Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 20, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - "Бидний цөөхөн монголчууд" төслийн санаачлагч, гэрэл зурагчин, жолооч М.Зоригт

Өнөөдрийн зочныг маань зарим хүмүүс бизнесмэн гэдгээр нь, зарим нь улс төрч гэдгээр, зарим нь байнга л зураг даран сошиал медиад оруулж явдаг нэгэн гэдгээр нь мэдэх байх. Харин түүнийг одоо нэг том ажил бүрэн тодорхойлох болсон нь "Бидний цөөхөн монголчууд" төсөл билээ. Уг төсөл нь дэлхийн бүх л монголчуудыг сурвалжлан ахуй амьдрал, зан заншил, биет болон биет бус соёлын өв, амьдарч буй орчин зэргийг нь дүрсжүүлэн баримтжуулах, хойч үедээ архив болгон үлдээх зорилготой юм. Хоёр жилийн өмнө эхэлсэн уг төслийнхөн энэ хугацаанд 5 аймгийг бүрэн сурвалжилж, Өвөрмонгол, Тува болон Япон улсад буй монголчуудад хүрэн ажиллаж, хэдхэн хоногийн өмнө 1000 зураг бүхий тайлан үзэсгэлэнгээ Зайсан Хилл-д гаргаад байгаа юм. Үүний зэрэгцээ үзэсгэлэнгийн нээлттэйгээ хамтатган "Бидний цөөхөн монголчууд" нэртэй телевизийн сувгаа нээж, ижил нэртэй номыг National Geographic-тэй хамтран хэвлүүлжээ. Ингээд ямар ч ажлыг хобби болгон жаргалтайгаар хийдэг, хаана ч явсан камераа мөрлөн инээж явдаг түүнтэй сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэе.

Байршил: Дэлхийгээр тархан суурьшсан монголчуудын байгаа газрууд
Эрхэлж буй ажил: "Бидний цөөхөн монголчууд" төслийн санаачлагч, гэрэл зурагчин, жолооч
Хэрэглэдэг гар утас: iPhone Xs Max
Хэрэглэдэг компьютер: Mac Pro Cylinder, Mac 27’ дэлгэцийн хамт
Хэрэглэдэг лаптоп: Macbook Pro 15’ + iPad Mini таблет
Хэрэглэдэг камер: Мэдээж Canon 1 DX
Сошиал хуудсууд: @m_zorigt (Твиттер), Мөнхчулууны Зоригт (Фэйсбүүк)
Төслийн вэб: www.khadlan.mn

"БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД" ТӨСЛИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Манай төсөл дэлхийгээр тархан суурьшсан 10 сая монголоо 10 жилийн турш түүхчлэн сурвалжлах, баримтжуулах зорилготой. Үүнд Өвөрмонгол, Тува, Буриад зэрэг газруудад тархан суурьшсан монголчууд, Солонгос, Япон, АНУ, Швед тэргүүтэй улсуудад бий болсон монголчуудын шинэ цагийн төвлөрлийн бүсүүд багтана. Төслийн маань гол баатар нь хүн буюу энэ цагийн монголчууд юм. Уг төслийг 3 байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа нь санаачлагч Мөнхчулуун сан, Юнител групп, МҮОНРТ юм. Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Энержи Ресурс компани ажиллаж байгаа. Өөр олон ивээн тэтгэгч, дэмжигч бий. Бид дотооддоо 3 машин, 3 чиргүүлтэйгээр 13-14 хүн экспедиц хэлбэрээр аялан, нийтлэл нэвтрүүлгээ хийж байна. Нийт багийнхан гэвэл 20 гаруй хүн байна. Аль нэг газар очоод бид гэрэл зургийн баг, баримтат киноны баг, телевизийн нэвтрүүлгийн баг гээд салаад ажиллачихдаг.

Саяхан төслийн маань 2 насны ой болж өнгөрлөө. Төсөл маань Монголын хоймор нутаг Хөвсгөлийн Ханхаас эхэлсэн. Одоогоор 5 аймгийг бүхэлд нь сурвалжлаад байна. Одоо ажил үргэлжилж буй аймгууд гэвэл Сэлэнгэ, Дорнод, Хэнтий. Нэг аймагт бид дунджаар 3-4 сар, нэг суманд 4-5 хоног ажилладаг. Зарим газар удах нь ч бий.

