Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   01 сарын 14, 2019

Онцлох бизнес: "Ачаръя Шинэ Монгол" - Англи хэлний сургалтын төв цэг

Энэ удаа бид Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн дэргэд шинээр байгуулагдаж буй "Ачаръя Шинэ Монгол" англи хэлний сургалтын төвийг онцолж байна.

Энэтхэг улс дахь"Ачаръя"институт нь Кэмбрижтэй хамтран улсдаа төдийгүй Азидаа нэр хүнд бүхий сургалтын хөтөлбөр, сургалтын арга барилыг нэвтрүүлэн, амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай аж. Бутан, Малайз, Сингапур зэрэг Азийн бүсэд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж буй "Ачаръя" институтийн удаах төсөл нь Монгол дахь "Ачаръя Шинэ Монгол" англи хэлний сургалтын төв юм. 
Бид тус сургалтын төвийн онцлог, давуу талын талаар "Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн"-гийн захирал Ж.Галбадрахтай ярилцсан юм. 

Бизнесийн нэр: “Ачаръя Шинэ Монгол” англи хэлний сургалтын төв
Хаяг: Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, 204 тоот
Чиглэл: Англи хэлний сургалтын төв
Хэзээ байгуулагдсан: 2018 оны 7-р сард
Үүсгэн байгуулагч: Ж.Галбадрах
Сошиал хуудас: Acharya New Mongol

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Анх англи хэлний сургалтын төв хамтран байгуулах саналыг БНЭУ-ын “Ачаръя” институтийн зүгээс бидэнд тавьсан юм. Санал ирсний дараа бидэнд ямар боломжууд байгаа билээ, яг хэрэгцээтэй юу гэх мэтээр олон талаас нь судалж үзсэн юм.

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн” 2000 онд байгуулагдсанаас хойш манай сурагчид голдуу Япон улсад суралцаж, япон хэлийг судалдаг байсан. “Шинэ Монгол” гэвэл шууд Япон бодогдох хэмжээнд манай хүүхдүүд амжилттай суралцаж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд барууны орнуудыг илүү сонирхох болж, төгсөгчдөд англи хэлний өндөр мэдлэгтэй болох хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юм.

Иймд, Эрдмийн Хүрээлэнгийн хэмжээнд англи хэлний хөтөлбөр, багш нарын заах арга зүйг сайжруулах тал дээр тогтмол судалгаа хийж, чиглүүлэхийн зэрэгцээ дэргэдээ олон улсын түвшинд мэргэшсэн багш нарын багаар удирдуулсан англи хэлээр дагнасан төв байгуулбал англи хэлний сургалтын чанарт үсрэнгүй ахиц гарах юм байна гэж дүгнэсэн. Улмаар “Ачаръя Шинэ Монгол” англи хэлний сургалтын төвийг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн дэргэд нээхээр шийдвэрлэсэн юм.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Хамтран ажиллах санал ирсний дараа тэдний хөтөлбөрүүд, сургалтын арга барил, үзэл баримтлал зэрэг олон зүйлийг судалж, Энэтхэг улсыг зорин “Ачаръя” институтэд зочлон, энэхүү шийдвэрийг гаргасан юм.

Энэтхэгийн Банглор хотын ойролцоо байрлах "Ачаръя" институт 48 га газрыг хамарсан маш том кампустай. Ойролцоох 6 тосгоныг өөртөө “өргөөд” авчихсан. Өөрөөр хэлбэл, инженерийн болон менежментийн факультетийн оюутнууд нь тухайн тосгодод тулгарч буй асуудлыг судлан шийдвэрлэдэг юм байна. Дэд бүтцийнх нь асуудал, барилга байгууламж, эмнэлэг, халдварт өвчин, ажилгүйдэл, нийгмийн асуудал гээд олон асуудал үүнд багтана. Тосгоныхоо иргэдийг мөн ажилд аваад амьжиргааг нь дээшлүүлдэг байна. Ийм байдлаар нийгэмдээ бодит өөрчлөлтийг шууд гаргадаг нь манай Шинэ Монгол сургуулийн үнэт зүйлтэй тохирч байсан болохоор бид хамтарч ажиллахаар шийдсэн юм.

