Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   03 сарын 02, 2019

Мишель Обамагийн "Becoming: Миний түүх" номын тухай

Өнгөрөгч 2018 онд дэлхий дахинаа хамгийн хүлээлттэй байсан ном бол АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн дуртгал "Becoming" байв. Тэгвэл 2018 оны 11-р сард гарсан, өдгөө ид шуугиан тарьж буй уг номыг бид маш богино хугацааны дараа монгол хэлээрээ унших боломж бүрджээ. Ингээд орчуулга нь гарсныг тохиолдуулан дэлхий хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Мишель Обамагийн урам зориг төрүүлэх энэхүү бүтээлийн талаар танилцуулъя. 

"Надад Америк орны тухай мэдэхгүй зүйл зөндөө бий, амьдралын тухай, ирээдүйд юу хүлээж байгаа тухайд ч мөн адил. Гэвч би өөрийгөө мэднэ. Эцэг Фрейзер маань надад шаргуу хөдөлмөрлөж, их инээж, хэлсэн үгэндээ хүрдэг байхыг сургасан. Ээж Мэриан маань дуу хоолойгоо ашиглан өөрийнхөө төлөө зогсож чаддаг байхыг үлгэрлэсэн. Чикагогийн Саут сайдын умгар байрандаа эцэг эх маань бидний түүх, миний түүх, улс орны агуу түүхэн дэх үнэ цэнийг олж харахад тусалсан. Хэдий гоё сайхан, төгс төгөлдөр биш, хэдий хүсэж хүлээснээс илүү бодитой ч гэлээ танд байгаа, тантай үүрд үлдэх, юун түрүүнд өмчилж болох зүйл бол таны түүх л байдаг."

Номын хэсгээс

Мишель Обамаг бид харизматик, "догь" эмэгтэй гэдгээр нь мэднэ. Тэрээр 8 жилийн турш АНУ-ын тэргүүн хатагтай байхдаа нөхрийнхөө гол тулгуур болж, тусалж дэмжиж байсны сацуу өөрийн хувь шинжийг хадгалан хүчирхэг дүр байж, нөхрөөсөө дутуугүй алдартай байж чадсан билээ. Барак Обама, Мишель Обама хоёрын биеэ авч яваа байдал, хоорондын нийцэл, хайр сэтгэл, энэ бүхэн зурагт, интернэтээр мэдээ үзэх олон олон сая хүнд таатай дулаан мэдрэмж төрүүлдэг байв.

Мишель Обама тун ховорхон түүхийн эзэн. АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч болох хүнтэй амьдралаа холбож, өөрөө АНУ-ын анхны өнгөт арьст тэргүүн хатагтай болсон. Тийм ч учраас тэдний үг, үйлдэл бүрийг олон нийт нарийн харж анзаардаг байв. Энэ үед харин Мишель Обама маш нээлттэй, өөрийнхөөрөө байж чаддаг байснаараа олны талархлыг хүлээсэн билээ. Тэр яг л энэ нээлттэй, өөрийнхөөрөө зан чанараа намтар номдоо ч бас бүрэн тусгажээ.

Мишель Обама хувийн амьдрал, үүх түүх, ололт амжилт, алдаа мадгаа үнэн шударгаар, ний нуугүй өгүүлсэн нь энэ номын уншигчдыг татах гол шалтгаан болсон мэт. Чикагод хар арьст дундаж гэр бүлд төрж, боловсролыг ихэд дээдэлдэг гэрийнхээ хүмүүжлийн ачаар АНУ-ын топ сургуулиудын нэг Принцтонд элсэж орсон түүх, хуулийн фирмд амжилттай ажиллаж байсан үе, Барак Обаматай учирсан цаг мөч гээд өөрийн амьдралыг тэр он цагийн дарааллаар хүүрнэнэ. Ээжийн үүрэг болоод ажил мэргэжлээ дэнсэлж асан он жилүүд, улс төрийн амьдрал ба нүсэр кампанит ажлууд, дэлхийн хамгийн алдартай "ордонд" аж төрсөн үеэ дурсана. Олон сонирхолтой түүх, эргээд санах догдлол, санаашрал, баясал...

Анхны хүүхэд нь зулбаж, хоёр охиноо нөхөн үржихүйн технологийн туслалцаатай төрүүлснийг нь уншихад бүх юм харагдаж байгаа шигээ хялбар, гял цал байдаггүйг ухаарах шиг. Нөхөр нь ерөнхийлөгчид өрсөлдөх санаатайгаа хэлэхэд дотроо "Боломжгүй байх даа" гэж бодож байснаа ч нуугаагүйг нь уншихад тэд үнэхээр түүхийг бүтээж чадсаныг нь бүрэн дүүрэн ойлгох шиг. Ямартай ч тэд хамтдаа тун амаргүй үүргийг нэр төртэй гүйцэтгэж, олны хайрыг татаж чадсан юм.

Энэ содон түүхийг өгүүлсэн "Becoming" ном сүүлийн жилүүдэд гарсан хамгийн өндөр гүйлгээтэй ном болж буй статистик байна. Мишель Обама номынхоо аялалд гарч, АНУ-ын хотуудаар явж буй бөгөөд энэхүү номын аялал нь далайцаараа урьд байгаагүй өргөн хүрээтэй болж байгаа аж. Том цэнгэлдэхүүдэд 20 мянга орчим хүний өмнө тэр номынхоо тухай ярьж танилцуулж, харилцан яриа өрнүүлж байгаа нь гайхалтай.

Ийм их нэр нөлөөтэй байгааг нь харахад "Сонгуульд дэвших юм биш үү?" гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Харин тэр номынхоо төгсгөлд энэ асуултад хариу өгсөн байна лээ. Уг асуултын хариуг болон бусад олон сонирхолтой түүхийг та Мишель Обамагийн энэхүү дуртгалаас өөрөө олж уншаарай.

Номыг захиалах: www.internom.mn

11999   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.