Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 10, 2019

7 хоногийн тойм: Жүржтэй кола + Бэйзосын скандал + Уйтгартай боул

Ковер зургийн тайлбар: Амазон скандал + Бэйзосийн балаг

Онцлох: Стартапуудын "аварга" хөрөнгө оруулалтууд

Amazon болон Sequioa жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Aurora-д 530 сая долларын хөрөнгө орууллаа. Google, Uber, Tesla-д ажиллаж байсан эксперт инженерүүдийн үүсгэн байгуулсан Aurora ингэснээр 2.5 тэрбум долларын үнэлгээтэй болж байгаа юм. Amazon-ий хувьд авто салбарт хийж буй анхны хөрөнгө оруулалт нь болжээ.

"Интернетийн нүүр хуудас" хэмээн үнэлэгддэг Reddit 3 тэрбум долларын үнэлгээтэйгээр 300 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. 330 сая идэвхтэй хэрэглэгчтэй Reddit сүүлийн саруудад бизнес модельдоо анхааран анх удаа сурталчилгаа байршуулах болсноос гадна дизайны шинэчлэл хийн, зарим "төвөгтэй" сэдвүүдэд их цэвэрлэгээ хийж эхлээд байгаа билээ. Энэ санхүүжилтийг Хятадын Tencent тэргүүлэн хийсэн байна.

Британийн финтек стартап OakNorth 440 сая долларын санхүүжилтийг SoftBank тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас босголоо. Энэ нь Европын финтек стартапууд дунд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 2015 онд үүсгэн байгуулагдсан OakNorth зөвхөн өнгөрсөн жил 3.7 тэрбум долларын зээл олгожээ.

Хятадын онлайн худалдааны зах зээлд Alibaba болон JD.com-той өрсөлдөж буй Pinduoduo 1 тэрбум долларын шинэ санхүүжилт босгож байна. Өнгөрсөн 7-р сард NASDAQ-д хувьцаагаа арилжаалах болсон тэдний өнгөрсөн жилийн борлуулалт нь 697 хувиар өсөж, экспертүүдийг гайхашруулсан билээ. Costco болон Disney-н хослол хэмээн өөрсдийгөө нэрлэдэг PDD дөнгөж 2015 онд байгуулагдсан юм.

Стресс бууруулж, бүтээмж нэмэгдүүлэх бясалгалын техник санал болгодог Calm 1 тэрбум долларын үнэлгээтэй болж, юникорн стартапын статустай боллоо. Нийт 40 сая хэрэглэгчтэй, өнгөрсөн жил орлогоо дөрөв дахин нэмэгдүүлж 150 сая долларт хүргэсэн тэд энэ долоо хоногт шинээр 80 сая долларын хөрөнгө оруулалт татсан нь энэ юм.

Unread: Calm: Өдөр бүр өөртөө тогтмол цаг гарга

Google, Apple, Tesla, Uber... Одоо харин Amazon. Жолоочгүй машины эрин үед тавтай морил!

дэлхий дахинд

80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан цоо шинэ төрлийн үлэг гүрвэлийн ясыг Өмнөговь аймгийн Нэмэгт уулын орчмоос олсноо эрдэмтэд зарлалаа. Жижиг шувууны хэмжээтэй, маш нягт, хатуу эрүүний ястай уг үлэг гүрвэлийн төрөл зүйлийг “Gobiraptor minutus” хэмээн нэрлэсэн байна. Уг гүрвэл нь ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетүүдээр хооллодог байжээ.

Ikon: Монголын говиос цоо шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл олдлоо

Дэлхийн хамгийн баян хүн Жефф Бэйзос энэ долоо хоногийн онцлох дүр байлаа. 400 мянган хувь хэвлэгддэг National Inquirer сэтгүүл түүний "нүцгэн селфи", "ёс бус агуулгатай мессеж"-үүдийг ил гаргана хэмээн дарамталсан байна. Гэсэн ч үүнээс эмээгээгүй Бэйзос блог нийтлэлээр дамжуулан ирүүлсэн мэйлийг нь задалсан нь энэ. Үүнээс гадна түүний үүсгэн байгуулсан Amazon орон нутгийнхны эсэргүүцлийн улмаас Нью Йорк хотноо байгуулахаар төлөвлөж буй 25 мянган ажлын байр үүсгэх шинэ оффисийн төлөвлөгөөгөө эргэн харах болсноо мэдэгджээ.

Guardian: Бэйзосын скандалыг ойлгох нь
Medium: Ж.Бэйзос: Үгүй ээ, баярлалаа. Ноён Пекер!

АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалт Вьетнамын Ханой хотноо явагдах боллоо. 2-р сарын 27, 28-нд явагдах уг уулзалтыг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээрт онцгой нөлөө үзүүлэх учиртай хэмээн Трамп онцолсон байна. Вьетнамын дайны гол цэг Ханойг сонгосон нь ч Хойд Солонгосыг хүлээж буй хөгжлийн ирээдүйг мэдрүүлэх агуулгатай хэмээн экспертүүд үзэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Дэлхийн Банкны ерөнхийлөгчид Дэвид Малпассыг нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа. Трампын ойрын хүмүүсийн нэгт тооцогдох Малпасс Сангийн яамны олон улсын асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Олон экспертүүд түүнийг байгууллагын 74 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгчийг сонгохыг санал болгож байсан нь ийн талаар боллоо.

