Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   01 сарын 06, 2019

7 хоногийн тойм: Сарны "харанхуй" тал + Алсаас илгээсэн зураг + "Алим"-ын гэнэтийн хямрал

Ковер зургийн тайлбар: Алс холоос илгээгдсэн зураг. Сайн байна уу, Ultima Thule!

Дэлхий дахинд

Хятад сарны алслагдсан хэсэгт хүрсэн анхны улс боллоо. 12-р сарын 7-нд хөөргөсөн Chang'e 4 хөлөг 2500 км-ийн диаметр бүхий нэн эртний тогоон дотор газардсан байна. Уг тогооны геологийн бүтцээс судалгааны баг нарны аймгийн үүсэлтэй холбоотой мэдээлэл цуглуулна гэж үзэж буй. Сар зөвхөн нэг талаараа дэлхий рүү хардаг бөгөөд өмнөх газардсан оролдлогууд үргэлж нүүрэн талд явагддаг байв.

NASA-ийн New Horizons сансрын хөлөг 6.4 тэрбум км-ийн зайд орших сансрын биетийн зургийг илгээлээ. Энэ бол хүн төрөлхтөнд хамгийн холоос илгээсэн гэрэл зураг гэсэн үг. Ultima Thule хэмээх нэртэй уг биет Куйперийн бүсэд орших бөгөөд 16-24 км-ийн өргөнтэй аж. New Horizons 2006 онд эх дэлхийг орхин улмаар Дэлхий Ван бага гарагийг дайран өнгөрч, түүний хамгийн тод зургийг илгээснээрээ алдаршсан билээ.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Ардчилсан намын эмэгтэй лидерүүдийн нэг Элизабет Варрен мэдэгдлээ. Өдгөө 69 настай Варрен карьераа их сургуулийн багшаас эхэлсэн бөгөөд 2013 оноос сенатын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Малайзын хаан Султан Мухаммад V өөрийн хүслээр суудлаасаа буулаа. Энэ нь тус улс 1957 онд тусгаар тогтносноос хойших эзэн хаан "огцорсон" анхны тохиолдол болж байна. 2016 онд хаан ширээнд заларсан түүний экс Москвагийн мисстэй хуримаа хийсэн мэдээлэл сошиал медиад цацагдаж, ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан билээ. Малайз нь үндсэн хуульт хаант засагтай улс бөгөөд тус улсыг бүрдүүлдэг есөн муж улсын язгууртнууд тав, таван жилийн хугацаатай ээлжээр хаан ширээнд суудаг онцгой хуультай юм.

Шенжен хотын захиргаа нийт таксины 99 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болсон гэдгийг зарлалаа. 2017 онд нийтийн тээврийн бүх автобусыг цахилгаанаар ажилладаг болгосноо мэдэгдэж байсан тэд өнгөрсөн жилээс эхлэн 21 мянган таксигаа шинэчилж эхэлжээ.

Unread: Хятадын инновацийн хөгжил буюу Бээжин, Гуанжоу, Шенжен хотуудаар аялсан тэмдэглэл

технологийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхий даяар 700 сая хэрэглэгчтэй болсноороо Windows 10 хамгийн их ашиглагдаж буй үйлдлийн систем боллоо. Тэд нийт зах зээлийн 36.9 хувийг эзэлж байсан Windows 7-г анх удаа гүйцэж буй нь энэ юм. Microsoft-ийн хослолын араас Apple-ийн OS бичигдэж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь 2001 онд худалдаанд гарсан Windows XP одоо хүртэл хэрэглээгээрээ эхний тавд бичигдсээр байгаа аж.

Google-ийн эзэмшдэг эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч Verily 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт татлаа. Тэд ухаалаг төхөөрөмжийн датанд боловсруулалт хийн хиймэл оюун хөгжүүлж, стратегийн түншүүдийн тусламжтайгаар хэд хэдэн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байгаа юм.

2018 оны сүүлийн улиралд 90,700 машин үйлдвэрлэсэн нь шинжээчдийн таамагт хүрээгүйн улмаас Tesla-ийн хувьцааны үнэ 10 хувиар уналаа. Хөрөнгө оруулагчид Tesla-ийн бүх загварын машины үнээ 2000 доллараар хямдруулсанд "шүүмжлэлтэй" хандсан нь мөн илэрч байна хэмээн экспертүүд үзжээ.

Үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч, дата менежментийн гигант Cloudera гол өрсөлдөгчдийн нэг Hortonworks-ийг нэгтгэж, салбарынхаа хамгийн том нэгдлийг үүсгэлээ. Нэгдсэн компани 5.2 тэрбум долларын үнэлгээтэй, топ 2500 гаруй харилцагчид үйлчилгээ үзүүлэн жилийн 720 сая долларын борлуулалт хийх төлөвтэй байна.

Windows-ийн ноёрхол үргэлжилсээр

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Apple-ийн CEO Т.Күүк компанийн 1-р улирлын санхүүгийн тайлан дахь борлуулалтын таамгийг даруй 5-9 тэрбум доллараар буюу 84 тэрбум доллар болгон бууруулж байгаагаа зарлалаа. Хятадын эдийн засгийн удаашралаас үүдэлтэй iPhone-ийн муу борлуулалт, АНУ-Хятадын хооронд өрнөж буй "худалдааны дайн" зэрэгтэй холбогдуулан энэхүү тооцоог хийх болсноо мэдэгдэх үед Apple-ийн хувьцааны үнэ 9 хувиар буурсан байна. Энэ нь Apple гар утасны зах зээлд нэвтэрснээс хойш хөрөнгө оруулагчдад борлуулалтын "сөрөг" мэдээ дуулгаж буй анхны тохиолдол болжээ.

