Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   01 сарын 04, 2019

Өөрсдийгөө шинжье: Үнэт зүйлс, эрхэмлэдэг чанаруудаа танин мэдэх дасгал

2019 онд илүү үр бүтээмжтэй ажиллана даа гэж хэн хүнгүй төлөвлөж байгаа энэ үед багаараа ажиллаж болох нэгэн сонирхолтой дасгалыг танилцуулъя. Энэхүү дасгал нь бидний өмнө нь тоймлон танилцуулж байсан, ЛинкэдИний үүсгэн байгуулагч Рэйд Хоффман нарын бичсэн "The Alliance" номын төгсгөлд байдаг юм. Энэ нь бусдынхаа үнэт зүйлс, эрхэмлэдэг чанаруудыг ойлгоход, улмаар илүү сайн ойлголцлыг бий болгоход тустай дасгал билээ. Нөгөө талаар, өөрөө ганцаар хийж, өөрийгөө илүү ойлгоход ч хэрэгтэй.

Дасгалыг яаж хийх вэ гэвэл, хүн бүр өөрийн хүндэлдэг, "шүтэн биширдэг" гурван хүнийг сонгон, хүн тус бүр дээр 3 онцлог чанарыг нь бичих юм. Үүний дараа 3 х 3 = 9 онцлог чанарыг өөрийн үзэл бодол, таашаалд нийцүүлэн эрэмбэлэх учиртай ажээ. Ингээд уг дасгалыг номын зохиогчид хэрхэн хийснийг, өөрөө бас яаж хийснээ хавсаргая.

 РЭЙД ХОФФМАН - @reidhoffman

1. Мартин Лютер Кинг
Алсын хараа, эр зориг нь нийт америкчууд төдийгүй дэлхийн хүмүүст урагшлах хүчийг өгдөг иргэний нийгмийн баатар
-Алсын хараа
-Зориг
-Энэрэл хайр

2. Мари Кури
Эрсдэлийг ухаалгаар хийж, хойчийн хүмүүст зам мөр гаргахын тулд заавал том байгууллага удирдах шаардлагагүйг биеэр харуулсан шинжлэх ухааны баатар.
-Оюун ухаан
-Бие даасан сэтгэлгээ
-Хичээл зүтгэл

3. Эндрю Карнеги
Нийгэмд тустай филантропийн үйлсээрээ олон арван жил бусдад үлгэр жишээ болсон бизнесмен, индустриалист.
-Өгөөмөр байдал
-Манлайлал
-Энтрепренершип

Онцлогуудыг эрэмбэлбэл:
1. Энэрэл хайр
2. Зориг
3. Хичээл зүтгэл
4. Оюун ухаан
5. Өгөөмөр байдал
6. Алсын хараа
7. Манлайлал
8. Энтрепренершип
9. Бие даасан сэтгэлгээ

КРИС ЕЭ - @Chrisyeh

1. Абрам Линколн
Хамгийн агуу америк хүн. Өөрөөсөө өмнөх болон хойш бүх ерөнхийлөгчөөс хавьгүй хүнд хэцүү сорилттой тулгарч, улс орноо нэгтгэж чадсан.
-Энэрэл хайр
-Эгогүй үзэл
-Илтгэх чадвар

2. Фрэд Рожерс
Энэ хорвоод амьдарч байсан хамгийн сайхан сэтгэлтэй хүн байж магадгүй. Сая сая хүүхдийн амьдралд эергээр нөлөөлсөн нэгэн.
-Юмсыг байгаагаар нь хүлээж авах (Acceptance)
-Чин үнэнч байдал
-Сайхан сэтгэл

3. Дэвид Пакард
Hewlett-Packard-ийг үндэслэгч, Цахиурын хөндийн загалмайлсан эцгүүдийн нэг бөгөөд түүхэн дэх хамгийн агуу менежерүүдийн нэг
-Санаачилга
-Итгэлцэл
-Өгөөмөр байдал

Онцлогуудыг эрэмбэлбэл:
1. Чин үнэнч байдал
2. Эгогүй үзэл
3. Санаачилга
4. Итгэлцэл
5. Хүлээн зөвшөөрөхүй
6. Сайхан сэтгэл
7. Энэрэл хайр
8. Өгөөмөр байдал
9. Илтгэх чадвар

БЭН КАСНОКА - @bencasnocha

1. Бэнжамин Франклин
Уйгагүй зохион бүтээгч, АНУ-ыг үндэслэгчдийн нэг, гаргуун дипломатч
-Өөрийгөө хөгжүүлэхүй
-Энтрепренершип
-Гадаад ертөнцөд нээлттэй хандахуй

2. Дэвид Фостер Уоллес
Хүний мөн чанар хийгээд орчин цагийн дэлхийн ертөнцийг тайлбарлах эгнэшгүй чадвартай зохиолч
-Сониуч байдал
-Хошигнол
-Эрч хүч

3. Сиддхарта Гаутама (Будда)
Амьдралын утга учрын талаарх сургаалууд нь дэлхийг өөрчилсөн үзэл санааны удирдагч
-Уужуу сэтгэл
-Энх тайван
-Сахилга бат

Онцлогуудыг эрэмбэлбэл:
1. Сониуч байдал
2. Хошигнол
3. Энх тайван
4. Энтрепренершип
5. Сахилга бат
6. Эрч хүч
7. Өөрийгөө хөгжүүлэхүй
8. Уужуу сэтгэл
9. Гадаад ертөнцөд нээлттэй хандахуй

Д.ГАНЗОРИГ - @iganzo

1. Бэнжамин Франклин

Миний бие АНУ-ын үндэслэгч эцгүүдийн нэг, улс төрч, зохион бүтээгч, зохиолч, дипломат Бэн Франклины намтрыг монгол хэлнээ орчуулж байв.
-Оюун ухаан
-Олон талт байдал
-Харилцааны чадвар

2. Монтень
Монтень 16-р зуунд сонирхолтой жишээ, баримтуудыг өөрийн үзэл бодол, туршлагатай сүлэн цоо шинэ бичлэгийн төрөл гарган ирсэн нь өнөө бидний сайн мэдэх "Эссэ" билээ. Тэр өөрийн дотоод ертөнц рүү өнгийснөөр ер хүний мөн чанарыг гайхалтайгаар харуулж чадсан юм.
-Сониуч байдал
-Зохист хэмжээг барихуй
-Өөрийгөө танихуй

3. Д.Баттогтох
1967 онд төрөөд өвчний учир 1994 онд цэл залуугаараа өөд болсон яруу найрагч. Энэ хүний шүлгүүдээс энэрэл хайр, цэвэр ариун сэтгэл, утга уянга нэвт мэдрэгддэг.
-Энэрэл хайр
-Хичээл зүтгэл
-Амьдралыг хайрлахуй

Онцлогуудыг эрэмбэлбэл:
1. Зохист хэмжээг барихуй
2. Сониуч байдал
3. Энэрэл хайр
4. Оюун ухаан
5. Өөрийгөө танихуй
6. Хичээл зүтгэл
7. Харилцааны чадвар
8. Амьдралыг хайрлахуй
9. Олон талт байдал

Сонирхолтой дасгал байгаа биз? Энэхүү дасгалыг хийснээр та өөрийгөө болон бусдыг илүү сайн танин мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Танд хүндэлж биширдэг олон хүн байгаа бол онцлог чанаруудыг аль болох давхардахгүй байхаар сонгоорой.

34468   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.