Сургуулийн кампус нь маш том мөртлөө дотроо жижигхэн, жижигхэн фирмүүдийг өөрсдөө эрхэлдэг болохоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангачихдаг юм билээ. Мөн гадаад оюутнууд олноор суралцдаг тул богино хугацаанд хэрэглээний англи хэлний түвшин сайжирдаг юм билээ. Үүний зэрэгцээ мэргэжлийн хичээлээ үзэхэд шаардлагатай ахисан түвшний англи хэлийг эзэмших шаардлагатай. Энэхүү асуудлыг шийдэх үүднээс Кэмбрижийн их сургуультай ажиллаж, хамтарсан хөтөлбөр, сургалтын интерактив програмыг хөгжүүлсэн нь амжилттай хэрэгжсэн юм билээ. “Англи хэл огт сурч байгаагүй хүмүүсийг англи хэл дээр сэтгэдэг болгоно гэсэн зарчмыг барьж ажилладаг нь мөн хамтрах нэг чухал хүчин зүйл болсон билээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Чадварлаг хүний нөөцийг илгээх, сургалтын хөтөлбөр, програмыг нэвтрүүлэх, заах арга барилыг өндөр түвшинд байлгах асуудлыг "Ачаръя" хариуцаад, бусад хөрөнгө оруулалтыг “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн" 100 хувь хариуцаж байгаа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Хамгийн гол онцлог нь Ачаръя - Кэмбрижийн хамтарсан англи хэлний сургалтын хөтөлбөр байх болно. Насны ялгаа, хэрэгцээ шаардлагаас хамаараад нийт 7 төрлийн хөтөлбөрөөр хичээллэх юм.

Ерөнхий англи хэлний хичээл нь сургалтын интерактив програм дээр түшиглэн орох юм. Нэг ангид ямар түвшинтэй хэдэн хүн байхаас үл хамааран та лабораторийн
компьютер дээр, хичээл бүрээр таны түвшин, чадварт тохируулан өгсөн даалгавруудыг хийх замаар суралцах юм. Өдөр бүр та хэр их хичээллэж, хэр их хичээл зүтгэл гаргаж байгаагаас хамааран сургалтын ахиц харагдана. Үгийн дуудлага, аялгыг хүртэл засаж хэлж өгөн давтуулдаг гэхээр нэлээн ухаалаг програм байгаа. Анхан шатны мэдлэгтэй хүн шаргуу хичээллэвэл 6 сарын дотор ахисан түвшний англи хэлтэй болох боломжтой.

Багачуудын болон өсвөр насныхны анги 25-40 долоо хоног үргэлжилнэ. Төгсөхдөө дэлхийн 20,000 гаруй их, дээд сургууль, байгууллагуудад хүлээн зөвшөөрөгддөг Кэмбрижийн сертификатыг гардана гэдгээрээ онцлогтой. Үүнээс гадна бизнесийн болон ярианы англи хэл, IELTS-ийн өмнөх бэлтгэл ангиуд ч бас бий. Эрдмийн хүрээлэнгийн зүгээс “Ачаръя Шинэ Монгол” англи хэлний сургалтын төвийг багш нарын арга барилыг улам сайжруулах нэг бааз төв болно гэж харж байгаа. Манай улсад англи хэлний сургалтууд байдгаас биш яг англи хэлний мэргэжлийн багш нарт зориулсан заах арга зүйн сургалт гэж байдаггүй юм билээ. Яг энэ сургалт “Ачаръя Шинэ Монгол” дээр явагдаж байгаа. Зөвхөн манай хүрээлэнгийн сурагч, багш нар гэлтгүй олон нийтэд нээлттэй болохоор бусад сургуулийн багш нар ч бас суралцаж, англи хэл дээр хичээл заах арга барил, англи хэлний мэдлэг, ур чадвараа нэгэн зэрэг ахиулах боломжтой. Мөн улсын болон хувийн сургууль, байгууллагуудын захиалгаар багш нарт нь зориулж сургалт явуулах боломжтой.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Англи хэлний төв маань өөрөө тусдаа байгууллага хэдий ч “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсанаар манай багш нарт илүү ойр, чадвараа сайжруулах илүү дөхөм байх болно гэж найдсан. Гэхдээ бид энэ сургалтын төвийг зөвхөн "Шинэ Монгол"-ынх биш, сонирхсон бүх л хүмүүс, багш нарт нээлттэй англи хэлний сургалт, судалгааны бааз болоосой гэж хүсэж байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд нийт 8 сургалтын байгууллага байдаг. Бидний нэгдмэл зарчим бол сургуулийг бизнес гэж харах биш олон нийтийг соён гэгээрүүлэх , нийгэмд хэрэгцээтэй чанартай сургалтын үйлчилгээг үзүүлэн ирээдүйн Монголын хөгжилд хувь нэмэр оруулахад оршдог. Ачарья Шинэ Монголын хувьд ч гэсэн энэ л зарчмаар илүү чанартай сургалт явуулахыг зорино.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

