Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   01 сарын 27, 2019

7 хоногийн тойм: Төгсцогтын "төгс" ялалт + Оскарын "олон" сонголт + Давосын "даруу" цугларалт

Ковер зургийн тайлбар: Давос 2019: Шинэ, үл мэдэгдэх дэлхийд тавтай морил! Эх сурвалж: Axios

онцлох: давосын чуулганы эргэн тойронд

Дэлхийн Эдийн Засгийн Форумын чуулга уулзалт уламжлал ёсоор Швейцарийн Давос хотноо явагдаж өндөрлөлөө. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралын хамгийн нөлөөтэй 3000 эрхэм нэгэн дээвэр дор цугларч, хамгийн тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцэн, ирээдүйн чигээ тодорхойлдог ач холбогдолтой уг уулзалтын энэ жилийн сэдэв нь "Даяарчлал 4.0" байв.

Технологийн үсрэнгүй хөгжил, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нийгмийн амьдралын эд эс бүхэнд хүрч, нөлөөллөө үзүүлэн цоо шинэ нормыг тогтоон, ирээдүй нь үл мэдэгдэх, тодорхойгүй зүйлсээр дүүрэн амьдралыг бүрдүүлж байна. Үүнд дэлхийн улс орнууд, салбар бүр хэрхэн бэлдэж, хэрхэн хамтран ажиллах ёстойг хэлэлцэх нь энэ жилийн гол зорилго байв. Гэвч Д.Трамп, В.Путин, Ш.Жинпин тэргүүтэй лидерүүд хүрэлцэн ирээгүй, бизнес, нийгмийн олон зүтгэлтнүүд эцсийн мөчид оролцохоос татгалзсан зэрэг нь Давосын нөлөө буурч байна уу гэсэн сэтгэгдлийг төрүүлээд амжлаа.

Давосын чуулган явагдаж байх үед Венесуэлд болсон үйл явдалд дэлхийн улс орнууд хурдтай хариу үйлдэл үзүүлж, Бразил, Перу, Колумб, Парагвайн төрийн тэргүүд хамтарсан мэдэгдэл гарган түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны тэргүүд дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайныг хурдан дуусгах ёстойг санууллаа. Талуудын төлөөлөгчид ч эерэг хүлээлт төрүүлсэн мэдэгдлүүдийг хийсэн юм.

Энэ жилийн зочдын анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг активистууд ихэд татлаа. 92 настай Сир Дэвид Аттенборо болон 16 настай Грета Тюнбергийн кампанит ажлууд, хүрээлэн буй орчинтой холбоотой асуудлуудыг хөндсөн нь олны анхааралд ихэд өртөв. Энэ жилийн Давосын хэлэлцүүлгийн даргалагчаар Microsoft-ийн CEO С.Надьяалагаас гадна өөр өөрийн салбартаа "тэсрэлт" хийж буй зургаан залуу ажилласан нь мөн ихэд сонирхолтой дүр зураг байлаа.

Японы ерөнхий сайд Шинзо Абе "Womenomics" буюу 2012 оноос хойш 2 сая гаруй эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд орсон нь улсын эдийн засгийг сэргээсэн гэдгийг онцолсон нь, Ханхүү Уильям сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж, Шинэ Зеландын ерөнхий сайд Я.Ардерн "сайн сайхан байдалд зориулсан" төсвийг баталсан гэдгийг дурдсан нь, ӨАБНУ-ын ерөнхийлөгч С.Рамафоза Африкийн ирээдүйг дэвшилтэт технологи тодорхойлно хэмээн томъёолсон нь хүн төрөлхтний ирээдүйд итгэх итгэлийг бага ч гэсэн сэргээж чадав.

Манай улсаас Засгийн газрыг төлөөлөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар энэ чуулганд оролцжээ. Юутай ч 2019 оны Давосын чуулган "даруухан" болоод өнгөрөв. Танил биш танил, мэдэх үл мэдэх шинэ нийгэм айсуй.

дэлхий дахинд

Венесуэлийн улс төрийн хямрал үргэлжилсээр, Үндэсний ассемблэйн тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлажээ. Ерөнхийлөгч Мадуро болон түүний дэглэмийг эсэргүүцэн жагсаж эсэргүүцлээ илэрхийлж буй олон мянган ард иргэдийнхээ өмнө 35 настай тэрээр "шударга сонгууль явуулж, эрх баригчдын дарангуйллыг зогсооно" хэмээн тангараг өргөсөн юм. Өмнөд Америкийн ихэнх холбоотон улсуудаас гадна АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп түүнийг дэмжиж, албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэв. Одоогийн ерөнхийлөгч Мадуро үүнээс хэдхэн хоногийн өмнө Америкийн дипломатуудыг эх нутгаас нь гарахыг шаардаад байсан юм. Түүний талд цэргийнхэн, зэвсэгт хүчин бат зогсож буй нь олон улсыг эмээхэд хүргэж байгаа билээ.

