Хайх зүйлээ бичээд enter дарна уу

  02 сарын 17, 2019

7 хоногийн тойм: Тээврийн ирээдүй + Апексийн үсрэлт + Онц байдал

Ковер зургийн тайлбар: Apex Legends-ийн ертөнцөд тавтай морил!

дэлхий дахинд

15 жилийн өмнө Ангараг гараг дээр газардсан цагаасаа хойш сансар судлалын салбарт үнэлж баршгүй мэдээлэл илгээсээр ирсэн "Opportunity" тандалтын төхөөрөмжийн үйл ажиллагаа бүрэн зогссон хэмээн NASA мэдээллээ. Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг тус төхөөрөмжтэй 8-р сараас хойш холбоо барих 1000 гаруй оролдлого хийгдсэн нь бүтэлгүйтсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлөв. Ангаргийн тухай бидний мэдэх бараг бүх зүйлсийг 200 мянга илүү зураг, дата мэдээллээр дамжуулан бидэнд өгсөн уг төхөөрөмж NASA-ийн хамгийн амжилттай төслүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог юм.

Techcrunch: Rover-ийн илгээсэн хамгийн гайхалтай 25 зураг, нээлтүүд

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп улс орон даяар "онц байдал" зарлалаа. Мексикийн хил дагуу хар тамхины худалдаа, хүний наймаа болон гэмт бүлэглэлүүдийн нөхцөл байдал "эзлэн түрэмгийллийн" шинж чанартай болсон хэмээн тэрээр үзсэн байна. Үүнийг шийдэх арга зам нь "хил дагуух ханыг барих" хэмээн Трамп онцлов. Тэрээр АНУ-ын засгийн газрыг санхүүжүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зуран, ахин түр зогсолт явагдахаас сэргийлж чадсан ч хана барихтай холбоотой хүсч буй 8 тэрбум доллараасаа ердөө 1,7 тэрбумыг л батлуулж чадсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Vox: Трампын шийдвэрийн ялагчид ба ялагдагчид

Филиппиний хамгийн алдартай дижитал медиа Rappler-ийг үүсгэн байгуулагч М.Ресса 2012 онд бичсэн нийтлэлийнхээ төлөө баривчлагдлаа. Time сэтгүүлийн 2018 оны "онцлох хүн"-ий жагсаалтын гол дүр болсон Рессаг орон нутгийн бизнесмен "нэр төр гутаасан" хэмээн гомдол гаргасан гэнэ. Ерөнхийлөгч Р.Дутертегийн бодлогын эсрэг тууштай тэмцдэг гэдгээрээ алдаршсан Rappler үүнийг эрх баригчдын явуулга хэмээн үзэж, хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсан үйлдэл хэмээн буруутгажээ.

Amazon энэ долоо хоногт Нью Йорк хотноо байгуулах гэж байсан шинэ оффисийн төслөө зогсоосноо мэдэгдлээ. Хэдий 25 мянган ажлын байр үүсгэх боломжтой байсан ч 1,5 тэрбум долларын хэт их татварын хөнгөлөлт болон үнийн хөөсрөл нь хотод урт хугацаанд сөрөг нөлөөтэй хэмээн орон нутгийн улс төрчид, активистууд энэ шийдвэрийг эсэргүүцсээр байсан юм. 200 гаруй хот өрсөлдсөн сонгон шалгаруулалт хийсний эцэст сүр дуулиантайгаар шинэ байршлаа зарлаж байсан Amazon үүний оронд Хойд Виржиниа болон Нэшвиллд барих кампусын багтаамжаа нэмэхээр зорьж байгаа гэнэ. Энэ мэдээтэй зэрэгцэн General Electric Бостонд барих гэж байсан шинэ оффисын төслөө санхүүгийн нөхцөл байдлын улмаас цуцалж байгаагаа мөн зарлав.

The Verge: Нью Йоркчууд хэрхэн Амазоныг буулгаж авав?

Google 2019 онд оффисоо өргөжүүлж, шинэ дата төвүүд хөгжүүлэхэд зориулж 13 тэрбум доллар зарцуулна гэнэ. Одоогоор 24 мужид үйл ажиллагаа явуулж буй тэд барилга угсралт болон засварын ажилтай холбоотой 10 мянган ажлын байр үүсгэх аж.

Трампын ээлжит скандал: Онц байдал!

