Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   01 сарын 21, 2019

Онцлох бизнес: Мойл брэнд - Арьс арчилгааны органик цогц бүтээгдэхүүн

Шинэ, эрэлттэй бизнесүүдийг онцолдог энэ булангийнхаа ээлжит дугаараар биеийн арчилгааны органик  "Мойл" брэндийг танилцуулж байна. Хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхийг зорин ажилладаг "Мойл" брэндийн дэлгүүрээр зочлоход бүтээгдэхүүн бүрийн гэрчилгээ хананд өлгөөтэй байсан юм. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаагаа 3 жилийн өмнөөс боловсруулж, өдгөө 54 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргээд буй "Мойл"-ынхон бүтээгдэхүүн бүрээ гар аргаар хийдгээс гадна нэг бүрд нь олон улсын чанарын гэрчилгээ авчээ. Ингээд Мойл брэндийн гүйцэтгэх захирал Б.Батчимэгтэй ярилцсанаа хүргэе. 

Брэндийн нэр: “Мойл” брэнд
Хаяг: Улсын их дэлгүүрийн баруун талд, Мойл нэрийн дэлгүүр
Чиглэл: Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ
Хэзээ байгуулагдсан: 2018 оны 6-р сар
Үүсгэн байгуулагч: Монос Групп
Сошиал хуудсууд: Facebook, Instagram, Twitter

Монос группийн зүгээс ЯАГААД Органик бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр болсон бэ?

Хэрэглэгчдийн дунд органик гоо сайхны бүтээгдэхүүн гэлтгүй органик хүнсийг түлхүү хэрэглэхийг эрмэлзэн өөрсдөө судалж, худалдан авах хандлага нэмэгдсээр байна. Монос группийн хувьд дэлхийн чиг хандлагын дагуу, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ёстой юм байна хэмээн 2015 онд санаагаа олсон юм. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд Монос дээд сургууль, манай эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны багууд хамтран органик түүхий эдүүд дээр судалгаа хийж, нийт 54 нэр төрлийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны зургаадугаар сард зах зээлд нийлүүлсэн.

Яагаад брЭндээ  “Мойл”  гэж нэрлэсэн юм бэ? 

“Монос” группийн нэр болох монос нь модны нэр. Монос модноос мойл жимс ургадаг болохоор группийнхээ 28 жилийн ойгоор брэндийнхээ нээлтийг хийж, ийнхүү нэрийдсэн юм. Мөн нэрийн дэлгүүрээ өнгөрсөн онд нээж, органик байдлыг илтгэх өвс, мод зэргийг түлхүү хэрэглэж байгаа.

Хамтран ажилладаг байгууллагуудаа хэрхэн сонгодог вэ?

Бид маш олон хувь хүн, жижиг, дунд бизнес эрхлэгчид, албан байгууллагуудтай хамтарч ажилладаг. Жишээлбэл, зөгийн аж ахуй эрхэлдэг ажилчид, Увс нуураас давс олборлодог хувь хүмүүс, модон тавилга, сав баглаа боодол хийдэг албан байгууллагууд гэх зэрэг олон хамтрагчид бий. Тухайн хүмүүсийн хийж байгаа бүтээгдэхүүн, урлал “Мойл” брэндийн сав баглаа боодолд хүртэл шингэдэг болохоор бусад бизнес эрхлэгчдийг дэмжсэн бизнес гэж ойлгож болно.

Танай бүтээгдэхүүний онцлог, давуу талууд?

Манай бүтээгдэхүүн тус бүр органик гэрчилгээгээр баталгаажсан төдийгүй олон улсын ISO стандартыг хангасан гэдгээрээ онцлог. Тэгэхээр худалдан авагч нар маань чанарт суурилсан бүтээгдэхүүнийг санаа зоволтгүй худалдан авах боломжтой гэсэн үг л дээ.