FT: Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол юу хийх вэ?

Монголын утга зохиолын салбарын нэрт төлөөлөгч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн 75 насандаа таалал төгслөө. Тэрбээр ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс”, “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Алтан нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн олон шилдэг дууны шүлгийг туурвижээ. Карьераа Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураачаас эхлэсэн тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн дарга, Соёл, урлагийн хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж соёл, урлагийн асуудлаар олон арван хууль, тогтоомжийг санаачлан батлуулсан нийгмийн зүтгэлтэн байсан билээ.

Эгдүүтэй бяцхан Gobiraptor-тэй танилц!

технологийн ертөнцийн эргэн тойронд

Сая сая хэрэглэгчтэй Expedia, Hotels.com, Hollister тэргүүтэй апп-ууд хэрэглэгчийн бүх үйлдлийг бичиж хадгалж авдаг тухай мэдээлэл цацагдлаа. Эдгээр апп нь хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр датаг цуглуулж байсан нь тодорхой болсон бөгөөд Apple нэг өдрийн дотор уг "ёс зүйгүй" үйлдлээ зогсоохыг шаардаж, үгүй бол App Store-оос устгах хүртэл арга хэмжээ авна хэмээн сануулав.

Skype видео дуудлагын үед хэрэглэгчийн арын хэсгийг "бүдгэрүүлдэг" нэмэлтээ танилцууллаа. Хиймэл оюуны тусламжтайгаар тэд хэрэглэгчийн ард байгаа хана, дүрсийг ялгах уг үйлдлийг гүйцэтгэнэ гэнэ. Одоогоор уг нэмэлт нь зөвхөн Skype-ийн десктоп хувилбарт л ажиллаж байгаа аж.

Байгууллагын харилцааны хамгийн алдартай платформ Slack IPO хийх хүсэлтээ албан ёсоор гаргалаа. Өдөр тутам хэрэглэдэг 10 сая хэрэглэгчтэй, 7.1 тэрбумын үнэлгээтэй тус стартап Spotify-ийн адилаар дундын шат дамжлагыг алгасан direct-listing хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Techcrunch: Яагаад хэн нэгэн Slack-ийг IPO-оос нь өмнө худалдан авах ёстой вэ?

Гэрэл зураг сонирхогчдын дунд хамгийн их хэрэглэгддэг платформуудын нэг Flickr 3-р сарын 12-оос өмнө зургуудаа хадгалж авахыг сануулж байна. Тэд өмнө нь үнэгүй байсан 1 терабайтын эрхийг 1000 зураг л хадгалах боломжтой болгон бууруулсан учраас илүү гарсан зургуудыг цаашид хуучнаас нь эхлэн устгахаар төлөвлөж байгаа аж.

Facebook энэ долоо хоногоос эхлэн явуулсан мессежээ 10 минутын дотор устгах нэмэлтээ нэвтрүүлж эхэллээ. Өнгөрсөн 4-р сард Марк Зукербергийн илгээсэн зарим чатууд устсан байсан нь ил болсноор тэд энэ нэмэлтээ хүн бүрд ашиглах боломжийг олгохоос өөр аргагүй байдалд хүргэсэн билээ.

Буруу хүн рүү эсвэл буруу үгс явуулчихсан уу? Санаа зоволтгүй, Фэйсбүүк арыг тань даана

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Coca Cola 2007 оноос хойш анх удаа шинэ амттай хийжүүлсэн ундаагаа танилцууллаа. "Orange Vanilla" буюу жүрж ваниллын амттай уг ундаа Америк, Канадад амжилттай туршигдсан бөгөөд 2-р сарын 25-аас эхлэн дэлхий даяар худалдаалагдаж эхэлнэ гэнэ. Өөр, олон төрлийн амт эрэлхийлдэг хэрэглэгчдийг онилж буй уг ундааны сахаргүй хувилбар буюу "zero" нь мөн энэ жилдээ гарах аж.

Нээлттэй компани болсноосоо хойш тогтмол алдагдалтай ажилласаар ирсэн Snap-ийн хувьцааны үнэлгээ 19 хувиар өсөж хөрөнгө оруулагчдыг алмайруулав. Энэ нь тэдний улирлын тайлан "тийм ч муу биш" гарсантай холбоотой. Snapchat-ийн хэрэглэгчдийн тоо 186 сая буюу Европт нэг саяар өсөж, Америкт буураагүй нь, мөн илүү зардлаа маш сайн хэмнэж, алдагдлаа бараг 2 дахин бууруулж чадсан нь уг амжилтын үндэс болсон байна. Андройдын шинэ апп-аа туршиж буй Snapchat-ийн борлуулалтын орлого 36 хувиар өсөж, 390 саяд хүрсэн нь мөн дээд амжилт болжээ.

Тэгвэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9 саяар багассан буюу 321 сая хэрэглэгчтэй болсон Twitter-ийн хувьцааны үнэ 7 хувиар буураад байна. Гэхдээ тэдний орлого 24 хувиар өсөж, 909 сая доллар болсон бөгөөд нийт орлогын 87 хувийг зар сурталчилгаа бүрдүүлсэн гэнэ.

BB&T болон SunTrust банкууд нэгдэж байгаагаа зарласнаар Америкийн зургаа дахь том банкны сүлжээ боллоо. Тус нэгдэл ингэснээр нийт 10 сая хэрэглэгчтэй, 442 тэрбум долларын үндсэн хөрөнгөтэй болж байгаа бөгөөд 2022 оноос эхлэн жил бүр 1.6 тэрбум долларын хэмнэлт хийх төлөвтэй байгаа гэнэ.

Tesla баттерейн технологи хөгжүүлэгч Maxwell Technologies-ийг 218 сая доллараар худалдан авлаа. Ингэснээр тэд илүү хямд бөгөөд үр ашигтай батерей үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Ямар амттай байх бол? Сонирхож байна уу?

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

53 дахь удаагийн Супер Боулын ялагчаар Нью Инглэнд Патриотс тодорч, лигийн түүхэн дэх хамгийн олон буюу 6 удаа цомын эзэн болсон Питсбургийн амжилттай зэрэгцлээ. Тэд финалд Лос Анжелес Рамсыг 13:3-аар ялсан нь түүхэн дэх хамгийн бага оноотой тоглолтод тооцогдох болов. CBS-ээр 98.2 сая хүн уг тоглолтыг үзсэн нь 2008 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болсон ч онлайн стримингээр үзэгчдийн тоо 37 хувиар нэмэгджээ. Энэ жилийн завсарлагын шоуг Maroon 5 гоцлон тоглосон бөгөөд 30 секундын зар сурталчилгааны төлбөр нь 5.25 сая доллар байв.

Disney 4-р сард нээлтээ хийх стриминг үйлчилгээ "Disney+"-дээ зориулан "The Voice", "The Big Bang Theory" зэрэг алдартай шоуг эзэмшигч CBS-тэй лицензийн гэрээ байгуулснаа зарлалаа. Энэ нь уг платформ дээр Disney-ээс өөр контент үйлдвэрлэгчдийн бүтээл байрлана гэдгийг баталсан хэрэг болов. Мөн тэд энэ хавар нээлтээ хийх "Captain Marvel" нь зөвхөн Disney+ дээр л байрлана хэмээн онцлов. Disney өөрсдийн давуу талаа ашиглан "Hulu", "ESPN+", "Disney+"-ийг бүгдийг нь зэрэг ашиглах боломж бүхий багцын үйлчилгээг гарган Netflix-тэй өрсөлдөхөөр төлөвлөж буй аж.

"The Lego Movie 2" нээлтийн долоо хоногтоо 31 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Гэхдээ энэ нь шинжээчдийг таамаглалаас хавьгүй доогуур үзүүлэлт бөгөөд легогийн кино дундаас сүүлээсээ хоёрт орох муу амжилт болжээ. 2-р байрт М.Гибсоны 2000 оны киноны шинэ хувилбар "What Men Want" орсон бол 3-т Л.Нийсоны тоглосон "Cold Pursuit" бичигдэв.

Оскарын наадмын дөрвөн удаагийн шагналт алдарт найруулагч Вүүди Аллен Amazon Studios-ийг гэрээгээ зөрчсөн хэмээн шүүхэд өгч, 68 сая долларыг нэхэмжиллээ. 1992 онд өөрийн өргөмөл охиндоо бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудал нь #MeToo хөдөлгөөнтэй холбоотой эргэн сөхөгдөж, улмаар Amazon дөрвөн бүтээлийг нь түгээх гэрээгээ цуцалсан нь түүнийг ийн шүүхэд хандахад хүргэсэн байна. Аллены хамгийн сүүлд найруулсан С.Гомез, Ж.Лав нарын оддын тоглосон "A Rainy Day in New York" кино нь өнгөрсөн жил дууссан ч одоог хүртэл энэ асуудлаас шалтгаалан олон нийтэд цацагдаагүй байгаа юм.

Ахиад л Патриотс, ахиад л Брэди.

Алдалгүй унших арван мэдээ

Bloomberg: Яагаад Spotify подкаст дээр бооцоо тавьж байна вэ? (үзэх)
NYTimes: Английн сургуулиудын шинэ хичээл: Амар амгалан байдал
Pitchfork: Grammy 2019-ийн ялагчдыг таамаглахуй
NHK: Болд, Даш, траншейний хүүхдүүд: 20 жилийн замнал (үзэх)
CNN: Э.Варрен 2020 оны кампанит ажлаа эхлүүллээ
Techcrunch: iOS-ийн шинэчлэлийн эргэн тойронд
Vox: Финлянд үнэгүй мөнгө тараагаад юу сурав?
CNN: Гитлерийн бүтээл дуудлага худалдаанд оров
Polygon: 90-ээд оны хэв маягаар хийгдсэн Captain Marvel-ийн веб

8085   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.