Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   02 сарын 03, 2019

7 хоногийн тойм: Тагнуулч Facebook + Apple-ийн алдаа + The Beatles-ийн кино

Ковер зургийн тайлбар: Facebook таныг ажигласаар...

Онцлох: Санхүүгийн тайлангууд зарлагдлаа

Энэ долоо хоногийн технологи, бизнесийн ертөнцийн онцлох үйл явдал нь топ компаниуд улирлын санхүүгийн тайлангаа зарласан нь байлаа.

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple өнгөрөгч улиралд 84,3 тэрбум долларын борлуулалт хийснээр шинжээчдийн таамгыг давж, нэгж хувьцааны үнэ нь 2 хувиар нэмэгдлээ. Хятад дахь борлуулалт нь 27 хувиар, iPhone-ий борлуулалт 15 хувиар буурсан зэрэг сөрөг үзүүлэлт тайланд байсан ч эерэг нь түүнээс илүү байв. Mac-ийн борлуулалт 9 хувиар, iPad-ийнх 17 хувиар, зүүдэг төхөөрөмж болон дагалдах хэрэгслийнх 33 хувиар, бусад үйлчилгээнийх 19 хувиар тус тус өсчээ. Мөн энэ үеэр Apple-ийн нийт 1,4 тэрбум төхөөрөмж идэвхтэй ашиглагдаж байгаа, борлуулалтын удаашралаас үүдэн үнэ бууруулах стратегийг судалж байгаа гэдгээ Т.Күүк тус тус онцолжээ.

Microsoft таблет болон тоглоомын салбарын өсөлтийн нөлөөгөөр өнгөрөгч улиралд 32,5 тэрбум долларын борлуулалт хийж, 8,4 тэрбум долларын ашигтай ажилласнаа зарлалаа. Surface-ийн борлуулалт 39 хувиар өсч , 1,8 тэрбумд хүрсэн нь тэд удтал "бүтэлгүйтсэн" төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт амжилт олж эхэлж байгаагийн илрэл байв. Хэдий Xbox төхөөрөмжийн борлуулалт буурсан ч лиценз борлуулалт, тоглоом хэрэглэгчдийн тоо өсч, орлого нь 8 хувиар нэмэгджээ. Хэдий Windows үйлдлийн системийн борлуулалт удааширсан хэвээр байгаа ч Office 365-ийн хэрэглэгчдийн тоо 4 саяар нэмэгдэж, Linkedin 29 хувийн өсөлт үзүүлжээ.

BBC: С.Наделла юуг зөв хийв?

Харин баярын улирлын үеэр дээд амжилт тогтоосон борлуулалт хийсэн Amazon 4-р улиралд 72,4 тэрбум долларын орлого олж, 19,7 хувийн өсөлт үзүүлэв. Alexa төхөөрөмжүүдийн борлуулалт түүхэн дээд амжилт тогтоосныг Ж.Бэйзос онцолсноос гадна үүлэн системийн үйлчилгээ үзүүлэгч AWS-ийн борлуулалт 2 тэрбумаар нэмэгдснийг дурджээ. Гэхдээ тэд дараагийн улирлын борлуулалтын таамгаа бууруулж, 56-60 тэрбум доллар болгосон байна.

2,32 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болж, 2,2 хувийн өсөлт үзүүлсэн Facebook-ийн улирлын тайлан шинжээчдийг гайхашруулав. Хэрэглэгчдийн дататай холбоотой удаа дараалсан скандал, сөрөг мэдээллүүдээс үүдэн борлуулалт болон өсөлт буурах болов уу гэтэл эсрэгээрээ нэмэгдсэн дүн гарсан байна. Үүнээс гадна Instagram-ийн сториг өдөрт 500 сая хүн хэрэглэж, 2 сая бизнес сурталчилгаа байршуулж байгаа нь онцлох статистик байлаа.

Tesla компанийн 15 жилийн түүхэнд анх удаа 2 улирал дараалан ашигтай ажилласнаа зарлалаа. 2018 онд 253 мянган машин үйлдвэрлэж, 21 тэрбум долларын борлуулалт хийснээрээ дээд амжилт тогтоосон тэд өнгөрсөн улиралд 7,2 тэрбумын орлого олж, 139 сая долларын ашигтай байсан нь мөн рекорд болжээ. Энэ үеэр Э.Мак шинэ загварын Model Y машины үйлдвэрлэл 2020 оноос эхэлнэ гэдгийг мөн зарлав.

