Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 18, 2019

Гэрэл зургийн цомог: Куба улсаар аялсан тэмдэглэл

Дэлхийн хамгийн өвөрмөц орнуудын нэг болох социалист Куба улсад хуучин оныг үдэн шинэ оныг угтан авах, тус улсын хойд эргийн нутгаар аялан кубачуудын аж амьдрал, соёлтой танилцах, өнгөрсөн рүү аялаад ирэх завшаан надад олдсон юм. Улс төр, нийгмийн байдал, зочломтгой хүмүүс, үзэмжит байгаль, өвөрмөц соёлоороо зүрх сэтгэлд минь урт удаан хоногших энэ аяллаа гэрэл зургийн дуранд хэрхэн буулгаснаа та бүхэнд толилуулъя.

Куба улсын нийслэл, хоёр сая гаруй оршин суугчтай Хавана хот бол Кубын аялал жуулчлалын гол цэг юм. Иргэдийн дундаж цалин нь сарын 15-35 долларын хооронд байдаг бөгөөд үйлдвэр, аж ахуй, бүх зүйлс улсын өмч. Латин Америкийн хамгийн аюулгүй улс гэгддэг. Энэ нь мөн бүх зүйл дээр хяналттай, дэг журамтай байдагтай нь холбоотой юм билээ. Одоогоор аялал жуулчлал улсын нийт орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг (эмнэлгийн үйлчилгээ нь хямд буюу үнэгүй байдаг тул эмнэлгийн аялал жуулчлал бас их хөгжжээ). Аялагч, жуулчидтай холбоотой асуудал, хулгай дээрэм бараг л гардаггүй гэж байв.

Арлын орны хүмүүс болоод ч тэр үү, кубачууд маш хөгжимлөг, бүжигчин, нийтэч хүмүүс шиг санагдсан.

Бэлэг дурсгалын дэлгүүрүүд доторх бараанууд нь хот, хөдөө ялгаагүй адилхан. Олон төрлийн хийцтэй дэрсэн малгайнууд, принттэй футболкууд, гар урлалын модон бүтээлүүд, уран зургууд, шагшуурга, жижиг бөмбөр гэх мэт хөгжмийн зэмсгүүд голдуу харагддаг. Улсын үйлдвэрээс нэгдсэн байдлаар үйлдвэрлэж тараадаг юм уу даа гэж таасан шүү.

Төлөвлөгөөнд захирагдалгүй нэг газраа удаан тогтож, тус улсын соёл, хүмүүсийн ертөнцөд бага ч болов нэвтэрч үзэх зорилготой байсан тул "гудамж метр"-лэх нь бага байлаа. Гэхдээ нэг удаа гудмаар алхаж явахдаа нэгэн уран бүтээлчийн урлан/үзэсгэлэнг үзсэндээ их олзуурхаж байгаа.

Че Гевара бол Фидел Кастротой зэрэгцэн хувьсгалын галыг асаасан хүмүүсийн нэг. Залуудаа нас барсан болохоор ч тэр үү, илүү "баатарлаг" имижтэй. Ихэнх бэлэг дурсгалын зүйлс, хувцас, уран зурагт энэ хүнийг маш ихээр дүрсэлсэн байх аж.

Gran Teatro de La Habana гаднаасаа ч, дотроосоо ч маш үзэсгэлэнтэй харагддаг. Кубын балетын урлаг алдартай тул театрт балет үзэх бол заавал хийх ёстой зүйлсийн нэг.

"Хунт Нуур" бүжгийн жүжгийг хоёр дахь удаагаа Кубын үндэсний театрын тайзнаас үзээд машид сэтгэл хөдөлсөн. Заал дотоод, гадаадын үзэгчдээр дүүрэн байсан бөгөөд үзэгчдийн сэтгэл хөдлөл гайхалтай. Бүжиг, бүжигчид, бүжигчдийн хөдөлмөр, урлаг, гоо зүй зэрэг зүйлсийг үнэлж шагшран, хэсэг болгоны төгсгөлд "Браво!" хэмээн орилж, бүгд суудлаасаа босож хүндэтгэл үзүүлэхийг харж, сонсоход үнэхээр тансаг мэдрэмж төрж байлаа.