Vox: Трамп яагаад Венесуэлийн шинэ захиргааг дэмжиж байна вэ?

Европын сансрын агентлаг 2025 оноос эхлэн саран дээр олборлолт хийж эхэлнэ гэдгээ зарлалаа. Тэд ArianaGroup-тэй хамтран сарны гадаргуу дахь реголит буюу буталсан чулууг олборлож, улмаар ус болон хүчилтөрөгчийг гарган авахыг зорих гэнэ. Үүнээс гадна тэд хайгуулын ажилдаа шаардлагатай шатахуун, бусад материалын нөөцийг бий болгох боломжтой хэмээн үзжээ.

Google Ази дахь анхны сэргээгдэх эрчим хүчний төслөө эхлүүллээ. Тэд Тайваны засгийн газартай хамтран 2025 он гэхэд улсын нийт эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төлөвлөгөөнд хувь нэмрээ оруулах гэнэ. Google үүнээс гадна Хойд, Өмнөд Америк, Европ даяар 30 гаруй сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг. Сонирхуулахад, энэ долоо хоногт Google Wikipedia-д 2 сая долларын хандив өргөжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 35 хоногийн турш үргэлжилж түүхэн дээд амжилт тогтоосон засгийн газрын түр зогсолтыг зогсоолоо. Мексикийн хил дагуу хана барих төлөвлөгөөг нь дэмжихгүй бол төсөв батлахгүй хэмээн "гэдийгээд" байсан тэрээр буулт хийж, 2-р сарын 15 хүртэл хэлэлцээрт хүрэх тохироотойгоор гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанд 800 мянган төрийн албан хаагчид цалингүйгээр ажиллаж, чухал ач холбогдолтой олон ажлууд гацаанд орж, хойш тавигдаад байсан билээ.

Facebook өөрсдийн эзэмшдэг Whatsapp, Instagram, Messenger-ийг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэдий эдгээр апп-ууд тусдаа байх нь хэвээрээ ч хоорондоо мэдээлэл солилцох, мессеж илгээх зэргээр илүү нягт ажиллах боломжийг эрэлхийлж байгаа аж. Тэд мессеж апп-ууд нь хоорондоо өрсөлдөх биш, бие биенээ дэмжин датагаа хуваалцаж, илүү үр ашигтай ажиллах боломжтой гэж үзэж байгаа юм. Үүний хүрээнд тэд Instagram-ийн мессежийн нууцлалыг сайжруулах ажлыг эхлүүлжээ.

Wired: Facebook-ийн төлөвлөгөөний аюул

Венесуэлийн ард түмэн ирээдүйнхээ төлөө нэгдэв

технологийн ертөнцийн эргэн тойронд

Facebook хэрэглэгчид ямарваа нэгэн зорилгын төлөө нэгдэн өөрчлөлтийг хүсэх, шаардах боломж олгох "petition" нэмэлтийг танилцууллаа. Коммьюинити үүсгэж, эерэг өөрчлөлтөнд уриалах нь Facebook-ийн гол зорилгуудын нэг хэмээн тэд танилцуулгадаа дурдсан байна. Ташрамд дурдахад, Facebook зөвхөн зураг хадгалахад зориулан тусдаа гаргаж байсан Moments апп-ын хөгжүүлэлтийг зогсоож байгаагаа зарлажээ.

Үндсэн нүүр хуудсаа тэр чигт нь солихоор зэхэж буй Twitter "оригинал жиргээч" нэртэй шинэ нэмэлтээ туршиж байна. Энэ нь олон хүн хариу бичиж, их хандалт авсан жиргээний үргэлжилсэн харилцаанд анх эхлүүлсэн хүнийг тодотгож, "original tweeter" гэсэн бичгээр ялгах боломж олгох гэнэ. Тэд үүнээс гадна харилцан яриаг илүү цэгцтэй болгох зорилготой өнгө өнгөөр ялгасан жиргээг гаргахаар зэхэж байгаа билээ.

Хятадын зах зээлд Alibaba-ийн гол өрсөлдөгч JD.com бараа хүргэх зориулалттай дроны туршилтыг амжилттай хийлээ. Хятадад хэд хэдэн удаа дроноо хөөргөсөн гэгдэх тэд энэ удаад Индонезид, засгийн газрын зөвшөөрөлтэй туршилтыг хийсэн нь энэ. Үүнтэй зэрэгцэн Facebook Airbus-тай хамтран нарны эрчим хүчээр цэнэглэгддэг, интернет түгээх зориулалттай дроны туршилтыг хийж эхэлжээ.