Бусад онцлох санхүүгийн тайлангуудын талаар:

eBay: 2,9 тэрбумын борлуулалт хийж, шинжээчдийн таамгыг давав
Alibaba: Сүүлийн 3 жил дэх хамгийн муу өсөлттэй улирал байв
Paypal: Худалдан авалтууд өгөөжөө өгч эхэллээ
Samsung: Сүүлийн 2 жилд орлогын өсөлт анх удаа буурлаа
Nintendo: 968 сая долларын ашигтай
LG: Сүүлийн 2 жилд анх удаа алдагдалтай үзүүлэлт танилцууллаа
Sony: Хөгжмийн бизнес өсөлт үзүүлэв

дэлхий дахинд

Католик шашны тэргүүн Ромын Пап Францис Абу Дабид айлчилж, Арабын хойгт хөл тавьсан хамгийн анхны пап боллоо. Тэрээр "сүсэг бишрэл биднийг нэгтгэхээс бус хуваах ёсгүй" хэмээн мэдэгдсэн бөгөөд Иемений хямралыг эцэс болгохыг Арабын Нэгдсэн Эмиратын удирдагчдаас хүсчээ. Тэрээр мягмар гарагт 120 мянга гаруй хүн хамрагдах олон нийтийн арга хэмжээнд оролцох юм.

Аргентин хөлбөмбөгчин Э.Салагийн зорчиж байсан онгоцны үлдэгдлийг олсноо эрлийн багийнхан баталлаа. Францын Нант клубээс Уэльсийн Кардифф клубт 15 сая фунтээр үнэлэгдэн шилжснийхээ дараахан буюу 1-р сарын 21-нд шинэ клуб рүүгээ ирэх замдаа сураггүй алга болоод байсан юм. Түүний зорчиж явсан онгоцны сэг Ла Маншийн хоолойн ойролцоогоос олджээ. Албан ёсны эрлийн ажиллагаа 1-р сарын 24-нд зогссон ч түүнээс хойш Аргентиний ерөнхийлөгч М.Макри, алдарт хөлбөмбөгчид Л.Месси, С.Агуэро нарын оролцоотойгоор 324 мянган еврог онлайнаар босгож улмаар эрлийг үргэлжлүүлсээр байсан билээ.

Сансрын технологийн тэргүүлэгч улс болох зорилго тавьсан Хятад энэ жил нийт 30 пуужин хөөргөн, нийт 50 сансрын хөлөг сансарт гаргана хэмээн зарлалаа. Тэд өнгөрсөн жил АНУ-аас таваар илүү буюу 35 амжилттай нислэг үйлдснээрээ анх удаа илүү гарсан билээ. Сонирхуулахад, Э.Маскийн SpaceX өнгөрсөн жил 21 пуужин дангаараа хөөргөсөн юм.

Туйлын хуйлрааны нөлөөнөөс болж АНУ-ын зарим хотыг сүүлийн 25 жилд тохиогоогүй хүйтэн нөмрөв. Мидвест хэсгийн зарим газар Антарктидаас илүү хүйтэн бүртгэгдэж, Миннесотад бүр -42 хэм хүрч, Висконсин, Мичиганд онц байдал зарлан шуудангийн үйлчилгээ зогсож, сургууль, цэцэрлэгийг амраасан байна. Мөн хүчтэй цасан шуургын улмаас 1000 гаруй нислэг цуцлагджээ.

Facebook судалгааны зориулалттай гэсэн нэрийдлээр тусгай апп-аар дамжуулан хэрэглэгчдийн датаг цуглуулж, үйлдлийг нь хянаж байсан нь илрэв. "Research" нэртэй уг апп нь 13-35 насны хэрэглэгчдэд сард 20 долларын төлбөр төлөн, хариуд нь датагаа өгөхийг шаарддаг байсан гэнэ. Зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрсөн эрхээр олон нийт рүү чиглэсэн ажиллагаа зохион байгуулж, журам зөрчсөнд нь ундууцсан Apple тэр даруй уг апп-ийг устгаж, улмаар Facebook-ийн энтерпрайз хөгжүүлэгчийн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлжээ.

