Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   02 сарын 04, 2019

Онцлох бизнес: Peace Patisserie - Шинэ амт ба шижигнэсэн залуучууд

Амттаны зах зээлд хөл тавин орж ирж буй шинэхэн стартап бол Peace Patisserie. 21 настай Б.Магсаржав, Б.Мөнх-Эрдэнэ нар өдөр бүр өөрсдийн гараар үйлчлүүлэгчдэдээ зориулж амтат пастри болон халуун хоол хийхийн сацуу найман хүний бүрэлдэхүүнтэй багаа удирдан ажиллаж байна. Сүү, шоколад, өндөг ашиглан франц аргаар амт, өнгийг хослуулан хийсэн амттаны төрлийг "Pastry" гэдэг. Байнга туршилт хийх сонирхолтой тэд Монголд харьцангуй шинэ энэ содон гоё амтыг та бидэнд санал болгож байгаа бөгөөд цаашид франц аргыг монгол орцтой хослуулан монгол брэнд амттан бүтээхээр зорьж байгаа ажээ.

Бизнесийн нэр: Peace Patisserie
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан пааб & Пастри
Үүсгэн байгуулагч: Б. Магсаржав (Маагаа), Б. Мөнх-Эрдэнэ (Мөөнөө)
Үүсгэн байгуулагдсан он: 2018 оны 11-р сар
Ажилтны тоо: 8
Сошиал хуудас: Facebook, Instagram
Хаяг: Peace Mall-ийн нэг давхарт

Зүүн гараас Б.Мөнх-Эрдэнэ, Б.Магсаржав

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ЯАЖ ОЛСОН БЭ?

Мөөнөө: Яг энэ талбай дээр өмнө нь Peace ресторан/паб үйл ажиллагаа явуулж байсан юм. Эхэндээ ашигтай ажиллаж байсан ч удалгүй хэрэглэгчдийн сонирхол буурч алдагдалтай болж эхэлсэн. Тиймээс аав маань энэ газрын үйл ажиллагааг сэргээж, менежмент хийх саналыг бидэнд анх тавьсан юм. Харин Маагаа маань хоол хийх сонирхлоо илүү хөгжүүлж, Монголд “Pastry” буюу амттаны зах зээл байгааг хараад бид Peace Patisserie, Restaurant & Pub хэмээх 209 мкв талбайг ресторан болон Патиссеригийн газар болгон өөрчилсөн юм.

Маагаа: Оюутан байхдаа анх пастриний газар ажиллаж, дараа нь сонирхолдоо хөтлөгдөн бие даан турших болсон юм. Өмнөх ресторан ашиггүй ажиллаж байгааг мэдээд амттаны газар нээвэл ямар вэ гэсэн санаа төрсөн. Учир нь Монголд амттан гэхээр бэйкэриг л төсөөлдөг. Гэтэл бэйкэри илүү талхан суурьтай байдаг бол пастри илүү чихэрлэг түүхий эд, жимс жимсгэнэ, шоколад гэх зэрэг илүү олон төрлийн орц бүтээгдэхүүнүүдийг боловсруулж, хувиргаж ашигладаг. Шоколад (Chocolate art), чихрээр (Sugar work) төрөл бүрийн амттан хийдгийг санаж байгаа биз дээ. Тэр бол бас л Францад үүсэлтэй пастринээс улбаалан хөгжсөн салбар юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бусад старт апуудаас ялгаатай нь хөрөнгө оруулалт маань 100 хувь бэлэн байсан. Заримдаа маш гоё гоё санаа, бизнес модель байгаа хэрнээ мөнгөгүйгээс эхэлж чаддаггүй, зарим хүмүүс 16 компанитай уулзаад 17 дахь дээрээ хөрөнгө оруулалт татсан гэх мэт олон асуудал байдгийг танай онцлох бизнес буланд орж байсан газруудаас уншиж байсан юм. Гэтэл бид хоёрын хувьд эсрэгээрээ төлөвлөгөө, санаагаа танилцуул, маргаашнаас ажлаа эхлээрэй гээд л түлхүүрээ өгчихсөн нь нэг бодлын азтай, нөгөө талаас яаруу сандруу эхлэл байсан шүү.

ТАНАЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД ЮУ ВЭ?

Маагаа: Манай орц, найрлага илүү баялаг чанартай. Зүгээр л манай эклерийг бусад эклертэй хамт амтлаад үзээрэй. Эклерийн хамгийн гол орц болох өндөгний агууламж нь бусад эклерийг бодвол илүү өндрөөс гадна сүүн чанамлаа өөрсдөө зуурч хийдэг юм. Олон хүн манай эклерийг амсаж үзээд дуу алддаг. Учир нь сүүн чанамал буюу доторх крем нь бусдаас өөр. Түүнчлэн "Choux" буюу "шү"-г кофетой, сүүтэй, шоколадтай гэсэн гурван янзаар гаргаж байна. Сүү нь яг л сүү амтагдах, кокоа нь яг л шоколад амтагдах талаас нь бүтээгдэхүүний орц найрлага, амт, чанартаа их анхаардаг.

