циципасыг буулгаж авсан байна. Түүнээс өмнө домогт Ж.Коннорс л ийм амжилт үзүүлж байв.

алдалгүй унших арван мэдээ 

Techcrunch: Disney хэрхэн "Оддын дайны парк"-ийг байгуулж байна вэ?
Variety: "How To Train Your Dragon 3" бокс оффисийг ахин тэргүүллээ
BBC: Гуравдугаар сард алдалгүй үзэх 10 кино
CNN: Малайз улс MH370-ийн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ
Wired: Фэйсбүүкийн криптокойны үнэ цэн хаана байна?
Konbini: Амазоны ширэнгээс халимны цогцос олджээ
Vox: Хиймэл оюун бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?
iKon: Заамарт уурхайд осол гарч, 4 хүний амь эрсэдлээ
Politico: Брюссел Лондоны хариуг хүлээж байна

12826   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.