Techcrunch: Facebook-ийн скандалын талаар таны мэдвэл зохих бүх зүйлс

Маш хүйтэн Чикаго! Рекорд тогтоосон өвөл Америкийг сандаргав

технологийн ертөнцийн эргэн тойронд

Apple-ийн видео дуудлагын апп FaceTime-ийн алдаа илэрч, сая сая хэрэглэгчдийг цочролд орууллаа. iOS 12.1 дээр FaceTime-аар залгахад эсрэг хүн нь дуудлагаа аваагүй байхад шууд микрофон нь ажиллаж, дууг нь сонсох боломжтой байсныг 14 настай хүү санамсаргүй байдлаар олж Apple-д мэдэгдсэн байна. Apple групп дуудлагын нэмэлтийг зогсоож, улмаар алдааг засан апп-аа шинэчлэхийг хэрэглэгчдэд санал болгож байна.

250 сая идэвхтэй хэрэглэгчтэй сошиал платформ Pinterest энэ онд багтаан IPO хийх болсноо зарлалаа. 12 тэрбум долларын үнэлгээтэй тус стартап өнгөрсөн жил 700 сая долларын борлуулалт хийсэн гэнэ. Тэд 1,5 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Samsung дэлхийн анхны 1 тэрабайтын багтаамжтай eUFS чипийг үйлдвэрлэх болсноо зарлалаа. Ингэснээр гар утасны багтаамж тэр хэрээр өсөх боломжтой болж буй гэсэн үг. Гэхдээ тэдний удахгүй танилцуулах S10-д энэ нэмэлт багтахгүй бололтой.

Хамгийн өргөн хэрэглэгддэг мэйл апп-ууд болох Outlook, Gmail дизайны шинэчлэл хийлээ. Gmail-ийн хувьд өнгөрсөн 4-р сард веб хувилбарт хийгдсэн шинэчлэлээ гар утас руу шилжүүлж байгаа нь энэ бол Outlook илүү хялбар, цэвэрхэн хэмээн тодорхойлсон загвараа нээлттэй болгов.

Uber нийтийн тээврийн үйлчилгээг апп дээрээ нэмлээ. Денвер хотоос эхэлж буй туршилтын хувилбарт хэрэглэгчид метро, автобус зэрэг бүх төрлийн нийтийн тээврээс сонголт хийж, мэдээлэл аван үйлчилгээ хүртэх боломжтой болжээ. Uber зөвхөн такси дуудлагаас гадна дугуй, скүүтер, нийтийн тээврийг агуулсан төгс платформ болох зорилготой билээ.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Технологийн салбарын гигант Intel сүүлийн 7 сарын хугацаанд CEO-ийн албыг түр орлон гүйцэтгэсэн Боб Сваныг "жинхэлж" байгаагаа зарлалаа. Өмнө нь eBay-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан тэрээр 2016 онд Intel-д нэгдээд байсан юм. Өмнөх CEO Брайн Кразанич "компанийн ажилтантай дотно харилцаа үүсгэж" дотоод журмыг зөрчин, ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан билээ.

Монголын тэргүүлэх финтек стартап ЛендМН шинэ гүйцэтгэх захирлаа танилцууллаа. Өмнө нь Сүү ХК-ийн CEO-оор ажиллах хугацаандаа үнэлгээг нь 5 жилийн дотор 3 дахин нэмэгдүүлж байсан Б.Гантулга ЛендМН-ийг удирдах болсон байна. Өмнөх гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал тус стартапын толгой компани "Анд Системс"-ын CEO-оор томилогджээ.

Dropbox цахим гарын үсгийн үйлчилгээ үзүүлэгч HelloSign-ийг 230 сая доллараар худалдан авлаа. Ингэснээр тэд хэрэглэгчдэд клоуд сандаа хадгалсан файл, баримт бичгүүд дээрээ шууд ажиллан засвар хийж, гарын үсгээ зуран эцсийн байдлаар хянах боломжийг олгох ач холбогдолтой юм.

Brexit-тэй холбоотой тодорхогүй нөхцөл байдлын улмаас Nissan Сандерланд хотноо байгуулах гэж байсан шинэ үйлдвэрийн төслөө зогсоосноо мэдэгдлээ. Энэ үйлдвэр нь шинээр 7000 ажлын байр бий болгох учиртай байсан юм. Шинжээчид Brexit-тэй холбоотойгоор 1 триллион долларын мөнгөн урсгал Британиас гадагшилна хэмээн тооцжээ.

Spotify подкаст бүтээгч Gimlet Media-г 200 сая доллараар өөрийн болгохыг хүсэж байна. StartUp, Reply All, Homecoming зэрэг алдартай подкастуудыг эзэмшдэг Gimlet-ийг нэгтгэснээр зөвхөн хөгжмөөс гадна өөр аудио элементүүдийг 200 сая илүү хэрэглэгчдэдээ санал болгох боломжтой болно хэмээн тэд үзэж байгаа юм.

