Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 30, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - LendMN ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

Өнөөдрийн зочин маань бидний ярилцлага авах гэж удтал хүлээсэн, Монголын хамгийн амжилттай яваа залуу захирлуудын нэг. Залуучуудад ихээхэн урам зориг өгдөг түүний шинэ албан тушаалыг хараад та бүхэн “Хөөх” гэж бодож байгаа байх. Тэрээр шинэ салбарыг, шинэ компанийг сонгон яг өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна. Бид ч энэ мэдээг онцгой эрхтэйгээр хамгийн түрүүнд дуулгаж байгаадаа баяртай байна.

Зочин маань төмөр замын 20-р сургууль, ОХУ-ын Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургуулийг тус тус дүүргэж, ХасБанкнаас ажлын гараагаа эхэлсэн юм. ХасБанкинд 3 жил ажиллаад Харилцааны төвийн захирал болон дэвшиж, түүнээс хойш Моннис, Сүү ХК зэрэг Монголын томоохон компаниудад гүйцэтгэх удирдлагаар ажиллажээ. Сүү ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа компаниа үлгэр жишээ хувьцаат компани болгохын сацуу монголчуудын амин чухал хэрэглээ болох сүүний салбарыг хувьсган өөрчилж, 100 хувь дотоодын, бүтээгдэхүүний асар олон сонголттой зах зээл болгосон гавьяатай нэгэн.

Харин одоо тэр монголчуудын амьдралын хэв маягийг дорвитой өөрчилж буй, мөн монгол хүний оюуны чадамжийг дэлхийд харуулах найдвар болоод буй финтек салбарыг, тэр дундаа энэ салбарт магнайлан яваа LendMN компанийг сонгожээ. Тийм ээ, тэр бол бармен, FM-ийн хөтлөгч, загвар өмсөгчөөр ажиллаж асан, "Global CEO" реалити шоуны шилдгүүдийн нэгээр тодорч явсан, ердөө 30 насандаа олон жилийн түүхт Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал болж байсан Б.Гантулга юм. Тэр ингэж ажилладаг.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлж буй ажил, албан тушаал: LendMN ХК-ийн гүйцэтгэх захирал, Дуулиан 2020 ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, Монголын Туялзуур Сэлэмний Холбооны дэд ерөнхийлөгч, Ард Даатгалын ТУЗ-ийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S9
Хэрэглэдэг компьютер: HP Spectre X360
Сошиал хуудсууд: Gantulga Bulgan (Фэйсбүүк, Твиттер, ЛинкэдИн)

ЮУНЫ ӨМНӨ ТАНЫ ШИНЭ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ! 

Баярлалаа.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би шийдвэр хурдан гаргаж, гүйцэтгэлээ яаралгүй чанартай хийхэд анхаардаг онцлогтой. Удирдлагын арга барил гэвэл ажилтнуудад бие дааж шийдвэр гаргах боломжийг олгох нь чухал гэж боддог. Анхны ажил дээрээ би өөрөө тийм боломжтой байсан учраас хурдтай өсөж хөгжсөн болов уу гэж боддог юм. Гаднаас харахад бол зөөлөн шинжийн лидер гэж хүмүүс боддог шиг байгаа юм. Яг шийдвэр гаргахдаа бол хатуу, хурц байх үе олон. Зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу. Зарим ажлууд дээр өөрийн харсан өнцгийг бүрэн зөв гаргахын тулд гүйцэтгэл дээр гүнзгий орох сонирхолтой байдаг.

Мөн тогтвортой байдлыг их чухалчилж, ажлын арга барил, амьдралын дадал хэвшилдээ шингээсэн байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Имэйлээ харилцаагаа Outlook-ээр явуулдаг. Мэдээж оффисийн програмууд дээр ажиллана. Нэлээн дээр үед бол CoralDraw, Photoshop-оор юу хүсээд байгаагаа зураглаад гаргачихдаг байсан, одоо ч ажиллахаа больж дээ.

