Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   02 сарын 21, 2019

20 насандаа дэлхийг өөрчилсөн энтрепренерүүд + Global Youth Entrepreneurship Challenge уралдаан

Өсвөр насандаа гоц гойд суралцаж 20 насны босгон дээрээ ирээдүйд тэрбумаар үнэлэгдэх компанийг үүсгэнэ гэдэг үнэхээр биширмээр. Магадгүй энэ тухай ярихад таны толгойд Марк Зукерберг, Билл Гэйтс гэсэн алдартай нэрүүд зурсхийн орж ирэх биз. Бид энэхүү нийтлэлээр тэдэнтэй адил 20 орчим насандаа бизнесээ эхлүүлж, технологийн ертөнцөд төдийгүй дэлхий дахинд том өөрчлөлт авчирсан энтрепренерүүдийг онцлохын сацуу ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогддог Global Youth Entrepreneurship-ийг танилцуулж байна.

dell - Майкл ДЕлл

Энэхүү нийтлэлийг та магадгүй Dell-ийн компьютер дээрээс уншиж байж ч магадгүй. Учир нь Dell бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн өргөн нэвтэрсэн технологийн аварга компаниудын нэг билээ. Энэхүү алдарт брэндийг Майкл Делл ердөө 19 насандаа үүсгэж байжээ. Тэрээр өсвөр наснаасаа эхлэн сурахын хажуугаар ажил хийн мөнгө хуримтлуулж эхэлсэн бөгөөд хийж байсан ажлууд нь түүнд аливаа зүйлийг борлуулах, хүний эрэлт хэрэгцээг ойлгоход маш том түлхэц үзүүлсэн гэж яригддаг. 16 насандаа The Houston Post сониныг түгээж байсан Майкл Делл 18 насандаа анхны компани болох "PC's limited"-ийг үүсгэн байгуулсан байна. Компьютерын эд ангиудыг сайжруулж өндөр хүчин чадалтай болгон цааш зардаг модельтой уг компани нь жилийн дараа үүсгэн байгуулагдах "Dell" компанийн суурь байжээ.

19 насандаа тэрбээр ердөө 1000 долларын (одоогийн ханшаар 2400$) хөрөнгөтэйгөөр компаниа байгуулсан нь ирээдүйд 80 тэрбум долларын үнэлгээтэй болох Dell-ийн эхлэл цэг байв. Их сургуулиа орхиж бизнестээ бүх зүйлээ зориулах болсон Michael-ийн аав ээж эргэж сургуульдаа орохыг ятгаж байсан ч "Dell"-ийн жилийн орлогын үзүүлэлт болох 200 мянган долларын баримтыг харуулж сургуульд суралцах шаардлагагүй гэдгээ нотолсон байна.

19 настай Майкл Деллийн унтлагын өрөөнөөс эхэлсэн бизнес дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэгч 3 компанийн нэг, дэлхий даяар 145,000 гаруй ажилтантай нүсэр компани болтлоо томорчээ.

reddit - Стив Хаффман 

Интернэтийн хамгийн өндөр хандалттай топ-20 вэбийн нэг reddit.com-ийг 2005 онд Стив Хаффман, Алексис Оханиан нар Виржиниагийн их сургуульд байхдаа үүсгэн байгуулж байжээ. Ердөө 21 настайдаа "Интернэтийн нүүр хуудас" хэмээх тодотголтой вэбийг үүсгэсэн хоёр залуу жилийн дотор саятнууд болсон нь олон залуу энтрепренерүүдэд үлгэр жишээ болсон юм.

Тэд онлайн хуудас, вэбүүдийг bookmark хийн дараа үзэхээр хадгалдаг del.icio.us хэмээх вэбсайтаас санаа авсан ба улам төгөлдөржүүлэн хэрэгцээт мэдээллүүдийн багц, бүхий л сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх талбар болгосноор мэдээллийн хамгийн шуурхай эх сурвалжуудын нэг болсон Reddit үүсжээ. Үүсгэн байгуулсан жилдээ тэд Y Combinator-оос хөрөнгө оруулалт босгож, жилийн дараа Reddit-ийг Conte Nast-д 20 сая доллараар зарсан байна. Стив Хаффман одоо ч Reddit-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Холбоотой нийтлэл:

Апп тойм: Reddit - Интернэтийн эхний нүүр

Интернэтийн мэдээллийн урсгалд хувьсал авчирсан Reddit-ийг сард ойролцоогоор 542 сая хүн зочилдог, 234 сая тогтмол хэрэглэгчтэй.

snapchat - ЭВАН ШПИГЕЛ

Сошиал медиагийн хамгийн хэрэгцээт үйлдлүүдийн нэг болоод буй "Story"-ийг 2011 онд Станфордын оюутнууд болох Эван Шпигел, Бобби Мөрфи, Режжи Браун нар шинээр нээсэн гэхэд хилсдэхгүй. 24 цагийн туршид харагдаад устах видео болон зургийг хуваалцах, найзуудтайгаа чатлах санаан дээр тулгуурласан "Snapchat" жилийн дараа гэхэд 1 сая идэвхтэй хэрэглэгчтэй болж чадсан байна. Одоогийн гүйцэтгэх захирал, хамтран байгуулагч Эван Шпигел үүнээс гуравхан жилийн дараа тэрбумтан болж бүх цаг үеийн хамгийн залуу тэрбумтан болсон юм.