Бид тухайн аймаг, сумынхантай өмнө нь ярьж тохирон бэлтгэл хангуулж байгаад очдог. Өндөр настай 5 хүнээр сум, орон нутгийн түүхийг тус бүр нэг цаг яриулдаг. Хамгийн шилдэг гэсэн урлаг уран сайхны 5 үзүүлбэрийг ямар ч клипээс илүү сайн чанартайгаар буулган авдаг. Мөн бүх л албан байгууллагуудаар нь орж, сурвалжилга хийдэг. Гудамж талбай, агаарын зураг авалт хийж, байгаль орчин, аж ахуй, айлуудын зураг, дүрсийг авна. Үндсэндээ тухайн газар орны хүмүүс, амьдрал, аж байдлыг бүрэн зураглан авч үлдэж, 100 жилийн дараа гэхэд түүхийн ховор материал болох контентуудыг бэлтгэж байна.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?

Би бусад бүх зүйлсээсээ өөрийгөө чөлөөлж төсөлдөө бүхнээ зориулж байгаа. Миний хувьд хэдийгээр энэ төслийн санаачлагч боловч яг хийдэг ажил гэвэл гэрэл зурагчин, жолооч, лайвчин гэсэн 3 албатай.

Миний баг доторх нэг гол үүрэг бол тухайн газар орны удирдах хүмүүстэй уулзах анхны уулзалт дээр төслөө зөв сайн танилцуулж, тэдгээр хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх, бидэнд бүх л зүйлээр тусалж дэмжих бололцоог бүрдүүлэх явдал байдаг. Нэг сум дээр л гэхэд тамгын газар, бүх албан байгууллагуудын дарга нар гээд 40-50 хүнтэй уулзах болдог. Үүний дараа би айлуудаар ордог. Бас хүүхдийн зураг авах хоббитой тул сургуулиар нэлээн явна. Миний сүүлийн үед хүмүүсийн хүсэлтээр фэйсбүүк лайв их хийдэг болсон шүү.

Ер нь миний аливаа ажилд хандах хандлага гэвэл, ямар ч ажлыг хобби, жаргал болгож хийх ёстой гэж боддог. Ажил зовлон болбол шууд л зогсож буй хэрэг. Намайг зам тээврийн сайд байх үед бусад сайд нар хуралдаа шөнө нойргүй хоносон юм уу гэмээр нүд нь улайсан улс л ирдэг байлаа. Харин би жаргалтай хүн камер бариад явж байдаг. Яагаад гэвэл намайг сайд байхад салбар маань бүхэлдээ ажиллаж байсан бол бусад салбарын сайд нь л ажиллаад байгаа мэт харагддаг байсан. Би хүмүүст итгэдэг хүн. Аливаа ажлын ард нэг мундаг хүн биш олон хүний хичээл зүтгэл байдаг. Би ямар нэг зорилго тавьсан бол эхлээд зорилго нэгтнүүдээ цуглуулж, дараа нь тэдэнд итгэл хүлээлгэдэг. Шийдвэрүүд дандаа хамтынх байх ёстой гэж боддог. Ийм арга барилаар ажилладаг даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Би багаасаа л техник технологийн улаан фэн байсан. Манай үеийнхэн хэлнэ дээ, Зоригоод л хамгийн сүүлийн үеийн камер, хамгийн сайн компьютер байдаг байсан гэж. Одоо интернэт, тэр дундаа сошиал медиа бий болсон нь нийгэмд маш том өөрчлөлтийг авчирч байна. Сошиал медиа бол агуу. Би ч үүнийг амжилттай ашиглаж, ажлын гол хэрэгслээ болгоод байна. Сошиал медиа дахь олон мессеж групп, ажлын группуудээр харилцаа холбоогоо явуулан, мэдээлэл хүргэж байна. Төсөл маань сошиал медиагийн ачаар илүү олон хүнд хүрч, өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. Хүмүүс хаана байна, бид тэнд байх ёстой. Хүмүүс сошиал медиад байгаа шүү дээ.