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй оффисийн програм Microsoft Office анх удаа Mac App Store-д байршлаа. Apple-ийн хувьд энэ нь анх удаа багц програм хангамжийг байршуулж байгаа нь энэ бөгөөд хэрэглэгчид Word, Excel, PowerPoint, Outlook, OneNote-ийг багцаар нь 69 доллараар авах боломжтой гэнэ.

Microsoft-ийн эзэмшдэг хайлтын систем Bing Хятадад 2 өдрийн турш блоклогдов. Тус улсын нийт цахим хайлтын 2 хувийг Bing эзэмшдэг бөгөөд албаны эх сурвалжууд яагаад хаасан шалтгааныг мэдэгдээгүй байгаа юм. Үүнээс гадна Microsoft өөрсдийн веб хөтөч Edge-ийн гар утсанд зориулсан шинэ хувилбар нь хуурамч мэдээг ялгах нэмэлттэйгээр гарч байгаа гэдгийг зарлажээ.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг Wall Street Journal-д компанийн зорилго, бизнес моделийг тайлбарласан нийтлэл бичжээ. Тэрээр компани нь хэзээ ч хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зардаггүй бөгөөд бизнесийн байгууллагуудад хэрэглэгчдийн сонирхол, үйлдэлд нийцүүлсэн сурталчилгааг нийлүүлэх боломж олгодог гэдгээ онцолсон байна. Мөн тэрээр тэрбум тэрбум хүн ашиглаж буй үйлчилгээгээ үнэгүй байлгах магадгүй цорын ганц арга нь энэ хэмээн тайлбарлажээ. Facebook ирэх сард 15 нас хүрнэ.

WSJ: Facebook-ийн тухай баримтууд

Boeing жолоочгүй нисдэг машины загвараа анх удаа амжилттай туршлаа. Виржиниагийн Манасас хотноо хийгдсэн уг туршилт минут хүрэлгүй үргэлжилсэн ч асар их потенциал дагуулж буй боломж гэдгээ батлан харууллаа. Уг нисдэг машин бүрэн цахилгаанаар ажиллах бөгөөд нэг цэнэглэлтээр 80 км туулах хүчин чадалтай. 2017 онд Aurora Flight Science-ийг худалдан авснаар энэ зах зээлд хүч түрэн орж ирсэн Boeing 2023 он гэхэд бүрэн хэрэглээнд нэвтэрнэ хэмээн тооцож байна.

Nickeleoden, MTV, Comedy Central-ийг эзэмшигч Viacom интернетэд суурилан телевизийн үйлчилгээ үзүүлэгч Pluto.tv-г 340 сая доллараар худалдан авч байгаагаа зарлалаа. 2013 онд байгуулагдсан, 100 гаруй телевизийг 12 сая хэрэглэгчид хүргэж буй Pluto.tv-г авснаар онлайн орчин дахь байр сууриа бэхжүүлж чадна хэмээн Viacom найдаж байна.

Зүүн өмнөд азийн такси дуудлага, хүргэлтийн зах зээлийн гол тоглогчдын нэг Go-Jek 9,5 тэрбум долларын үнэлгээтэйгээр 2 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт босгож байна. Төлбөр тооцооны системийг төгөлдөржүүлэх, зах зээл тэлэх зорилготой уг санхүүжилтийг өмнөх хөрөнгө оруулагчид болох Google, Tencent, JD.com тэргүүлэн оруулж байгаа аж. Тэд зөвхөн Индонезид 125 сая хэрэглэгчтэй бөгөөд сард 100 сая гүйлгээ хийгддэг аж.

Apple жолоочгүй машины технологи хөгжүүлж байсан Project Titan төслөөс 200 ажилтныг цомхотгож байгаа гэнэ. Нууцын зэрэглэлтэйгээр оршин байсан уг төсөл яагаад ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа ч зарим нь компани дотор өөр нэгжүүд рүү шилжиж байгаа бололтой.

Жолоочгүй, гэхдээ бүр нисдэг таксинд суухад бэлэн үү?

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

91 дэх удаагийн Оскарын наадамд нэр дэвшигчдийн нэр тодорхой боллоо. Энэ жил Netflix-ийн бүтээсэн алдарт найруулагч А.Куароны Roma болон The Favorites кинонууд хамгийн олон буюу 10 төрөлд нэр дэвшив. Б.Күүпер, Лэйди Гагагийн A Star Is Born болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Д.Ченигийн тухай өгүүлэх Vice тус бүр 8 төрөлд өрсөлдөнө. Алтан бөмбөрцгийн од Bohemian Rhapsody шилдэг кино, шилдэг эрэгтэй жүжигчнийг оролцуулан 6 төрөлд нэр дэвшжээ. Disney хамгийн олон буюу 17 төрөлд өрсөлдөх бол Netflix нийт 14 нэр дэвшилт сойж байгаагаараа Universal, Warner Bros, Sony-г давж гарлаа. Энэ жилийн наадам 2-р сарын 24-нд явагдана.