Viber, Telegram тэргүүтэй чат апп-ууд, такси дуудах хэд хэдэн апп, LendMN, ХасБанкны апп, цахим хэтэвчүүд, What3words, TEDx зэрэг апп-уудыг ашигладаг юм байна. Agоdа, Airbnb, Skyscanner тэргүүтэй аяллын, 7 Minute Workout, Homeworkout зэрэг фитнессийн апп-уудыг мөн дурдаж болно. Shazam, Tik Tok, Meme Generator гэх мэт хөгжөөнтэй апп-уудад ч дуртай. Сошиал ертөнцөд вайрил болсон хэд хэдэн меме хийж байсан (инээв).

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж төлөвлөгөөтэй ажиллаж байж цаг хэмнэнэ. Үүнээс гадна миний баримталдаг нэг арга бол тархиа чөлөөтэй байлгах явдал. Маш их мэдээлэл дунд ажилладаг ч өөрт хэрэг болохыгоо бичиж тэмдэглэн, дараа хурдан эргэж санах боломжтой болгоод, бусдыг нь орхин тархиа чөлөөлөөд явчихдаг. Ингэснээр хийх ёстой зүйлсдээ төвлөрөх боломж бүрддэг. Би ер нь нэг төвлөрвөл гүнзгий төвлөрдөг. Хүмүүс уулзахаар орж ирэхэд төвлөрч байсан зүйлээсээ гарах гэж нэлээн удах нь бий.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Жагсаалтаа гар утсаар хөтлөх, цахимаар хөтлөх, гараар хөтлөх гээд төрөл бүрийн л аргуудыг туршиж үзсэн. Гараараа бичих дуртай болохоор дэвтэр дээрээ бичдэг арга л шалгарч үлдсэн дээ. Би хийх ажлын жагсаалт төдийгүй хийсэн ажлын жагсаалтаа хөтөлдөг. Энэ нь ямар зүйлсийг хийж бүтээж вэ гэдгээ, ахицтай яваа юу гэдгээ харахад тустай байдаг л даа. Ажилтан мэргэжилтнүүдийг үнэлэх бэлэн систем байдаг бол өдөр тутмын ажил дээр гүйцэтгэх захирал хүн өөрөө өөрийгөө л үнэлэх ёстой байдаг. Чи ийм байна, тийм байна гэж хэлэх хүн байхгүй. Мэдээж ТУЗ нь гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийг ярих боловч давтамж нь бага байдгаас гадна болохгүй байгаа зүйлсийг илүү авч үзэх хандлагатай байдаг.

Тийм учраас тэмдэглэл сайн үйлдэж, түүнээсээ урагш ахиж яваагаа хардаг. Надад хоёр дэвтэр байдаг юм. Нэг дээр нь уулзалтын тэмдэглэл, санасан бодсон зүйлсээ дэлгэрэнгүй бичээд, дараа хэрэг болох, чухал гэсэн зүйлсийг шүүн нөгөө дэвтэртээ хуулдаг юм. Хурал дээр 3-4 хуудас юм тэмдэглээд, түүнийгээ нөгөө дэвтэртээ нэг хуудас болгон оруулах жишээтэй. Ингэж хуулах үедээ тухайн тэмдэглэлээ нягталж, бодож цэгнэх боломж бүрддэг. Өмнө ажиллаж байсан Сүү ХК дээр л гэхэд хийсэн тэмдэглэл маань 2 нимгэн дэвтэрт багтдаг. Санахыг хүссэн мэдээллээ амархаан гаргаад ирнэ шүү.

Уулзалт мэтийн цаг нартай ажлуудыг бол туслах маань хариуцаж, тархийг маань чөлөөлөөд явчихдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хурдтай мөртлөө оновчтой шийдвэр гаргах чадвар болов уу. Бусад хүмүүс ч энэ тал дээр намайг илүү үнэлдэг. Мэдээж хурдан шийдвэр гаргахын тулд нөхцөлөө бүрдүүлсэн байх ёстой. Хэрэгтэй мэдээллүүдийг авч, олон талаас нь бодож харьцуулж, бас ургуулан төсөөлөх хэрэгтэй.

