Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 16, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Амазон компанийн хүний нөөцийн мэргэжилтэн С.Цэрэндолгор

Бид ярилцлагынхаа ээлжит дугаарт Амазон компанид corporate recruiter буюу тус компанид орохоор хүсэгчдийг ажилд шалгаруулж авдаг залуу мэргэжилтнийг урилаа. Тэр бол С.Цэрэндолгор. Тэрээр тус компанийн Япон дахь 6000 орчим ажилтантай салбарт 8 хэлтсийн хүний нөөцийг хамааран ажилладаг. С.Цэрэндолгор 2007 онд Эрдэнэт хотноо дунд сургуулиа дүүргэн, 2008 онд арлын Японыг зорьжээ. Бакалавр, магистраа Японд төгсөөд тэндээ хүний нөөцийн Hays компаниас ажлын гараагаа эхлэн 2017 оноос дэлхийн тэргүүлэх компаниудын нэг Амазоны гишүүн болсон байна. Түүнтэй манай ярилцлагын өмнөх зочин, Амазоны инженер асан А.Амарбаяр Hub Innovation Center-т тайзнаа залуучуудын өмнө ярилцсаныг сийрүүлэн хүргэж байна.

Байршил: Япон, Токио
Эрхэлж буй ажил, албан тушаал: Амазоны Япон дахь салбарын хүний нөөцийн мэргэжилтэн (corporate recruiter)
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Macbook, HP
Сошиал хуудсууд: Tserendolgor Sanduijav (LinkedIn), Tserendolgor Sanduijav (Твиттер)

ТА ЭХЛЭЭД ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛХ АЖЛЫН НАМТРАА ТОВЧ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Би Эрдэнэтэд дунд сургуулиа дүүргэн МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд орж суралцсан. Ахлах сургуульд болон оюутан байх үедээ НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн "Байгаль орчны төлөөх залуучуудын клуб"-д сайн дурын ажил хийдэг байлаа. Улмаар тус клубийн Зүүн Хойд Азийн бүсийн чуулганд Монголоо төлөөлөн явах боломж олдож, 7 хоног Токиод их сургуулийн хотхон дотор байрласан юм. Японы суралцах орчин үнэхээр сайхан санагдаж, АНУ-ын Бөрклэйн их сургуулиас тэнцсэн хариу аваад байсан ч Японд суралцахаар шийдэн, хоёрдугаар курсдээ арлын орныг зорьсон. Ингээд Японд Рицумейкан их сургуульд олон улсын харилцаагаар суралцаж, Монголдоо ирж нэг жил орчим ажиллав. Тэр үед ахиад сайн суралцаж, илүү сайн мэргэшиж байж ажлын талбарт гарах нь зөв юм шиг санагдаад магистрт суралцахаар эргээд Япон руу явж, хөгжлийн эдийн засгаар магистрын зэрэг хамгаалсан юм.

Магистраа төгсөөд Японд Англид төвтэй, 33 улсад салбартай Hays хэмээх хүний нөөцийн компанид орсон юм. Ингээд тус компанид 3 жилийн хугацаанд консалтантаас менежер болтлоо дэвшиж ажилласан. Тэгээд байж байтал нэг л өдөр Амазоноос уулзах боломжтой юу гэсэн хариу авдаг юм байна. Тухайн үедээ хариу өгөөгүй ч хэсэг хугацааны дараа ер нь уулзаж үзье, илүү сайхан боломж гарах ч юм билүү гээд уулзаж, ажлын ярилцлаганд орсон доо. Энэ үед бас Google-д ажлын ярилцлагад орж, орох боломжтой гэсэн хариу аваад байсан ч Амазоны бизнесүүд илүү сонирхолтой санагдаж одоогийн ажилдаа орж байлаа.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Амазон өөрөө уян хатан цагийн хуваарьтай газар. Ажлаа хэдэд ч эхлүүлэх боломжтой. Японд эрт харанхуй болдог болохоор би эрт ажилдаа ирээд эрт тарахыг хичээдэг юм. Өглөө голдуу 8 цагт ирээд хамгийн түрүүнд имэйлээ шалгадаг. Өдөрт 100 имэйл ирэх бол энүүхэнд. Дараа нь уулзалт, хурал, ажилд явах ярилцлагууд цуварна. Ер нь ажлын ширээн дээрээ тогтож суух нь ховор. Уулзалтууд дууссаны дараа эргээд имэйл, бичиг цаасны ажлууд дээрээ төвлөрдөг. Ажилд авах гэрээн дээр сууна, ажилтан авахтай холбоотой судалгаанууд ч хийнэ.