Дэлхийн интернэт хэрэглээ, чиг хандлагын талаарх хамгийн дэлгэрэнгүй тайланд тооцогддог Internet Trends Report-ийг эрхлэн гаргадаг Мэри Мийкер шинэ хөрөнгө оруулалтын сан байгуулж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Bonds нэртэй шинэ сандаа 1.25 тэрбум доллар босгосноор нэг тэрбумаас илүү хөрөнгөтэй сан удирдах анхны эмэгтэй болжээ. Тэрээр өмнө нь Kleiner Partners-ийн гишүүний хувиар Airbnb, Houzz, Slack, Peloton зэрэг юникорн стартапуудад амжилттай хөрөнгө оруулснаараа алдаршсан билээ.

1969 онд байгуулсан Southwest Airlines-аараа дамжуулж иргэний агаарын тээвэрт хямд үнэтэй үйлчилгээг танилцуулан хувьсгал хийсэн Херб Келлехер 87 насандаа таалал төгслөө. Жилд 120 сая зорчигчид үйлчилгээ үзүүлдэг түүний компани хэрэглэгч төвтэй үйлчилгээгээрээ алдаршсан бөгөөд салбарын хямралыг ч үл ажран 58 мянган ажилтантай болон өргөжсөн юм. Тэрээр 2.5 тэрбум долларын хөрөнгөтэй байлаа.

Хорт хавдрын эсрэг эм үйлдвэрлэгч Bristol-Myers Squibb гол өрсөлдөгчдийн нэг Celgene-ийг 74 тэрбум доллараар өөртөө нэгтгэлээ. Салбарын хамгийн том 2 компани нэгдснээр жилд 37 тэрбум долларын борлуулалттай болно гэсэн үг. Энэхүү наймаа эм зүйн салбарын түүхэн дэх хамгийн том үнийн дүнтэй хэлэлцээрүүдийн нэг болжээ.

Apple-ийн хямрал дэлхийн зах зээлийг донсолгов

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Disney-ийн CEO Б.Айгер олон нийтийн дунд өндөр хүлээлт дагуулж буй "Оддын дайн" цувралаас сэдэвлэсэн парк 2019 оны 6-р сард ашиглалтанд орно гэдгийг баталлаа. Анахэйм хотноо баригдаж буй уг парк нь 5.7 га талбайг эзлэх бөгөөд "Galaxy's Edge" нэртэй байх юм.

3 дахь долоо хоногтоо дараалан бокс оффисийг тэргүүлэх нь тодорхой болсон "Aquaman" олон улсын зах зээлд хамгийн өндөр амжилт үзүүлсэн DC-ийн бүтээл боллоо. Тэд нийт 649.3 сая долларын борлуулалт хийсэн нь өмнөх дээд амжилтыг эзэмшигч "The Dark Knight Rises"-аас даруй 13 сая доллараар илүү байгаа юм. Бокс оффисийн дараагийн байруудад шинээр нээлтээ хийсэн "Escape Room", Disney-ийн ээлжит хит "Mary Poppins Return" бичигджээ.

Дэлхийн хамгийн алдартай энтертэйнмент фестивалиудын нэгт тооцогдох Coachella 2019 оны гол уран бүтээлчдээ зарлалаа. 4-р сарын 12-21-нд явагдах энэ жилийн шоуны одод нь Childish Gambino, Ariana Grande, Tame Impala нар байх гэнэ. 1999 оноос эхлэлтэй уг фестивальд өнгөрсөн жил 250 мянган хүн оролцжээ.

Шинэ оны өмнө гаргасан "Birdbox" киног нь долоо хоногийн дотор 45 сая хэрэглэгч үзэж дээд амжилт тогтоосон Netflix өөр нэг хит бүтээлийнхээ товыг зарлалаа. "Stranger Things" цувралын 3-р бүлэг АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр буюу 7-р сарын 4-нд нээлтээ хийх гэнэ. Мөн тэд 8 ангийн нэрсийг ил болгожээ.

Шинэ адал явдалд бэлэн үү?

алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: Даалгавар өгсөн эзнээ хуурч байсан нь илэрсэн хиймэл оюуны түүхээс юу сурах вэ?
Wired: CES 2019-өөс юуг хүлээх вэ?
BBC: Харбины мөсний фестивалийг гэрэл зургаар
NYTimes: Н.Пелоси төлөөлөгчдийн танхимыг даргална
QZ: 2018 оны хамгийн шилдэг дата дүрслэл
Vox: Алтан бөмбөрцгийн өмнө
Guardian: Малайзын хаан суудлаасаа буулаа
Roku: Roku шинэ төлбөртэй үйлчилгээ гаргалаа
Pitchfork: 2019 онд хамгийн их хүлээлт дагуулж буй 33 цомог
WSJ: Пентагоны удирдлагын хямрал

9603   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.