Ажлын бус зүйл гэвэл спортод гайгүй дөртэй. Хөлбөмбөг, туялзуур сэлэм, гольф гээд оролддог спорт хэд хэд бий. Нэг хэсэг шатар бас их сонирхож тоглосон. Цэгцтэй бодож сэтгэх, урьдаас төлөвлөж сурахад их хэрэгтэй спорт. Гэхдээ бүр тамирчин болохгүй бол тодорхой түвшинд хүрээд авах зүйлсээ авчихад болох юм шиг санагдсан.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сайн удирдагч, сайн гүйцэтгэх захирал байна гэдэг бол зөвхөн нэг компанийн үйл ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй тухайн салбараа сайжруулдаг гэсэн үг байдаг. Миний хувьд Сүү ХК-д ажиллахдаа зөвхөн компанид ашигтай шийдвэр гаргахаас илүүтэй томоор харахыг хичээдэг байсан. Намайг ажлаа авахад сүүний зах зээл олон жижиг тоглогчтой, нэлээд хувь нь импортынх байсан бол одоо гурван ч том тоглогчтой, 100 хувь дотоодын зах зээл болсон. Зах зээл томорч, салбар маань тэр чигтээ өөрчлөгдсөн. Эцсийн дүнд хэрэглэгч хожсон. Тэгэхээр гүйцэтгэх захирлын ажил гэдэг сайн хийж чадвал маш том өөрчлөлт, нөлөөллийг хийж болдог алба юм.

Нөгөө талаас сул тал нь нэлээн ганцаардмал ажил шүү. Хамт ажиллагсад чинь чамайг захирал гэж харах тул тодорхой хэмжээнд зай барина. Миний хувьд очсон газартаа спортоор дамжуулан энэ зайг тодорхой хэмжээнд ойртуулдаг арга барилтай. ТУЗ бол үүрэг даалгавар гүйцэлдүүлэх ёстой хүн гэж харна. Тэгэхээр өөрөө өөрийгөө сайн залж, өөрийгөө хурцалж урамшуулж явах ёстой ажил байдаг.

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТА СҮҮ ХК-Д ЯМАР АЖЛУУДЫГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭВ?

Сүү ХК-ийг удирдах явцдаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олноор нэвтрүүлэхийн сацуу санхүүгийн үр ашигтай ажиллагаанд их анхаарч ажилласан. 2014 оны 1-р сард намайг дөнгөж ажлаа авахад компани 28 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байлаа. Ороод хоёр долоо хоноод байж байтал Хөрөнгийн Биржээс танай компани Топ 20 индексээс хасагдлаа гэсэн бичиг ирдэг юм байна. Ингээд ер нь л хөрөнгийн бирж рүү чиглэсэн дорвитой ажлуудыг хийхээр яаравчилсан. Тухайн үед компани Олон Улсын Санхүүгийн Корпорациас авсан зээлийн 3 сая долларын үлдэгдэлтэй, холбоотой байгууллагуудаас 10 тэрбум төгрөгийн авлагатай байв. Тэрхүү зээлэнд манай бүх хувьцаа, үл хөдлөх хөрөнгүүд барьцаалагдсан байсан. Дээр нь долларын ханшийн өсөлт их. Нэмж зээл авах боломж хомс, товчхондоо нөхцөл байдал хүнд байсан.

Ингээд хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хувьцаа эзэмшигчдээ нэмэгдүүлэхийн тулд тэрхүү зээлийг хурдан төлж, хувьцаа, үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаанаас суллах хэлцлүүдийг хийж эхэлсэн. Улмаар бид "Сүү" бондыг босгон зээлээ төлж, барьцаа хөрөнгүүдээ суллаж авсан юм. Тэдгээрийгээ эргэн барьцаалж, зээл аваад байсан 4 банкны өрийг барагдуулан нэг л банкинд зээлтэй болж, тэндээ санхүүгийн бүх гүйлгээ, үйлчилгээгээ төвлөрүүлэн санхүүгийн байдлаа сайн цэгцэлж чадсан. Мөн тун хөнгөлөлттэй нөхцөлөөр гадаадын банкуудаас зээл авах материал бүрдүүлэн өгсөн нь намайг гарсны хойно шийдэгдээд явж байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Сүү ХК жилийн 70 тэрбумын борлуулалт хийж, зах зээлийн үнэлгээ нь 90 орчим тэрбум болсон. Одоо хувьцаа нь хамгийн идэвхтэй арилжаалагддаг 10 хувьцааны нэг болсон байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Миний хувьд карьераа 5 жилээр төлөвлөж ирсэн юм. Зарим нэг арга хэмжээн дээр ч энэ талаараа ярьж байв. ХасБанкинд 5 жил ажилласан, дараа нь Моннис, хувийн гадаад худалдааны компанид 5 жилийн мөчлөгтэйгөөр карьерын алхмуудаа хийж ирсэн байдаг. Ингээд өнгөрсөн онд Сүү ХК-тай байгуулсан 5 жилийн гэрээ маань дуусаж, гадагшаа сургуульд явах төлөвлөгөөтэйгөөр ажлаа орхисон юм. Гэхдээ хүмүүстэй уулзаад санал бодлоо солилцоод ирэх үед төлөвлөгөө өөрчлөгдөж, үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн.