"Ачаръя Шинэ Монгол" тѳв маань ѳнгѳрсѳн долоо хоногт л нээлтээ хийсэн болохоор тѳвѳѳ таниулах, бусад төвүүдээс ялгарч харагдах тал дээр анхаарч ажиллаж байна даа. Нээлтийн үеэр эхний хоёр анги маань дүүрчихсэн. Эхний хичээлүүдийг эцэг эхчүүдэд нээлттэй болгосон нь давуу тал болж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Манай жижигхэн зах зээлд маш олон сургалтын төв байдаг. Чанартай чанаргүй тэр олон газраас яаж ялгарах вэ гэдэг бол бидний хувьд том сорилт. "Шинэ Монгол" сургууль анх байгуулагдахдаа олон хувийн сургуультай харьцуулагдаж байсан. Гэхдээ урт хугацаанд үзэл санаандаа тууштай байж, зөв зүйлийн төлөө зүтгэж ирснээрээ шалгарч үлдсэн туршлага бидэнд байгаа. Монгол хүүхдүүдийг хэрэглээний англи хэлтэй болгоно гэсэн зорилго тавиад, зараа шиг тогтвортой, хичээнгүй ажиллаад явбал тодорхой хугацааны дараа мөн л ялгараад ирэх байх гэж итгэж байна.

Анх энэтхэг багшаар заалгахад хэлний аялга, дуудлага нь сонин болчих вий дээ гэсэн болгоомжлол байсан. Ачарья институт дээр очиж үзэхэд тус сургуулийн маш олон гадаад оюутны аялга маш сайн байсан учраас бид огт санаа зовохгүй байгаа. Ачаръяагийн хувьд Кэмбрижийн тусгай зөвшөөрлөөр багш нараа бэлдээд, дадлагажуулж мэргэшүүлдэг нь давуу тал гэж харж байгаа.

ТАНАЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН ХАМГИЙН ИХ эрэлттэй АНГИ АЛЬ НЬ ВЭ?

Сурагчдын амралт үргэлжилж байгаа болохоор багачуудын анги, өсвөр насныханд зориулсан анги хамгийн эрэлттэй байх шиг байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийгээд анхны элсэлтээ авахад хэдхэн хоногийн дотор л дүүрчихсэн шүү. Мөн ерөнхий англи хэлний анги их эрэлттэй байгаа. Хүн бүр тусгаарлагдсан орон зайд, компьютер дээр хичээллэж, програмаас өөрт тохирсон даалгавруудыг авдаг болохоор ангийнхаа бусад суралцагчдаас ямар нэг байдлаар хараат байх явдал огт үүсэхгүй. Энэ ерөнхий англи хэлний ангийг 30-40 насныхан ч их сонирхож байна лээ. Англи хэлээ сайжруулах зайлшгүй шаардлагатай хүмүүс сургалтын төвд очихоор дандаа жаахан хүүхдүүдтэй цуг сууж хичээллэх болдгоос санаа зовоод байдаг хүмүүс олон байдаг. Үнэндээ энэ насны хүмүүс өөрсдийн залхуу хойргоос биш цаг үе, нийгмийн шилжилтээс шалтгаалан сурах боломжоо алдчихсан хүмүүс байдаг.

Ерөнхий англи хэлний програм маань долоо хоногт 3 удаа хагас жил хичээллэхэд ахисан дунд түвшин хүртэл ахих боломжтой. Анхан шатны мэдлэгтэй ч англи хэлээ сайжруулах юм сан гэсэн залуучууд, идэр насныхныг хүрээд ирээрэй гэж уриалмаар байна. Намайг чимээгүйхэн бүртгэчихээрэй, эхлэхээр нь би чимээгүйхэн сууна шүү гэсэн хүмүүс олон бий. Чимээгүй бүртгэл их явагдаж байна (инээв).

11643   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.