Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 09, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ

Манай өнөөдрийн зочин бол маркетингийн судалгаа, бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарын хамгийн туршлагатай, хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг билээ. Д.Бум-Эрдэнэ МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2002 онд төгсдөг жилээ ангийнхаа хоёр найзтай хамтран "Бүхэл бүтэн улс байна даа, ямар ч гэсэн зах зээлээ өөрсдөө судалдаг мэргэжлийн байгууллагатай байх ёстой" хэмээн анхны маркетингийн судалгааны агентлагийн суурийг тавьсан нь өдгөө үндэсний хэмжээний том судалгааны байгууллага болж өргөжжээ. Өдгөө 30 үндсэн судлаач, 100-200 гэрээт судалгаа авагчтай болсон MMCG компани сар бүр 5-6 томоохон хэмжээний судалгааг хийдэг бөгөөд 2018 онд л гэхэд 90 мянган хүнээс судалгаа авсан байна. Брэндинг, компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил зэрэг сэдвүүдийг гүнзгийрүүлэн судалдаг тэрээр өнгөрсөн хугацаанд маркетингийн болон нийгэм-эдийн засгийн судалгааны 200 гаруй төсөл, мөн 50 гаруй брэнд хөгжүүлэлт маркетингийн кампанит ажилд зөвлөх, төслийн удирдагчаар ажиллажээ. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлж буй ажил, албан тушаал: MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал, Монголын Маркетингийн Холбооны Дэд Ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13' болон iMac
Сошиал хуудсууд: Bumerdene Dulam

ТА ЭХЛЭЭД ӨӨРИЙН АЖИЛ, ҮҮРГҮҮДИЙН ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Би MMCG компанийнхаа гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ Монголын Маркетингийн Холбооны дэд ерөнхийлөгч, МҮХАҮТ-ын Компанийн нийгмийн хариуцлагын хорооны орлогч дарга зэрэг сонгуульт албыг хашдаг. Мөн ESOMAR олон улсын судалгааны нийгэмлэг болон Канны Лионс Интернэйшнл Креатив наадмын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байна.

Эдгээр ажил үүргүүдийнхээ хүрээнд маркетингийн шинэ дэвшилтэт чиг хандлагуудыг Монголдоо хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэдэг. Өдгөө маркетингийн чиг хандлага нийгмийн болон экологийн асуудлуудыг онилж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхүйц үнэт зүйл бүтээх, илүү агуулга сайтай байх зорилго тавьдаг болсон. Канны зар сурталчилгааны криетив Лионс наадмын төлөөлөгчийн хувьд жил түрүүлсэн бүтээлүүдэд аналитик хийдэг. 10 бүтээлийн 9 нь нийгмийн асуудалд чиглэсэн, 10-ааc дээш сая хүнд хүрсэн ажлууд байдаг. Маркетингдаа ийм бодлого тавих нь зүгээр "зөв" харагдахдаа ч биш, эцсийн дүнд бизнест илүү ашиг тусдагийг компаниуд тэр бүр ойлгохгүй байх нь бий. Энэ хүрээнд би “Нийгмийн Маркетинг” болон "Бизнесийн Ногоон Гарц" форумуудыг санаачилж байсан нь уламжлал болгон зохион байгуулагддаг болжээ.

Үндсэн бизнесийнхээ хүрээнд маркетингийн судалгааны хөгжлийг олон улсын түвшинд хүргэхийн тулд зах зээл, хэрэглэгчийн судалгааны олон улсын кодыг таниулах, үндэсний стандарт болгох ажлыг ESOMAR олон улсын судалгааны нийгэмлэг, APRC, Ази номхон далайн судалгааны хороотой хамтран хэрэгжүүлж байна.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? ТАНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Арга барилын хувьд ажлыг хурдан, гэхдээ яарч адгахгүй хийхийг эрмэлздэг. Судлаач хүний хувьд тухайн ажлыг олон талаас нь харж бодож, яаж эрсдэлийг хамгийн бага байлгах вэ гэж боддог. Нэлээн бодож байгаад хийе гэж шийдсэн бол дайраад л ордог доо.