Манай төслийн баг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг ашигладаг. Ер нь Холливүүдийн кино хийчих түвшинд чанартай дүрс, материал гаргана шүү. Он удаан жил хэрэглэгдэх түүхийн ховор материалуудыг цуглуулж буй хүмүүс хамгийн чанартайгаар хийх ёстой шүү дээ. Бидэн шиг орон даяар шууд нэвтрүүлэг хийх чадамжтай телевиз ч байхгүй байх. Шууд дамжуулалтын том автобусанд л байдаг төхөөрөмжүүд манайхны гар цүнхэн дотор явж байдаг. ICT Экспог шууд дамжуулах ажлыг хийж өгөөч гэж хүсэхэд бид Сэлэнгээс наашаа гарсан тохиолдол ч бий. Юнител групп амин чухал интернэтийн асуудлыг маш сайн шийдэж өгсөн.

АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Хөдөө сумдын амьдрал хичээл орох цагаар идэвхтэй өрнөдөг. Тиймээс бид 9 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл хөдөө сумдаар явахыг зорьдог. Харин зун хотод голдуу байж бусад ажлуудаа хийнэ. Тэгэхээр төслийн багийнханд байнгын оффис хэрэггүй, шаардлагатай үед миний энэ гараашд оффислодог байсан. Одоо харин телевизийн оффисдоо төвлөрч байна. Надад бол гарааш маань л хамгийн сайхан оффис доо. Тамхи их татдаг болохоор бусад оффисууд зохидоггүй юм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Төслийн хувьд зохион байгуулалт, сайн төлөвлөлт л цаг хэмнэнэ. Миний хувьд бол цаг хэмнэх нь чухал бус, зорилгодоо хүрэх нь, үр дүн гаргах нь чухал. Учиргүй цагт баригдаад тэвдээд байдаг төрлийн хүн биш.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Нэг их тэмдэглэл хөтлөөд байдаггүй юм аа. Хийгдэх ажлууд маань бидний байнгын харилцаан дунд явж байдаг. Мөн нэг гэрэл зурагчин маань давхар миний нарийн бичгийн үүргийг гүйцэтгэчихдэг. Тэгэхээр хийх ажлуудыг маань сануулж, зарим зүйлсийг мартахгүй байхад тусалдаг. Заримдаа машин барьж явах үед янз бүрийн гоё санаа бодогдоно. Тэрийгээ хэлээд, бусдаа дамжуулаад тэмдэглэчихдэг гэх үү дээ. Хэдийгээр өөрөө нарийн тэмдэглэл хийдэггүй ч би ер нь ажил унагааж үзээгүй шүү.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? СЭТГЭЛГЭЭНИЙ ХУВЬД ТА БУСДААС ТУН ӨӨР ЮМ ШИГ САНАГДДАГ?

Хүнийг сонсож чаддаг, харилцаа үүсгэхдээ сайн гэж боддог.
Уламжлалт бус сэтгэлгээний тухайд, би өөрийгөө чөлөөт нийгмийн чөлөөт иргэн гэдгээр их бахархдаг. Монгол шиг эрх чөлөөтэй ийм сайхан газар хаана ч байхгүй байх. Тийм ч учраас энэ сайхан эрх чөлөөг бүрэн хэмжээнд эдлэхийг хүсдэг. Гэхдээ мэдээж эрх чөлөө, эрх чөлөө гээд соёл, ёс зүй гэдэг зүйлийг орхиж болохгүй. Одоо энэ ЖДҮ-ийн хулгайчид ял шийтгэлгүй гарах гэж байх шиг байна. Тэд хуулийн цаана байдаг ёс зүй гэдэг зүйлийг тоохгүй байна. Тэгэхээр л нийгмийн адаг шаарууд гэсэн үг. Би ЖДҮ-чдийн кофены газар хэзээ ч орохгүй, гудамжинд таараад хэзээ ч гар барихгүй. Нийгмээрээ ийм хулгайчдыг дахин төрүүлэхгүй байх сургамжийг авсан, тэднийг уучлахгүй гэдэгт би итгэж байгаа.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Монголчууд өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэх, өөрсдийгөө илүү сайн танихад, бас дэлхий нийтэд өөрсдийгөө таниулах төслийн маань ач холбогдлыг хүмүүс улам бүр ойлгож, дэмжиж эхэлж байгаад бид их баяртай байгаа. Биднийг их мөнгөтэй байна, хаанаас санхүүжилтээ олоод байна гэж их асуудаг. Мэдээж ивээн тэтгэгч Энержи Ресурс байна. Мөн маш олон хүн, байгууллага биднийг дэмжиж байгаа юм. Хаана ч очсон зочломтгой элэг нэгтнүүд маань биднийг өлсгөхгүй, гадаа хонуулахгүй шүү дээ. Дугуйны бизнес эрхэлдэг Зоригтбаатар гэдэг залуу машинуудын маань дугуйн асуудлыг дэмжээд өгье гээд одоо хүртэл үйлчилгээг нь бүрэн хариуцаад явж байх жишээтэй. Ном гаргахад National Geographic тусалж байна. Алдарт Canon хүртэл энэ төслийг дэлхийн сонорт хүргэхэд тусалъя хэмээн хамтарч байгаа. ОХУ-ын Үндэсний газар зүйн тэнхим бидэнтэй хамтран ажиллах эхлэлээ тавьсан. Үндсэндээ төсөл маань хэсэг хүмүүсийн хобби биш, нийт монголчуудын давлагаа хөдөлгөөн болон өрнөж байна.