Ажлын арга барилын хувьд чухал ажлууддаа хэсэг цагийг гарган төвлөрч хийхийг эрмэлздэг. Мөн олон ажлыг зэрэг явуулахдаа дажгүй сайн шүү. Шалгаруулсан хүн маань өөр газруудаас бас тэнцсэн хариу аваад манайхаас түрүүлээд орж болзошгүй учраас ингэж олон ажлыг зэрэг хийж, хурдтай ажиллах ёстой байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Амазон ажил хэргээ өөрсдийн апп, програмуудаар явуулдаг. Маш олон төрлийн апп, програм бий. Миний ажлаа явуулдаг нэг гол талбар бол LinkedIn. Мөн Твиттер, Фэйсбүүкт идэвхтэй байдаг. Инстаграм ашигладаггүйгээс болоод зарим хүнд зэмлүүлнэ (инээв). За тэгээд харилцаа холбооны Skype, Viber гээд олон апп-ийг ашигладаг даа. Календарь, Note-ийг мэдээж ашиглана. Харин тоглоом ёстой тоглодоггүй.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

21-р зуунд технологийн дэвшлийн ачаар хүмүүс олон зүйлийг бүтээж, өөрсдийн ажлыг хөнгөвчилж чадсан. Гагцхүү өдөрт 24 цаг байдаг нь яг хэвээрээ байна.
Гэтэл хийх ажил маань нэмэгдсээр байгаа тул яах ч аргагүй бүтээмжээ яаж нэмэх вэ гэсэн асуудал хүн болгонд тулгарч байгаа. Миний хувьд цагийг үр дүнтэй ашиглахын тулд ийм зорилтуудыг өөртөө тавьдаг:

-Яаралтай хэмээн жижиг сажиг ажил хийхийн оронд чухал ажлаа түрүүлж хийх
-Олон цагаар суухын оронд сайтар төвлөрөн хоёр цагаар ч юм уу сууж, чухал зүйлсээ амжуулах.
-Хийх ажлын жагсаалтаа заавал өдөр, 7 хоног, сараар төлөвлөн хөтлөх. Ингэхдээ ажлуудаа чухлаар нь эрэмбэлэх
-Нэгэнт ажил амьдрал технологижоод байгаа учраас технологийн хэрэгслүүдийг ухаалгаар ашиглаж сурах. Сошиал медиад дэмий цаг үрэхгүй байх
-Мөн ачаалал дааж ажиллахад бие эрүүл байх нь чухал учраас эрүүл хооллох, хөдөлгөөн сайн хийх, найз нөхөдтэйгөө уулзан гадуур гарч стрессээ тайлах

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Технологийн компанид ажилладаг ч гэсэн энэ тал дээр олон янзын апп хэрэглээд байдаггүй. Юм энгийн байхдаа амархан байдаг шүү дээ. Заримдаа дэвтэр дээр, яарсан үед гар утасныхаа Note дээр тэмдэглэдэг. Ихэнхдээ Outlook-ийн календарь дээр оруулдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Компанид ажилтан бүр жилдээ нэг удаа дэлгэрэнгүй үнэлгээнд ордог. Өөрөө ажлаа дүгнэхээс гадна хамт ажиллагсад маань намайг дүгнэдэг. Өнгөрсөн жилүүдэд бусдын надад өгсөн үнэлэлтээс хуваалцъя гэж бодож байна.

Намайг сайн сонсдог, сонсож байгаад гол асуудлыг барьж авч шийдэх тал дээр сайн гэдэг. Ер нь бусдын арга эвийг олох тал дээр өөрийгөө муугүй гэж боддог шүү. Баг доторх олон санаа зорилготой хүмүүсийг нэг зүгт чиглүүлэхэд их анхаарч ажилладаг. Мөн олон ажлыг зэрэг хийх чадварыг маань, бас нэг зүйлийг барьж авсан бол сайн нухдаг хэмээн үнэлсэн байдаг юм.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Сайн нь саараас хавьгүй их байдаг учраас хийж буй ажилдаа би хайртай. Хүний нөөц буюу хүний баялаг гэдэг аливаа компани, цаашлаад улс орны цөм нь байдаг. Бизнес модель болон шинэ санаа, алсын хараа, технологи гэх мэт олон зүйл компанийн өсөлт хөгжилтөд нөлөөлдөг ч баг, түүнийг бүрдүүлэх хүний нөөц нэн чухал гэдэг нь ойлгомжтой. Амазоны Япон дахь 6000 хүнтэй салбарын 8 хэлтсийн бүхий л хүний нөөцийг бүрдүүлж, хүмүүсийг ажилд авдаг учраас нэг талаар тун амаргүй, хариуцлагатай ажил. Манайд ажиллахаар өргөдөл гаргасан олон мянган хүний мэдээллийг нарийн шүүж, компанийн хөгжилд дорвитой нөлөө үзүүлэх хүмүүсийг алдалгүй барьж авна гэдэг тийм ч амар биш. Янз бүрийн ааш авир, соёл, зан заншилтай хүмүүстэй харилцдаг нь миний ажлын хамгийн сорилттой тал.
Нөгөө талаар компани өсөн дэвжихэд шууд нөлөө үзүүлж байгаагаа харах нь маш сайхан мэдрэмж байдаг. Өндөр түвшний захирлуудыг ажилд урин оруулахад ихэнх нь карьераа ахиулахад тусалсанд баярлалаа гэх мэтээр талархлаа илэрхийлнэ. Иймэрхүү мөчүүдээс улам их урамшиж, сайн ажиллахыг хичээдэг.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Хэд хэдэн хэлтэст санхүүгийн менежер, аналистуудыг ажилд авахаар болсон учраас Амазоны нэрэмжит хэд хэдэн арга хэмжээг 3, 4, 5-р саруудад зохион байгуулахаар төлөвлөөд, түүнийхээ бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Мөн Амазоны төв оффист хэрэгжүүлж буй төслийг Японыхоо хүний нөөцийн хэлтэст нутагшуулах ажлыг гардан хариуцаад явж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр бидний зарим ажил хөнгөвчлөгдөж, бүтээмж дээшлэх учиртай юм.