Манай компани төслийн менежментийн зарчмаар ажлаа явуулдаг. Богино, дунд хугацааны гэрээтэй судалгаа, маркетингийн ажлуудыг гүйцэтгэдэг. Төсөл амжилттай хэрэгжихэд явцын хяналт маш чухал. Тиймээс төслийн удирдагчийн хувьд төслийн багуудтайгаа үе үе уулзаж, хянах шалгах ёстой зүйлсээ нягтлаад явдаг. Төслийн менежментийн зарчмаар ажиллахаар бүх л ажил даалгавар цаг нартай болж, нэг ажил нөгөөгөөсөө хамаараад ирдэг тул хүн өндөр хариуцлагатай, сахилга баттай болдог л доо. Төсөл нэг хүний авьяас чадвараас бус олон хүний, олон ажлын нийлбэрээс хамаардаг. Манай ажлын онцлог нь маш олон харилцагчтай байж, их ажил авч байж орлого олдог тул ажлын ачаалал өндөртэй. Ийм өндөр ачаалал дунд ажиллаад сурчихад ямар ч ажилд сэтгэлзүй болон бие махбодын хувьд бэлтгэгдээд ирдэг.

Компанийн төслүүд бол бид системээ сайн хийсэн тул нэг хүнээс үл хамааран тогтвортой үргэлжилж байдаг. Ерөнхийдөө манайх судлаачдаа эрх чөлөөтэй, өөрийнхөөр нь ажиллуулдаг арга барилтай.
Харин сайн дурын ажил, төслүүд дээр бол баг болж сураагүй хүмүүс энд тэндээс цуглардаг учраас төслийн менежментийг илүүтэй нарийн оролцоотой, чиглүүлэг өндөртэй хийх болдог.

Ер нь төслийн удирдагч хүн зарим үед яаж ийгээд багаа чирэх, зүтгүүр болох шаардлагатай болно. Багийнхнаа тохирсон аргаар нь мотивацжуулах буюу ёстой аргадах ёстой бол аргадаж, загнах ёстой бол загнаж, ажлыг урагшлуулах үеүд зайлшгүй гардаг. Мэдээж багийнхандаа итгэж байж ажил урагшилдаг. "Итгэ, гэхдээ шалга" гэсэн зарчмаар ажилладаг даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Олон апп ашиглаад байдаггүй дээ. Хамгийн сайн ашигладаг апп гэвэл календарь байна. Бүх уулзалтуудаа календарьт оруулж, тодорхой хугацааны өмнө өөртөө сануулдаг. Evernote дээр тэмдэглэлүүдээ хийчих нь амар байдаг.

Манайд хийгдсэн "Медиа хэрэглээний судалгаа"-аас үзэхэд Монголд дундаж хүн интернетэд 3 цагийг зарцуулж байна. Gen Z үеийнхэн бол бүр 5-6 цаг байх жишээтэй. Тэгэхээр нэгэнт л бид интернетээс хараат болчихсон тул энэ цахим орчиндоо яаж илүү их бүтээмжтэй байх ёстой гэж бодмоор юм шиг. Өөрөөр хэлбэл зөв зохистой хэрэглээнд сайн суралцах ёстой болов уу. Миний хувьд маркетингийн хүн учир Фэйсбүүкийг илүүтэй ашиглах шаардлагатай болдог. See First тохиргоогоор HBR, Bloomberg, World Economic Forum, iKon, Gogo зэрэг медиа сувгуудаас мэдээлэл авна. Тэгэж элдэв хэрэггүй мэдээлэлд цаг үрэхээс сэргийлдэг. Төслүүдийн харилцаа холбоог групп үүсгэн явуулдаг. Мөн Фэйсбүүк нь онлайн худалдааны гол платформ тул хэрэглэгчийг зан төлөвийг ажиглах, компаниудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, кампанит ажлуудыг харах боломжтой байдаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би өглөө ажилдаа ирэх замдаа машинд юу юу хийхээ бодож төлөвлөж байгаад орж ирмэгцээ хийх ажлуудаа бичиж, ач холбогдлоор нь эрэмбэлдэг дадалтай.
Харвардын судлаачийн нэг нийтлэлийг уншсан юм л даа. Үүнд, гол ажлаа үдээс өмнө төлөвлөн, тодорхой цагийг хуваарь дээрээ блоклон (тасалж аван) дундаа сатаарахгүйгээр дайрч хий гэж зөвлөсөн байдаг. Миний хувьд тэр арга барилаар ажиллахыг хичээдэг, үр дүнтэй ч санагддаг. Хүний анхаарал 20-30 минут ажиллаж байж бүрэн төвлөрдөг гэдэг. Бүрэн төвлөрсний дараа бас тодорхой хугацаанд ажиллаж байж үр дүн гаргана. Харин төвлөрсөн үед гар утасны мессеж ирэх дуу мэтийн жижиг зүйл ч сатаарал үүсгэж, 100 хувь биеэ дайчлах боломжийг үгүй хийдэг. Хүн өдөртөө ядаж нэг удаа 100 хувь төвлөрөн бүрэн хүчээрээ ажиллахгүй байна гэдэг дэндүү хайран биз дээ.