Лондон 2012 олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын карьерынхаа 11 дэх тулаандаа ялалт байгуулснаар IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших боллоо. Брүүклин хотноо 17 мянган үзэгчийн суудалтай Barclays Arena-д тэрээр Доминиканы боксчин К.Маррерог 12 роундын турш илүүрхэж, шүүгчдийн саналаар ялсан нь энэ. Одоогоор нэг ч ялагдал амсаагүй байгаа манай боксчин ингэснээр мэргэжлийн боксын топ холбоодын нэг WBC-ийн аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болж байгаа билээ.

Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиану Роналду татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр 21,6 сая долларын торгууль хүлээлээ. Тэрээр 2009-18 оны хооронд Испанид Реал Мадрид клубт хүчин зүтгэж байх хугацаандаа уг хэргийг үйлдсэн гэдгээ шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн учир 23 сая хоригдох ялаас мултарч дөнгөжээ. 33 настай португал хөлбөмбөгчин жилд 108 сая долларын орлого олдог гэнэ.

Энэ долоо хоног медиа бизнесийнхэнд халгаатай байлаа. Дижитал медиагийн гол төлөөлөгчдийн нэг Buzzfeed зардлаа багасгах үүднээс нийт ажиллах хүчний 15 хувиа буюу 250 хүнийг чөлөөлж байгаагаа мэдэгдэв. Эгнээндээ Yahoo, Techcrunch, Huffington Post-ийг нэгтгэсэн Verizon Media Group ч ижил шалтгаанаар 7 хувиа буюу 800 ажилтныг ажлаас нь халав. Америк даяар тархсан сүлжээгээрээ дамжуулж орон нутгийн мэдээлэл хүргэдэг томоохон агентлаг Gannet ч адилхан шийдвэр гаргаснаа зарлажээ.

Теннисийн энэ оны эхний их дуулга "Австралийн нээлттэй тэмцээн" өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн төрөлд Японы Н.Осака Чехийн П.Квитоваг 7:6, 5:7, 6:4-өөр ялж, 2 дахь их дуулгадаа дараалан түрүүлэв. 21 настай Осака ингэснээр дэлхийн чансааг тэргүүлсэн анхны ази теннисчин боллоо. Эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн Н.Жоковчийг дийлэх тамирчин гарсангүй. Тэрээр финалд гол өрсөлдөгчдийн нэг Р.Надалийг гурван үед л буулган авч, улмаар 7 дахь удаагаа энэ тэмцээнд аваргалж түүхэн амжилт тогтоолоо.

Монгол түмэн зоригт хүүгээрээ ахин нэг бахархаж, уухайн түрлэгээрээ захыг нь мушгив

Алдалгүй унших арван мэдээ

The Atlantic: Starbucks-ийн экс CEO ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
Sam Altman: Хэрхэн амжилтанд хүрэх вэ?
Variety: Glass бокс оффисийг ахин тэргүүлэв
NHK: Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа түрүүлэв
The Verge: The Inventor болон Э.Холмесийн түүхийг эргэн сөхөх нь
Techcrunch: Видео тоглоомын зах зээл 2018 онд 43 тэрбум долларын борлуулалт хийжээ
Deadline: Sundance Film Festival-ийн эргэн тойронд
Engadget: Soundcloud-ийн сүүлийн үүсгэн байгуулагч компаниа орхив
NHL: Бүх оддын тоглолтын эргэн тойронд
CNN: Дэлхийгээс гаралтай 4 тэрбум жилийн настай чулуу сарнаас олджээ

UNREAD WEEKLY-д бүртгүүлж амжсан уу?

Та долоо хоног бүрийн тоймоо имэйлээр авахыг хүсэж байна уу? Бид танд тоймын гол үйл явдлуудыг илүү дэлгэрэнгүй, илүү амттай, илүү өнцөгтэй, илүү баримттай тайлбаруудыг редакцийн онцолж буй сонирхолтой, мэдүүштэй зүйлсийн хамтаар илгээх болно. Яг одоо энд дарж, 10 мянган гишүүнтэй цахим товхимлын гэр бүлд маань нэгдээрэй.

Unread Weekly-ийн өмнөх дугаарууд

Төгсцогтын төгс ялалт + Оскарын олон сонголт + Давосын даруу уулзалт /2019.01.28/
432:202 + 49 сая + 4-р сарын 14 /2019.01.21/
Хамгийн үнэтэй салалт + Хамгийн жигтэй наадам + Хамгийн алдартай жиргээ /2019.01.14/
Сарны "харанхуй" тал + Алсаас илгээсэн зураг + "Алим"-ын гэнэтийн хямрал /2019.01.07/
Шинэ жилийн тусгай дугаар /2018.12.31/

13205   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.