Энэ хооронд гүйцэтгэх захирлаар урьсан саналууд нэлээд ирсэн. Нийт 11 компанитай уулзсан байна. Сүлжээ дэлгүүр, хүнсний ногоо, мах, шингэн хүнс гэх мэт олон салбарын компаниудтай уулзлаа. Өндөр чадамжтай, хийх өөрчлөлт ихтэй сонирхолтой салбарууд цөөнгүй байв. Жишээ нь махны салбар байна. Мах, сүү хоёр бол монголчуудын өдөр бүр шинээр нь хэрэглэхийг хүсдэг үндсэн хэрэглээ. Одоогийн шинэ махны зах зээлийн нөхцөл байдал ямар байгааг хэн хүнгүй л мэднэ. Хийх юм асар их, тэр хэрээр бизнесийн боломж, орон зай ч ихтэй салбар.

Гэхдээ эцсийн дүнд LendMN-ийг сонгосон. LendMN-ийн одоо хүртэл хийж ирсэн зүйлсийг харахад сэтгэл хөдлөм. Гадаад дотоодод төгссөн шилдэг залуу мэргэжилтнүүдийн баг бүрдэж ойрын 5 жилийн хугацаанд хамгийн их буцлах, хамгийн хүчтэй өрсөлдөөн явагдах салбарт эрч хүчтэй ажиллаж, хурдтай өсөж байна. Одоо байгаа хууль тогтоомжоор харахад LendMN нь банк бус санхүүгийн байгууллага боловч ирээдүйд цар хүрээ нь улам өргөжиж, гар утасны апп-аараа дамжуулан бүх л төрлийн үйлчилгээг үзүүлдэг болгох юм. Орчин цагийн хамгийн дэвшилтэт технологиуд дээр суурилан далайцтай өөрчлөлтүүдийг хийж чадах, нийгэмд хэрэгцээтэй олон үйлчилгээг нэвтрүүлж болох энэ салбарт хувь нэмрээ оруулж, давхар өөрийгөө сорихыг хүсэж LendMN-ийг сонгосон. Өнөөдөр компанийн ТУЗ-өөс намайг томилох шийдвэрийг албан ёсоор баталлаа.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ли Куан Югийн "Сингапурын хөгжлийн нууц" номыг саяхан уншсан. Одоо "Элон Маск"-ийг эхлүүлэх санаатай байна. Би уншихдаа нэг бүрчлэн биш, параграфаар нь уншдаг барилтай. Ерөнхийдөө параграфын эхний өгүүлбэрүүдийг голлон хараад явчихад дараагийн зүйлс тодорхой болоод, амархан уншигдаад явчихдаг.

Жорж Фридманы "Дараагийн 100 жил" гэдэг ном их сэтгэгдэл төрүүлж байв. Түүх давтагддаг гэдэг санааг бодит жишээнүүдээр харуулсан энэ номыг уншаад харах өнцөг маань тэлсэн шүү.