Бүтээгдэхүүнүүд дээрээ анхаардаг гол зүйл маань түүхий эд. Түүхий эдээс гадна үйлдвэрлэх явц, сав баглаа боодол гээд бүх зүйлсийг органик байлгахад анхаардаг. Бидний одоо ашиглаж байгаа сав баглаа боодлын 40 орчим хувийг хулсан материалаар хийдэг. Хулс өөрөө маш хурдан ургаж, эргээд хурдан хог хаягдал болдог болохоор халуун орнуудад жинхэнэ асуудал болдог юм билээ. Манай компанийн хувьд дэлхийд томоохон хог хаягдал болоод буй хулсаар сам, сойз зэрэг биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүний үйлдэл, үйлчилгээг нэмэгдүүлдэг туслах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний сав баглаа боодлыг хулсаар шийдээд өгөхөөр байгальд ээлтэй сав баглаа боодолтой органик бүтээгдэхүүн болж байгаа юм.

“Мойл” брэндийн бүх бүтээгдэхүүнийг гараар үйлдвэрлэдэг. Ажилчдынхаа эрүүл мэндэд анхаараад дуу чимээ ихтэй техник, цахилгаан хэрэгсэл хэрэглэхээс татгалзсан байгаа. Бүтээгдэхүүн бүр хэрэглэгчдэд өөр өөрийн гэсэн онцлог, чанарыг үзүүлэх хэрэгтэй.

Жишээлбэл, Ванны бөмбөлөг нь жирэмсэн болон ажлын ачаалал ихтэй үеийн арьсны ядаргааг тайлж, цусны эргэлтыг сайжруулдаг бол сүүтэй ванны спаны найрлагад буй калци ихтэй сүү, хөөс, жамц давс зэрэг нь эрдсийг нөхөн төлжүүлж, арьсны давхарга дахь калцийг нөхөх үйлчилгээтэй байдаг. Ванндаа хэвтээд алжаалаа тайлж, биеэ амраагаад, эфирийн тосоо үнэртээд сайхан амрах боломжтой. Ялангуяа ванны арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр арьс сайхан гуужаад, цэвэрлэгдээд, эрүүлждэг. Арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхдээ хүүхэдтэйгээ хамт усанд орсон ч болно.

Танай ойрын болон хэтийн зорилго?

Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нутагшуулах, чанартай бүтээгдэхүүн хүргэх гол зорилгын дор манай хамт олон ажиллаж байна.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

“Мойл” брэндийн хувьд түүхий эд гэлтгүй сав баглаа боодол, хаяг, шошго гээд бүх л зүйлийг байгальд ээлтэй байлгана гэсэн зарчмыг баримталдаг. Харин манай үнэ цэнийг бүтээж буй хамгийн үнэтэй зүйл бол манай ажилтнууд. Тэд зах зээл дээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн бүрийг гар аргаар үйлдвэрлэж, тохирсон загвар, сав баглаа боодолтой болгон, бусад хөгжүүлэлтийг хийдэг юм.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?

Өнгөрсөн жил 54 нэр төрлийн биеийн арьс арчилгааны органик бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн. Энэ жил нүүр арчилгаа болон арьсны олон төрлийн өвчлөл, харшилтай хүүхдэд зориулсан биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд дээр түлхүү төвлөрч ажиллаж байна. Хоёр болон гуравдугаар сард хүүхдийн бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч, 6-7 дугаар сард нүүр арчилгааны бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах болно. Мөн удахгүй сар шинийн баярыг угтсан төрөл бүрийн багцуудыг энэ сардаа гарган чанарын баталгаатай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ бэлэг барихаар ажиллаж байна.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг давуу тал, хэцүү бэрхшээлтэй тал?

Ерөнийдөө хэцүү зүйлс харьцангуй бага. Бид нар чанарт суурилсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорин ажиллаж байгаа. Үүндээ хүрэхийн тулд энэ компани дотор ажиллаж байгаа хүн бүр мэрийж байна. Хүн бүр итгэлийг маань алдахгүй сайн ажилладаг болохоор тулгараад байгаа асуудал бага шүү.

Танай хамгийн борлуулалттай буюу хэрэглэгчдийн таашаалд хамгийн НИЙЦСЭН бүтээгдэхүүн?

Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн бол кофетой гуужуулагч. Дотроо коконат цэвэршүүлсэн тосыг их хэмжээгээр агуулсан болохоор дараа нь дахин тос түрхэх шаардлагагүй байдаг. Арьсны хуурайшилт, төрсний дараах язралт, зарим тохиолдолд таргалалттай бүсгүйчүүдэд маш сайнаар нөлөөлдөг болохоор ээжүүд, хуурай арьстай бүсгүйчүүд түлхүү худалдан авдаг.

20311   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.