Ажил бизнесийн талбарт хэрхэн онцгойрч ялгарах вэ гэдэг бол сая долларын асуулт. Бидний ихэнх нь "Сайн л байх ёстой, шилдэг нь болох ёстой" гэж зөнгөөрөө боддог. Энэ нь нэг талаар үнэн. Гэвч нарийн стратегигүйгээр таны өөрийгөө харуулах аялал тун амаргүй байх болно. Өнөөдрийн нийтлэлээр бид нэгэн нарийн стратегийг хэлж өгье. 

"Санааны ертөнцөд аливааг нэрлэнэ гэдэг түүнийг эзэмшинэ гэсэн үг. Хэрвээ чи аль нэг асуудалд нэр бодоод олчихвол түүнийг эзэмшиж чадна" гэсэн Томас Фридманы үг бий.

Энэ бол аль нэг зүйлд, аль нэг ажилд, аль нэг салбарт анхдагч байх талаар хэлсэн үг юм. "Анхдагч бай" гэсэн энэ санааг шинэ юм биш байна, анхдагч байхын чухлыг хүн бүр л мэднэ шүү дээ гэж та бүхэн дотроо бодож магадгүй. Гэхдээ олон хүн анхдагч байхын ач холбогдлыг дутуу үнэлдэг. Бас анхдагч бай хэмээсэн олон олон зөвлөгөө чухам яаж анхдагч байх талаар нарийн хэлж өгдөггүй шүү дээ. Тиймд бидний өгүүлэх жишээнүүд танд тун сонирхолтой, мэдүүштэй санагдана гэдэгт үл эргэлзэнэ.

Категорийн хууль

"Маркетингийн няцаашгүй 22 хууль" номд шинэ ангилал, шинэ категорийг үүсгэж түүндээ анхдагч нь болохын чухлыг өгүүлсэн "Категорийн хууль" хэмээх бүлэг байдаг. Энэ бүлгийн гол санаа бидний хэлэх гээд байгааг товч тодорхой болгоод өгнө:

"Атлантын далайг ганцаар туулсан түүхэн дэх гурав дахь нисгэгчийн нэрийг та мэдэх үү? Тэр бол Амелиа Ирхарт. Түүнийг бид энэ амжилтыг үзүүлсэн гурав дахь нисгэгч гэдэг үү, анхны эмэгтэй нисгэгч гэдэг сэн билүү?

Heineken-ийг оруулж ирээд тун ч их амжилт олсныхоо дараа АНУ-ын Anheuser-Busch компани дахиад импортын өөр пиво оруулж ирж болох л байсан. Харин оронд нь тэд "Өндөр үнэтэй импортын пивонд зах зээл байгаа юм бол өндөр үнэтэй дотоодын пивонд зах зээл байх л учиртай" гэсэн юм. Ингээд тэд өөрсдийн Michelob-ийг хүчтэй сурталчилж эхэлсэн бөгөөд уг пиво улмаар Heineken-ээс хоёр дахин их зарагддаг болжээ. (Тэд мөн Европт ихээхэн нэр хүндтэй Carlsberg-ийг оруулж ирсэн ч АНУ-д огт газар аваагүй байна.)

Хэрвээ чи харилцагч/хэрэглэгчийнхээ санаанд хамгийн түрүүнд орж ирэхгүй байгаа бол найдвараа бүү алд. Анхных нь байх шинэ категорийг хайж ол. Тийм ч хэцүү биш шүү.

Анхных нь болох олон арга бий. Dell компани ширүүн өрсөлдөөнт компьютерийн зах зээлд нэвтрэхдээ компьютерийг утсаар зарсан анхны компани болж байсан гэдэг.

Тэгэхээр шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээ гаргахдаа өөрөөсөө хамгийн түрүүнд "Энэ бүтээгдэхүүн бусдаас юугаараа сайн бэ?" гэж биш "Юугаараа анхдагч вэ?" гэж асуугаарай. Хүн бүр шинэ зүйлд сонирхолтой байдаг. Харин хавьгүй цөөн хүн илүү сайн зүйлд сонирхолтой байдаг юм шүү."

