Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 16, 2019

"Энх-Амгалан хааны захидлууд" номын тухай + Онцлох эшлэлүүд

Өнгөрсөн түүхээ судалж мэдэх нэг сонирхолтой арга нь хувь хүний намтрыг уншин, түүгээр дамжин тухайн цаг үеийг тольдох явдал билээ. Тэгвэл, дорно дахины нэртэй судлаач Окада Хидэхирогийн туурвисан "Энх-Амгалан хааны захидлууд" ном Монголын түүхийн эмзэг хэдий боловч өөрсдийгөө илүү сайн танихад туслах Манжийн үеийн түүхийг сонирхолтойгоор харуулах ажээ. Энх-Амгалангийн эл захидлууд нь өөрийн залгамжлагч болгон зүрх сэтгэлийн гүнээс хайрлан сургаж өсгөсөн хунтайждаа явуулсан хувийн шинжтэй тул хааны зан араншин, мэдрэмжийг тусгасан түүхийн ховор үнэт материал болсон байна. Энэ бүтээлийг Шинэ Монгол дунд сургуулийн захирал П.Наранбаяр чадмаг хөрвүүлэн толилуулжээ.

НОМЫН ТУХАЙ

Уг номыг орчуулагчаас нь бэлгэнд авах завшаан надад тохиосон билээ. Бэлгэнд авчихаад хараахан уншаагүй байсан энэ номыг унших сэдлийг өөр нэг ном төрүүлсэн нь Б.Цэнддоогийн "Соёлын довтолгоо". Тус номд "Нэгэн үе Хувилайн нэгтгэн захирч байсан Нангиад гүрнийг өдгөө Хянган уулсаас зүүнших нутгаас гаралтай гөрөөч овгийн манж нар эзлэн захирч байв. Тэд гүрнээ Да Чин буюу Их Ариун улс хэмээн өргөмжлөн нэрийджээ. Монголчууд Да Чин гэдэг үгийг дуудлагыг монголжуу болгон Дайчин хэмээн хэлэх болж баатарлаг, дайчин гэсэн утгаар ухаарах болов.... Монгол ээжтэй гэгддэг Канси хааны нэр хүнд монголчуудын дунд муугүй бөгөөд өнөөдөр ч тал нутгийн хаа ч түүний амьдай "Энх-Амгалан" нэртэй хүнтэй мянга мянгаар нь тааралдаж болно" хэмээсэн хэсэг бий. Улмаар ширээн дээр харагдаж байсан тус номыг авч эргүүлэхүйеэ сонирхол татагдаж, 150 орчим хуудсыг нэг суултаар гүйцээж орхив.

Монголын эзэнт гүрнийг байгуулан дэлхийг эзэрхэж, бууралт нь ирэх үед бага хаадын үе залгаж, түүний дараа 300 жилийн Манжийн дарлалд зүдрээд Ардын хувьсгалтай золгосон гэх түүхийн товчлолыг мэдэхгүй сургуульд сурсан хүн ховор. Гэвч уруудан доройтсон түүх болохоор ч тэр үү Манжийн засаг захиргаанд байсан үеийг хүмүүс хавьгүй бага мэддэг. Угтаа бол мандан бадарч байсантай адилаар уруудан доройтож байсан үеийн түүх, сургамж ч бас бидний өөрсдийгөө илүү гүн мэдэхэд тусалж, магад алдаанаасаа суралцах боломжийг олгох билээ.

Манж Дайчин улс гэж чухам ямар улс байв? Яаж тэд хэдэн живаа хүнтэй Хятад хийгээд дэлхийг дайлж явсан монголчууд биднийг эзлэн захирав? Тэд ямар онцлогтой, ямар соёл заншилтай, ямар бодлоготой улс байв? Хятадын түүхэн дэх хамгийн агуу хаадын нэг болж үлдсэн Манжийн Энх-Амгалан гэгч хэн байв? Эдгээр асуултуудад тоймлон буй энэ ном тодорхой хариу өгөх ажээ.