Энэ төвлөрөх зарчимд бясалгал хийдэг маань мэдээж эерэгээр нөлөөлдөг. Анзаараад байхад барууны орнуудад бясалгал тренд болж, оффисын ажилтнуудад бясалгал хийхийг их зөвлөдөг болсон байна. Миний хувьд азаар бясалгал хийгээд 10 жил болж байна. Мөн цагаан хоол иддэг маань бие хөнгөн байхад, нозоорохгүй байж цаг хэмнэхэд бас нөлөөлдөг байх гэж боддог юм.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээр бичдэг. Уулзалтын цагуудыг бол гар утасны календарьт оруулдаг. Би бас энгэрийн жижиг дэвтэртэй. Зарим уулзалт дээр гарсан санаануудыг тухай тухайн үед нь бүтэцлээд тэмдэглээд явахад их амар байдаг юм. Уулзалтын үед учиргүй утсаа гаргаад тэмдэглээд байх зохимжгүй санагддаг. Дараа нь чухал тэмдэглэлүүдээ зургийг нь аваад Evernote уруугаа оруулчихдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Багадаа би асар сониуч хүүхэд байсан юм. Эмээгээсээ яагаад гэж асуудаг байсан даа. Энэ сониуч байдал маань одоогийн ажлаа сонгоход хөтөлсөн болов уу. Ер нь зөв асуулт тавина гэдэг бусдаас суралцахад маш чухал шүү. Миний хувьд маркетингийн хүн болохоор ч тэр үү, ятган үнэмшүүлэх, бусдыг мотивацлахдаа бас дажгүй (инээв).

Мөн 16 жилийн хугацааны маш олон төрлийн 200-300 төслийг удирдсан болохоор төсөл удирдах, баг удирдах ажилдаа гаршиж мэргэшсэн байх. Ерөнхийдөө энэ төслийн үр дүнг яаж хэмжих ёстой вэ, яаж явцыг нь шалгаж байх вэ, багийн гишүүдийг яаж мотивацлах вэ зэргийг сайн мэддэг болоод ирдэг. Ялангуяа, том төслийг олон жижиг хэсэгт хувааж удирдах, дизайн буюу загварчлах хэсэгт маш сайн оролцох ёстой байдаг. Энэ төслөөр юу шийдэх вэ, ямар замаар хийх вэ гэх мэт суурь асуудлуудаа маш сайн тодорхойлчихвол хүссэн үр дүнгээ зураглахад, багийн гишүүд нэгдсэн төсөөлөлтэй болоход тун чухал байдаг. Төслийг хэрэгжүүлэх хүмүүс нэг зүгт харж, нэгдсэн төсөөлөлтэй байх ёстой.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Судалгаа нь нэг талаар олон салбарын гүнд орж, төрөл бүрийн мэдээлэл авдаг сонирхолтой ажил. Байгууллагууд, бизнесүүдийг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай мэдээллээр хангахаас гадна засгийн газар улс орны хэмжээнд томоохон шийдвэр гаргахад ч хийсэн ажлууд маань суурь болдог. Судлаач хүний жаргал судалгааны үр дүнгээ харахад л оршдог мэт.