Формула 1-ийг бүтээгч Берни Экклестоны амьдралыг түүхийг өгүүлсэн "No Angel" гэдэг ном бас үнэхээр сэтгэлд хоногшсон. Ялангуяа тэр хүний шийдвэр гаргалтууд нь үнэхээр гоц, "зэвүүн". Формула 1 чинь бидний боддог шиг зүгээр нэг уралдаан биш юм билээ. Хамгийн гол нь баячууд, алдартнуудыг уулзуулах цэг. Тэр цэгт байхын тулд дэлхийн олон бизнесмэн, урлагийн одод мөнгө төлдөг. Харин Берни уралдаанууд дээрээ хэн гэдэг алдартнуудыг урихаа өөрөө шийддэг гэж байгаа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Бүх төрлийн хөгжим сонсдог. Одоогийн залуучууд юу сонсож байгааг, ямар хөгжим хит болж буйг мэдэх хүсэлтэй байдаг. Хүүхдүүд, өсвөр насныхан юунд дурлаж шохоорхож байгааг сайн анзаарч байвал магад 10 жилийн дараа жинхэнэ хэрэглэгч болох тэднийг сайн ойлгож чадна. Ядаж л юу үзэж сонсож өссөнийг нь мэдэж байвал хоорондоо ярих маазраа, хошигнолыг нь ойлгох байх (инээв).

90-ээд оны Oasis, Nirvana, The Cardigans гэх мэт алтернатив рок хамтлагууд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн байдаг. Хөгжим сонсохдоо чихэвч зүүж сонсохыг илүүд үздэг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Угтаа бол интроверт хүн гэж боддог. Хүмүүстэй харилцах чадвараа л нэлээн сайн хөгжүүлчихсэн байх. Оюутан байхдаа хийж байсан FM-ийн хөтлөгч, загвар өмсөгч, DJ гэх мэт янз бүрийн ажлууд намайг энэ тал дээр сайн хөгжүүлсэн болов уу. Тухайн үеийн загварын бараг л ганц шоу "Гоёл" наадамд жилдээ нэг шалгуулаад алхчихдаг, FM-ээр орос дууны цаг хөтөлж, түүндээ дулдуйдан оросуудад зориулан долоо хоногтоо нэг удаа диско зохион байгуулж, DJ хийдэг байсан хэрэг л дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өдөртөө заавал 8 цаг унтахыг хичээдэг. Сүүлийн үед дунджаар 22 цаг гэж орондоо ороод өглөө 6 цагт босож байх шиг байна. Хүн чинь 100, 200 метрийн богино зайд биш амьдрал гэх урт марафонд гүйж байгаа учраас эрүүл байх нь чухал. Эрүүл байхын тулд нойр, хоолондоо сайн анхаардаг юм. Зарим хүмүүс хувцас материал дээр хөрөнгө зарчихаад хоолон дээрээ хэмнэх гээд байгааг сайн ойлгодоггүй л юм. Хүний хамгийн том үнэт зүйл бол эрүүл чийрэг бие шүү дээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Цагийн ажлаа цагт нь хийгээд гэр бүлдээ аль болох их цаг зарцуулахыг боддог. Өдөртөө нэг хүүхдэдээ ядаж нэг цаг гаргах гэж хичээдэг болохоор орой хоёр цагийг тэдэндээ зориулдаг. Ер нь олон хүүхэдтэй болно гэхээсээ цөөн ч бай хүүхдүүдээ зөв өсгөж хүмүүжүүлэх нь зүйтэй гэж боддог юм.

За мэдээж спортын холбоодын ажил болон спортоор хичээллэхэд цагаа зориулна. Хөлбөмбөг бол багийн тоглолтыг хүүхдүүдэд суулгадаг, хожиж хожигдоод, бусадтай харилцаад явсны дүнд EQ-г сайжруулдаг болохоор их дэмжиж, улам сайн түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор Дуулиан 2020-ын ажлаа явуулдаг. Туялзуур сэлэм бол олимпийн анхны үндсэн 4 төрлийн нэг, нэг ч олимпод тасраагүй том спорт. Биеийн бүх үндсэн булчинг хөгжүүлдэг, бие болоод толгойгоороо тоглодог, гоо сайхандаа гаргах золиос багатай гэх мэт давуу тал ихтэй.

Компьютер тоглоом ч хааяа тоглоно. 2013 онд World of Tanks гэх одооны PubG шиг Гиннесийн номонд орж шуугиулж байсан тоглоомоор санаандгүй, огт танихгүй залуугийн урилгаар тэмцээнд ороод, багаараа Монгол улсын E-спортын аварга болчихсон тохиолдол бий (инээв).