Энэ номыг тун сонирхолтой болгож байгаа зүйл нь Энх-Амгалан хааны Галдан Бошигтыг дарахаар хийсэн 3 аян дайн, тэр үеэр өөрийн хайртай хоёр дахь хөвүүн Юньрөн хунтайжид илгээж байсан захидлууд ажээ. Умард Монголыг эрхэндээ оруулж, Анхдугаар богд Живзундамба (Өндөр гэгээн Занабазар) тэргүүтэй халхуудыг Манжид дагаар орон өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй болгосон Галдан Бошигт бээр Энх-Амгалан хааныг өөрөө их цэргээ удирдан Монголын их говийг туулан дайлаар ирнэ гэдэгт огт итгэхгүй байж. Үүнээсээ ч болж гэнэтийн дайралтад хөл алдан, бэлтгэл дутуугаас ялагдсан нь уг номд бичигджээ. Энэ аян дайны үеэр хүүдээ бичсэн захидлуудаас Энх-Амгалан хааны бодол санаа, зан араншин, Манжийн цэрэг зэвсэг хийгээд тухайн үеийн монголчуудын аж байдал, Монголын байгаль, уур амьсгал, түүнчлэн өөрийг нь монголчууд хэрхэн хүлээж авч байгаа зэрэг олон зүйл харагдана. Энх-Амгалан хаан 100 мянган цэргээ 3 замын цэрэг болгон хуваагаад, өөрөө гол замын цэргийг удирдан довтолсон бөгөөд захидлууддаа энэ дайныг маш нарийн зураглажээ. Зохиогчийн бичсэнээр, бусад эх сурвалжаас мэдэх боломжгүй нарийн ширийн зүйлсийг энэ захидлууд тодорхой болгосон байна.

Манжийн үеийн Монголын түүхийг ойлгоход нэн тустай, монголчуудыг гаднаас нь тольдон харсан энэхүү номыг өнгөрсөн үеэ илүү сайн мэдэхийг хүсэгчдэд санал болгоод тэмдэглүүштэй санагдсан зарим эшлэлийг хүргэе:

НОМЫН ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

Эеэр засагч хааны эх монгол хүн байсан агаад энэхүү монгол эмээ Хуантайхугийн гар дээр өссөн Энх-Амгалан хаан монгол хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.

Хаантан явган харвах, морин дээрээс харвахын аль алинд, мөн морио зогсоон харвахад гаргуун...Түүний зэрэгцээ баруун солгой аль ч талдаа адилхан сайн харвана. Тэнгэрт нисэж байв ч, зогсож байв ч, онилсон амьтнаа нэг ч сум гарздахгүй унагана.... Хаантан Европын галт зэвсгийг ч нум сум, холхивч нум шигээ сайтар эзэмшсэн. Татаарууд төрөлхийн моринд гарамгай, хаантан ч гэсэн туйлын гаргуун, төгс төгөлдөр...
Энх-амгалан хаан Күнзийн номын ихэнхийг цээжилсэн, хятадуудын ариун ном гэж үздэг судар бичгийг цөмийг тогтоосон... Энх-Амгалан хаан уран илтгэх, хятад шүлэг бичихдээ гаргуун.

Энх-Амгалан Хятадын уламжлалт эрдэм ухаан төдийгүй Европын шинжлэх ухааныг хүртэл сонирхож, астрономи, математик, геометр, хими, анатоми зэргийг номлогч нараар заалган хичээнгүйлэн суралцаж, ажиглах, хэмжих багаж цуглуулан тэдгээрийг ажиглахад шимтдэг байжээ.

Хаан Дүшы боомтоос гараад Өмнөд Монголын нутагт ормогц цэргийн хурдыг нэмэхийн тулд нар битүүнээр өглөө эртлэн хөдөлж, үд дунд зогсон амарч хоол хийхийг зөвшөөрсөн агаад өдөр нэг удаа хооллохыг тушаав. Хаан өөрийн биеэр цэргийн энэхүү хэцүү дүрмийг даган биелүүлж байлаа.