Залуучуудын сошиал медиа дахь зан үйл, эрэлт хэрэгцээг маш сайн мэдэрч чадсан "Snapchat" одоогийн бидний хэрэглэж буй сошиал медиагийн маш олон үйлдлийн суурийг тавьсан. Facebook, Instagram-ийн олон үйлдэл Snapchat-аас санаа авсан байдаг.

wordpress - МАТТ МУЛЛЕНВЕГ

Дэлхий хамгийн өндөр хандалттай 10 сая сайтын 30 хувь нь Wordpress дээр суурилсан гэдэг "тасархай" үзүүлэлт тэдний үүсгэн байгуулагч Матт Мулленвегийг 20 насандаа ямар сүрхий энтрепренер байсныг илтгэнэ. Үнэгүй бөгөөд нээлттэй эхийн платформ болох Wordpress-ийг тэрбээр 2003 онд Майк Литтлийн хамтаар үүсгэн байгуулж, одоо 60 сая вэбсайтыг агуулсан нүсэр "үйлдвэр" болсон юм.

Тэд Wordpress-ийн эхлэлийг ердөө 19 насандаа тавьж байсан бөгөөд Мулленвег 25 насандаа PC World-оос гаргасан "Вэб ертөнцийн хамгийн чухал 50 хүн" жагсаалтад багтсан хамгийн залуу хүн болсон байна. Wordpress вэб ертөнцөд хувьсал авчирсан компаниудын тоонд зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд блогийн ертөнцийг 50 хувийг тус компанийн бүтээгдэхүүнүүд эзэлдэг.

GLOBAL Youth Entrepreneurship Challenge 2019

Эдгээр эрхмүүд шиг маш залуудаа тэрбум долларын бизнесийг эхлүүлэх нь хэцүү ч боломжийн өндөр амжилттай бизнесүүдийг байгуулсан өсвөр насныхан, хорин настнууд олон бий. Залуучуудын хувьд хамгийн гол нь бизнесээ эхлүүлэх чухал мөч хүртэл цаг хугацааг зөв ашиглаж, өөрийн чадвар потенциалыг ахиулж, тодорхой сорилтуудтай нүүр тулж байх нь чухал юм.

Үүнтэй холбоотойгоор нийтлэлийнхээ төгсгөлд бид олон улсад алдартай Global Youth Entrepreneurship Challenge буюу GYEC уралдааныг танилцуулж байна. Уг уралдаан нь 15-19 насны ЕБС-ийн сурагчдын дунд явагдаж, тэдний энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлж, ирээдүйн бизнесийнх нь суурийг тавих зорилготой. Энэхүү уралдааныг Хүүхдийг Ивээх Сан, Хөгжлийн Шийдэл ТББ хамтран 2017 оноос эхлэн Монголд зохион байгуулж иржээ.

Энэ жилийн "GYEC 2019" хоёр үе шаттайгаар явагдаж эхний шатнаас шалгарсан багууд улсын уралдааны эрх болон "BEST" сургалтад хамрагдах эрхийг авах бөгөөд улсаас шалгарсан нэг баг цааш олон улсын уралдааны эрхээ авах аж. Улсын болон олон улсын уралдааны үеэр сурагчид багуудад хуваагдан, өгөгдсөн сэдвийн дагуу 12 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гарган өрсөлдөнө. Мөн тус бүтээгдэхүүнээ амжилттай бизнес болгох төлөвлөгөөгөө бичгээр болон видео хэлбэрээр танилцуулдаг бөгөөд шилдэг 3 баг GYEC 2019 уралдааны шагналыг хүртэх юм.

Уралдаанд оролцохыг хүсэгч сурагчид, залуучууд 3-р сарын 1-ээс өмнө 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр энд дарж бүртгүүлэх боломжтой.

gyec - 2018 уралдаанаас төрсөн шилдэг санаанууд

Энэхүү уралдаан оролцогч багууд 12 цагийн дотор санаагаа, урьдчилсан загварын хамтаар шүүгчдэд танилцуулах дүрэмтэй. Мөн олон нийтэд танилцуулах үүднээс 3 минутанд төслөө танилцуулсан видеог бэлтгэх ёстой. Өнгөрсөн жилийн олон улсын хэмжээний шалгаруулалтын тухайд байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн 2 санаа тэргүүлсэн байна.

Metaport (Өмнөд Солонгос) - Metaport нь хотод ойрын зайд зорчих зориулалт бүхий нэг дугуйт тээврийн хэрэгсэл юм. Хамгийн сонирхолтой нь уг хэрэгсэл эрчим хүчээ хүний шээс, биеийн дулаан, хөдөлгөөн гэсэн гурван зүйлээс авч ажиллаж аж.

Boreas (Япон) - Салхи татуулан явдаг мотоциклийг байгальд ээлгүй зүйлсээр ажиллуулах биш, унаж байх үед үүсэх салхины хүчээр эрчим хүчээр ажиллуулах Boreas мотоцикл дэд байранд орсон байна. Салхины хүчээр ажиллахаас гадна мотоциклийн бүх хэрэгслүүд дахин ашиглагдах, байгальд ээлтэй материалуудаар хийгдэнэ гэдгээрээ онцлог ажээ.

Канадын "Pizoom" дээрх 2 санаатай ойролцоо үнэлгээ авч тусгай байрын шагнал хүртжээ.

16885   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.