Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 24, 2019

7 хоногийн тойм: Нугардаг утас + Пинстаграм төсөл + Нууц микрофон

Ковер зургийн тайлбар: Galaxy Fold: Хувьсгал уу? Бүтэлгүйтэл үү?

ОНЦЛОХ: Samsung s10 загвараа танилцууллаа

Samsung олны дунд хүлээлт өндөр байсан шинэ загварын утаснуудаа танилцууллаа. Анх гарснаас хойш 10 жил өнгөрч буй Galaxy дөрвөн шинэ загварыг худалдаанд гаргах болсон нь анхаарал татсан ч хамгийн онцлох мэдээ нь Fold загварын нугардаг утас байлаа.

4-р сарын 26-нд зах зээлд нэвтрэх нугалардаг утсаа тэд Galaxy Fold хэмээн нэрлэсэн байна. 1980 долларын үнэтэй уг утас нь бүрэн дэлгэгдсэн үедээ 7.3 инчийн дэлгэцтэй болдог учир таблетын зориулалтаар ч ашиглах боломжтой гэсэн үг. 2 тусдаа батерей, 2 гб-ын рамтай, 512 гб-ын багтаамжтай гээд техник үзүүлэлтийн хувьд ч өндөр түвшинд байгаа гэдгийг тэд онцоллоо. Үүнээс гадна Fold ардаа гурав, дотроо хоёр, урдаа нэг, нийт 6 камертай гэнэ.

Тэгвэл Samsung нийт 2 тэрбум ширхэг зарагдсан Galaxy-ийн шинэ загварууд нь тэднийг топ түвшинд хадгална гэдэгт итгэлтэй байна. 750 доллараар үнэлэгдэсэн S10E-ээ тэд "хамгийн хямд супер ухаалаг утас" хэмээн тодорхойлсон боловч бусад загваруудтай харьцуулахад жижиг, мөн ганцаараа 2 камертай. S10E-ээс гадна тэд S10, S10+ болон S10 5G загваруудыг гаргажээ.

Одоогоор үнээ зарлаагүй 5G технологийг дэмжих S10 5G нь дөрвөн камертай бөгөөд хамгийн удаан батерейгаа барьдаг, хамгийн том дэлгэцтэй гэдгээрээ онцлог. Харин 1000 доллараар зарагдах S10+ нь 1 тб-ын багтаамжийн сонголттой гарсан нь түүхэнд байгаагүй үзүүлэлт болжээ. Мөн шинэ загварууд нь Instagram-тай хамтран камераасаа гаралгүй шууд сторидоо зургаа оруулах нэмэлтийг агуулсан гэнэ.

Шинээр зарласан бүх утаснууд нь PowerShare хэмээх нэмэлтийг агуулсан нь олны анхаарлыг татав. Энэ нь эдгээр утаснууд цэнэгээ хуваалцах боломжтой болсон гэсэн үг. Одоо та заавал залгуур хайх хэрэггүй, холбогч ч ашиглах шаардлагагүй, ердөө утасныхаа ард утас, чихэвч, цагаа тавихад хангалттай гэсэн үг.

Үүнээс гадна Samsung утасгүй чихэвч Galaxy Buds-аа танилцуулав. Ухаалаг цаг Watch Active нь цусны даралтыг хэмжих боломжтой болсныг онцоллоо. Мөн ухаалаг туслагч Bixby-г агуулсан Galaxy Home Speaker-ийг 4-р сард худалдаанд гаргах ажээ.

Unread: Нугардаг утасны талаар бидний мэдэх бүх зүйлс
Techcrunch: S10-ийн бүх загваруудыг харьцуулах нь

S10-ийн эринд тавтай морил!