"Би сайн. Хунтайж сайн биз дээ? Агь нар бүгд сайн. Сайд нар, жанжид, цэргүүд цөм сайн. Бороо, цас нэг их сүртэй биш ч гэлээ тасралтгүй орох нь санаа багахан зовооно. Нутгийн монголчууд харин баярлаж, манай үүгээр жил бүр ган болж өвс ургаагүйн улмаас ядууран хоосорч байтал хаантан морилсноор бороо, цас орж, өвс сайн гарлаа гэцгээнэ..."

Сониуч хаан их цэрэг удирдсан завгүй цагтаа ургамал цуглуулан хийж Бээжинд явуулсан хэрэг...Энэ хуанди 41 их бага хатантай байснаас 35 ханхүү, 20 гүнж төржээ.

"Хэрлэн голд дөхлөө. Монголчуудын морь шандастай тул 5-нд хулан, зээр үргээн агнав."

"Галдан хэрэв Хэрлэн голд тосон байлдсан бол бид голыг булаалдан хэцүү бэрх тулаан хийх байлаа. Энд тосон байлдалгүй зугтсанаас үзэхэд Галдан цэргийн ухаан мэдэхгүй хүн байна. Бидэнд үүд хаалгаа өөрөө л нээгээд өглөө. Эндээс өөр газарт манай цэргийг цохих боломжгүй."

Хаантан таныг цэргээ удирдан морилсонд Галдан итгэж ядаад таны тавьж явуулсан дөрвөн өөлд хүнээс "Усгүй цөлийг яаж туулж ирдэг билээ?" гэхэд бид манж цэргийг даган явж энэ талаар асуухад тэд хариулахдаа"Бид ус хайдаггүй. Хааны ух гэсэн газарт ухахад л ус оргилон гардаг юм." гэлээ.

"Энд халхчуудын хонийг идэж үзвэл ус сайтайнх уу, эсвэл өвс сайтайнх уу, гайхмаар сайхан амттай байна."

"Би дөч өнгөртлөө яваагүй газар үгүй ч ийм туулай элбэг газар үзсэнгүй. Ан хийхэд эзэн, зарц гэж үгүй, бүгд л ямар ч завгүй харваад байхад болно. Би 138 туулай агнав. Том агь 59, гуравдугаар агь 55, наймдугаар агь 50, Элбэг чин ван Фүчюань 20 орчмыг агнав."

"Нааш нь явуулж буй бүх зүйлийг хунтайж чи өөрийн биеэр хянаж нямбайлан боолгож байгаарай. Бугын сүүлийг хааш яаш боосноос болоод над дээр ирэхдээ авах юмгүй болтлоо няцарсан байна лээ. Эндээс Бээжинд илгээж буй бүх зүйлийг би өөрийн биеэр хянаж боолгуулдаг. Барааг боосон гал тогооныхонд үүнийг хэл. Арай дэндүү юм, энэ барлагууд."

"Живзундамба, Түшээт хан хоёрыг хөөж явсаар хуандид түвэг удлаа. Хуандийн эелдэг үгийг дуулаад Галдан би туйлын баяртай итгэлээ. Хуанди ямар ч эелдэг үг хэллээ гэсэн би үгийг нь дагаж мөрдөх болно. Би үгээ захидалдаа бичиж, бодол сэтгэлээ элч чамд хэлэв."

Умард Монголын Живзундамба хутагт Долоннуурын чуулганд Энх-Амгалан хаантай уулзсанаас хойш жил бүр Бээжин болон Рөхө дэх сэрүүн ордонд нь ирж хамтдаа байдаг байсан агаад энэ хоёр хүн чин сэтгэлээсээ нөхөрлөсөн юм. 1722 онд Живзундамбыг ирэхэд Энх-Амгалан түүнд,
"Усан туулай жил (1723) би 70, чи 90 настай болно. Хүндэтгэн тэмдэглэх ёстой нас тул заавал ирээрэй. Амласнаа биелүүлнэ шүү" гэжээ. Живзундамба амласан ёсоороо Бээжинд ирээд Энх-Амгалангийн шарилыг үзмэгцээ өвдөж, 1723 оны 2 дугаарын 19-нд 89 насандаа нирваан дүрийг үзүүлжээ.

10051   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.