Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   02 сарын 18, 2019

Онцлох бизнес: Nomadic Bear - Дижитал аз жаргалыг бүтээнэ

Энэ удаагийн дугаартаа бид аппликэйшний зах зээлд, тэр дундаа тоглоомын зах зээлд амжилттай ажиллаж, олон улсад өрсөлдөж буй Nomadic Bear компанийг онцолж байна. 12 сая таталт авч байсан тоглоомыг бүтээж чадсан тэд Монголын тоглоом сонирхогчдын дунд “Mongolian Game Developers Contest ‘19” тэмцээнийг удахгүй зохион байгуулж, энэ талын сонирхолтой залуучуудад ямар ямар боломж байдгийг танилцуулж, тоглоом бүтээгчдийг нэгтгэх гэж буй аж. Ингээд тус компанийн үүсгэн байгуулагч Х.Хангайтай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Номадик Бэйр / Nomadic Bear
Хаяг: Улаанбаатар, Централ Цамхаг 13 давхар, MSpace
Чиглэл: Гар утасны тоглоом
Хэзээ байгуулагдсан: 2016 он
Үүсгэн байгуулагч: Х. Хангай
Сошиал хуудас: Nomadic Bear Games, Alchemist
Вэбсайт: www.nomadicbeargames.com

Зүүн гар талаас Х.Хангай, Ц.Наранбаяр

БиЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Бидний бага нас ундааны бөглөө нүдэж тоглохоос эхэлсэн. Дараа нь Sega дээр Mortal Combat, Mario-оор үргэлжилж Playstation дээр дэлгэцээ 4 хуваан байж Quake, Super Sonic, Tekken-ийг тоглодог байж билээ. Бидний гадаа тоглодог үе өнгөрч видео тоглоомд ухаангүй дурлаж байсан үе л дээ. Нэг удаа бүр шөнөжин тоглоомын төвд тоглоод эцэг эхээ Эрдэнэт хотоор нэг эрэл хайгуул болгож байлаа. Тоглоом тоглож байхад өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай болж, тоглоомын зарим хэсгүүдийг илүү сайжруулах, эффект нэмэх гэх мэт санаанууд орж ирдэг байсан. Их сургуульдаа шалгалтын өмнөх сандралаа хүртэл тоглоом тоглож дардаг байлаа. Магадгүй өөрөө ч мэдээгүй байсан тэр үеэс л тоглоом бүтээх сонирхлоо олсон байх. 2016 оны эхээр Сан Францискод Plug&Play-ийн сургалтад хамрагдаж байхдаа Louk (Наранбаяр)-ийн санал болгосноор тоглоом танилцуулах арга хэмжээн дээр очсон юм. Мэдээж энэ арга хэмжээ маш сонирхолтой байсны дээр тоглоомын зах зээлийн талаар нэлээд мэдээллийг олж авсан. Тэгээд илүү сайн судалж үзээд зөндөө боломжууд байгааг олж харсан даа. Түүнээс хойш тоглоом хийж үзэхээр сэтгэл шулуудан Монголд ирээд энэхүү төслөө эхлүүлсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бидний хувьд өөрсдийн хүчин чармайлтаар явж байна. Байгууллагын санхүү тогтвортой болтол програм хангамжийн захиалгын ажил хийж, түүний хажуугаар үндсэн бизнесээ явуулж байсан. Мөн өөрсдийн бүтээсэн Алкэмист Платформоор орлогоо бүрдүүлдэг. Манай платформ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнес урсгалыг системчлэн удирдах боломжийг олгодог. Гаднын бэлэн систем ашиглалгүйгээр яг өөртөө таарсан програмтай болно гэсэн үг. Хүн бүрийн хийдэг бизнес өөр байдаг тул түүнд таарсан, хурдан өөрчлөгдөн хөрвөж чадах бүртгэл мэдээллийн систем хэрэгтэй байдаг. Одоогоор манай платформыг идэвхтэй ашигладаг 80 гаруй байгууллага бий.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН ОЛЖ, СОНГОСОН БЭ?

Нэгэн зүйлийг зорьж, тэмүүлж байгаа хүмүүс үйл хэрэг, үг яриагаараа ойлголцоход амар байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр би сонгох гэхээс илүүтэйгээр аливаа үйл хэргийг зориход явц дунд нь сайн хамтрагчтай тааралддаг гэж боддог. Тиймдээ ч өнөөдөр хамтран ажилладаг залуус маань өөрсдийн хүсэл зорилгод тэмүүлж байгаад бие биеэ олсон байх. Цаашид хамтран ажиллах эсэхээ хамт ажиллаж үзэж байж мэдэх тохиолдол бий.

Танай бизнес/бүтээгдэхүүний онцлог, давуу талууд?

Тоглоомын зах зээл дотроо гар утасны тоглоом, тэр дундаа Hyper Casual буюу хэцүү биш хэдий ч тоглоход таатай мэдрэмж төрүүлдэг, хүнийг автуулдаг төрлийн тоглоом бүтээж байна. Мөн өөрсдийн үзэл санааг шингээж, дэлхийн дийлэнх хүмүүсийн сонирхолд нийцүүлж бүтээлээ хийдэг. Дэлхийн маш олон залуустай бид өрсөлддөг ч монгол хүний ур ухаан, сэтгэлгээний чадвараараа бусдаас ялгарч, цаашдаа давуу талтай болно гэдэгт итгэдэг. Тоглоом хийхэд хамгийн чухал нь санаа. Санааг бид хүний сэтгэлзүйн нийтлэг онцлог шинж чанарыг судлаж гаргаж ирдэг.