Онгоц маань хойшилсноос үүдэн би төслийн 2 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлтэд байлцаж чадаагүй. Гэхдээ сохорсон биш завшив гэгчээр ямар сайн багтай байгаа вэ гэдгээ, ямар олон дэмжигчтэй болсон бэ гэдгээ мэдэх завшаан гарсан нь сайхан. Сайхнаа маань (Ерөнхий сайд асан Сайханбилэг) төслийн медиа талыг хариуцаж, Баабар шинэхэн хэвлэгдсэн номыг танилцуулж, Ганхүү хөтөлж үнэхээр сайхан арга хэмжээ хийсэн байсан. Сошиал медиагаар ч хүмүүс маш олноор сэтгэгдэл бичиж эхэлсэн нь одоо ч үргэлжилсээр.

Бэрхшээлтэй зүйлс гэвэл мэдээж бий. Ер нь бүх л зүйлд саад бэрхшээл тулгардаг. Шийдэгдэхийн тулд, давж гарахын тулд л байдаг зүйл. Одоо жишээ нь бид хэвлэлтээс шинэ номоо авмаар байдаг, гэвч мөнгөгүй болчихоод чадахгүй л байна. Үзэсгэлэнгийн нээлт дээр ганц ширхэг ном түр зээлж авчирсан. Гэхдээ төслийн багийнхан маань бүгд энэ төсөлд зүрх сэтгэлээ зориулсан, сэтгэлийн дуудлагаар орсон хүмүүс байдаг болохоор бид ямар ч бэрхшээлийг хамтдаа даваад гардаг. Нэг жишээ: Нэг залуу маань хүүхэдтэй болов. Гэвч хөдөө явсаар хүүхдээ харах нь бага, эхнэр нь гол ачаагаа үүрсээр. Тэгж байтал дахиад хүүхэдтэй болов. Ингэхээр нь бид гэрт нь дэм болохоор хүүхэд харах хүн хөлсөлж ажиллуулахад зориулан дундаасаа санхүүгийн туслалцаа үзүүлж байв.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Бид ажлаа жил жилээр нь төлөвлөдөг. Энэ жилийн төлөвлөгөөгөө бид хэдхэн хоногийн өмнө хуралдан ерөнхий бүдүүвч байдлаар баталсан. Энэ жил Дорнод, Сэлэнгэ, Хэнтий аймгуудаар явж дуусгана. Халх голын дайны ой болж байгаатай холбоотойгоор тийшээ явна. Мөн Өвөрмонголын Баяннуур аймгаар явна. Мөн энэ зун Хөвсгөлөөр дахин явах юм. Бид төслөө Хөвсгөлөөс эхлүүлэхдээ өвөл явж, өвлийн дүрс, зураг буулгасан юм. Бас анхных байсан учраас туршлага дутсан, дутуу үлдээсэн зүйлс бий. Одоо зуны Хөвсгөлийг буулгаж, дутуу зүйлсээ нөхөж авах зорилготой.

