Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   03 сарын 04, 2019

Онцлох бизнес: Dream Green Service - Сэтгэл сэргээх ногоон орчин

Нарны зам дагуу зүтгүүрийн депогийн дотор байрлах буйдхан нэгэн хүлэмжээр өнгөрсөн пүрэв гарагт зочилсон нь Dream Green Service-ийн өвлийн хүлэмж байсан юм. Нийт 80 гаруй төрлийн 13,000 цэцэг, ургамлыг ургуулж буй уг хүлэмжид сонирхол татам, үзэсгэлэнтэй, ховор цэцгүүд нэлээд бий. Үе дамжин цэцэг тарьж ургуулж, түүгээрээ гэрээ чимэглэн ирсэн тэд орчноо илүү амьд болгох ургамлан тохижилтын үйлчилгээг санал болгодог ажээ. Ингээд ургамлан хана, тааз, шал зэргийг санал болгон хүмүүсийг байгальд ойртуулдаг "Мөрөөдлийн ногоон үйлчилгээ"-г танилцуулж байна.

Бизнесийн нэр: Dream Green Service
Чиглэл: Ургамлан тохижилт, таримал цэцэг, худалдаа, үйлчилгээ
Хэзээ байгуулагдсан: 2010 он
Үүсгэн байгуулагч: Б.Одгэрэл
Сошиал хуудас: Dream Green Service (Фэйсбүүк)
Хүлэмж: Нарны зам дагуу Зүтгүүрийн депо дотор болон Улиастайд

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ? 

Эмээгийн ээж, эмээ, ээж, аав, би гээд манайхан бүгд цэцэг тарих маш дуртай. Цэцэг тарьж, арчилж, ургуулах нь бидэнд аз жаргал авчирдаг. Манайх гэдэг айл гэрээрээ дүүрэн цэцэгтэй айл байсан юм. Миний хувьд анх цэцэг тарьж эхлээд, ховор цэцгийн төрлүүдийг цуглуулж, үржүүлж эхэлсэн. Тэгээд их сургуулиа төгсөөд дахиад агрономич мэргэжлээр суралцаж таримал цэцгийн бизнест хөл тавьсан юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анх ээж маань нийлэг хальсан зуны хүлэмжтэй байдаг байсан юм. Зөвхөн зуны улиралд цэцэг тариад сонирхсон хүмүүс ирж авдаг. Анхны хөрөнгө оруулалтаа хувийн хадгаламж болон банкны зээлээр шийдсэн. Одоо өвлийн хоёр хүлэмжтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Бизнесийн хамтрагчид гэвэл манай гэр бүл. Цэцэг тарих, арчлах, ургуулах зүйлсэд маань эмээ, ээж хоёр тусалдаг бол модон сав, ваар, чимэглэл зэргийг өвөө гараараа хийдэг. Харин үйлчлүүлэгчид маань өөрсдөө биднийг сонгож ирдэг юм шиг санагддаг. Яг л цэцгэнд дуртай хүмүүсийн нэгдэл ирдэг юм шиг санагддаг.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай хүлэмж нийт 80 гаруй төрлийн 13,000 цэцэгтэй. Ихэнх нь ховор төрлийн цэцгүүд байдаг. Цэцгүүдээ тусгай хөрсөнд, хүлэмждээ тарьж ургуулдаг болохоор орчиндоо сайн дасан зохицдог. Бусад төрлийн таримал цэцгийн худалдаа эрхэлдэг хүмүүс, аж ахуй нэгжээс ялгаатай нь цэцэг ургамлаа хэрхэн арчлах, ургуулахаа мэдэхгүй байгаа үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгч, ургамлыг нь арчилж, тордох ногоон үйлчилгээг үзүүлдэг.

Сүүлийн үед оффис болон гэрт ургамлан тохижилт хийж эхэлж байна. Цэцгийг яагаад зөвхөн цонхны тавцан дээр тавих ёстой гэж? Хана, тааз, шал гээд байгаа бүх газраасаа байгалийг ойроос мэдрэхэд ургамлан тохижилт тусалдаг. Байгууллага бүрийн интерьер, дизайн, нарны тусгал өөр учраас эхлээд оффист нь зочлоод тохирох тохижилтыг санал болгодгоороо илүү онцлог. Мөн цэцгийн жааз, зохиомжуудыг гаргадаг маань хүмүүст их таалагддаг шүү.

Ихэнх хүмүүс тохижилтоо хийлгээд, цэцгээ авсны дараа услах, бордох, хөрсөө солих зэрэг арчилгааг яаж хийхээ тэр бүр мэддэггүй. Тиймээс цэцэг худалдан авсан, тохижилт хийлгэсэн газрууддаа улиралд нэг, заримдаа сард нэг удаагийн үйлчилгээг санал болгодог.

