Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 19, 2019

Апп тойм: ELSA Speak - Англи хэлний дуудлагаа төгс болгоё

ELSA гэдэг нэрийг сонсоод таны санаанд шууд Диснейгийн гүнж Элза бууж байж болох юм. Гэхдээ өнөөдрийн та бүхэнд танилцуулах Элза бол жилийн өмнө "Monk’s Hill Ventures"-ээс 3.2 сая доллар, энэ сард Google-ээс 7 сая долларын хөрөнгө оруулалт татаж чадсан ELSA (English Language Speech Assistant) хэмээх апп юм. Хиймэл оюуны хүчээр ажиллах тус апп таны дуудлага, ярианы чадварт том үсрэлт авчирна гэдэгт бид эргэлзэхгүй байна. 

яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Англи хэл сурч буй хүмүүсийн түгээмэл асуудлуудын нэг бол яахын аргагүй ярианы чадвар болон дуудлага байдаг. Дүрэм, бичих чадвар, үгсийн сан зэрэг дээр удаан хугацааны академик оролдлогын ачаар сайжирч болдог бол дуудлагыг засах, яриа сайжруулахад орчинд нь суралцах, байнга хэрэглэх, хүнтэй ярилцах зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Харин ELSA апп гэрээсээ л энэ хоёр чадвараа сайжруулах боломжийг олгож буй. Тийм ч учраас олон хөрөнгө оруулагчийн хараанд тусаж хэдийнээ Google-ээс хөрөнгө оруулалт аваад байгаа юм. Энэ төрлийн ихэнх аппууд үгсийн сан, дүрэмд чиглэдэг бол ELSA апп маш зөв өнцөг рүү "хатгажээ". Вьетнам үүсгэн байгуулагчтай тус апп-ийг Вьетнамд бүр ерөнхий боловсролын сургуульд хэрэглэж эхлээд байгаа аж.

ямар онцлог, давуу талуудтай вэ?

Бүх үйлдэл нь хиймэл оюун дээр суурилан хийгдэж буй гэдгээрээ маш онцлогтой. Апп-ийг анх ашиглахад хэд хэдэн сорилоор таны яриа болон дуудлагын чадварыг тодорхойлно. Хиймэл оюуны уг сорил дууссаны дараа танд зориулсан хичээлийн төлбөрийг боловсруулж өгнө. Ингэснээр таны сорилын үед буруу дуудсан дуудлагууд, алдаж буй зүйлс, хэлний түвшин зэрэг дээр тулгуурлан харилцан яриа, үг, өгүүлбэр, сонсголын гэх мэт маш олон курсийг санал болгоно. Багаас нь эхлээд амжилттай давах бүрд үнэлгээ өгч хичээлүүд аажмаар хүндрэх болно.

Хичээлүүд маш сонирхолтой, интерактив учраас залхуу хүрэх, хэд оролдоод хаях гэсэн асуудлууд гарахгүй болов уу. Миний хувьд өөр аргаар хэлээ давтахад залхуу хүрэх асуудал үүсдэг бол энэ апп-ийг ашиглах үед нэг л мэдэхэд цаг өнгөрчихсөн, зөндөө шат давчихсан байгаагаа анзаарч байгаа. Тийм ч болохоор өдөр бүр ашиглаж байна.

Уг апп ур чадвар, сэдвүүд, толь бичиг, явц гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Ур чадвар хэсэгт үе шат ахин дуудлагуудаа сайжруулах боломжтой. Таны яг ямар үсгүүдийг буруу дуудсан, яг яаж хэлэх вэ зэргийг нарийвчлан зааж өгнө. Жишээ нь "хэлээ зөөлөн хазах маягтайгаар хэлээд амьсгаагаа гаргаж хэлнэ", "хэлээ тагнайдаа нааж хоолойн авиа гаргана" гэх мэт нэг үсэг, авиаг хүртэл нарийвчлан заадаг тул хувийн багш хөлсөлсөн мэт сэтгэгдэл төрөх вий. Яриа хэсэгт түгээмэл байдаг харилцан ярианы сэдвүүдээс сонгон ярилцаж, алдаагаа засуулж, үнэлгээ авах боломжтой. Харин явц хэсгээс өөрийн чадвар хэр ахиж байгааг хянаж, юун дээр доголдож байгааг харж болно. Толь бичиг хэсгээс өөрийн дуудахыг хүссэн авиа, үг, өгүүлбэр, харилцан яриа зэргийг хайж олоод давтах боломжтой.

ямар сул талтай вэ?

Апп-ийг бүрэн төгс ашиглахын тулд "Premium" эрхийг нь нээлгэх шаардлагатай. Үнэгүй хувилбар дээр хэт энгийн, амархан зүйлс хичээлийн ихэнх хэсгийг эзлэх хандлагатай нь сул тал гэж хэлж болно. Хэрвээ апп-ийн үнэгүй хувилбарыг туршиж үзээд тултал нь ашиглачихвал мөнгийг нь төлөөд бүтэн хувилбарыг ашиглах боломжтой. Ямартай ч англи хэлний аппууд дундаа маш өндөр оноотой, үр дүнтэй гэгдэж байгаа тул англи хэлийг шаргуу сурч буй бол заавал турших апп-д зүй ёсоор нэрлэгдэнэ.

unread-ийн үнэлгээ

Хиймэл оюун дээр суурилан ажилладаг, уйдаахааргүй, үр дүнтэй зэргийг нь харгалзан үзээд бид 8 оноо өглөө.

Татаж авах

36375   5


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.