дэлхий дахинд

Саран дээр газардах анхны "хувийн хөлөг" эх дэлхийгээс амжилттай хөөрлөө. Израйль тэрбумтан Морис Канны санхүүжүүлсэн Израйлийн SpaceIL компанийн "The Beresheet" нэртэй хөлөг 4-р сарын 11-нд саран дээр газардах хуваарьтай. 100 сая доллар зарцуулж, 250 мянга гаруй мэргэжилтэн хувь нэмрээ оруулсан уг төсөлд оролцогчдын 95 хувь нь сайн дураараа ажилласан нь гайхалтай. Өмнө нь АНУ, ОХУ болон БНХАУ л саранд хүрч байсан билээ.

CNN: Израйльчуудын саранд хүрэх мөрөөдөл

Хятад улс 2020 он гэхэд хамгийн алслагдсан муж, хотуудад цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж, цаасан мөнгөгүй нийгмийн харилцааг үүсгэх зорилгоо танилцууллаа. 2017 оны байдлаар Хятадын нийт насанд хүрэгчдийн 76.9 хувь нь дижитал шийдэл ашиглаж байсан ч захын бүс нутагт энэ тоо 66 хувь байсан юм.

113 жилийн өмнө хамгийн сүүлд үзэгдэж, мөхсөнд тооцогдож байсан аварга яст мэлхий Галапагос арлаас олдлоо. Уг Фернандинагийн яст мэлхийнээс гадна 1981 оноос хойш харагдаагүй дэлхийн хамгийн том зөгийг олсноо эрдэмтэд энэ долоо хоногт мөн зарласан юм. Индонезийн бөглүү хэсэгт амьдардаг, далавчаа дэлгэвэл 6.35 см-д хүрдэг уг зөгийг эрэх хэд хэдэн тусгай ажиллагаа ийн амжилттай болсон нь энэ юм.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн гол дүрүүдийн нэг Берни Сандерс 2020 оны кампанит ажлаа албан ёсоор эхлүүллээ. Өдгөө 78 настай тэрээр 24 цагийн дотор 220 мянга гаруй дэмжигчээс 5.9 сая доллар босгосон нь албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн арав гаруй намын нөхдөөсөө илт илүүрхсэн үзүүлэлт боллоо. Их сургуулийг төлбөргүй болгож, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг амлаж буй Сандерс өмнөх сунгаанд Хиллари Клинтонтой хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадсан билээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун галт тэрэг хөлөглөн Вьетнамыг зорилоо. Тэрээр энэ долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай албан ёсны хоёр дахь уулзалтаа хийх учиртай. Тэрээр уулзалтаас өмнө Вьетнамын эрх баригчидтай уулзалтууд хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Найдлага эцсийн мөч хүртэл тасардаггүй гэдэг дээ, тийм ээ?

технологийн ертөнцийн эргэн тойронд

Google-ийн эзэмшдэг ухаалаг гэрийн төхөөрөмж хөгжүүлэгч Nest "нууц микрофон"-тойгоор худалдаалагдаж байсан нь ил болов. Хэрэглэгчдэд энэ талаар огт мэдэгдээгүй, бүтээгдэхүүний техник үзүүлэлтүүдэд ч тусгаагүй байсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлжээ. Google үүнийг өөрсдийн алдаа хэмээн хүлээн зөвшөөрч, зөвхөн ирээдүйн хөгжүүлэлтэд зориулж байршуулснаас ямар нэгэн байдлаар дата цуглуулаагүй хэмээн залруулга хийжээ.

Twitter-ийн үүсгэн байгуулагчдын нэг Эван Уильямс компаниа орхиж байгаагаа зарлалаа. Нэгэн үе компанийн хамгийн их буюу 30 хувийг эзэмшиж байсан тэрээр 1.7 тэрбум долларын хөрөнгөтэй гэгддэг. Э.Уильямс Blogspot, Medium-ийг үүсгэн байгуулагч, медиагийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэгэнд тооцогддог билээ.

250 сая хэрэглэгчтэй сошиал платформ Pinterest удтал хүлээлгэсэн IPO хийх хүсэлтээ албан ёсоор гаргалаа. 12 тэрбум доллараар үнэлэгдэж буй тэд зөвхөн сурталчилгаанаасаа өнгөрсөн жил 700 сая долларыг олсон гэнэ.