Нөгөө талаар судалгаа бол цаг наргүй, тун амаргүй ажил шүү. Судалгаа хэрхэн хийгддэгийг хүмүүс сайн мэддэггүй буюу дутуу үнэлэх явдал түгээмэл байдаг. Нэлээн нарийн төвөгтэй үйл явц. Нэг төсөл дээр л гэхэд 20 орчим хүнтэй мэдээлэл цуглуулалт баг, хянагч, судлаачид нийлсэн 30 орчим хүнтэй баг ажилладаг. Манай компанийн хувьд судалгаан дээр хяналтын хэд хэд үе шаттай. Улаанбаатар хотод бол таблетаар өгөгдөл цуглуулж, тэр нь шууд интернэтэд бүртгэгдэж байдаг. Хянагчид тэр дор нь л судалгаа авагчийн аудиог сонсож нягтлах, GPS-ээр байршлыг бүртгэх зэргээр хянана. Судалгааны үнэн зөвийг хянахаас гадна түүврийн тархаалт буюу төрөл бүрийн нийгмийн бүлгүүдээс тэнцвэртэй тоогоор авахад анхаарна. Ер нь тархуу байршсан 3 сая хүнээс үндэсний хэмжээний түүвэр судалгааг хийнэ гэдэг том ажил байдаг. Бид судалгааны аргачлалаа төгөлдөржүүлсээр л явна.

Манай компанийн хувьд компаниудын маркетингийн үйл ажиллагааны олон жил судалгаагүй яваад тогтсон процесс, моделийг өөрчлөх болдог нь тун чиг амаргүй. Цаг үе хурдтай өөрчлөгдөж компаниуд бизнесээ явуулдаг арга барилаа салбарын хөгжил, чиг хандлагатай нийцүүлэх шаардлага үүссэн байна. Өмнө нь нийлүүлэлт нь эрэлтдээ хүрдэггүй байсан үед бизнесээ бүдүүн тоймоор хийгээд болоод байдаг байсан бол өнөө үед өрсөлдөөн ч ширүүсэж, хэрэглэгч ч маш их мэдээлэлтэй болсон. Аливаа бизнес үйл ажиллагааны процессоо сайжруулахад анхаарахгүй бол загвар модель сайтай бизнесүүдэд зайгаа тавьж өгөх зам үлдэнэ. Сүүлийн жилүүдэд кофе шоп, дэлгүүрийн сүлжээнүүд тухайн зах зээлийг бүрэн эзэлж байгаагаас харж болно. Дэлхийн том компаниуд бол өдгөө тэрхүү процессоороо өрсөлддөг. Бидний хувьд тогтмол олон улсын зөвлөхүүдийг урин ажиллуулж, энэ чиглэлийн судалгаа, аргачлалуудыг сайтар гаргаж бэлдэж байна. Одоо компаниуддаа нэвтрүүлэх л үлдээд байгаа юм. Компаниуд зан төлөвөө өөрчлөх үйл явц нь удаан байдаг тул манай компани Монголын Маркетингийн Холбоонд идэвхтэй ажилладаг. Ингэж хамтын байгууллагаараа дамжин компаниуд нэгдэн нийлж байж энэ том өөрчлөлтийг хийж чадна.

MMCG КОМПАНИ ДЭЭРЭЭ ОДОО ЮУНД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Хийгдэж буй судалгаа, төслүүд гэвэл компанийн хэмжээнд маш олон байгаа. Нийтэд нь борлуулалтыг авч үзвэл манай нийт ажлын 60 гаруй хувь нь олон улсын байгууллагууд болон SONY, ТOYOTA, Philip Morris зэрэг компаниудын Монгол дахь зах зээлийн судалгаа, харин үлдсэн хэсэг нь дотоодын бизнесүүдээс орж ирдэг юм.

Компаниуд голчлон корпорейт брендийнхээ үнэлгээг хийх, олон салбартай газрууд үйлчилгээний чанараа нэгдсэн байдлаар үнэлэх ерөнхий томоохон хэмжилтийн судалгаануудаа хийлгэж байна.