Хүссэн үнэртэй усаа өөрөө хийх боломж олгох үнэртний дэлгүүр. Хүссэн үнэрээ гаргаж аваад савлуулсны дараа үнэртэндээ шинэ нэр өгөх нь маш сонирхолтой байв.

Хаванад байх хугацаандаа өглөөний цай уух дуртай кафетай болж амжсан шүү. Нэг өглөө ороход яг хажуугийн ширээнд ийм "зураг авмаар" хос сууж байлаа.

Кубад бүх зүйл улсын өмч байдаг ч сүүлийн үед үйлчилгээг нь сайжруулж, чанаржуулах зорилгоор зарим пааб, рестораныг хувь хүмүүсээр ажиллуулж, улсаас хяналт тавьж эхэлсэн байна лээ.

Интерьерийн өвөрмөц шийдэл, тохижилттой үйлчилгээний газрууд олон байсан нь миний хувьд тун сонирхолтой байлаа.

El Dandy-ийн тако гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Гахай, тахиа, загас, хавчны мах хамгийн түгээмэл. Хоол нь боломжийн үнэтэй, амт сайтай. Хоёр орос хоолны газар, япончууд ажиллуулдаг нэг япон рестораныг нээн илрүүлсэн гэж байгаа.

Ази жуулчид маш ховор харагддаг бөгөөд харагдсан ч ихэвчлэн Хойд Америк, Европд суурьшсан ази жуулчид байдаг гэнэ лээ.

Дээр хэлсэнчлэн кубачууд маш хөгжимлөг хүмүүс. Хүмүүс гэрээсээ өсгөгчтэй хөгжим өглөөнөөс орой болтол тавих юм. Гудамжинд хүмүүс бүжиглэж байх юм. Салса, румба нь манайхаар "уламжлалт" бүжиг нь тул Airbnb-ээр хоёр цагийн салса заалгах хичээлд бүртгүүлж, багшаараа баахан магтуулаад амжив.

Үндэсний урлагийн музейгээр нь зочлоод бас л гайхав. Эерэг талаараа. Энэ нь Кубын талаарх миний хүлээлт бага байсантай холбоотой болов уу. Контемпорари бүтээлүүд нь үнэхээр сонирхолтой байв.

Old Havana дахь сууцны маань өрөөний цонхоор харагдах дүр зураг. Хэдий хуучирсан, бохир харагдаж байгаа ч эдгээр хуучны, колонийн үеийн барилгуудын хийц загвар тун үзэсгэлэнтэй бөгөөд зурагчин хүний нүдэнд алт эрдэнэс шиг харагдаж байсан юм :)

Аяллын төгсгөл хэсэгт арай өөр сууцанд хэд хоноход энэ Old Havana-ийн хэсэг бол хамгийн кубалаг, амьд, үзэмжтэй хэсэг болохыг анзаарсан. Төгсгөл хэсэгт байсан газар маань арай өөр мэдрэмж өгч байсан бөгөөд хотын арай хөрөнгөжүү хэсэг төвлөрсөн мэт, гудамж барилгуудыг харахад Америкийн Лос Анжелес, Майамиг санагдуулам байв.

Хүнсний зах нь манай Барс захыг санагдуулж, их дотно сэтгэгдэл төрүүлсэн :)) Кубад 2 төрлийн мөнгөн дэвсгэрт хэрэглэдэг. Нэг нь кубачууд өөрсдөө хэрэглэх, нөгөөх нь жуулчид аялагчдад зориулагдсан. Энэ зах бүх бараагаа өөрсдийн мөнгөн дэвсгэртээр зарж байсан тул жимс авах гэж орсон би худалдан авалт хийж чадаагүй.

Навчин тамхи хэрхэн татахыг зааж өгөх хоёр цагийн хичээлд мөн сууж амжсан билээ. Кубад очсоны дараа багагүй ажил болж байж Airbnb-ээр захиалсан. Учир нь Кубад жил гаруйн өмнөөс л олон нийтийн интернэтийн хэрэглээг зөвшөөрсөн бөгөөд тусгай карт худалдан авч тодорхой хэдэн олон нийтийн парк, улсын зочид буудлуудын лобби, нисэх онгоцны буудалд л интернэт орох боломжтой байдаг.

