Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   02 сарын 25, 2019

Онцлох бизнес: Flower Fairy - Амьдралд хайр нэмнэ

Энэ удаагийн дугаартаа амьд цэцгийн худалдаа, хүргэлт болоод хүлээн авалт, хуримын цэцгэн чимэглэлийн үйлчилгээ үзүүлдэг Flower Fairy-г онцолж байна. 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Flower Fairy өдгөө хоёр салбартай бөгөөд биднийг үүдээр нь ороход угтсан цэцгийн дэлгүүрийн шинэлэг өнгө төрх, бизнесийн онцлогийг та бүхэнд танилцуулъя.

Тэд цэцгээ Дубай, Энэтхэг, Солонгос улс руу экспорт хийдэг Хятадын КүньМин тариан талбайгаас шууд импортолдог болохоор хамгийн ховор цэцгийг ч захиалж болох аж. Мөн 24/7 ажилладаг цэцгийн автомат машиныг зах зээлд гаргахаар ажиллаж байгаа төдийгүй автоматаас ундаа авдаг шиг хэзээ ч, хаанаас ч хүссэн цэцгээ авах боломжийг бий болгохоор төлөвлөж байгаа гэнэ. 

Ингээд Flower Fairy-гийн үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. 

Бизнесийн нэр: Flower Fairy
Чиглэл: Амьд цэцгийн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
Хэзээ байгуулагдсан: 2017 он
Үүсгэн байгуулагч: Ц.Сэлэнгэ
Сошиал хуудас: Flower Fairy Flower shop (Фэйсбүүк), @Flower_Fairy1 (Инстаграм)
Вэбсайт: www.flowerfairy.mn
Салбар 1: Спортын төв ордны замын эсрэг талд, "Flower Fairy" төв салбар
Салбар 2: Зайсан Старын 2-р давхар, "Flower Fairy" цэцгийн дэлгүүр

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ? 

Анхандаа бол үл хөдлөх хөрөнгөтэй болохыг, үйлдвэр байгуулахыг хүсэж байсан. Гэвч хөрөнгө санхүү их шаардах тул эхлээд худалдаа, үйлчилгээний чиглэлд хүч үзэхээр шийдсэн юм. Зүгээр л нэг франчайз оруулж ирэхээс илүүтэй бусдад баяр баясал бэлэглэх зүйл хийхийг хүссэн нь цэцэг. Манайд цэцгийн соёл 1990-ээд оноос л хөгжиж ирсэн. Ерөнхийдөө хүнсний дэлгүүрийн нэг булангаар төсөөлөгдөх нь элбэг. Гэтэл цэцэг өөрөө дундад зуунаас эхлээд хайр, хүндэтгэлийн бэлэг болж, төрөл ба өнгөнөөсөө хамаарч төгс зохицлыг бий болгодог нэг төрлийн урлаг шиг зүйл. Тиймээс Улаанбаатар хотод гоё цэцгийн дэлгүүрийг бий болгохоор шийдсэн юм.

анхны ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТаа хэрхэн шийдсэн бэ?

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлээр хөрөнгө оруулалтаа шийдэж нэмэлт санхүүжилтийг хувиасаа гаргасан. Хоёр дахь салбараа эргэлтийн хөрөнгө дээрээ нэмж зээл аваад нээсэн.

Хамтрагчаа хэрхэн сонгосон бэ?

Хамтран ажиллах түншүүд болон ажилчдаа сонгохдоо шударга зан, тууштай байдлыг илүүтэй чухалчилдаг.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Хамгийн гоё цэцгийн дэлгүүрийг байгуулахыг хүссэн тул дэлгүүрийнхээ дотоод засал, тохижилтод нэлээд анхаарсан. Төв салбар маань хар ногоон өнгөтэй бол Зайсангийн салбар цэнхэр өнгөөр дагнасан. Цэцгүүдээ амьд цэцгийн тариан талбайгаас шууд импортолдог болохоор өнгө, нэр төрлийг илүү олон байлгахыг хичээдэг. Цэцэг өөрөө Монголд бууснаас ердөө долоо хоногийн дотор дорлуулахгүй л бол муухай болоод үхчихдэг. Бид хэзээ ч муудчихсан, харлачихсан цэцэг зардаггүй, хорогдол болоод үлддэг.

Цэцэг бүр өөрийн гэсэн онцлог, бэлгэдэл, утга агууламжтай байдаг болохоор цэцгийн зохицол, өнгөний хоршил, баглааг нь үзэсгэлэнтэй байлгахад анхаардаг. Бидний хамгийн гол багш бол Youtube, Instagram, Pinterest зэрэг болоод байгаа шүү.

Өнгөрсөн жилээс хурим, баяр ёслолын цэцгэн чимэглэлүүд хийж эхэлсэн. Эхэндээ гоё хийж чадахгүй, дахин дахин хийж үзээд, янз бүрийн зүйл туршиж байж нэг юм анхны хуримын чимэглэлээ хийж дуусгаж байлаа. Хурим бол хүний амьдралд ховорхон тохиодог ёслол учраас хамгийн гоё сайнаараа л хийдэг дээ.