2018 онд 50 том компанийн маркетингийн захирлуудын дунд судалгаа хийхэд тэдэнд тулгарч буй гол асуудал нь маркетингийн ажлын үр дүнгээ хэмжих асуудал гэж гарсан. Тэгэхээр маркетинг коммуникацын ажлын үр дүнгээ хэмжихэд, шийдвэр гаргахад нь туслах судалгаануудыг бид 2019 онд санал болгохоор ажиллана.

Мөн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацийн 10 гаруй үе шаттай процессыг бид Монголдоо нутагшуулахаар ажиллаж, иж бүрэн загварыг бэлэн болгоод байна. Түрүүнд дурдсан бизнесийн зан төлөв, соёлтой уялдаатай ажил.

Үндсэндээ бидний гол зорьдог зүйл бол судалгааг л олон улсын түвшинд хүргэх, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах явдал. Ер нь байгууллага бүр сонгож авсан салбараа олон улсын түвшинд хүргэхийн төлөө чармайх ёстой санагддаг. Тэгж байж л манай улс өнөөгийн хоцрогдлоосоо гарах бололцоотой. Манай байгууллага 15 жилийн ойгоороо Ази Номхон Далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын чуулга уулзалтыг 2017 онд Монголдоо хийж дэлхийн топ 30 гаруй агентлагийн 60 орчим экспертийг авчран, Монголын талаас 600 орчим бизнесийн төлөөллийг оролцуулж байлаа. Ерөнхийдөө манай салбарын АСЕМ юм даа. Ази, Номхон Далайн хэмжээнд судалгааны салбартаа дуу хоолойгоо гаргана гэдэг чухал. Бид хүлээн зөвшөөрөгдөж байж, тэднээс суралцах, асуудлаа тавих боломжтой болдог. Экспортын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бизнесийн моделио сайжруулахад гадны тухайн орондоо мэргэшсэн агентлагуудтай хамтарч ажиллах нь чухал. Гадны зах зээлд тухайн орны хэрэглэгчийн зан төлөвийг ойлгож, брэндээ байршуулна гэдэг үзэсгэлэнд оролцож, нэг дистрибютор олж барааг байршуулахаас хамаагүй төвөгтэй зүйл.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Мэдээж мэргэжлийн өгүүлэл, нийтлэл, судалгаа, номуудыг байнга уншина. Би брэндингийн чиглэлээр докторын ажил бичих төлөвлөгөөтэй байгаа тул сүүлийн үед энэ чиглэлийн материалуудыг түлхүү уншиж байна. Мөн миний нэг мэргэшиж буй, өөрөө маш их дур сонирхолтой сэдэв бол тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн асуудал. Энэ чиглэлээрээ байнга л сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахыг хичээдэг.

Мөн уран зохиолын номыг цаг гаргаж уншдаг. Сүүлд "Очир эрхшээгч" романыг уншаад мундаг бүтээл байна гэж дүгнэсэн шүү. Олон хүний ярьж санал болгодог "Алхимич"-ийг уншсан, аргагүй сайн зохиол байна лээ. Чи сэтгүүлч, би судлаач хийх нь бидний энэ дэлхийд хийдэг ажил маань болохоос, ирсэн зорилго биш. Тэгэхээр зорилго маань юу вэ гэдгийг таньж мэдэхийн чухлыг, тэр дундаа өөрийгөө таньж мэдэхийн чухлыг ойлгуулах ном байна лээ. Уран зохиол нь бүтээлч сэтгэлгээг өрдөн дэмждэг учраас маркетингийн салбарынхан сайн унших ёстой гэж боддог.