Үүнтэй зэрэгцэн Instagram хэрэглэгчдийнхээ "хадгалсан" зургуудыг нэгтгэн үүсгэсэн цуглуулгыг нээлттэй болгох нэмэлтээ туршиж буй нь ихээхэн анхаарал татав. Pinstagram хэмээн "нэрлэгдэж" буй уг нэмэлтийг гаргах нь тэднийг Pinterest-ийн шууд өрсөлдөгч болгох учиртай. Өмнө нь тэд Snapchat-ийн гол нэмэлт Stories-ийг "хуулбарласан" нь өндөр амжилтыг авчирсан билээ.

Видео хурал, дуудлагын технологи хөгжүүлэгч Zoom энэ оны 4-р сард багтаан IPO хийх хүсэлтээ гаргалаа. Хамгийн сүүлд 2017 онд 100 сая доллар босгохдоо 1 тэрбумаар үнэлэгдэж байсан тэдний зах зээлийн ханш хэд дахин өссөн нь тодорхой. Сонирхуулахад, компанийн үүсгэн байгуулагч Эрик Юань АНУ-ын виз авах гэж нийт 9 удаа хүсэлт илгээсний эцэст Цахиурын хөндийд ирж байсан түүхтэй гэдэг.

Instagram Pinterest-ийг "сүйрүүлэх" үү?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Автомашины салбарын акулууд Daimler болон BMW хотын тээврийн үйлчилгээнүүдээ нэгтгэж, 1.1 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. 2 компани такси дуудлага, дундын машин, зогсоол, цэнэглэлт гэсэн чиглэлийн 14 үйлчилгээгээ нэгтгэснээр Uber, Didi зэрэг "тэсрэлт" хийж буй стартапуудтай өрсөлдөнө хэмээн тооцож буй юм.

Techcrunch: Daimler, BMW-ийн нэгдлийг тайлбарлах нь

Ард Кредит ББСБ Монголын хөрөнгийн бирж дээр IPO арилжаагаа эхлүүллээ. 3-р сарын 1 хүртэл үргэлжлэх анхдагч зах зээлийн арилжааны хүрээнд тэд 25 хувиа санал болгон, 4.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ оны эхээр Ard апп-ийг зах зээлд нэвтрүүлж, финтек компани болох зорилгоо батласан тус компани олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн бүтээгдэхүүнийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Ard Credit: Үнэт цаасны танилцуулга

Apple болон Goldman Sachs миллениалуудад зориулсан кредит карт хамтран гаргахаар зэхэж байгаа гэнэ. 2 тал Apple Pay-тэй шууд интеграц хийгдэх учиртай уг төсөлд 200 сая долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Үүнээс гадна Apple Хятадын зах зээл дэх борлуулалтаа дэмжих үүднээс iPhone-ийг хүүгүйгээр зээлээр авах үйлчилгээг гаргаж байгаа гэнэ.

Softbank-ийн эзэмшдэг 100 тэрбумын хөрөнгөтэй Vision Fund ложистикийн стартап Flexport-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. 5 жилийн өмнө байгуулагдаж байсан Flexport агаарын болон далайн тээврийн ложистикийг технологийн дэвшилтэй хослуулсан шийдлийг санал болгодог бөгөөд 3.2 тэрбум долларын үнэлгээтэй болж байгаа нь энэ юм. Softbank энэ долоо хоногт үүнээс гадна түр агуулахын үйлчилгээ үзүүлдэг Clutter-д 200 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Жилийн 325 хувийн өсөлт үзүүлж олныг гайхашруулсан DoorDash 450 сая долларын шинэ санхүүжилт татаж, 7.1 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Хоол хүргэлтийн зах зээлд хэд хэдэн компаниудтай хүчтэй өрсөлдөөн үзүүлж буй тэдний шинэ хөрөнгө оруулагчид дотор Сингапурын төрийн хөрөнгө оруулалтын сан Temasek багтжээ. Тэдний гол өрсөлдөгчдийн нэгт тооцогдох Uber Eats энэ хооронд Энэтхэгийн зах зээлээс гарах стратегийн шийдвэр гарган, Swiggy-тэй нэгдэх хэлэлцээрийг эхлүүлсэн гэнэ.