Танай ойрын болон хэтийн зорилго? 

Маш ойрын хугацаанд 24/7 ажилладаг автомат цэцгийн машинтай болохоор судалгаа хийж байна. Яг л автомат машинаас ундаа авдаг шиг сүлжээ дэлгүүрүүд болон шатахуун түгээх станцуудаас хүссэн цэцгээ шинээр нь авах боломжийг бүрдүүлнэ. Цэцгийн дэлгүүрт байдаг шиг хөргөгчид хадгалагдах ба гадагш ямар ч үнэр алдахгүй болохоор эмнэлгүүд дээр байрлуулсан ч болно. Мэдээж хэтийн зорилго бол үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх, Улаанбаатар хотын хамгийн гоё цэцгийн дэлгүүр болох, цэцгийн соёлыг түгээх явдал юм.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хувийн бизнес болохоор яг миний хүүхэд шиг л санагддаг. Бид бүгд Улаанбаатар хотод хамгийн гоё, хамгийн тансаг өнгө төрхийг бий болгохын төлөө ажилладаг. Тэгэхийн тулд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг бодохоос урьтаж ажилчдаа жаргалтай байлгах хэрэгтэй гэж боддог. Мөн мэдээж хамгийн найдвартай, хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.

ТАНАЙХ ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед онлайн худалдаагаа илүү сайжруулахаар хэрэглэгчдийнхээ боловсрол анхаарч байна. Манайх онлайн дэлгүүрээ 2018 оны тавдугаар сард нээсэн ч өнөөдрийг хүртэл худалдан авалт маш муу байна. Ихэнх хэрэглэгчид онлайнаар захиалж, хүргүүлэхээс илүүтэй нүдээр үзэж худалдан авалт хийж байгааг анзаарсан.

Мөн ирэх хагас сайнд болох Flower&Coffee эвент дээрээ төвлөрч байна. Кофетой адил цэцэг ч бас манайд шинэ соёл. Хэрэв баглаа цэцэг авсан бол та хаана тавих хэрэгтэй вэ? Ихэнх хүмүүс усанд хийгээд цонхны тавцан дээр тавьдаг. Гэтэл үндэсгүй цэцэг наранд дургүй байдаг болохоор сэрүүхэн байлгах хэрэгтэй байдаг. Энэ мэт арчилгаа, сонголт, бэлгэдэлтэй холбоотой зөвлөгөөнүүдийг өгөх болно.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бизнес эрхлэгч, ажилчид, захиалагч, хүлээн авагч гээд бүх л талаа баяртай байлгадаг бизнес шүү. Жишээ нь сүүлийн үед залуучуудын дунд төрсөн өдрөөрөө ээждээ цэцэг хүргүүлэх соёл дэлгэрээд байгаа. Цэцэг хүргэлтээр очиход ээж нар гайхна, баярлана, уйлна. Бизнесээ цаашид амжилттай үргэлжлүүлвэл бидний санхүүгийн тогтвортой байдлын эхлэл болох байх гэж найдаж байна.

Дөнгөж эхэлж байгаа тул мэдээж бэрхшээл мундахгүй. Манайх энгийн үед долоо хоногт 2000 цэцэг борлуулна гэж хичээдэг. Тэр бүрийг хүүхэд шигээ арчилдаг болохоор ажиллагаа ихтэй. Цэцгээ гоё болгож бооно, өнгө зохицлыг нь харна гээд ихээхэн мэдрэмж, тэсвэр тэвчээр шаарддаг. Манайд дандаа эмэгтэй хүүхэд ажилладаг. Одоохондоо цэцгийн бизнес буюу урлагийг сонирхдог эрэгтэй хүүхэд олоогүй байна.

Мөн цагдаа, эмч нар шиг бид баярын үеэр хамгийн идэвхтэй ажилладаг. Валентин, Mартын 8, Эх үрсийн баяр гэх мэт олон баяраар 24/7 ажиллаад ид бужигнаад л байж байдаг. Яг тухайн өдөр хайртай дотнын хүмүүстээ цэцэг бариад очдоггүй ч хүмүүст баяр баясал бэлэглэж байгаадаа бид их жаргалтай болчихдог доо.

ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭГЧДЭД ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

Хүмүүс гурван жил болоод бизнес хөл дээрээ тогтдог гэж хэлдэг ч үнэндээ таван жил шаардлагатай юм билээ. Хүнд, хэцүү шантармаар үеүд олон тохиолдож болох ч тууштай хийгээд л байх нь чухал юм шиг санагддаг. Манайхыг зорьдог байнгын үйлчлүүлэгчид нэмэгдэж байгаа ч Улаанбаатар хотын 10 хүн тутмын нэг нь л мэддэг байх. Цаана нь дахиад 9 хүнд таниулахын тулд дахиад л хичээх хэрэгтэй болно. Мөн өөрөө сайн удирдагч байж ажилтнууддаа үлгэр дууриал болох нь чухал гэж боддог.

14656   5


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг
Б.Батсайхан

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.