2019 онд ном унших аргачлалдаа илүү их анхааръя гэж бодож байгаа. Цаг гаргаж уншиж буйн хувьд хүн номоос аль болох ихийг өөртөө авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр уншсан номоо бусдад ярьж өгөх, сайн тэмдэглэл хөтлөх зэргээр унших арга барилаа ахиулна даа. Хэвлэмэл болон Kindle-ийн аль алинаар уншдаг. Мөн Unlock подкастыг сонсох дуртай юм байна. Подкаст, аудио номууд түгжрэлийг үр дүнтэй ашиглахад маш тустай.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Маркетингийн мэргэжлийн хүнд урлаг, гоо зүйн мэдрэмж гэдэг их чухал шүү дээ. Гоё ном унших, уран зураг, шүлэг тайлах тэр мэдрэмж бол амьдралын чухал хэсэг шиг санагддаг. Тийм ч учраас тэр талын мэдрэмжээ ахиулж л байхыг хичээдэг. Сүүлийн үед Bohemian Rhapsody-оос болоод Фредди Меркуригийн дуугаар амьсгалж байна. Бас “A Star is Born” киноны дуунууд байна. Лэди Гагад уянгын стиль ямар гоё зохиж байна вэ. Мөн Beatles, Соёл-Эрдэнэ зэрэг дээхнэ үеийн хамтлагуудын дууг одоо пянзаар сонсох үнэхээр янзтай юм билээ. Дижиталаар тавьсан ямар ч гоё хөгжмөөс хавьгүй илүү кайфыг өгч байна. Пянзаар сонсох нь үнэхээр өөр мэдрэмж гэдгийг сүүлд л ойлгосон хэрэг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Миний хувьд ажлын шаардлагаар нээлттэй байх ёстой байдаг. Тэр нь ч ажилд маань их хэрэг болдог. Гэхдээ нээлттэй зан араншинтай хүн байсан ч өөрөө өөртэйгөө байх цагийг заавал гаргаж байх ёстой гэж боддог. Миний хувьд өөртөө цаг гаргасан үедээ сайн бодож эргэцүүлж, ажлуудаа сайн төлөвлөж чаддаг. Аль аль чанар нь надад хосолсон байдаг.

Хүн буруу зуршлуудаа засаж шинэ дадлуудтай болохыг хичээдэг шүү дээ. Гэхдээ зөвхөн асуудал дээр төвлөрч асуудлыг шийднэ гэдэг үр дүнтэй байдаггүй. Хүн илүү интроверт байж асуудлаа давж хараад, өөртэйгөө ажиллаж, өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж, өөрийгөө нээж чадвал урт настай зөв дадлуудыг бий болгож чаддаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Би өглөө 6 цагт босоод 2 цаг бясалгал хийдэг, орой унтахын өмнө 30 минут бясалгал хийдэг дадалтай. Орой ажлаасаа харих гэсээр нэлээн оройтдог. Харин энэ жил гэр бүлээрээ 23 цагт унтдаг болох зорилт тавьчихаад байгаа. Ер нь 23-03 цагийн хооронд авсан нойр нөхөж авах энергийн дийлэнх хувийг эзэлдэг гэдэг шүү дээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Өнгөрсөн жилээс фитнесст нэлээн идэвхтэй явах болсон. Долоо хоногтоо гурван удаа явах гэж хичээж байна. Урьд нь би фитнесс гэхээр булчин шөрмөсөө л томруулах гэж их буруу ойлгодог байсан юм билээ. Фитнесст явах нь ажлын ачаалал даадаг болоход чухал үүрэгтэй юм байна. Бие чанга, чийрэг байвал ажлын ачаалал их байсан ч хүн сэтгэлзүйн хувьд хүчтэй байдаг юм байна л даа.

Мөн өдөр болгон гэртээ бясалгахын зэрэгцээ бясалгалын төв дээрээ долоо хоногтоо 2 удаа очиж бясалгадаг. Бясалгалд надад стрессээ удирдах, аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах, юмыг орхиж чаддаг байх боломжийг олгодог юм.