технологийн ертөнцийн эргэн тойронд

Twitter шинэ камерын нэмэлтээ туршиж байгаа гэнэ. Тэд хэрэглэгчдийг жиргээндээ зураг хавсаргахдаа хялбар байдлаар тайлбар бичих, байршил оруулах, төрөл бүрийн стикер нэмэхийг санал болгож байгаа юм. Уг нэмэлтээ тэд "News Camera" хэмээн нэрлэсэн бөгөөд оны эхний хагаст багтаан нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж.

Instagram хэрэглэгчид хоорондоо илгээдэг мессеж DM-ийг компьютер лаптод төхөөрөмж дээрээ буюу веб хувилбарт ашиглах боломжтой болгон шинэчилж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар веб хувилбараар мессеж солилцдог болсноор Instagram шинэ сурталчилгааны талбар бий болгох зорилгыг давхар агуулж байгаа бололтой.

Microsoft-д зарагдснаасаа хойш эрчтэйгээр шинэчлэгдэж буй Linkedin шууд видео бичлэг цацах боломж олгох Linkedin Live-ийг туршиж байна. Тэд энэ нэмэлтээ бүх хэрэглэгчдэд нээлттэй болгох эсэх нь тодорхойгүй байгаа ч компанийн танилцуула, бүтээгдэхүүний нээлт, хэвлэлийн бага хурал, Q&A, сургалт зэрэг илүү "албан" хэрэглээнд зориулан ашиглах боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.

800 сая идэвхтэй хэрэглэгчтэй гэгдэх TikTok анх удаа зар сурталчилгааг видеон дундаа байршуулж эхэллээ. Бусад сошиал платформуудын адилаар эдгээр видеонууд нь "Sponsored" гэсэн шошгоороо ялгагдах аж.

Amazon гэрийн рүүтер төхөөрөмж үйлдвэрлэгч eero-г худалдан авч байгаагаа зарлалаа. Хэлцлийн үнийн дүн тодорхойгүй байгаа бөгөөд wi-fi цацах хамгийн найдвартай, энгийн шийдлийг санал болгодог eelo-г нэгтгэх нь Amazon-ий хувьд ухаалаг төхөөрөмжийн зах зээл дэх байр сууриа баталгаажуулах чухал ач холбогдолтой юм.

Инстаграм таны лаптопын дэлгэцийг ч эзэгнэхийг хүсэж байна

бизнесиййн ертөнцийн эргэн тойронд

Johnson & Johnson's мэс заслын робот, автоматжуулалтын технологи хөгжүүлэгч Auris Health-ийг 3,25 тэрбум доллараар худалдан авлаа. Хамгийн анх уушигны хавдрыг илрүүлж, эмчлэх зорилготойгоор хөгжүүлэгдэж байсан тус компанийг эрүүл мэндийн технологийн салбарын супер од, Hansen Medical, Intuitive Surgical-ийг үүсгэн байгуулагч Ф.Молл байгуулсан бөгөөд энэ наймааны дараагаар J&J-ийн багт нэгдэх болжээ.

Өнгөрсөн долоо хоногт жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Aurora-д хөрөнгө оруулсан Amazon ахин нэг тээврийн компанийг дэмжиж эхэллээ. Энэ удаад тэд цахилгаан машин хөгжүүлэгч Rivian-ий 700 сая долларын санхүүжилтийг тэргүүлсэн байна. 2009 онд байгуулагдсан Rivian нийт 750 гаруй ажилтантай бөгөөд өнгөрсөн 10 сард танилцуулсан шинэ загварын машинаа 2020 онд худалдаанд гаргахаар зэхэж байгаа юм.

Тэгвэл SoftBank жолоочгүй хүргэлтийн төхөөрөмжийн технологи хөгжүүлэгч Nuro-д 940 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Ердөө 2 жилийн өмнө байгуулагдсан хэдий ч Kroegor-тэй хамтран хүнс хүргэх эхний туршилтаа амжилттай хийгээд амжсан Nuro жижиг хэмжээний робот ботыг ашиглан хүргэлтийн зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа билээ.

Хятадын Ant Financial Английн мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч WorldFirst-ийг 700 сая доллараар худалдан авлаа. 2004 онд байгуулагдсан, жилд 1 сая гүйлгээ хийж, нийт 95 тэрбум долларын гуйвуулга хийсэн гэх WorldFirst нь Ant-д дэлхийн зах зах зээлд нэвтрэх боломж олгох болно. Ant Financial-ийн дийлэнх хувьцааг буюу 30 хувийг Alibaba эзэмшдэг бөгөөд 550 сая хэрэглэгчтэй хэмээн бүртгэгджээ.

