Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   01 сарын 05, 2019

Unlock Podcast #49: "21 lessons for the 21st century" номын тухай

Подкастын 2018 оны сүүлийн дугаарт Тэгшээ, Наги, Дээгий нар 2018 оны бэстселлер номуудын нэг "21 дүгээр зуунд зориулсан 21 сургамж" номын тухай ярилцлаа. Энэ бол түүхч Юваль Ноа Хараригийн "Sapiens", "Home Deus" номуудын үргэлжлэл болгон гаргасан бүтээл юм. Уг ном нь 21 дүгээр зууны хүмүүсийн өмнө тулж ирсэн жижиг том, анзаарагддаг анзаарагддаггүй олон асуудалд гаргалгаа санал болгосноороо сонирхолтой.

НОМЫН ТУХАЙ

21 бүлэгтэй уг ном бүлэг бүрд асуулт тавьж, түүндээ сонирхолтой өнцөг, содон шийдлийг өгүүлжээ. Өмнөх сургамж, одоогийн баримт дээрээс сонирхолтой таамаглалуудыг дэвшүүлж байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг шинээр харах боломжийг олгоно.

Номын эхний хэсэгт одоогоос 10 жилийн өмнө хэн ч анхаардаггүй байсан хиймэл оюуны тухай өгүүлэх болно. Хэдийгээр хиймэл оюун хэт хөгжиж ихэнх ажлын байр устаж, тэд бидний өмнөөс хэнтэй гэрлэх, хаана амьдрах, юуг илүү сайн хийж чадах гэх мэт чухал шийдвэрүүдийг яг л Youtube-ийн бичлэг шиг л санал болгож эхлэх үед хэн өөрийгөө илүү сайн мэдэж байна, түүнд илүү давуу тал үүсэх аж. Тиймээс хиймэл оюунд мөнгө зарцуулдаг шигээ өөрийн сэтгэл, бодол, хүсэл зорилгыг ойлгоход цаг хугацаа, мөнгө зарцуулах хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм. Хүмүүс ажлын байраа роботод алдаж байгаа ч нөгөө талаас олон зүйлийг хөнгөвчилж, илүү чанартай үйлчилгээ авах боломжтой гэдгийг сануулж, ирээдүйн хүмүүс илүү их суралцах шаардлагатай тухай, нарийн мэдрэмж шаардсан ажлын байрууд бий болох тухай өгүүлнэ.

Үүний дараагийн хэсэгт нийгэм, соёл, шашин шүтлэг, терроризм, цагаачлалын тухай маш сонирхолтой шийдлүүдийг өгүүлжээ. Дэлхий дээрх зуу зуун улс үндэстэн өөрийн гэсэн хэв маяг, онцлог, шашин шүтлэг, соёл иргэншилтэй. Эдгээр зүйлс биднийг бусдаасаа ялгаруулдаг боловч нөгөө талаас нэгтгэн нийлүүлдэг. Өмнөх зуунд байсан шиг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байхгүй болсон ч дээрх соёлын ялгаанаас үүдсэн ялгаварлал бий болохыг зохиогч эдгээр бүлгүүдэд өгүүлсэн юм. Үүнийг даган цагаачлалын асуудал яригдаж, нөгөө талаас алан хядах үйл ажиллагаа ч үргэлжлэх магадлалтай. Гэхдээ дэлхий даяар алан хядах үйл ажиллагаанаас болж ердөө 25 мянган хүн л нас бардаг бол машины ослоор 1.5 сая, чихрийн шижингээр 3.5 сая хүн нас барж, агаарын бохирдлоос болж 7 сая хүн үхдэг гэдгийг эрх баригчид огт анзаардаггүй байна. Эдгээр тоотой харьцуулахад терроризм бол шаазангийн дэлгүүр дэх нэгэн ялаатай л адилхан хэмээн хэлсэн нь бид жижиг асуудлыг том дуулиан шуугиан болгож, чухал зүйлсийг анхааралгүй орхигдуулдаг гэсэн санаа аж.

Номын төгсгөл хэсэгт хувь хүн рүү чиглэсэн сургамжуудыг өгүүлж, 21-р зууны иргэн юу сурч, ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой талаар үргэлжилнэ. Энэ зуунд мэдээлэл авахад суралцахаас илүү шүүмжит сэтгэлгээ, харилцааны болоод хамтран ажиллах чадвараа сайжруулах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх нь өөрийн тань болоод хүүхдүүдийн тань ирээдүйд тустай хэмээн шийдэмгий хэлжээ.

Хэнд ч битгий найд, технологид ч битгий итгэ, харин өөрийгөө ойлго. Амьдралын утга учир, үнэ цэнийг өөрийнхөө амьдралаас эрж хайхыг Юваль Ноа Харари төгсгөлийн бүлгүүддээ зөвлөжээ.

ПОДКАСТ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж subscribe хийгээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

19257   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.