Гэр бүлийн хувьд тогтмол хийдэг зарим нэг зүйлс бий. Орой хоёр багадаа заавал ном уншиж өгдөг. Мөн бүтэн сайн өдөр гэрээ цэвэрлэлцэнэ. Би өөрөө жорлонгоо угаагаад эхлэхээр хүүхдүүд бүгд хөдөлдөг. Хүүхдүүдээ цэвэрч болгохыг хичээж байгаа нь тэр. Мөн эхнэртэйгээ даваа гараг бүр гадуур гардаг болж хэвших гэж хичээж байгаа. Хамт гарангаа ар гэрийн асуудлуудаа ярилцаж байх нь ажил, амьдрал баланстай байхад тун хэрэгтэй юм билээ. Ер нь аливаа зүйлийг 66-120 өдөр хийхэд тэр дадал өөриймшиж тогтдог гээд байгаа шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Энгийн бөгөөд эерэг сайхан бүхнээс урам зориг авдаг. Манай компани дээр "Монгол хүний эрхэм чанарын судалгаа" хийгдэж байгаа юм. Хэдийгээр гаргаж томьёолоогүй боловч монгол хүний суурь сайхан чанарууд эгэл түмний зүрхэн дотор эрдэнэ мэт байж л байдаг. Тэдгээр сайхан зан чанаруудыг өдөр тутмын амьдралаасаа олж харж, суралцаж, танихгүй хүмүүстэй ч энгийн нөхөрсөг сайхан харилцаж, тэднийг ойлгох нь асар эрч хүч, урам зориг өгдөг юм шиг санагддаг. Саяхан нэг залуу миний машиныг шүргэчихээд над руу залгаад хэлсэн юм. Шударгаар хэлж байгаад нь, ийм сайхан хандлага хадгалагдаж үлдсэнийг харахаар, машин шүргүүлсэн биш, сэтгэл дүүрээд ирсэн. Аливаад хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг болчихсон дутагдал бидэнд бий. Тэгээд ирэхээр нэг нэгийнхээ дотор байгаа сайхан зүйлсээ олж харах, урам зориг авах, нэг нэгийг хайрлах хүндлэх нь бага болоод байх шиг. EQ гэж их ярьдаг байсан бол бизнест одоо Жак Магийн хэлсэн LQ (The Quotient of Love) хэрэгтэй болж ирж байна. Тухайлбал, хэрэглэгчээ хүн гэдэг талаас нь харж байж, сэтгэл зүрхнээсээ асуудлыг гүнзгий мэдэрч ойлгож байж, үнэ цэнтэй бренд бүтдэг гэж үзэх болсон.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав маань монголч эрдэмтэн хүн. Монгол өв соёлоо судалж, ирээдүй хойч үедээ үлдээхэд нэг насаа зориулж байгаа. Би гэдэг хүн аав шигээ мундаг эрдэмтэн болж чадаагүй ч, судалгааны бизнес сонгосон нь байнаасаа айхтар холдоогүй гэж боддог. Юу сурах, юу хийхийг маань ч заагаагүй, эрх чөлөөг олгосон аав маань хүүхдүүддээ сургаал номлол айлдаад байхаас илүү өөрийн биеэр үлгэрлэхийг илүүд үздэг хүн. Бичгийн машины товших чимээ л манай гэрийн сэрүүлэг байлаа. Аав ээж хоёр маань хоёул 5 цагт босоод аав маань 6 цаг гэхэд бичгийн машинаа товшиж эхэлдэг байсан. Саяхан би аавынхаа ном нээлт дээр очсон юм. Зөвхөн эрдэм шинжилгээний өгүүллүүд нь л гэхэд 500 орчим хуудас 6 боть болж байх жишээтэй. Ийм хөдөлмөрч аавын минь нөлөө мэдээж надад их бий. Энэ завшааныг ашиглан аавдаа "Хайртай шүү, их баярлалаа" гэж хэлье.

Манайх дөрвөн үеэрээ бичиг номын хүмүүс байсан юм билээ. Манай элэнц өвөө Пунцаг гэх бичээч хүн байж. Нэг удаа цаг хугацаатай албаны бичиг яаралтай хүргэх гэтэл үер болж байж. Тэгээд гарцаагүй хүргэх бичиг тул үерлэсэн ус руу ороод живчихсэн юм гэнэ лээ. Ийм л хариуцлагатай чанар манай гэр бүлд эртнээс байсныг би анзаардаг. Өөрөө ч энэ уламжлалаас гажихгүйг их хичээдэг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Ер нь тууштай байдал, чармайлт, хариуцлага гэсэн 3 зүйл ажил хийж амжилт гаргахад хамгийн чухал санагддаг. Нэг өдөр, нэг жилд амжилтанд хүрнэ гэж байдаггүй, аливаа амжилт урт хугацааны тууштай шаргуу хөдөлмөрийн үр дүн байдаг гэдэгт итгэдэг. Залуучуудыг харахаар туйлбаргүй, юм юм уруу ороод ашиглаад сураад явчихъя гэсэн бодол, биеийн амрыг харах гэсэн хүсэл харагдаад байгаа юм.