120 тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр зэхэж буй Uber 2018 оны сүүлийн улирлын тайлангаа зарлалаа. Хэдий өсөлт нь удааширсан ч Uber-ийн борлуулалтын орлого 11 хувиар өсч 14,2 тэрбумд хүрснээс гадна цэвэр алдагдлаа 15 хувиар бууруулж, 865 сая доллар болгосон байна. Түүнээс Uber Eats нь 2,5 тэрбум долларын захиалга хүлээн авснаараа Хятадыг эс тооцвол дэлхийн хамгийн том хоол хүргэлтийн үйлчилгээ болсныг зарлажээ.

Nuro-ийн ухаалаг шийдэл: Ийм "жолоочгүй машин" хүнс хүргээд ирвэл ямар байна?

Энтертэйнмент

Хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй наадам "Grammy" явагдаж, оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадмаас шилдэг дуу, шилдэг бичлэгийн шагналыг хүртсэн Childish Gambino болон шилдэг цомгийн төрөлд тэргүүлсэн Кэйси Масгрэйвс нар тус бүр 4 шагналыг өөрийн болгосон нь хамгийн өндөр амжилт байв. Супер одод төрөл бүрийн шалтгаанаар оролцоогүй 61 дэх удаагийн Grammy-г дэлгэцээр 19,9 сая үзэгч үзсэн нь түүхэн муу амжилт болсон өнгөрсөн жилээс ялимгүй л давсан үзүүлэлт байлаа.

The Ringer: Grammy-ийн ялагчид ба ялагдагчид

Валентины баярын өдөр нээлтээ хийсэн "Alita: Battle Angels" нийт 29,1 сая долларын орлогоор бокс оффисийг тэргүүллээ. Япон анимегээс сэдэвлэн бүтээсэн тус киноны нийт төсөв 170 сая доллар давсныг экспертүүд "эрсдэлтэй" хэмээн дүгнээд байгаа билээ. 2-р байрт өнгөрсөн долоо хоногийн лидер "Lego Movie 2" бичигдлээ. Тэд одоогоор Хойд Америкийн зах зээлээс 66 сая долларын орлого олоод байна.

Оскарын өнгийг шинжих боломж олгодог Их Британийн кино академийн оны шилдэг бүтээл шалгаруулах "BAFTA"-ийн ялагчид тодорлоо. Энэ жилийн шилдэг кино болон шилдэг найруулагчийн шагналыг Netflix болон А.Куарон нарын бүтээл "Roma" хүртэв. Гэхдээ энэ өдрийн хамгийн амжилттай кино нь шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг зохиол зэрэг нийт 7 төрөлд ялалт байгуулснаараа "The Favourite" байв. "Bohemian Rhapsody"-ийн Р.Малек шилдэг эрэгтэй жүжигчнээр, "Spider Man: Into the Spider-Verse" шилдэг анимэйшн бүтээлээр тус тус тодорчээ.

Дэлхийн хамгийн том тоглоом үйлдвэрлэгчдийн нэг Hasbro өөрсдийн хамгийн алдартай брэндүүдийн нэг "Transformers"-оос сэдэвлэсэн анимэйшн цуврал хийх болсноо зарлалаа. 2020 оноос үзэгчдийн хүртээл болох уг цувралыг тэд Netflix-тэй хамтран бүтээх аж.

Өнгөрсөн жил видео тоглоомын ертөнцийг доргиосон "Fortnite", "PUBG"-ийн хариу болгон салбарын гигант EA-ээс гаргасан "Apex Legends" долоо хоногийн дотор 25 сая тоглогчтой болжээ. Сонирхуулахад, "Fortnite" энэ амжилтанд 4 сарын дараа хүрсэн гэнэ.

Даруухан гэхдээ "дуулиантай" Грэмми явагдав.

алдалгүй унших арван мэдээ

NYTimes: Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох амбицтай Швейцарь компанийн түүх
Techcrunch: Та Твиттерийн DM-ээ устгачихлаа гэж бодсон уу? Яг ч тийм биш шүү!
Fortune: Tesla тэжээмэл амьтдад тусгайлан зориулсан шинэчлэлээ танилцууллаа
ARPost: Facebook Unity-г "худалдан авсан" нь
BBC: Болливудын анхны LGBTQ киноны талаар
Kickstarter: Усаа хэмнэдэг, халуунаа тааруулдаг ухаалаг шүршүүр сонирхох уу?
Youtube: Hololens-ийн шинэ трэйлэр! /үзэх/
Ikon: МХБ-д бүртгэлтэй компаниудын тайлан зарлагдлаа
The Verge: Samsung S10-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс
CNN: Мексикийн хар тамхины зартай наймаачин Эл Чапогийн шүүх хурал явагдлаа

12917   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.