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хамт олон, хийсэн бүтээсэн зүйлсээсээ их урам зориг, эрч хүч авдаг шүү. Ялангуяа ажилтнуудын маань амьдрал өөрчлөгдөн дэгжиж буйг харах мэдрэмж үнэхээр сайхан байдаг.

Хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцох дуртай. Их яриад байгаа юм шиг харагддаг ч би сайн сонсогч хүн. Анзаараад байхад сүүлийн үед өөрөөсөө залуу хүмүүстэй уулзах сонирхол ихтэй болсон байна лээ. Бодож сэтгэж байгаа байдал, ажлын арга барил зэрэг нь үнэхээр өөр, үлгэр жишээ байдаг юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Амьдралын зарчим гэвэл эмээгийн минь надад хоногшуулсан "Санаа зөв бол заяа зөв" гэх сургаал. Тухайн үед ХасБанк яг ийм уриатай байсан нь тэнд ажилд ороход түлхэц болсон гэж боддог. Зөв санаа бодол гэдэг зөв үр дүнг авчирдаг гэдэгт бат итгэдэг.

Ажил карьерийн тал дээр саяхан авсан зөвлөгөөгөө энд хуваалцвал залууст сонирхолтой байх болов уу. Түрүүнд би дурдсан даа, өнгөрсөн жил гадаад суралцах санаатай байсан гэж. Ингээд найз нөхөд, менторууд, таньдаг захирлууд гэх мэт олон хүнтэй уулзаж ярилцсан. Тэдний дуу нэгтэй хэлж байсан зөвлөгөө гэвэл: Гадаадад төгссөн залуучууд маш олон байгаа энэ үед чиний давуу тал бол яг дотоодын зах зээл дээрээ чанагдсан байдал, арвин туршлага. Хоёр жил сурах хооронд бусад залуучууд байр сууриа олно, чиний давуу чанар багасаж ирнэ. Тэгж цаг алдахын хэрэг байна уу ... гэсэн санаа байв.

Ажлын гараагаа эхлээд удаагүй байх үед буюу ХасБанкинд ажиллаж байх үедээ би Ж.Ф.Кеннедигийн нэрэмжит их сургуулиас 70 хувийн тэтгэлэг авсан юм л даа. Тэгээд Ганхуяг захирал дээр орж уулзаад, үлдсэн 30 хувийг нь банкнаас гаргаад өгөөч, сурч ирчихээд банкиндаа тогтвортой сайн ажиллая гэж хүсэж байв. Тэгэхэд захирал маань сургуулиа төгсөөд дөнгөж нэг жил болчихоод ахиж сурвал хэзээ ажил хийх вэ, нэг жилийн хугацаанд юу сурахаа бүрэн ойлгож мэдэж чадсан гэж үү, сурлаа гэхэд чанартай мэдлэг олж авах уу хэмээн асууж, нэлээд удаан ярилцсан. Улмаар би сурахаа хойшлуулж, сурах байсан хоёр жилээ картын төв дээр ажиллан захирал болж дэвшиж байлаа.

Эдгээр түүхүүдээр хэлэх гэсэн санаа бол: Хэзээ сурах, хэзээ ажиллахаа сайн төлөвлөж байж шийдээрэй. Мэдээж суралцах хэрэгтэй, гэхдээ ажлын туршлага чухал. Хаана юу сурахдаа гол биш, ажлын талбар дээр өөрийгөө харуулж, хийж бүтээх нь чухал шүү. Ид өндөр бүтээмжтэй байдаг насан дээр сураад л байдаг залуучууд бас их байна. Тэгтэл бидэнд хийх зүйл маш их, боломж үргэлж нээлттэй байна. Бодогдоод байдаг нэг зүйлээ жишээ болгон хуваалцахад, Монгол улсад нийт хэрэглэгчдийн 60 хувь нь 35-аас доош насныхан байгаа энэ үед залуучууд худалдаа, үйлчилгээний бизнес хийвэл ихээхэн амжилт олно гэж боддог. Том бизнестэй болсон 45 наснаас дээш үеийнхэн маань өнөөдрийн залуу хэрэглэгчдийг ойлгох, мэдрэх тал дээрээ тун сул байгаа нь ажиглагдсан.