Хүнс үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том компаниудын нэг Kraft Heinz-ийн санхүүгийн тайлан зарлагдсаны дараагаар нэгж хувьцааны үнэлгээ нь 27 хувиар буурав. Тэд 2018 онд 26 тэрбумын борлуулалт хийсэн ч 10.2 тэрбум долларын алдагдалтай ажилласан гэнэ. Алдарт хөрөнгө оруулагч В.Баффетийн дийлэнх хувьцааг эзэмшдэг тус компани зардал бууруулах стратеги нь бүрэн хэрэгжээгүй байгаа тул 2020 он хүртэл ашигтай ажиллахгүй, жил ирэх бүр өрсөлдөөн нэмэгдэж буй зэргийг гол шалтгаан хэмээн үзсэн байна.

CNN: Kraft Heinz-д юу тохиолдов?

Daimler, BMW-ийн нэгдлийг зургаар илэрхийлбэл ийн харагдана

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Fortnite 2019 онд зөвхөн онлайн тэмцээнүүдэд зориулан 100 сая доллар зарцуулна гэдгээ мэдэгдлээ. Үүний дийлэнх хэсэг нь 7-р сард явагдах Дэлхийн цомын тэмцээний шагналд зарцуулагдах бөгөөд шалгарсан шилдэг 200 тоглогч бүр 500 мянган доллартай буцаж, ялагч нь 3 сая долларын эзэн болно гэнэ.

Netflix Marvel-аас үлдсэн хамгийн сүүлийн цувралууд болох The Punisher, Jessica Jones-ийг цуцаллаа. Disney ирэх 4-р сард өөрийн гэсэн стриминг платформоо нээх болж, Netflix-тэй контент хуваах гэрээгээ сунгахгүй байх шийдвэр гаргаад буй. Netflix сүүлд гаргасан The Umbrella Academy-аар дамжуулж өөрийн гэсэн супер баатруудыг үзэгчдэд хүргэх стратеги баримталж буй юм.

"How To Train Your Dragon 3" нээлтийн долоо хоногтоо 58 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Нийт 1.1 тэрбум долларын ашиг олсон өмнөх 2 ангийнхаа дебютээс давсан амжилт үзүүлж буй шинэ ангидаа Universal ихээхэн найдлага тавьж байгаа. 2-р байрт "Alita", 3-р байрт "Lego Movie 2" тус тус бичигджээ.

Хөгжмийн ертөнцийн хамгийн хурц оддын нэг Элтон Жоны намтраас сэдэвлэсэн Rocketman кино анхны трэйлэрээ цацлаа. 5-р сарын 24-нд нээлтээ хийх уг киног Bohemian Rhapsody-ийн найруулагч Д.Флечер найруулж, гол дүрд нь Kingsman-ий од Т.Эгертон тоглож байгаа юм.

Queen, The Beatles, харин одоо Элтон Жон!

алдалгүй унших арван мэдээ

CNN: Венесуэлийн хямралыг гэрэл зургаар
The Wrap: Bleacher Report-ийн үүсгэн байгуулагч компаниа орхилоо
BBC: Хамгийн алдартай 10 коктэйлийн жор
Recode: Microsoft-ийн ажилчид цэргийнхэнтэй байгуулсан гэрээг эсэргүүцэв
Washington Post: Д.Трамп албан ёсоор сансрын хүчнийг байгууллаа
The Verge: Wi-Fi 6-г тайлбарлах нь
Unread: Оскарын гарын авлага: Шилдэг кинонуудыг шинжихүй + Ялагчдыг таамаглах нь
Techcrunch: Instagram-аар мөнгө босгох уу?
Variety: R.Kelly баривчлагдлаа
Vox: Зөвлөлтийн хоккей хэрхэн дэлхийг эзэгнэв?

16754   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.