Ерөнхийдөө жилдээ нэг удаа гадагшаа явах зорилго тавиад байгаа. Өнгөрсөн хоёр жилд бид Тува, Буриад, Өвөрмонголд ажиллаж эхэлсэн. Тэнд бэлтгэлээ л базаагаад байгаа хэрэг. Төслийн эхний хоёр жил үндсэндээ төслийн суурийг тавих, бэлтгэлийг хангах хугацаа болж байна. Буриад руу гэхэд л одоо 3-4 удаа, нэг явахдаа 45-60 хоног явах ёстой байгаа.Мөн бид 2018 онд Японд нэг сар ажиллаж өөрсдийгөө сорилоо. Солонгос руу сая явж бас бэлтгэл ажлаа хийж байгаад ирлээ. Дараа жил юу юу хийх, хаагуур явах талаар багцаа байгаа ч нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ АНУ-ын нэг эргээр явах байх.

Мөн сая нээгдсэн тайлангийн үзэсгэлэнгээ дурдах ёстой. Бид өмнө нь Хөвсгөлөөр явчихаад нэг тайлан тавьж байсан юм. Явсаар байгаад тайлан тавьж чаддаггүй. Монголд анх удаа 7 давхрыг хамарсан 1000 зурагтай үзэсгэлэн гаргалаа. Мөн төслийнхөө материалыг дагнан гаргах телевизийг Юнивишний 77 дугаар суваг дээр байгуулснаа үзэсгэлэнгийн нээлт дээр зарлалаа. Телевиз нээж буйн зорилго бол, хэдий бид үнэт өв болох материалуудыг бэлтгэж байгаа ч, энэ цагийн эгэл баатруудыг бусдадаа таниулах, харуулах, сонсгох шаардлагатай байгаа юм. Бид урам зориг өгөх олон мянган түүхийг сонсож баримтжуулж байна. Тэр бүхнийгээ зөвхөн хадгалаад байвал дэндүү хайран, дэндүү үнэ цэнтэй биз дээ. Иймээс манай төсөл олон нийтэд нээлттэй төсөл байх ёстой юм байна гэж бид үзсэн. Судлаачид, сурагчдад дата нь нь үнэ төлбөргүй байх ёстой. Нийгэмд сөрөг мэдээлэл, стресс ихтэй байгаа үед урам зориг өгөх, эерэг сайхан контентуудыг явуулах хэрэгтэй гэж үзсэн.

"БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД" НЭРИЙН ТУХАЙ?

Би хоёр Солонгосын хилээс Өмнөд Солонгосын урд хил хүртэл дугуйгаар аялсан юм. Ингэж жижиг хот тосгодоор дайрч, нутгийн хүмүүстэй уулзаж, нутгийн хоолыг нь идэж явахдаа хоёр зүйлийг анзаарсан юм. Солонгосчууд маш эв нэгдэлтэй, нэг нэгийнхээ төлөө явдаг юм байна. Бас хэн ч байсан хийж байгаа зүйлдээ маш хариуцлагатай ханддаг юм байна. Гэхдээ дугуйгаар 5, 6-хан хоног явах хэмжээний жижиг газар нутагтай буюу манай Хөвсгөлөрхүү л хэмжээтэй юм. Гэхдээ Хөвсгөлд 60 мянган хүн байдаг бол тэнд 60 сая хүн амьдардаг юм байна. Ингэж л монголчууд бид чинь ямар цөөхүүлээ юм бэ дээ гэсэн бодол толгойд харвасан. Ингээд хүний нутагт дугуйгаар аялж болж байгаа юм бол яагаад эх орноо тойрч болохгүй гэж, тэгэх явцдаа бид чинь цөөхүүлээ шүү, эв нэгдэлтэй, хариуцлагатай байя гэсэн санааг хүмүүст ярьж явъя гэж бодсон. "Бидний цөөхөн монголчууд” төслийн санаа бөгөөд нэр ингэж гарсан юм. Энэ үгийг хэлэхэд, сонсоход бид нэг л дотно мэдрэмжийг авдаг шүү дээ. Зарим найзуудаасаа нэрийн талаар юу гэж бодож байгааг асуухад жаахан урт юм биш үү гэж байсан ч би хадгалахаар шийдсэн юм.

Бид цөөхүүлээ учраас эв нэгдэлтэй, хариуцлагатай, энэрэнгүй байх ёстой гэсэн санааг бүх л монголчуудад унтахад нь, сэрэхэд нь, ерөөс цаг тутам сануулмаар байна. Бид чинь өнгөрснөө хэтэрхий их дурсаж, цөөхүүлээ гэдгээ мартаад байдаг улс. Иргэд нь боловсролтой, хариуцлагатай болж байж л улс хөгжинө. Хэн нэг гоц хүн гарч ирснээр юм уу уурхай олж нээснээр улс хөгжихгүй шүү дээ.