Мөн цаашдаа хувийн карьер төлөвлөлтөө 5 биш 10 жилээр төлөвлөж ажиллах нь зүйтэй юм байна гэж бодох болсон. Гүйцэтгэх захирлын хэмжээнд 5 жил гэдэг яг тухайн салбартаа санасан бодсоноо бүрэн хэрэгжүүлэхэд бас хангалттай хугацаа биш юм билээ. Аливаа салбарт ороход хуучин нөхцөл байдлыг нь засах, тогтворжуулах ёстой болдог, бодоогүй төлөвлөөгүй олон ажил гарч ирдэг. Тэгэхээр одоо энэ салбартаа урт хугацаанд тогтвортой ажиллах зорилготой байгаа.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Тасралтгүй суралцаарай гэж л хэлнэ дээ. Балчир хүүхдүүдийн юм хурдан сурах чадварыг зарим хүмүүс тархины ажиллагаатай нь холбодог. Үнэндээ биднээс гол ялгарч байгаа зүйл нь багачууд маш сониуч байдаг. Яагаад, яагаад гэж байнга асуудаг. Харин насанд хүрэгчид ингэж асуухаасаа санаа зовдог болчихдог. Миний хувьд мэдэхгүй зүйлээ санаа зовохгүй асуухыг хичээдэг юм. Яагаад гэж сайтар лавлан асууж, суралцагч байхыг боддог. Ийм сониуч, суралцъя гэсэн сэтгэлгээтэй болоод ирэхээр тархины ажиллагаа ч түүнтэйгээ уялдаад, улам дэмжээд явчихдаг юм билээ.

Бас нэг зүйл. Зарим залуус нэг хийсэн ажил, гаргасан амжилт дээрээ гацчихдаг, түүндээ хоргодоод байдаг талтай. Ер нь нэг ажлаа насан туршдаа хийдэг, эхлүүлсэн зүйлдээ үнэнч байдаг хандлага дорнын соёлд бий. Үүний сөрөг тал нь хүн цаашаа өсөж хөгжих, өөрийн хязгаарыг тэлэх боломж хомс болдог явдал. Миний хувьд өмнөх компанидаа хоргодохоор хэмжээнд амжилттай сайн ажиллаж, 5 жилийн хугацаанд сүүний салбарт томоохон өөрчлөлтүүдийг хийж чадсан. Хийж гүйцээх зүйлс ч цөөнгүй үлдээд байсан тул үлдье гэвэл амархан байлаа. Гэвч залуу дээрээ тухлаг орчноосоо гарч, өөрийгөө улам их сорихыг хүссэн. Шинэ ажилд орно, шинэ салбарт шилжинэ гэдэг амар биш. Айдас, эргэлзээ бол байнга л байж байдаг. Гэвч тэр бүхнийг давж байж л хүн өөрийн хязгаарыг тэлдэг шүү дээ.

Түүнчлэн, өөрийгөө ахиулъя, хөгжүүлье гэвэл компанийнхаа, байгууллагынхаа хамгийн чухал, хамгийн том боломжид хөтлөх, хамгийн ихийг сургах ажлыг "амлан" авч байгаарай. Хэний ч хийж чадах зүйлийг давтаж хийгээд хүн хөгжихгүй шүү дээ. Өөрийн туршлагаас харахад, тийм ажлыг бариад авбал өөрөө маш ихийг сурдаг, бас дараа дараагийн боломжийг бусдаас түрүүлэн шүүрч чаддаг юм билээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Никель Ганбаа гэгддэг Дашкаг санал болгоё. Би өөрөө танихгүй л дээ. Гэхдээ үнэхээр мундаг энтрепренер шиг санагддаг юм. Дугуй үйлдвэрлэл, дугуйн түрээс гэх цоо шинэ үйлчилгээг зоригтой нэвтрүүлж, цоо шинэ соёлыг хотод бий болгож байна. Ажил амьдралынх нь түүх ч сонирхолтой гэдэгт итгэлтэй байна.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Д.Ганзул

Хандалт / Сэтгэгдэл:

153531   23

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.