Танай ойрын болон хэтийн зорилго?

Өнгөрсөн жил хоёр тоглоомоо амжилттай гаргасан. Энэ жил жижиг тоглоомуудыг амжилттай бүтээж нэвтрүүлэхээс гадна бүрэн хэмжээний зохиолтой, ямар нэгэн утга санааг агуулахад илүү анхаарсан дунд хэмжээний тоглоомыг бүтээх зорилготой ажиллаж байна. Мөн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц тоглоомууд бүтээж, энэ салбарын томоохон төлөөлөгч болоход эрмэлзэх болно.

Бизнесийн үнэт зүйлС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Ер нь чин сэтгэлээсээ ханддаг, ажилладаг хүмүүстэй хамтрахад үнэхээр өөр байдаг. Тиймээс ч багийнхан маань маш сайн оюуны бүтээл хийх юм сан гэсэн үнэт зүйлс дээр нэгддэг. Бид бүгд оюуны бүтээл бий болгож, түүгээрээ ямар нэгэн санаа, иллэрхийллийг хүргэж, тодорхой нэг үр дүн гаргахад анхаардаг. Бүгд л мэдлэг, мэдээлэл, шинэ содон зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, хамт урагшлах зарчмыг баримталдаг.

ОДоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?

Hyper Casual төрлийн тоглоом дээр хурдан хэмнэлтэй, бага зэрэг авхаалж шаардсан, шар хөдөлгөсөн, хэтэрхий хүнд биш боловч дахин дахин тоглох сэдлийг төрүүлэх тийм л тоглоом дээр төвлөрч ажиллаж байна.

Яг өнөөдрөөс эхлэн гар утас дээрх энэ төрлийн тоглоомын тэмцээнийг “Mongolian Game Developers Contest ‘19” нэртэйгээр Монголын тоглоом сонирхогчдын дунд зарлаж байгаа юм. Тоглоомын тухай мэдлэг мэдээллийг түгээх, залуучуудад байгаа боломжийг нээх, тоглоом бүтээгчдийг нэгтгэх (community) зорилгоор тэмцээнээ хийхээр болсон юм. Мөн тоглоом бүтээх сонирхолтой залууст хэний ч бүтээл дэлхийд гарах боломж байгааг харуулахыг хүссэн.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг давуу тал, хэцүү бэрхшээлтэй тал?

Том зах зээл. Бүтээлээ гаргаад л дэлхийн хүмүүст хүргэх боломжтой, бусад бизнесээс хөгжил нь хамаагүй хурдан бөгөөд өгөөж ихтэй. Жижиг болон дунд хэмжээний тоглоомын урсгал зардал бага байдаг. Хөрөнгө оруулах хүмүүст бол маш хурдан үр дүнгээ үзэх боломж юм.

Өрсөлдөөн ширүүн. Бид дэлхийн маш олон компани болон багуудтай мөр зэрэгцэн өрсөлддөг. Сайн тоглоом хийлээ гэж бодоход өөр компани дууриагаад хийчихнэ. Ямар нэгэн хууль эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй тул их хэцүү асуудал байгаа юм. Манай Ball Shoot тоглоом анх гарсны дараа Ketchapp компани бараг л хэдхэн өдрийн дотор дууриагаад гаргачихсан. Азаар бидний хамтрагч байгууллага Voodoo сайн ажиллаж тоглоом маань байр сууриа хадгалж чадсан. Үүнээс гадна одоогоор Монголд гар утасны тоглоомын чиглэлээр боловсорсон, мэргэшсэн хүмүүс бага байна.

ТАНАЙ ХАМГИЙН БОРЛУУЛАЛТТАЙ БУЮУ ХЭРЭГЛЭГЧИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН?

Хамгийн ихдээ 12 сая удаа татагдаж байсан Ball shoot (Аppstore, Playstore) гэдэг тоглоом бий. Мөн Up9 (appstore, playstore) тоглоом маань 1 сая таталт авсан бол хамгийн сүүлд
Ringo! (appstore)- гоо гаргасан.

Залуу бизнес эрхлэгч, тоглоом сонирхогчдод зөвлөгөө өгвөл?

Интернэт, технологи өндөр хөгжиж буй орчин үед бид бүхэнд том боломжууд нээгдсээр байна. Зөвхөн манай дээр л гэхэд Монголдоо оюуны ур шаардсан бүтээгдэхүүн хийж дэлхийн зах зээлд хүчээ үзэх боломжтой болж байгааг харж болно. Нэг ч гэсэн хүнд мэддэг чаддаг бүхнээ харамгүй хуваалцан, хамтдаа бүгдээрээ амжилт гаргаж байвал нэг талаасаа бидний зорилго биелж байгаа юм. Бидний зохиож буй энэ удаагийн тэмцээн ч та бүхэнд ирээдүйн зорилгоо биелүүлэхэд чинь тус дөхөм болно гэдэгт бид итгэж байна.

21418   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.