Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   02 сарын 26, 2019

Апп тойм - Fabulous: Зөв дадлыг хэвшүүлэх амархан

Зөв амьдралын дадал хэвшлүүдийн талаар бид хангалттай их мэдээллийг авч чаддаг ч хэрхэн хэрэгжүүлэх тал дээр гацчих нь бий. Тэгвэл Fabulous апп энэ тал дээр хөтөч байж, зөв амьдралын хэв маягийг бий болгох, өдөр тутам хийх зүйлсийн жагсаалтыг санал болгодог. Энэ бол тун энгийн боловч урт хугацаанд таны бүтээмж, төвлөрөл, эрч хүч, эрүүл мэндэд үлэмж нөлөө үзүүлж чадах апп юм.

яагаад хэрэглэх хэрэгтэй вэ? 

Энэ апп танд өглөө ус ууж хэвших зэрэг энгийн үйлдлээс эхлээд бясалгал хийх, гүйх, өөрийгөө урамшуулах, хийж чаддаггүй зүйлээ бүрэн гүйцэтгэх хүртэл олон үйлдлийг санал болгоно.

Санал болгох зүйлс нь таныг ямар хүн бэ гэдгээс хамаараад өөр өөр байна. Эцсийн үр дүнд танд гарах өөрчлөлтүүд юу ч байж болно. Апп-ийг хэрэглэсний үр дүнд өглөө эрт сэрдэг болох, төвлөрч сурах, дасгал хөдөлгөөн тууштай хийдэг болох, амралтын зөв хэв маягтай болох гэх мэт танд дутагдаж байгаа буюу таны хүсэж буй зүйлс биелэх боломжтой.

ямар онцлог, давуу талуудтай вэ?

Биелүүлэх ёстой даалгаврууд хоорондоо уялдаа холбоо тун сайтай гэдгээрээ онцлог. Хийх ёстой үйлдлүүддээ сануулга тавьж мартахгүй байх боломжтой. Зөвхөн санал болгоод зогсох биш тэрхүү үйлдлийг тогтмол хийх, хэвшил болгох тал дээр туслах бүхий л үр дүнтэй аргуудыг санал болгодог нь тун догь. Яагаад үүнийг танд санал болгож байгаа вэ? Ямар ач холбогдолтой вэ? Ямар үр дүн гарах вэ? гэх мэтийн асуултад хариу өгөх, өөрөөр хэлбэл тухайн үйлдлийг тайлбарласан контентуудыг нийтлэлээр, захиагаар, дуу хоолойгоор (voice) гээд төрөл бүрийн аргаар хүргэдэг.

Апп-ийн хамгийн онцлох хэсэг нь "Make me fabulous" товч бөгөөд үүн дээр дарж өөрийгөө илүү чөлөөтэй сорих боломжтой. Уг хэсгийн тусламжтайгаар та дасгал хөдөлгөөн хийх, төвлөрч ажиллах, урам зориг авах, сэтгэл санаагаа засах, иог, бясалгал хийх зэрэг өөрт хэрэгтэй үйлдлүүдийг гүйцэтгэх сэдэл болоод зааврыг авах юм. Шат дараалалтай уг тусламж нь бараг зөв дадлын дасгалжуулагч гэж хэлж болох бөгөөд ашиглахад тун үр дүнтэйг дахин сануулъя. Миний хувьд уг апп-ийг хэрэглэхээс өмнө гэртээ дасгал хийх гэж, бясалгал тууштай хийж сурах гэж олон апп татаж туршиж байсан. Одоо бол "Make me fabulous" хэсгийн Meditate, Exercise хоёрыг туршиж байна.

Мөн 12 долоо хоногийн турш үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой даалгавруудын жагсаалтыг шинжлэх ухааны үндэстэйгээр эрдэмтдийн баг гаргасан нь бий. Апп-ийг Дюкийн их сургуулийн багийнхан зохион бүтээсэн ажээ. Дизайн хувьд ч маш сайн бөгөөд "Material Design Awards"-ийн шилдэг дизайнтай аппаар тодорч байсан удаатай. Өнгөлөг, үзэмжтэй дизайнаас гадна хэрэглэхэд ч бас хялбар, үйлдлүүдийг маш ойлгомжтой бөгөөд дэс дараалалтайгаар санал болгодгоороо онцлог.

ямар сул талтай вэ? 

Уг апп-ийн ихэнх гоё боломжуудыг төлбөр төлж байж ашиглана. Миний хувьд 7 хоногийн турш үнэгүй ашиглах хувилбарыг сонгон ашиглаж байгаа хэдий ч зарим боломжууд нь заавал төлбөр төлж байж туршихыг санал болгож байна. Гэхдээ төлбөрийг нь төлөөд бүтэн хувилбараар нь ашиглавал маш олон боломжийг санал болгож байгааг онцолъё. Тус апп-ийн хийж буй үйлдлүүдийг хэрэглэхийн тулд олон тусдаа апп ашиглах шаардлага гардаг бол "Fabulous"-ийн ачаар тэднийг бүгдийг нь нэг дороос хэрэгжүүлж болно.

unread-ийн үнэлгээ

Бүтэн хувилбарыг нь ашиглаад "Make me fabulous"-ийн хэргийг бүрэн гаргавал таны амьдралд маш олон эерэг өөрчлөлт, зөв дадал хэвшлийг авчирна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Unread-ийн зүгээс 8 оноог өглөө.

Татаж авах

13854   1


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.