Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 09, 2019

Апп тойм: Soon - Удаахгүй хийх зүйлсээ жагсаа

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Жаахан цаг завтай болохоороо умалзуулчихна даа гээд бөөгнүүлээд л байдаг нэг тийм жагсаалт байдаг даа? Үзэх ёстой кино, унших хэрэгтэй ном, сонсмоор байгаа хөгжим гээд л дотор нь багтаах зүйлс бишгүй. Тэгвэл үүнийгээ цэгцтэйгээр, бас хөгжилтэйгээр цуглуулж, нэгтгэх боломжийг Soon олгоно.

Soon танд дэлхийн классикуудаас эхлээд хамгийн сүүлийн үеийн трендүүдийг нэг дороос үзэх боломж олгоно. Маш хялбар, бас үзүүштэй байдлаар цэгцэлсэн жагсаалтаас нь санаа авах зүйл бишгүй. Зарим үед харахаар "өө, ийм кино бас гарчихсан юм уу" гэж дуу алдмаар ч зүйл гардаг юм билээ. Мөн эргэн тойронд чинь хүмүүс ер нь юу хийж байна, юу "хэрэглэж" байгааг харж, хоцорчихгүйхэн шиг явах "шипи" өгнө.

Хэрвээ та хийх ажлын жагсаалтын ямар нэгэн апп хэрэглэж дадаагүй байгаа бол Soon бас орлох боломж олгоно. Тийм апп-ууд дээр оруулж чаддаггүй, арай тохиромжгүй юм шиг санагдаад байдаг жагсаалтуудаа маш хялбараар үүсгэх боломжтой.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Миний хувьд кино, телевизийн цуврал, ном, подкаст, ресторан гэсэн ангиллуудыг идэвхжүүлж, өөрийн жагсаалтаа үүсгээд байна. Үүнээс гадна нийт 13 төрлөөс сонголтоо хийж, өөрийнхөө хүссэн байдлаар категорио цэгцлэх боломжтой нь их зүгээр. Бас тухайн контентийн тухай бүх мэдээллийг хялбар байдлаар үзчихдэг нь их амар санагдсан. Тэнд нэлээн хэдэн үзмээр байгаа киногоо оруулчихсан, үзчихээд "үзчихлээ" гээд дарахаар нэг их ажил хийчихсэн юм шиг сэтгэгдэл төрдөг юм билээ :D

Найзуудтайгаа хүслийн жагсаалтаа хуваалцах боломжтой. Тэднийг дагаж эсвэл өөрөө дагуулж бөөнөөрөө төлөвлөгөөгөө гаргаж, хоорондоо мэдээллээ хуваалцдаг нь их зүгээр. Үгүй гэвэл Soon-ий экспертүүд, зарим нэгэн алдартай хүмүүсийн санал болгож буй контентуудыг шууд хардаг нь ч давуу тал. Бас олон дагагчтай, олон сонголт нэмдэг идэвхтэй хүмүүсийг дагаад цоо шинэ зүйлс ч сонирхож болно шүү дээ.

Soon-ий албан ёсны аккоунтыг дагаж төрөл бүр, ангилал бүрээр гаргаж буй сонирхолтой жагсалатуудыг шууд дагах боломжтой. Миний хувьд Оскарын өмнө чухам тэдний жагсаалтаар л хөтөч хийж, өөрийгөө мэдээллээр цэнэглэж байснаа саналаа. Трендинг буюу хамгийн эрэлттэй жагсаалт нь апп-ийн гол хэсгүүдийн нэг учир тогтмол шалгаж байхад зүгээр. Бас Soon-ий Instagram хуудас нь маш сонирхолтой байдлаар контентуудаа "алдаршуулдаг" юм билээ.

Бас нэгэн сонирхолтой зүйл нь очих гэж буй, аялж буй хотуудаар нь жагсаалт үүсгэж, харж болдог нь. Улаанбаатарын лав бараг бүх ресторанууд байршлаараа орчихдог юм билээ. Тэгэхээр үйлчилгээ эрхлэгчид энд хуудсаа хөгжүүлж, гадны хэрэглэгчдэд хүрч болох юм шиг санагдсан. Жуулчид гэлтгүй бид өөрсдөө ч шинээр нээгдсэн, очиж үзээгүй газруудаа эндээс олж өөрийнхөө жагсаалтад нэмж болох юм шиг.

Мөн очсон газар, үзсэн кино, уншсан номуудаа тэмдэглэж, түүн дээрээ тойм,сэтгэгдлээ хуваалцаж бичиж болно. Ядаж л үнэлгээ өгөөд бусдадаа санал болгож болно шүү дээ. Их цаг хэмнэх боломж яг энэ нэмэлт нь олгодог юм байна.

Ямар сул талтай вэ?

Монголоос хэрэглэгч багатай учраас жаахан "урамгүй" байж магад. Гэхдээ танд найзуудыгаа уруу татаж, тэдний юу сонирхож, юу хийж байгааг "хянах" боломжтой. Надтай найз болохыг хүсвэл "Undral Amarsaikhan" гэж хайгаад ороод ирээрэй :)

Нөгөө талаар Монгол контентууд арай бага. Гэхдээ бас л кино, ном, цуврал бүтээгчид өөрсдөө энд цувралуудаа оруулж, илүү өөр хэлбэрээр хэрэглэгчдэдээ хүрэх боломжтой шүү.

unread-ийн үнэлгээ

Асар их санаа өгөх, маш их цаг хэмнэх энэ апп-д Unread 8 оноо өглөө. Хийх ажлын жагсаалтыг илүү интерактив, цоо шинэ хэлбэрт шилжүүлсэн апп учир заавал туршиж үзэхийг санал болгоё.

Татаж авах

12565   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.