Төлөвлөгөө гэвэл одоо хийж буй ажлаа ойрын хэдэн жилдээ үргэлжлүүлж хийх хүсэлтэй. Тууштай сайн ажиллавал дэвшиж ч магадгүй. Мөн Амазоны компани доторх шилжилт хөдөлгөөн их уян хатан байдаг болохоор хэсэг хугацааны дараа өөр алба, хэлтсүүдэд ч ажиллахыг үгүйсгэхгүй.

Амазоны ажилд авах журам, ажил ГОРИЛОГЧДООС хардаг чанаруудын тухайд?

Маш олон шат бүхий шалгаруулалтыг давж байж Амазонд ажилд ордог. Манай компани англи, япон хэлний аль алинаар ярилцлага авдаг.

3 шатны шалгаруулалт давж, нийт 5-6 удаагийн ярилцлага хийсний дараа хариуцсан алба хэлтсийн ажилтан, захирлууд, хүний нөөцийнхөн хамтран хуралдаж, санал хураан эцсийн хариуг гаргадаг. "Энэ хүн Амазоны босгыг өндөрсгөж байна уу?" гэдэг асуулт шинээр ажилтан авах гол зарчим байдаг.

Яавал хүний нөөцийнхний нүдэнд өртдөг вэ, ярилцлагын шатанд дуудагддаг вэ гэдэг дээр зөвлөхөд:
1. CV буюу ажлын намтар 2 нүүрэнд багтахуйц богино байх хэрэгтэй. Гэхдээ ойлгомжтой, цэвэрхэн байх ёстой. Үзэх хүмүүс чинь маш олон зуун материалтай танилцдаг учраас урт байх нь дэмий.
2. Өргөдөл гаргаж буй ажилтай холбоотой, гаргаж байсан амжилтуудаа тодорхой дурдах
3. Ямар ямар чадвартай гэдгээ ойлгомжтой жагсаах
4. Үг үсгийн алдаа хийхгүй байх, хамгийн сүүлд хийсэн ажлаа хамгийн дээр нь байхаар эрэмбэлэх гэх мэт энгийн тодорхой зүйлсийг бас алдалгүй хийх хэрэгтэй.

Эдгээрийг хангаж байж хүний нөөцийнхөн таныг хурдтай бөгөөд үр дүнтэй үнэлж чадна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном унших цаг нэг үеэ бодвол тун хомс болчихсон. Урьд нь сардаа 2 ном гэсэн зорилт тавьдаг байсан бол сардаа нэг ном уншвал болж байна гэж боддог болоод байгаа шүү. Одоо Юваль Хараригийн "21-р зуунд хүргүүлэх 21 сургамж" номыг ажлынхаа зав чөлөөгөөр уншиж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөнгөн, ойр зуурын ажил хийж байх үедээ хөгжим сонсдог. Өвөө маань хөгжмийн зохиолч байсан, аав маань хөгжмийн хорхойтон хүн учраас ер нь хөгжимтэй ойрхон өссөн. Төрөл бүрийн жанрын хөгжим сонсдог. Сонгодог хөгжим, дууриас эхлээд хип хоп ч сонсоно доо. Найзууд маань миний сонсдог дуунуудыг хараад гайхаад л байдаг юм.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЮУ, ИЛҮҮ ДОТОГШОО ЮУ?

