Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   01 сарын 17, 2019

Дараагийн уулзах талбар: "Хөрөнгө оруулагч үндэстэн 2019"

Энэ оны хамгийн эхний топ эвент явагдах гэж байна. Энэ бол Монголын хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын хамгийн том арга хэмжээ "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ илүү өргөн цар хүрээтэй болж, чухал сэдвүүдийг хөндөх онцгой зочдыг урьжээ. Unread уг арга хэмжээний хамтран зохион байгуулагчийн хувьд энэ жилийн эвентийн гол онцлогууд, онцлох мэдээллүүдийг багцлан хүргэж байна. 

ХУРЦ СЭДВҮҮД - ЭРЭЛТТЭЙ ЧИГЛЭЛҮҮД

Өнөөгийн нийгэмд хамгийн эрэлттэй байгаа, ярианы гол сэдэв болж буй чиглэлүүд энд хөндөгдөнө. Түүхэн жилээ өнгөрөөсөн хөрөнгийн зах зээлийн чиг хандлагын талаар, цоо шинэ боломжууд-олон давуу талыг үүсгэж буй финтек салбарын талаар, нэгэнт эхэлчихсэн цахим шилжилт, дижитал өөрчлөлтийн хууль эрх зүйн орчны талаар салбар салбарын хамгийн гол тоглогчид, онцлох сэтгэгчид хүрэлцэн ирж яриа өрнүүлнэ.

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх нь уг арга хэмжээний үндсэн зорилго. Тиймдээ ч тус арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачилгуудыг танилцуулж, салбарын мэргэжилтэн, экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдах билээ.

ӨРНҮҮН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ - ОНЦЛОХ ЗОЧИД

Хэлэлцүүлгүүд нийт гурван танхимд зэрэг явагдана. Энэ бол "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" чуулганы хамгийн гол онцлогуудын нэг. Эхний танхимд нэгдсэн хуралдаанууд, 2, 3-р танхимд салбар хэлэлцүүлгүүд, санхүүгийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрүүд явагдана.

Энэ арга хэмжээний хурлын даргалагчаар Ард Санхүүгийн Нэгдлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг сонгогджээ. Түүнээс гадна Мобикомын Т.Хамада, Эрдэнэс Монгол ХХК-ийн О.Одбаяр, MIBG-ийн А.Билгүүн, МОСТ Финтекийн Д.Сүхдорж, НИТХ-ийн дарга С.Амарсайхан, Мобифинанс ББСБ-ын Ч.Мөнхжаргал, Авинекс Партнерсийн Б.Солонго тэргүүтэй хүндэт зочид хэлэлцүүлэгт оролцож байна.

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН - ШИНЭ БОЛОМЖУУД

Уг арга хэмжээний үеэр хэд хэдэн бүтээгдэхүүн-үйлчилгээ анх удаа хэрэглэгчдийн гарт хүрэх болсныг мөн онцолъё. "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн бүх үйлчилгээг нэгэн дороос авах боломжийг олгосон "Ard Digital Banking" апп болон цахим худалдааны цоо шинэ боломжуудыг санал болгож буй "Ardshop"-ийг хамгийн түрүүнд дурдах ёстой. Монгол орны хаана ч хамгийн хурдан хугацаанд бараа бүтээгдэхүүнээ гар дээрээ хүргүүлэн авах боломжийг олгосон Ardshop энэ жилийн хамгийн хүлээлт дагуулсан үйлчилгээнүүдийн нэг болоод байгаа нь санамсаргүй хэрэг биш.

Үүнээс гадна тус арга хэмжээний үеэр зах зээлд нэвтрээд удаагүй байгаа хэд хэдэн сонирхолтой бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд танилцуулагдах учиртай. Zero.mn, Anduud Lab, Өргөө UDS зэрэг нэрсээс ямар сонирхолтой танилцуулгууд хүлээгдэж байгаа нь тодорхой болох биз ээ.

UNREAD "ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН 2019" ЧУУЛГАНД

Unread Монголын хөрөнгийн зах зээл, санхүүгийн чиглэлийн хамгийн том арга хэмжээ "Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2019" чуулганы албан ёсны хамтрагчаар ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд бид 2-р танхимын салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, дараах сэдвүүдээр яриа өрнүүлэх болно.

САНАА, БАГ, МӨНГӨ: ЭХЛЭЭД АЛЬ НЬ ВЭ?

Гарааны бизнесийг амжилттай болгодог томьёо гэж бий юу? Тэгвэл түүний хамгийн чухал элемент нь яг юу вэ? Сайн санаа юу, эсвэл хүчирхэг баг уу? Мөнгө хэзээ хэрэгтэй болдог вэ? Стартапууд, үүсгэн байгуулагчдын дунд үргэлж эргэлзээ төрүүлдэг хамгийн эхний тулгуур баганын талаар энд хэлэлцүүлнэ.

ХАМТЫН СОЁЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Shared Economy буюу хамтын эдийн засаг өнөөгийн дэлхий нийтийн хамгийн хурдацтай дэлгэрч буй чиг хандлагуудын нэг болжээ. Технологийн үсрэнгүй хөгжил, түүний нөлөө нийгмийн амьдралын алхам бүрд мэдрэгдэж, илүү үр ашигтай-илүү үр дүнтэй байдлаар нийтийн нөөцийг ашиглах хэрэгцээ үүсэв. Хүрээлэн буй орчинд ээлтэй, илүү хэмнэлттэй бөгөөд үр өгөөжтэй сонголтыг хамтын соёл бидэнд олгож байна. Монгол улс дахь хамтын соёлын хүрээ, хөгжил хийгээд боломжуудын талаар гарааны бизнесийн орчинд энэ чиглэлээр хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй стартап, компаниудын төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

ИНТРАПРЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ТҮГЭЭХ НЬ

Хүн бүр энтрепренер болох албагүй. Шинийг сэдэж, шинэ санаачилга гарган, орчин нөхцөлөө сайжруулах нь зөвхөн хүсэл тэмүүлэл дүүрэн энтрепренер, бизнес эрхлэгчдийн хийдэг зүйл биш. Байгууллага дотроо, албан газартаа нөлөөлөл үзүүлж, байгаагаа сайжруулан илүү дэвшилтэт шийдэл олох нь өөрөө инновацийн нэг хэлбэр мөн. Тэгвэл бид хэрхэн тийм сэтгэлгээтэй интрапренерүүд буюу байгууллага доторх энтрепренерүүдийг төрүүлэх вэ? Хэрхэн тэднийг идэвхжүүлж, илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөлөөр хангах вэ? Монголын тэргүүлэх компаниудын захирлууд амжилттай туршлагуудаасаа энд хуваалцана.

"Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2019" 1-р сарын 19-нд Шангри-Лагийн Өргөө IMAX-д явагдана.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.investornation.mn-ээс
Хурлын тасалбарыг www.ardshop.mn-ээс

16908   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.