Цөөхүүлээ гэдгээ ойлгон эв нэгдэлтэй байвал биднийг сайхан ирээдүй хүлээх нь ойлгомжтой. Ийш тийшээ их явахдаа миний нэг ажигласан зүйл бол монголчууд аливаа юманд авьяастай, ерөнхийдөө "чанарлаг" хүмүүс. Японд очиход л балетийн 10 одынх нь 6 нь монгол байх жишээтэй. Бүгд маш олон дагагчтай, өндөр нэр хүндтэй. Японд сумочид л магнайлж байна гэж бид бодоод байдаг, салбар болгонд нь амжилттай яваа монгол хүмүүс маш олон байна лээ.Хамгийн гол нь Японы нийгэм хүнийг дайчилж чаддаг юм байна. Тийм газар очсон монголчууд үнэхээр чадамжаа гаргаад, цойлоод ирдэг юм байна. Харин манай нийгэм хүнийхээ чадамжийг бүрэн гаргаж чадахгүй байх шиг. Тэгэхээр залуучууд өндөр хөгжилтэй, хүний чадамжийг гаргаж чаддаг улсад хэдэн жил ажиллаад өөрийгөө төлөвшүүлээд ирэхэд зүгээр юм шиг санагдсан.

Бидний нэг авууштай, маш онцгой нэг чанар бол гадагшаа явсан ямар ч монгол хүн Монголдоо буцаж ирэх хүсэлтэй байдаг юм байна. Цагаачлалын асуудлаар мэргэшсэн 40 жилийн туршлагатай япон хуульч өвгөн "Монголчууд бүгд 5-10 жил ажиллаад буцна даа" гэж ярьдаг, үүгээрээ бусад улсуудаас маш онцгой хэмээн толгой сэгсрэн ярьсан шүү.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Төслийн хүрээнд бид маш олон номтой болж байгаа. Очиж буй сум бүр л олон олон ном бэлэглэнэ шүү дээ. Чиргүүл дээрх явуулын номын сан маань өргөжсөөр байна. Яваандаа бид энэ номын сангаа аль нэг том номын санд салбар номын сан болгох төлөвлөгөөтэй байна. Одоо бол хийх ажилтай холбоотойгоор тэдгээр номуудыг байнга харах, судлах шаардлагатай.

Төслийн маань анхны ном болох “Бидний цөөхөн монголчууд” бүтээл National Geographic-тай хамтарсан байдлаар, англи монгол хэлээр гарсанд их баяртай байгаа. Энэ ном дээр төслийн зөвлөх Гамма агентлагийн Цацралт, Баабар, Цэнддоо нар ажилласан. Удахгүй аль нэг онлайн сүлжээгээр борлуулж, хүргэлт хийнэ дээ.
Ер нь миний сонирхол бол технологийн чиглэлийн ном, хэвлэл, дижитал сурвалжууд.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим байнга сонсоно оо. Жолоо барьдаг болохоор аян замын уртыг хөгжимтэй хамт нугална шүү дээ. Би рок, поп хөгжимд илүү дуртай. Ардын болон уртын дууг ч нөхцөл байдлаас хамааран сонсоно. Сүүлийн үед The Voice мэтийн шоунд оролцож буй залуучууд их сайн болж. Тэдний дуунуудыг их сонсож байгаа шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хотод ирэхээр нойр багасчихаад байдаг. Хөдөө бол сайн унтана. 8-9 цаг бол унтчихаад байна. Ядарсан үед өдөр бас дугхийчихнэ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хотод байгаа үедээ би чөлөөт цаг гарвал сошиал медиагаар хүмүүсээс юу хийхээ асуучихдаг юм. "Өнөөдөр олныг хамарсан ямар сонирхолтой арга хэмжээ, тоглолт болох вэ?" гэхэд хүмүүс их хариулна. Тэгээд харж байгаад тухайн үеийн сэтгэл санааны байдал, сонирхлоос хамаараад аль нэгийг нь сонгоод очдог, заримдаа зураг авдаг. Мөн заримдаа "Бууз жигнээд өгөх айл байна уу?" гээд асууна ш дээ (инээв). Маш олон хариу ирнэ. Нэгийг нь сонгоод шал танихгүй айлд очоод л сайхан яриа өрнүүлээд суучихдаг юм. Зорилго тавиагүй уулзалт илүү гэгээлэг, чин сэтгэлийнх болдог юм шиг санагддаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Урам зориг, эрч хүчийг хүнээс л олж авдаг даа. Өдөр болгон хамгийн гоё энерги цацруулсан хүмүүстэй уулзаж явдаг болохоор би маш азтай. Эгэл жирийн хүмүүсээс цацардаг энерги үнэхээр сайхан. Тэдэнтэй харилцаж, ярилцаж, түүнээсээ байнга урам зориг авч, хөглөгдөж байдаг.