Dropbox байгууллагын бичиг баримтын төгс шийдэл болох дөхсөөр

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Алдарт найруулагч Питер Жэксон бүх цаг үеийн хамгийн агуу хамтлагуудын нэг The Beatles-ийн баримтат кино бүтээх гэж байна. Тэрээр тус хамтлагийн хамгийн сүүлийн цомог "Let It Be"-г бүтээх бичлэгийн үеэр хийгдсэн, өмнө нь цацагдаж байгаагүй 55 цагийн архивын дүрсийг сэргээж, шинэ киног гаргах бөгөөд "цаг хугацаагаар аялуулах мөрөөдлийн бүтээл" байх болно хэмээн тодотгосон байна. Энэ мэдээ The Beatles-ийн хамгийн сүүлийн амьд тоглолтын 50 жилийн ойн үеэр зарлагдсан билээ.

Тэгвэл Британийн өөр нэг домогт уран бүтээлч Дэвид Боувигийн намтраас сэдэвлэсэн бүрэн хэмжээний киноны эрхийг авснаа Fil Constellation зарлалаа. 1971 онд Америкаар хийсэн анхны аялан тоглолтын түүхийг онцлох өгүүлэх "Stardust" нэртэй уг бүтээлд дуучин Жонни Флинн гол дүрд тоглож Боувигийн дүрийг амилуулах гэнэ.

DC Comics дараагийн Батманы киноны цацагдах хугацааг зарлалаа. "War of The Planet Of The Apes"-ийн найруулагч М.Рийвзийн бүтээж буй уг кино 2021 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийх гэнэ. Гэхдээ тус кинонд Батманы залуу үеийн түүхийг харуулах учир Бен Аффлек тоглохгүй бөгөөд орны жүжигчин нь хэн байх вэ гэдэг нь тодорхогүй хэвээр байгаа юм. Сонирхуулахад, мөн 2021 онд гарах "Suicide Squad"-ийн шинэ ангийг "Guardians of Galaxy"-ийн Ж.Ганн найруулах болж байгаа аж.

М.Найт Шамаляны "Glass" 9,8 сая долларын орлогоор Хойд Америкийн бокс оффисийг гурав дахь долоо хоногтоо тэргүүллээ. Энэ долоо хоногт топ кино театруудаар ердөө 88 сая долларын борлуулалт хийгдсэн нь сүүлийн 20 жилийн супер боулын долоо хоногийн хамгийн муу үзүүлэлт болсон байна. Дараагийн байруудад "The Upside", шинээр нээлтээ хийсэн "Miss Bala" бичигджээ. Харин олон улсын бокс оффисийг "How To Train Your Dragon" 23 улсаас 40 сая долларын орлого олсноор тэргүүлэв.

Nintendo Токио хотноо хамгийн анхны албан ёсны дэлгүүрээ 2019 оны намар нээх гэж байна. Тэд 14 жилийн өмнө Нью Йоркт дэлгүүрээ нээж байсан ч эх орондоо дэлгүүргүй байсан нь хачирхалтай. Шинэ дэлгүүр Шибуяагийн Parco-д нээгдэх аж. Сонирхуулахад, жижиг, хямд Switch төхөөрөмж гаргахаар зэхэж буй гэгдэх Nintendo Line чат апп-тай хамтран Dr.Mario-ийн шинэ тоглоом хөгжүүлж байгаа гэнэ.

Жон, Пол, Жорж, Ринго + Иоко: 1969 оны шуугиант бичлэг кино дэлгэцнээ

алдалгүй унших арван мэдээ

Hollywood Reporter: Sundance 2019-ийн шилдэг 20 кино
The Verge: Netflix лого анимэйшнээ шинэчилжээ
NYTimes: Венесуэлийн маш энгийн хувьсгал
CNN: 2400 жилийн настай 40 мумми олджээ
CNBC: FoxConn Америк дахь төслөө үргэлжлүүлнэ
Politico: Хатан хааны "аврах" төлөвлөгөө
Vox: Супер боулын завсарлагааны шоуг тайлбарлах нь
Techcrunch: Tencent жолоочгүй машины технологи хөгжүүлнэ
BI: Он гараад 2100 сэтгүүлч ажлаа алджээ

14678   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.