Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   01 сарын 10, 2019

AngelList-ийн үүсгэн байгуулагч Навал Равикантын зөвлөгөө буюу (азтай байхгүйгээр) хэрхэн баяжих вэ?

Саяхан AngelList-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч Навалын асар их хандалт авч шуугиулсан нэгэн цуврал жиргээг олж үзсэн юм. Тэр нь "How to get rich (without getting lucky)" сэдэвт угсруулан бичсэн 39 жиргээ бүхий зөвлөгөө юм. Уг зөвлөгөөг хүмүүс 18 мянган удаа RT хийж, доор нь зарим хүмүүс өөрийн улсын хэл рүү орчуулснаа хавсаргасан байв. Агуулга нь баяжих талаарх бусад түгээмэл зөвлөгөөнүүдээс тэс ондоо, "ахисан түвшнийх" байсан тул бид орчуулан хүргэхээр шийдлээ.

Жиргээчийн тухай
Навал бол стартапуудыг хөрөнгө оруулагч холбодог, технологийн салбарынхны сошиал платформ болсон AngelList-ийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал юм. Түүний хөрөнгө оруулсан компаниуд дунд Твиттер, Uber, Yammer зэрэг компаниуд бий. Та хүсвэл Навалын талаар илүү ихийг эндээс уншаарай.

(АЗТАЙ БАЙХГҮЙГЭЭР) ХЭРХЭН БАЯЖИХ ВЭ?

Мөнгө болоод статусыг бус баялгийг эрэлхийл. Баялаг (wealth) гэдэг бол унтаж байхад чинь мөнгө олж байх агуурстай (assets) байхын нэр юм. Статус гэдэг бол нийгмийн шатлал дахь чиний орон зай юм.

Баялгийг ёс зүйтэйгээр хуримтлуулах боломжтой гэдгийг ойлго. Хэрвээ чи далдуур баялгийг үзэн ядвал энэ зүйл чамаас хулжин одох болно.

Статусын тоглоом тоглож буй хүмүүсийг үл тоо. Тэд баялаг бүтээх тоглоом тоглогсод руу довтлон статус олж авдаг.

Чи цагаа түрээсэлснээр баяжна гэж байхгүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд өмч буюу бизнесийн тодорхой хэсгийг эзэмших ёстой.
(Орчуулагч: Энэ хэсгийг уншаад та огтоос бэлэн биш байж бизнес хийе гэж алдуузай гэж сануулмаар санагдлаа. Хүн карьертаа эрх чөлөөг байнга эрэлхийлж байдаг. Гэхдээ карьерын эрх чөлөө нь гагцхүү хийж буй зүйлдээ гарших тусам нэмэгддэг хэмээн Кал Ньюпорт бичсэн байсан)

Нийгмийн хүсэж байгаа боловч хэрхэн авахаа мэдэхгүй байгаа зүйлийг өгснөөр чи баяжих болно. Маш их хэмжээгээр.

Урт хугацаанд түншлэх хүмүүстэй хамт урт хугацаанд тоглох боломжтой салбарыг сонго.

Интернэт нь төрөл бүрийн карьерийн боломж, орон зайг асар ихээр томсгосон. Ихэнх хүмүүс үүнийг сайн ойлгоогүй л байна.

Давтан хийсээр бай. Эхний ололтуудаа давтан хийсээр байвал хүүгээс хүү бодогдох мэт цааш цаашдын том амжилтууд ирэх болно. Энэ нь баялаг хуримтлуулах, бусадтай харилцах харилцаагаа сайжруулах, мэдлэгээ ахиулах гээд ер амьдралын бүх л зүйлсэд хамаатай.

Өндөр мэдлэгтэй, эрч хүчтэй, хамгийн гол нь цэх шударга бизнесийн хамтрагчдыг сонго.

Шүүмжлэгчид, гутанги үзэлтнүүдтэй бүү түншил. Тэдний итгэсэн зүйлс нь эцэстээ биеллээ олдог.

Борлуулж сур. Бүтээж сур. Хоёуланг нь хийж чадвал чи дийлдэшгүй болно.

Өөрийгөө нарийн мэдлэг (specific knowledge), найдвартай байдал болоод хөшүүргээр "зэвсэглэ".

Нарийн мэдлэг гэдэг нь хүнд зааж сургаж болдоггүй тийм мэдлэг юм. Хэрвээ тийм зүйлийг чамд зааж болж байвал бусдад ч гэсэн заагаад, чамайг орлуулчихна шүү дээ.

Одоо хүмүүсийн хошуурч буй зүйлийг хөөснөөр бус өөрийн жинхэнэ сонирхол, гал эрмэлзлийг дагаснаар нарийн мэдлэгийг олж авдаг.

Нарийн мэдлэгтэй болох нь чамд тоглоом мэт, харин бусдад ажил мэт санагдах болно.

Нарийн мэдлэгийг гэхдээ сургуульд сурч биш хүнд дагалдан сурч болно.