Хүмүүсийн царай төрхийг би хувьдаа 3 ангилсан. 1 - европжуу (Испанийн колони байсан улс) 2- африкжуу (Колончлолын үед Африкаас хар арьстан боолууд олон ирсэн) 3- Өнгөт арьстай (энэ нь дээрх 2 төрхийн холимог бөгөөд голдуу ийм төрх, арьстай хүмүүс их). Энэ зурган дээрх бүсгүй 3 дахь ангилалд орно.

Орой бүр ихэнх хоолны газар, паабуудад амьд хөгжмийн хамтлаг, дуучид ирж дуулдаг.

Залуусын цугларах цэг болсон Fábrica de Arte Cubano-д дэлхийн олон залуустай цуг 2019 оныг угтсан юм. Fábrica de Arte Cubano нь галлерей, клуб хоёрыг хослуулсан тун сонирхолтой газар байсан. Клубд нь Macarena-гаас эхлээд Cuba Reggaeton, орчин үеийн латин америк поп дуучид, репперүүдийн дуунууд, Bodak Yellow, Empire State of Mind хүртэл, үнэхээр олон төрлийн хөгжим явж байсан шүү.

Хавана хотын амьдралтай танилцсаны дараа дэлхийн хамгийн сайн чанарын навчин тамхины түүхий эд бэлтгэгч Viñales руу явж, тобако, зөгийн бал, кофены фермтэй танилцав.

Навчин тамхийг хийх, хэрэглэх, хадгалах үйл явц нь тун нарийн юм. Хэдий сайн чанарын навчин тамхи үйлдвэрлэлээр тэргүүлэгч орон ч гэсэн кубачуудын хувьд навчин тамхи бол тансаг хэрэглээ бөгөөд маш бага хувь нь л хэрэглэдэг аж.

Тропикал уур амьсгалтай тул маш сайхан байгальтай. Кубыг зөвхөн Хаванагаар л төсөөлж болшгүй санагдсан.

Уугуул индианчуудын амьдардаг байсан агуй. Агуйн гүнд 1 км гаруй үргэлжлэх гол урсдаг бөгөөд завиар яван, агуйн сонирхолтой цогцолборуудыг тайлбарлагчаар тайлбарлуулах боломжтой байв.

Кубад байх хугацаанд тулгарсан ганц хүндрэл нь мөнгө солиулах байв. АНУ-тай улс төрийн асуудалтай байгаагаас болж америк долларыг илүү шимтгэлтэйгээр сольдог гэж уншсан тул евротой очиж мөнгөө солиулсан. Хавана дахь зарим банк мөнгө нь дууссан гээд солихгүй байх, зочид буудлууд руу очиж солиулах гэхэд зөвхөн зочид буудлын үйлчлүүлэгчдэд сольж өгнө гэх, эсвэл ханш нь өндөр байх гэх мэт. Мөнгөө солиулах гэсэн жуулчдын урт цуваа ажиглагддаг бөгөөд зарим нь "Гуйж байна, сольчихооч дээ" хэмээн шалж байгаа харагддаг.

Viva Fidel!

Энэ хүрээд Кубын хойд хэсгээр аялсан аялалын тэмдэглэл маань өндөрлөж байна. Өмнөд хэсэг рүүгээ ч үзэх зүйл ихтэй, байгалийн хувьд ч бага зэрэг өөр болоод ирдэг гэсэн шүү. Хэлэх, хуваалцах, харуулах зүйлс маш их байгаа ч "Мянга сонсохоос нэг үз" гэдэг тул уншигч та бүхнийг өөрийн биеэр Куба гэх энэ сонирхолтой орон руу аялаарай гэж хүсье. Энэ тэмдэглэлдээ тоо баримт, заавар зөвлөгөө, баримтууд бичихээс илүүтэйгээр өөрийн юу ажигласан, юу мэдэрснийг зургаар харуулахыг зорилоо.


Тэмдэглэлийг бичсэн: Unread-ийн гэрэл зурагчин Д.Ганзул

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.Ганзул

Хандалт / Сэтгэгдэл:

27987   3

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.