Гэвч хүн өөрөөсөө давсан, хүнд хэцүү санагдах зүйлсийг хийж байж л урагш ахидаг, амжилтад хүрдэг. Ажил гэдэг яг л ууланд авирахтай адил 30 хувь дээр хэцүү, 50 хувь дээр цаашаа явчихмаар, 70 хувь дээрээ үнэхээр уруудаад гүймээр санагддаг зүйл. Тэр л үед тэсчихвэл уулын орой харагдаад, урам ороод, улмаар оройд нь гарчихдаг. Үүнийг би хураангуйлаад "Амжилт бол азгүйтлээс алхмын цаана байдаг зүйл" гэж хэлэх дуртай. Энэ л сэтгэлгээ бизнесээ эхлүүлээд явж байсан үед тун ч их хэрэг болж байсан. 5 газартай уулзаад үгүй гэсэн хариу аваад шантрах мөчид "За одоо ганцхан" гээд 6 дахь газартай уулзахад зөвшөөрсөн хариу авдаг байв. Өөрөөр хэлбэл хязгаартаа туллаа даа, цааш явж чадахгүй нь дээ гэж бодсон үедээ гүрийгээд цаашаа 3 алхчихдаг байх хэрэгтэй юм билээ. Залуу хүмүүс өөрийнхөө чадамж, хязгаараа шалгах хэрэгтэй. Их ачаалал авч, өөрийгөө сорьж үзэж байх хэрэгтэй. Чадахгүй гэж бодсон ажлынхаа ард гарсны дараа л сая өөртөө итгэх итгэл бий болдог.

Монгол улс маань хөгжил тааруу байна. Залуу та дөнгөж сургуулиа төгсөөд л комфорт зонд хүлэгдсэн бодолтой, гоё оффис, бага цагтай, амралт ихтэй ажил хөөцөлдөж яваа бол амжилт гэдэг үгийг үгсийн сангаасаа хасчихвал дээр гэж хэлмээр байна. Аав маань “Залуудаа махаа идвэл, өтлөөд шөлөө ууна” гэж хэлдэг. Ажлаас айх нь сэтгэцийн өвчин гэж би нэг хүнээс дуулж байв. Заримдаа ажлаас сүрдэх үедээ энэ үгийг өөртөө хэлж зоригжуулаад, дайраад орчихдог. Яг хийхээр ихэнх ажил харагдаж байгаа шигээ хүнд байдаггүй.

Залуучууд маань бизнес эхлүүлэх талаар их боддог, ярьдаг. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, үнэхээр хувийн бизнес эхлүүлнэ гэж бодож байгаа бол амьдралынхаа 5 жил, магадгүй 7-8 жилийн бүсээ чангалан тэсээд, ар гэрээ хойш тавиад зүтгэх сэтгэлзүйтэй байх ёстой байдгийг сануулж хэлмээр байна.

Бас нэг хуваалцахыг хүсдэг зүйл бол, хүн бүх юманд ялж чадахгүй. Заримдаа бууж өгөх нь ялалтаас гоё мэдрэмж байдаг. Өөрийн зүгээс бүх юмаа хийгээд бүтэхгүй бол орхиж сурах хэрэгтэй. Хүн амьдралаас бүхнийг авах албагүй шүү дээ. Ялагдал, бүтэлгүйтэл амттай, амжилтаасаа илүү хэрэг болох, илүү ухааруулах үе олон.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Танай ярилцлагуудыг харж байхад бизнесийн хүмүүс их ордог. Тийм болохоор олон жил эрдмийн ажил хийсэн, амьдралд нухлагдсан туршлагатай хүмүүстэй ярилцаад үзвэл хэрэгтэй бөгөөд сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Жишээ нь манай аавтай ярилцаж болно. Аав маань Бямбын Ренчин, Чой Лувсанжав зэрэг нэрт эрдэмтдийн шавь. Одоогийн залууст өвлүүлэх үлдээх зүйл ихтэй хүн дээ. Эдгээр хүмүүсийнхээ амьдралын туршлагыг бид авч үлдэх хэрэгтэй гэж боддог.

18418   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.