Зан характерийн хувьд өөрийгөө нээлттэй хүн гэж боддог, эргэн тойрныхон маань ч тэгж тодорхойлдог. Ажлын шаардлагаар ч нээлттэй байж л сайн хүнийг ажилд авна. Дотогшоо байх тохиолдол байдаг ч бусад хүмүүс миний бодож буйг 100 хувь уншиж чадахгүй учраас аль болох л санасан бодсоноо хэлж зөвлөлдөж байхыг хичээдэг дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ихэвчлэн орой 23-24 цагийн хооронд унтаад өглөө 6 цагт босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би аялах тун дуртай. Гадаад дотоод, хол ойр гэлтгүй цаг л гарвал байгальд гарч шинэ зүйлс үзэж харахыг эрмэлздэг юм. Японы бүх л муж аймгуудаар аялж үзэх зорилтыг өөртөө тавиад байгаа. Мөн сүүлийн үед иогоор хичээллэх гэж оролдож байна. Заримдаа нам гүм паркт очоод ном уншиж суух дуртай. Мэдээж бас найз нөхөдтэйгөө уулзаж суух өдрүүд бас бий.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хамгийн түрүүнд ээжийгээ хэлнэ дээ. Аав ээж маань хоёул төрийн албан хаагч хүмүүс. Бага байхаас л хүүхдүүдээ өндөр боловсролтой байхад их анхаарсан. Аав ээж маань "Та нарт өвлүүлэх бизнес гэж бидэнд байхгүй, сайн боловсрол эзэмшээд өөрсдийн амьдралыг өөрсдөө босго" гэж хэлж сургадаг байсан.

Мөн мэдээж амжилттай яваа хүмүүсээс үлгэр дууриал авдаг. Жишээ нь блоггер, энтрепренер Льюс Ховесийн бичдэг зүйлсийг байнга уншиж, Youtube-ээр алдартай хүмүүстэй хийсэн ярилцлагуудыг нь үздэг. Мөн Саймон Синекийн ном, блог, видеонуудаас урам зориг авдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Эмэгтэй хүн гэдэг гаднаа ч, дотроо ч өөрийгөө өвтэгш авч явж, бүх талаар өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж ээж маань байнга захьдаг, би ч биелүүлэх гэж хичээдэг. Ээжийнхээ захиасын дагуу багаасаа л өндөр мэдлэг боловсролтой, сайхан сэтгэлтэй, зөв хандлагатай байхыг хичээж ирсэн. Гадаад үзэмж, гоо сайхнаа ч орхигдуулахгүй байх сан гэж хүсдэг. "Чи үнэтэй хувцас өмсөх албагүй. Гэхдээ үргэлж цэвэрхэн хувцаслаж бай, тэр чинь өөрийгөө болон бусдыг хүндэлж буйн илэрхийлэл" гэж миний ээж хэлдэг юм.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуу хүнд заавал байх ёстой зүйл бол мэдээж том мөрөөдөл, зорилго. Амазоны 14 зарчмын нэг нь Think Big буюу "Том сэтгэ" гэсэн зарчим. Бид ажлын ярилцлага авахдаа ч цаад хүнээ том цар хүрээтэй сэтгэж буй эсэхийг нь шалгадаг. Хүн том зорилго, мөрөөдөлтэй байж урагшилна шүү дээ.

Түүнчлэн залуу хүн өдөр бүр нэг юм сурдаг байгаасай гэж хүсдэг. Зорилгынхоо төлөө өдөр бүр жижиг ч гэсэн нэг юм сурдаг, жижиг ч гэсэн үйлдэл хийдэг байвал тэр бүхэн хуримтлагдсаар нэг л өдөр мөрөөдөл биелнэ гэж итгэдэг.

Үеийнхэн, дүү нар маань өөрсдийгөө бусадтай харьцуулах нь нэлээд түгээмэл. Миний хувьд өөрийгөө бусадтай харьцуулах биш, тэднээс суралцаж, харин өөрийгөө тодорхой хугацааны өмнөх "би"-тэйгээ харьцуулах хэрэгтэй мэт санагддаг. Нэг жилийн дараа гэхэд чи өмнөхөөсөө ахисан байх ёстой.

Мөн залуу хүн ажлын боол бололгүй, амьдралын бүх л зүйлсийг самбаачлан амжуулж байх хэрэгтэй гэж боддог. Энд япончууд нэлээд их ажилладаг л даа. Би зарим хамтрагчдаа "Одоо хариач ээ, маргааш ирээд л ажлаа үргэлжлүүлээч" гэж их хэлдэг юм (инээв).

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандыг санал болгоё. Манай үеийн энэ залуу Монголын энэ том, инновацилаг компанийг маш сайн удирдаж яваа мэт санагддаг юм.

53371   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

А.Амарбаяр
Д.Ганзориг

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.