Нөгөөтэйгүүр, хүмүүсийг яаж дэмжиж тус болох вэ хэмээн байнга эрэлхийлж байдаг. Та хэдийг ярилцлага авъя гэхэд залуу хүмүүсийг дэмжье л гэж бодсон.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Авч байсан олон сайн зөвлөгөө байгаа байх. Хамгийн түрүүнд санаанд орж ирж буй нэгийг нь хуваалцъя. Бат-Үүл ахад үсэртлээ алгадуулж байсан түүх л дээ. Хүү маань 10 жилээ онц төгсөөд, би ч баярлахдаа цоо шинэ жийп машин авч өгөв өө. Тэгээд өгч амжаагүй явж байтал Бат-Үүл ахтай таарав. Тэгээд хөөрсөн хүн учир байдлаа хэлтэл “Хүүхэд алах гэлээ" гээд ёстой үсэртэл алгадсан. Надад үнэхээр цохилт болж, нээрээ энэ чинь юу билээ гэж сэхээрсэн шүү. Орчин цагт мөнгөтэй боломжтой хүмүүсийн хүүхдүүд санаснаар өсөж хүмүүжихгүй байх тохиолдол олон. Харин би хүүхдүүдийнхээ хүмүүжилд сэтгэл хангалуун явдаг юм.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Тууштай байх хэрэгтэй л захидаг. Хүн болгон адилгүй. Зарим нь эртэч, зарим нь илүү хөдөлмөрч гэх мэт. Харин бүгд тууштай байж болно. Ажил жижиг том нь хамаагүй, тууштай байхад үр дүн гарна шүү. Бас залуучууд цаг хугацаатай уралдаж их тэвдэж байгаа харагддаг. Тайван суугаад өөрийгөө хөндлөнгөөс, том зургаар харахад тулгарсан асуудал сүйдтэй юм биш байх тохиолдол их байдаг юм. Өөрийгөө том зургаар нь харж байгаарай.

Бас нэг сонин ажиглалт хэлье. Хөдөө их явдаг болсны дараа нэг юмыг ойлгосон. Хотын бид чинь цагийн нэг хэмжүүртэй, хөдөөнийхөн өөр хэмжүүртэй. Бид хөдөөгүүр ажиллаад хотод ирэхэд хүмүүс ямар удаан явав аа гэдэг. Уг нь бидэнд цаг маш хурдан өнгөрч байгаа мэт санагдаад л яваад байдаг юм. Эндээс үүдээд, хүн хаана ч байсан, цаг хугацааны хэмжүүрийг өөрийнхөөрөө тодорхойлдог болчихвол, эргэн тойрноосоо өөрийгөө салгаж чаддаг болбол бүтээмжээ улам нэмэх юм шиг санагдсан. 24 цагт нэг өндөг гаргадаг тахиаг фермд гэрлээр хуураад 12 цагт 1 өндөг гаргадаг болгосон шиг л.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Ажил, амьдралаа маш гоё авч явдаг нэг хүнийг санал болгоё. Тэр хүн байнга л инээж явдаг хүн. Уурлаж байхыг нь би ер хараагүй. Яарч тэвдэж буй юм ер байхгүй, тэгсэн хэрнээ бүх ажил нь амжаад байдаг. Өдрийн сонинд ажиллаад, ном зохиолоо хийгээд яваад байна. Тэр бол Б.Цэнддоо ах. Ярилцвал маш сонирхолтой, сонин өнцөг гарах байх шүү.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

ТӨСЛИЙН ЗАРИМ ЗУРГУУДААС

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

54126   15

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.