Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   01 сарын 28, 2019

Онцлох бизнес: "Ботгохон" - Хүүхдүүдийн хайрыг татах БөнБөн, Бабу, Гүүгий гурав

Үндэсний контентийн агуулгыг нэгээр нэмсэн шинэхэн төсөл бол "Ботгохон". Магадгүй та манай сайтын “Цагаан сарын бэлгийн хөтөч”-өөс  “Ботгохон”  брэндийн комик ном, буддаг ном болоод сүүн чихэр, шоколадыг харсан байх. Тэгвэл хоёр бөхт тэмээ, ховордсоор буй мазаалай, хонин гүрвэл зэрэг говийн амьтдаар гол дүрээ бүтээсэн хүүхдийн “Ботгохон” төслийг санаачлан хэрэгжүүлж буй "Номадик Контент" компанийн үүсгэн байгуулагч Г.Гантуяаг энэ удаагийн “Онцлох бизнес” буландаа урилаа. 

Бизнесийн нэр: Nomadic content / Ботгохон төсөл
Үйл ажиллагааны чиглэл: Медиа, хүүхдийн үндэсний контент
Үүсгэн байгуулагч: Г.Гантуяа
Үүсгэн байгуулагдсан он: 2018 оны 07-р сар
Ажилтны тоо: 16
Сошиал хуудас: Botgokhon / Ботгохон

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Миний хувьд компаниа байгуулахаас өмнө “Монгол контент” компанийн нэгэн хэсэг байж, “Маамуу” үндэсний төслийг санаачилж хэрэгжүүлсэн. Тэр үед Монголын соёл урлагийн салбарт үндэсний хүүхдийн контент маш дутмаг байгааг олж харсан юм. Бидний эхлүүлсэн төсөл амжилттай хэрэгжсэн, одоо ч үргэлжилж байгаа. Харин “Ботгохон” төслөө “Номадик Контент” компаниа байгуулсныхаа дараа эхлүүлсэн. Монгол хүүхэд бүрийн хайртай, үлгэрлэдэг үндэсний дүрийг бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн дахин шинэ дүр бүтээхийг хүссэн. Тэр нь “Ботгохон”. Энэхүү төслөөрөө бид хүүхдийн ном, хүүхэлдэйн кино, дуу, нэвтрүүлэг, төрөл бүрийн тоглоом зэрэг үндэсний цогц контентийг бүтээнэ. Гагц хүүхдэд зориулсан контент бүтээгээд зогсохгүй Монгол орныхоо ариун дагшин говь нутгийн үзэсгэлэнг сурталчилж, хүүхдэд байгаль орчин, амьтдыг хайрлах сэдэл төрүүлэхэд манай төсөл чиглэгдэж буй. Өмнөговь аймгийг сонгож, гол дүрээрээ хоёр бөхт тэмээ “БөнБөн”, ховордож буй мазаалай “Бабу”, Монголын цөлд маш элбэг тааралддаг хонин гүрвэл “Гүүгий”-г төслийнхөө дүрээ болгосон.

Танай онцлог, давуу талууд юу вэ?

БөнБөн, Бабу, Гүүгий гурав бол говь нутгийн “эзэд” гэж нэрийдэж болохоор амьтад. Эхний хоёр нь ховордож байгаа бол гүрвэл нь говьд элбэг гэдгээрээ онцлог. Энэ дүрүүдээр хүүхдүүдэд ховордож байгаа амьтдыг танин мэдүүлэх, тэдэнд зөв хандлагыг бий болгож, эх орноороо аялах сэдэл, бахархлыг төрүүлэх нь бидний зорилт. Нөгөө талаас говь нутаг хүмүүсийн анхаарлыг хамгийн хамгийн их татдаг сонин содон, байгалийн тогтоц бүхий газруудтай. Тэр бүхнийг эхний бүтээлүүддээ тусгасан. Тухайлбал, “Миний бэлэг” номдоо Хэрмэн цавыг танин мэдүүлсэн бол хоёр дахь цувралд Хонгорын элсийг тусгасан. Энэ нь эргээд тухайн орон нутгийг сурталчилж, аялал жуулчлалыг нь дэмжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид хүүхдийн контентоор дамжуулан эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг танин мэдүүлж, улмаар дотоодын аялал жуулчлалыг дэмжинэ.

Нөгөө талаас дэлхийн зах зээлд хүүхдийн контентийн дүр хамгийн чухал нь гэж үздэг. Учир нь дүрийн бизнес хийх боломжтой. Хамгийн сонгодог жишээ бол Харри Поттер. Учир нь өнөөдөр Харри Поттерийн ном, кино, аудио ном, дэвтэр, нөмрөг, саваа гэх мэт дүртэй холбоотой асар олон бизнес хөгжиж байна.