Миний хувьд багшлах эрхтэй болохоор хүүхдүүдэд экологийн боловсрол олгох сургалтууд болон цэцэг тарихыг хүсдэг хүмүүст цэцгээ хэрхэн суулгах талаар сонирхолтой сургалтуудыг зохион байгуулж байна.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО? 

Цэцэг тарих дуртай хүмүүс ихэнхдээ маш эерэг, жаргалтай хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг нэгтгэсэн цэцгийн үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Хот суурин газар бий болоод маш их агаарын тоосжилт, дуу чимээ бий болж байгаа болохоор улам л их цэцэг тарихыг хүсдэг. Учир нь цэцэг өөрөө тэр тоосжилт, дуу чимээг өөртөө шингээдэг. Ирээдүйд маш том цэцгийн хүрээлэнтэй болохыг хүсдэг.

Би Хятадад явж байхдаа нэг хүрээлэнгээр зочилсон нь маш содон байсан. Тааз нь 5-10 метр өндөртэй, төрөл бүрийн модлог ургамал, цэцгүүдээс гадна амьтад хүртэл байсан нь яг ширэнгэн ойд явж байгаа юм шиг санагдсан. Үүдэндээ цэцгийн дэлгүүртэй болохоор сэтгэл татсан шүү. Хэрэв ийм цэцгийн хүрээлэнтэй болчихвол агаарын бохирдол, утаа, тоосжилтоос бага ч болов ангижрах газар бий болно гэж найдаж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Цэцэг өөрөө энергитэй, амьд зүйл. Бүгд ярилцаж, гомдож, уурлаж байгаа юм шиг санагддаг. Хайрлах тусам маш гоё ургадаг болохоор сэтгэлээ шингээж ургуулахыг хүсдэг. Хүн юунд дуртай байна, тэр зүйлээ л хийвэл жаргалтай, амжилттай байдаг гэж боддог. Мөн шударга, тууштай байхыг эрмэлздэг.

ТАНАЙХ ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоо ургамлан тохижилтын ажил дээрээ илүүтэй төвлөрч байна. Өмнө нь зүгээр л цэцэг санал болгож, худалдаалдаг байсан бол одоо хаана тавьж, хэрхэн байрлуулахад зөвлөгөө өгч байгаа гэсэн үг. Жүр Үр Бэйкэри, Био-Амьдралд хананы, Монгол Кувейтийн судалгааны төвд хана, шалны ургамлан тохижилт хийсэн нь хүмүүст их таалагдсан. Мөн цэцгийнхээ нэр төрлийг улам олон болгоход анхаарч байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манайд дөрвөн улирлын хүлэмж гэж байдаг ч ердөө гурван улирал л хэрэглэх боломжтой. Хэдийгээр маш их дулаалсан ч өвөл цэцгүүдээ үхүүлэхгүй байлгахад л анхаарч байна. Энэ жил огцом хүйтрээд доогуур байсан зарим цэцгүүд маань бүгд хөлдчихсөн. Хэрэв хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж байгаа бол агаар сэлгэлт, дулаан зэргийг маш сайн тооцсон зориулалтын хүлэмж барих хэрэгтэй юм билээ.

Цэцэг бол эерэг энергиэр ургадаг болохоор услах үедээ үргэлж ярилцдаг. Ярилцаад усалбал илүү хурдан гоё ургадаг юм шиг санагддаг. Утаа, тоосжилт, түгжрэл гээд санаа зовох, стресстэх зүйл бишгүй их. Харин хүлэмждээ ирэхээр тайвшраад гоё байдаг.

Цэцгийг хэрхэн арчлах ёстой вэ?

Ус, гэрэл, дулаан, бордоо гээд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид цэцгээ гурав хоноод нэг усална гэх мэтээр цагаар услах гээд байдаг нь хамгийн буруу ойлголт. Тасалгааны хэм, нар зэргээс хамаараад ус шингээлт, ууршилт нь өөр байдаг болохоор хөрс нь хуурай байвал услах л хэрэгтэй.

Мөн цэцэг тасалгааны +8 хэмд амьд байж, +12 хэмд ургалт нь идэвхиждэг. Гэтэл өвлийн улиралд цонхоо онгойлгоход дорхноо хөлдөөд үхэх тохиолдол бий. Цэцэг яг л хүнтэй адил нартай, гэрэлтэй байхад дуртай. Ихэнх оффис наргүй, сүүдэртэй байдаг болохоор цэцэглэдэггүй, модлог ургамал сонгох гэх мэтээр онцлогтоо тааруулах хэрэгтэй. Бордоог бас мартаж болохгүй.

14972   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.