ТИМ ФЕРРИСИЙН ЖИШЭЭ

Энэхүү категорийн хуулийг яруу тод хэрэгжүүлсэн хамгийн сайн жишээнүүдийн нэг бол энтрепренер, зохиогч Тим Феррис юм. Тэрээр "Ажлын 4 цагтай долоо хоног" бестселлер номдоо Lifestyle Design хэмээх ойлголтыг томьёолон гаргаж, өөрөө энэ салбарын гол төлөөлөгч болоодохсон билээ. Энэ нь олон жилийн дараа ашиглах тэтгэврийг үл хайхран, цаг ба хөдөлгөөнт байдал гэх хоёр "валют"-ыг чухалчлан тансаг амьдралын хэв маягийг бий болгох тухай ойлголт юм. Тэрээр энэ ойлголтоо ном, блог, ярилцлага, подкаст гэх мэт бүх л сувгуудаар сурталчилсаар өдгөө Google-дээд үзэхэд 2 тэрбум илэрц гарч ирэх хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэн байх юм. Энэ санааг эзэмшсэнээрээ тэр нэр алдраа улам нэмж, маш их мөнгө олжээ.

ДИТА ВОН ТИЙСИЙН ЖИШЭЭ

Өөр нэг сонирхолтой жишээ бол burlesque шоуны хатан хаан Дита Вон Тийс билээ. "Асуух урлаг" номын нэг хэсгээс хүргэе:

Орчин цагийн бөрлеск ертөнцийн од Дита Вон Тийс карьерынхаа эхэнд үед Лос Анжелест тайчих клубт ажиллаж байхдаа сурсан нэг зүйлийг ярьсан юм. Неон бикинитэй шаргал үст бүжигчид 50 залуугийн өмнө бүрэн нүцгэлэхэд залуу болгон нэг доллараар гар цайлгадаг байж. Харин Дита сатин бээлий, бэлхүүсэвч, балетийн банзал өмсөн тайзнаа гарч халуухан үзүүлбэр үзүүлдэг байв. Тэрээр энгэрээ дэлгэх хэдий ч бүрэн нүцгэлэх нь үгүй. Түүнийг 49 залуу үл тоох боловч сонирхсон нэг нь 50 долларын цайлгах мөнгө өгдөг байжээ. Тэр нэг л залуу Дитагийн үзэгч байжээ.

Энэ мэт олон жишээ бий. Unread ч энэ тал дээр сайн жишээ болно гэж боддог. Бид анх Unread-ийг байгуулахдаа "Юугаараа ялгарч, юугаараа анхдагч байх вэ?" гэсэн асуултыг нухацтай тавьсан юм. Үүний хүчинд нийтлэлийн форматууд, булангууд, онцлогуудаа боловсруулан гаргаж байсан билээ.

Шинэ категорийг, шинэ ангиллыг гаргаж ирнэ гэдэг нь танд хэцүү санагдаж байна уу? Магадгүй ээ. Бас ч тийм хялбар биш. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн анхдагч болох олон арга бий. Таны даруйхан хэрэгжүүлж чадах нэгэн стратегийг одоо танилцуулъя:

КАРЬЕРЫН ЗӨВЛӨГӨӨ: УР ЧАДВАРУУДАА НЭГТГЭН АНХДАГЧ БОЛОХ НЬ

Dilbert комикийг бүтээгч, зохиогч Скотт Адамс энэ тал дээр гайхалтай зөвлөгөөг өгсөн байдаг. Эдийн засгаар суралцаж, бизнесийн удирдлагын магистр авсан тэрээр эхлээд банкинд, дараа нь утасны компанид ажиллаж байгаад комик зураач болсон юм. Түүний зөвлөгөөг товчлон хүргэе:

Хэрвээ чи дундаж буюу боломжийн амжилттай амьдралыг хүсэж буй бол нэг их төлөвлөх шаардлагагүй. Асуудалд орохгүй байж, сургуульдаа явж төгсөөд өөрт таалагдах ажлын байруудад өргөдөл гаргаад л гүйцээ. Харин чи маш том амжилтад хүрье гэж хүсэж байгаа бол 2 зам байна:

1. Нэг зүйлд хамгийн шилдэг нь болох
2. Хоёр юм уу түүнээс олон зүйлд маш сайн байх (топ 25 хувьд багтах хэмжээнд)

Эхний зам нь бараг л боломжгүй гэмээр хэцүү. Маш цөөхөн хүн л NBA -д тоглож, платинум цомог гаргаж чадна. Би хүмүүст үзээд алд ч гэж зөвлөхгүй. Харин хоёр дахь нь харьцангуй амархан шүү. Хүн бүхэнд эхний 25 хувьд багтаж чадах хэд хэдэн ур чадвар байдаг шүү дээ. Миний хувьд өөрийгөө артист гэхэд хэцүү ч би ихэнх хүнээс сайн зурж чадна. Дундаж стандап комедианыг давах хэмжээнд хошин байж чадахгүй ч би ихэнх хүмүүсээс илүү алиалж чадна. Гол нь маш цөөхөн хүн зураг сайн зурахын зэрэгцээ хошигнол бичиж чаддаг. Миний хийж буй зүйлийг маш ховор болгож буй зүйл бол энэ хоёрын чадварын хослол юм. Тэгээд дээр нь миний бизнесийн суурийг нэмчихвэл би маш цөөхөн комик зураачийн амьдралаараа туулж байж л ойлгох сэдвүүдийг хөндөж чаддаг. Би залуу хүмүүст байнга л сайн ярьж илтгэдэг (топ 25 хувь) болохыг зөвлөдөг. Дасгал сургууль сайн хийвэл үүнийг хэн ч сурч чадна шүү дээ.

Капитализм гэдэг ховор бөгөөд үнэ цэнтэй зүйлсийг урамшуулж шагнадаг. Чи хоёр юм уу түүнээс олон "дажгүй сайн" зүйлсийг өөр хэн нэгэн чадахааргүй түвшинд хослуулснаар өөрийгөө "ховрын бараа" болгох юм. Чиний энэ хольцод харилцааны аль нэг чадвар байх ёстой. Бичгийн юм уу ярианы чадвар гэсэн үг. Эсвэл зарж борлуулах чадварыг дэлхийн бусад 75 хувиас илүү түвшинд эзэмш. Хангалттай энерги зарцуулаад топ 25 хувьд багтаж чадах нэг сонирхлоо хөгжүүлээд энэ борлуулалтын чадвараа нэмчихэд л сайн хольц үүсчихэж байгаа нь тэр. Хэрвээ гурав дахь чадвараа хөгжүүлэх хүсэл сонирхол, нөөц боломж байгаа бол түүнийгээ хөгжүүл. Тэр нь илтгэх, код бичих, баг удирдах, хошигнох гээд ямар ч чадвар байж болно.

Та ийм гурван чадвар байхгүй маш амжилттай яваа нэгнийг олох гээд үзээрэй. Маш хэцүү.

Таны гурван чадвар юу вэ?

Бидний нижгэр тэмдэглэдэг Цагаан сар өндөрлөлөө. Дорнын тооллоор шинэ он эхэлж байна. Он цагийн шинэ тоолол бүхэн өөрийгөө өөрчлөх боломжийг бидэнд олгож байдаг билээ. Гарч буй гахай жилдээ та карьерын энэ стратегийг дотроо бодож, чадвал хэрэгжүүлэх гээд үзээрэй. Өөрийн сайн эзэмшсэн чадварууд, хөгжүүлж хурцлахаар төлөвлөж буй чадварууд, онцлог шинжүүдээ нийлүүлэн өөр хаана ч байхгүй "хольц"-ыг гарган анхдагч болцгооё. Цагаан сараар сонссон ерөөл бүхэнтэйгээ энэхүү бодит стратегийг хамтатгая.