Би нэг бүтээгдэхүүн дээр шоколадан чимэглэл туршиж үзэж байгаа юм. Харахад гоё байхаас гадна чимэглэлээс хамаарч амт нь бас өөрчлөгддөг. Манай хурц кофег сүүн амттантай хольж идэхээр үнэхээр сайхан амтны зохицол үүсдэг. Шинэ бүтээгдэхүүн бүрийнхээ амт, жорыг бариста нартаа тайлбарлаж өгснөөр үйлчлүүлэгчдэдээ хүссэн амтыг нь, заримдаа бүр төсөөлөөгүй сайхан амтыг санал болгох боломжтой болно. Дуртай зүйлээ хэлээд л шинэ амтыг туршиж болохуйц амтны зохицол бол манай пастригийн бас нэгэн онцлог. Рестораны хувьд амттай хоол, хатуу уух зүйл, коктейлууд гарахаас гадна хамгийн сайн үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Мөөнөө: Амттаны цэс, үйл ажиллагаагаа илүү тодорхой нарийн болгохоор ажиллаж байгаа юм. Бид ирэх сараас үйлчлүүлэгчдэдээ өдөр бүрийн амттаны сет, сонирхолтой эвентүүд болон туршиж үзэх боломжтой багцуудыг санал болгоно. Удахгүй болох Валентины баярт зориулаад өөрийн гараар шоколадаа хайлуулах "Chocolate Workshop"-д бэлдэж байна.

Маагаа: Миний хувьд илүү амттан, орц найрлага дээр төвлөрч ажилладаг. Хэзээ нэгэн цагт монгол дессэрт гаргана гээд хайлмаг, ээзгий, өрөм орсон шинэ амттан дээр төвлөрч ажиллаж байна. Өнгөрсөн аравдугаар сард Киргизэд сургалтад сууж байхдаа үндэсний брэнд "Киргизтан" гэх шоколадыг амсаж үзсэн юм. Бидний дуртай сүүн ааруулыг давстай холиод шоколадаар бүрсэн нь маш сонирхолтой амт байсан. Тэрнээс хойш үндэсний дессерт хийхээр туршиж л явна даа.

Ойрын болон хэтийн зорилго? 

Мөөнөө: Хамгийн түрүүнд ашигтай, менежмент сайтай, зохион байгуулалт өндөртэй компани болохыг зорьж байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга сайжруулан ажиллаж байна. Манайд кофены соёл дэлгэрч, харин амттаны соёл харьцангуй шинэ гэж хэлж болно. Ихэнх хүмүүс бэйкэри болон пастрины газрыг тэр бүр ялгаж салгадаггүй учир энэ төрлийн соёлыг түгээж, хамгийн шинэлэг бүтээгдэхүүнтэй, шилдэг пастри гэвэл биднийг нэрлэдэг байгаасай гэж хүсэж байна.

Маагаа: Мөн зөвхөн амттанаас гадна хөрөнгөний талх гаргахаар төлөвлөж байгаа. Ямар ч исгэгч, хүнсний сода хэрэглэхгүй хөрөнгө ашиглан хийсэн талх гэсэн үг л дээ. Нэг үгээр хэлбэл органик бөгөөд “хүчээр зодож” хөөлгөөгүй талх гэсэн утгатай. Манай найзууд бидэнд хоёр хөрөнгө бэлэглэсэн юм. Нэг нь Японы Хоккайдо арлаас ирсэн хөх тарианы гурилан суурьтай хөрөнгө, нөгөө нь Италийн Акуасантагийн бүхэл үрийн хөрөнгө. Энэ хөрөнгийг 85 жилийн турш нэгэн эмээ хэрэглэж ирсэн талхны хөрөнгөнөөс тасалж авч ирсэн гэж манай найз хэлсэн. Зүгээр л нэг модон байшинд, шавар вааран дотор 85 жил өсгөөд, хэрэглээд дахин хооллоод хэрэглэж ирсэн гэхлээр их сонин эд байгаа биз. Талхны хөрөнгө өсгөх нь яг л амьтан тэжээж байгаа юм шиг санагдаад байгаа шүү. Энэ талх бага зэрэг үнэтэй зарагдаж магадгүй ч орцын хувьд их баян, сайхан бүтээгдэхүүн болно гэж бид үзэж байгаа.

ЭНЭХҮҮ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Анх маш яаруу эхэлсэн болохоор туршлагагүйтэн бараа татах, маркетинг болон хүний нөөц дээрээ тулгамдах асуудлууд гарч байсан. Нарийн төлөвлөгөө маш чухал гэдгийг сурсан шүү. Бүр "training cost" буюу сургалтын зардал хүртэл төлөвлөөд ажилтнуудаа эхний өдрөөс нь эхлээд анхаарч, зааж өгөх сургалтын төлөвлөгөө хийж байгаа. Ямар ч байгууллага өөрөө нэгэн бүхэл систем болохоор манайд тохирох жижигхэн системийг бий болгохоор ажиллаж байна. 21 настай залуу хүмүүс шинэхэн салбарт стартап компани эхлүүлж байгаа болохоор болохоор юу ч хийсэн шинэлэг, бүх зүйлийг туршихад нээлттэй байгаа нь хамгийн таатай зүйлийн нэг.

ХАМГИЙН БОРЛУУЛАЛТ САЙТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН АЛЬ НЬ ВЭ?

Дээр хэлсэн шиг хар кофе спартак, бяслагтай бялуу, choux pastry-г амсаж үзээд хүмүүс ам сайтай байдаг. Үнийн хувьд ч боломжийн. Ялангуяа спартакийн кремээс хурц масло биш зөөлөн сүү амтагддаг нь хүмүүст их таалагддаг. Бүтээгдэхүүний онцлогт тохирсон орцыг өөрсдөө гарган авч, хэрэглэгчид өгөх амт, мэдрэмжид нарийн анхаардаг учир хүмүүс ч зорьж ирээд авах нь нэмэгдсэн. Энэ нийтлэлийг уншиж буй уншигчид маань ч гэсэн Peace Mall-д ирээд манай амттануудаас амсаад үзээрэй.

12674   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

А.Аззаяа
Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.