Нарийн мэдлэг нь ихэнхдээ техникийн юм уу бүтээх урлах (creative) чадвар байдаг. Үүнийг аутсорс хийх буюу автоматжуулж болдоггүй.

Найдвартай байдлыг эрхэмлэж, өөрийн нэр дээр бизнесийн эрсдэл хүлээ. Хариуд нь нийгэм чамайг хариуцлага, өмч, болоод хөшүүргээр шагнах болно.

Хамгийн найдвартай гэгдэх хүмүүс нь ил тод бөгөөд эрсдэлтэй хувийн брэндийг үүсгэсэн байдаг: Опра Уинфри, Доналд Трамп, Каня Вест, Элон Маск

"Надад тулах цэг (хөшүүрэг) өгөөч, би дэлхийг хөдөлгөе" - Архимед

Эд баялагтай болоход хөшүүрэг (leverage) хэрэгтэй. Бизнесийн хөшүүрэг нь капитал, хүмүүс болоод хувилахад зардал гардаггүй бүтээгдэхүүнүүдээс (код, медиа) бий болно.
(Орчуулагч: Медиа гэж үндсэндээ контентийг хэлж буй бололтой.)

Капитал бол мөнгө гэсэн үг. Мөнгө босгохын тулд, нарийн мэдлэг болоод найдвартай байдлаа ашигла. Тэгээд зөв шийдвэр гарга.

Хөдөлмөр (Labor) гэдэг бол чиний төлөө ажиллаж буй хүмүүс гэсэн үг. Энэ бол хөшүүргийн хамгийн эртний бөгөөд хамгийн өрсөлдөөнт хэлбэр юм. Хөдөлмөрийн хөшүүрэг аав ээжид чинь сэтгэгдэл төрүүлэх хэдий ч үүний араас хөөцөлдсөөр амьдралаа бүү үр.

Капитал ба хөдөлмөр бол зөвшөөрөл хэрэгтэй хөшүүрэг юм. Хүн бүр капиталын араас хөөцөлдөж байгаа. Харин хэн нэгэн үүнийг чамд өгөх ёстой. Хүн бүр манлайлахыг эрмэлздэг. Харин хэн нэгэн чамайг дагах ёстой.

Код болон медиа нь зөвшөөрөл хэрэггүй хөшүүрэг юм. Орчин цагийн шинэ баячуудын ард ийм л хөшүүрэг бий. Унтаж байхад чинь чиний төлөө ажиллаж байдаг софтвер, медиаг чи бүтээж болно.

(Орчуулагч: Энэ роботтой хэсгийг бүрэн ойлгоход жаахан төвөгтэй юм. Роботуудын арми хэдийн бэлэн болсон, ашиглах хэрэгтэй гэсэн санаа явж байна.)

Хэрвээ чи код бичиж чадахгүй бол ном, блог бич, видео, подкаст хий.

Хөшүүрэг гэдэг чиний шийдвэр гаргах чадамжийг үржүүлж чадах хүч юм.

Шийдвэр гаргах чадвар нь туршлага шаарддаг. Гэхдээ суурь чадваруудад суралцсанаар туршлагыг нэг талаар орлуулж болно.

"Бизнесийн” гэх чадвар байдаггүй. Бизнесийн сэтгүүл, бизнесийн хичээлүүдээс зайлсхий.

Микро эдийн засаг, тоглоомын онол, сэтгэлзүй, итгэн үнэмшүүлэхүй, ёс зүй, математик, компьютерт суралц.

Унших нь сонсохоос хурдан. Хийх нь харахаас хурдан.

Чи бусадтай "кофе уух" завгүй байхын сацуу календариа дүүрэн биш цэлгэр байлгах хэрэгтэй.

Өөрийн эрмэлзэж буй нэг цагийн үнэлэмжийг тогтоон гаргаж, мөрд. Хэрвээ асуудлыг шийдэх нь цагийн үнэлэмжээс чинь багыг хэмнэж байвал тухайн асуудлыг үл тоо. Тухайн ажлыг бусдаар хийлгэх нь цагийн үнэлэмжээс чинь бага өртөгтэй байвал хийлгэ.

Чадах чинээгээрээ сайн ажил, хөдөлмөрлө. Гэхдээ хэнтэй хамт ажиллах, юун дээр ажиллах чинь нөр их ажиллахаас илүү чухал.

Хийж буй зүйлдээ хамгийн шилдэг нь бол. Хийж буй зүйлээ үнэн зөв тодорхойлтлоо шинэчлэн тодорхойлсоор бай.

Хурдан баяжих төлөвлөгөө гэж байдаггүй. Харин чамайг ашиглан хурдан баяжиж буй хүн байж болно.

Нарийн мэдлэгээ ашигла, хөшүүрэгтэй бай. Эцэст нь чи зорьсон зүйлдээ хүрнэ.

Гэхдээ эд баялагтай болох үедээ энэ зүйл чиний юу юунаас илүү эрж хайж байсан зүйл биш болохыг ойлгоно. Гэхдээ тэр бол тусдаа асуудал.

8805   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.