Бид төслийн хүрээнд ном, хүүхдийн дуу, нэвтрүүлэг зэрэг олон төрлийн хүүхдийн контентийг бүтээх учраас үндэсний хүүхэлдэйн киноны шинэ дүрийг бий болгох боломжтой гэсэн үг.

Дүр хүчирхэгжих тусам дүрийн бизнес хийх боломж бүрдэнэ. Олон ч үйлдвэрлэгчтэй хамтран ажиллана гэж бодож байгаа. Хүүхдийн төлөөх сэтгэлтэй, эрүүл хүнс үйлдвэрлэдэг ямар ч үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжтойг энд дуулгая. Одоогоор “Тод оймс”, “Алтанговь” шоколадны үйлдвэр, Өмнөговийн "Ингэн Тэшээ" компанитай хамтран ажиллаж байна

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН ОЛЖ СОНГОСОН БЭ?

Бид хамтран ажиллах, бизнес, үйлдвэрлэгчдэд ганц л шалгуурыг тавьж байгаа. Тэр нь юу гэхээр тухайн бүтээгдэхүүн нь хүүхдэд ээлтэй, чанартай, эрүүл мэндэд хоргүй байх ёстой гэсэн санаа. Энэхүү болзлыг хангасан, бидэнтэй хамтрах хүсэлтэй үндэсний үйлдвэрлэгчдийг манай төсөл дэмжин ажиллах боломжтой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анхны хөрөнгө оруулалтаа банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээгээр шийдсэн. Чанартай хүүхдийн контент гаргахад хөрөнгө ихээр шаардагдах нь ойлгомжтой.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Ботгохон төсөл бол контентоор дамжуулан зөв төлөвшилтэй монгол хүүхдийг бий болгох зорилготой. Эх орондоо хайртай, эх орноороо бахархдаг, Монгол орноороо аялах хүсэлтэй хүүхдүүдийн тоог нэмэхийг хүсэж байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Энэ жил хийхээр төлөвлөсөн зүйлс их. Цагаан сарын өмнө Ботгохоныхоо шинэ дууг хүүхдүүддээ хүргэхээр ажиллаж байна. Мөн хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино дээр хамтран ажиллах, дэмжих байгууллагуудтай уулзаж байна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

“Ботгохон” төсөл хоёр жил үргэлжилнэ. Төсөл дуусахад хүүхэд бүр БөнБөн, Бабу, Гүүгийг мэддэг, тэднийг хайрладаг, тэрхүү элсэн манхан, үлэг гүрвэлийн нутгаар аялахыг хүсдэг болчихсон байвал бидний зорилт биелэх нь тэр. Мөн энэ хугацаанд үндэсний үйлдвэрлэгчдэдээ бүтээгдэхүүнээ илүү сурталчлах боломжийг олгож, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулсан байх болно.

ЭНЭХҮҮ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Орчин үеийн хүүхдүүд бидний үеийнхээс тэс өөр зүйл сонирхдог болжээ. Тиймээс тэдний онцлогт нь тааруулж сонирхолтой, олон улсын стандартад нийцсэн контент үйлдвэрлэхгүй бол үзэхгүй. Гэтэл манай эцэг эхчүүд дээл өмссөн, сөөсгөр хүүхдийг л үндэсний хэв шинж гэж харах нь бий. Бидний хувьд олон улсын чиг хандлагад нийцсэн, үндэсний хэв маягаа өөртөө шингээсэн бүтээл хийхээр зорьж байна. Чанартай сайн контентийн хамгийн том асуудал нь хөрөнгө санхүүжилт байдаг. Гэсэн ч бид бэрхшээл гэж огтхон ч шантралгүй “Болж, бүтнэ” гэх сэтгэлгээгээр ажиллаж байна.

Энэ бүх зүтгэлийнхээ ард гарч "Ботгохон" хүүхэлдэйн киногоо бүтээж чадвал 50 жилийн дараа ч үнэ цэнээ алдалгүй, үе үеийн хүүхдүүдийн хүмүүжиж төлөвших нэг суваг байсаар байх юм.

Танай хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн аль нь вэ?

“Ботгохон” төсөл маань залуу учраас одоохондоо цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Гэсэн ч одоогоор хоёр цуврал ном ба буддаг номыг маань хүмүүс их сонирхож байгаа. Мөн Өмнөговь аймгийн алдартай ингэний “Сүүн чихэр” байна. Бид захиалгаар хүргэдэг болохоор сар шинийн бэлгэнд их эрэлттэй байна. Энэ оны төгсгөл гэхэд “Ботгохон” төсөл 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болно.

13006   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.