Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   01 сарын 07, 2019

Онцлох бизнес: Гэрэгэ Системс - Төлбөр тооцооны төгс платформ

Технологи ашиглан бидний амьдралыг илүү хялбарчлах шийдлүүд өдөр бүр нэмэгдсээр байна. Энэ удаагийн дугаартаа бид санхүүгийн төлбөр тооцооны Гэрэгэ платформыг бий болгоод байгаа үндэсний финтек компани "Гэрэгэ Системс"-ийг онцолж байна. Тэд өнгөрсөн жил хагасын хугацаанд байнгын хөгжүүлэлт, судалгаа хийж Гэрэгэ Киоск машин, андройд үйлдэлтэй Гэрэгэ Пос машин, Гэрэгэ Пэй болон  Гэрэгэ Агент буюу байгууллагад зориулсан анхны төлбөр тооцооны аппуудыг зах зээлд танилцуулаад байгаа юм. Ингээд 2019 Umoney-гоо утсаараа цэнэглэх, Гэрэгэ Киоск машин болон аппаар орон нутгийн автобусны билет худалдан авах, зам ашигласны албан татварыг төлөх гээд олон шийдлийг нэмж танилцуулахаар ажиллаж буй Гэрэгэ Системсийнхэнтэй ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Гэрэгэ Системс ХХК
Хаяг: Олимпийн гудамж, Аюуд төвийн 12 давхарт
Чиглэл: Санхүүгийн технологи
Хэзээ байгуулагдсан: 2017 он
Үүсгэн байгуулагч: Ц.Эрдэнэбат
Сошиал хуудсууд: Gerege Systems

Бизнесийн санаагаа анх хаанаас, яаж олсон бэ?

Би өөрөө софтверийн инженер хүн. Загварчилгаа, хөгжүүлэлт, шинэчлэлт, туршилт, өөрчлөлтүүд дээр ажилладаг. АНУ-д магистраар суралцаж ирээд 2010 онд хувийн технологийн компани байгуулахаар шийдэж байлаа. Төрд олон жил энэ чиглэлээр ажилласан болохоор хэрэгтэй, хэрэгцээтэй зүйлсийг гярхай анзаарч байсан хэрэг л дээ. Улаанбаатар хотын 32 байршилд байгаа Гэрэгэ Киоск машин бидний анхны бүтээл. Ердөө 6 сарын дотор 4 тэрбум төгрөгийн автомашины торгууль болон татвар Гэрэгэ Киоск машинаар дамжин төлөгдсөн байдаг. Дэлхий нийт тэр чигтээ "Финтек"-ийг дэмжиж, түүнд хөрөнгө оруулж байна. Монголд ч бас энэ салбар тэр чигтээ донсолж байгааг хүмүүс анзаарч байгаа байх.

Бүх технологи гар утсан дээр огтлолцож, бүх төлбөр тооцоог гар утсаараа хийх боломжтой болох дэлхий нийтийн чиг хандлага байсаар байна. Бидний хувьд хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хялбаршуулах зорилготой санхүүгийн технологийн компани юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ? ХАМТРАГЧДАА ХЭРХЭН ОЛЖ, СОНГОСОН БЭ?

Одоог хүртэл "Гэрэгэ"-д итгэдэг хүмүүсийн дэмжлэгээр явж байна. Хамгийн анхны хѳрѳнгѳ оруулалтыг ѳѳрсдѳѳ гаргаж Гэрэгэ Киоск болон Гэрэгэ Пей-ийн софтвер хѳгжүүлэлтийг хийж байлаа. Үүний дараа нэг найз маань 500 сая тѳгрѳгний хѳрѳнгѳ оруулалт хийж байсан юм. Одоо Гэрэгэ Системс компани 10 гаруй хувь хүн болон албан байгууллагын хѳрѳнгѳ оруулалтыг татсан байна. Бид энэ 9-10 сард IPO хийхээр тѳлѳвлѳж байна. Тэр хүртэл гадаад болон дотоодын хѳрѳнгѳ оруулагчдаас хѳрѳнгѳ оруулалт татаж хѳгжүүлэлтээ хийсээр байх болно.

ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Төлбөрийн системийг бүхлээр нь шийдэхийн тулд Гэрэгэ Киоск машин, Гэрэгэ Пос, Гэрэгэ Пэй болон байгууллагын Гэрэгэ Агент апп-ийг хөгжүүлж байна.

Карт ихэвчлэн хэрэглэдэг, баримтаа биетээр авах сонирхолтой хэрэглэгчдэдээ зориулан том, жижиг цэнхэр өнгөтэй Гэрэгэ Киоск машин Улаанбаатар хотод ажиллаж байна. Одоогоор авто машины торгууль, татвараа төлөх хоёр төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ онд Гэрэгэ Киоск машинаар 20 төрлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

Гэрэгэ Пос машины хувьд андройд үйлдлийн системтэй холбогддог. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд том пос машин авах хэцүү шүү дээ. Гэрэгэ Посоор шууд и-баримтаа гаргаад, бүртгэлээ хийж болно. Одоо Татварын Ерөнхий Газартай хамтран Дүнжингарав худалдааны төвд аян өрнүүлж байна.

Энэ үйлдэл Гэрэгэ Пэй апп дээр ч боломжтойгоос гадна QR мөнгөн шилжүүлэг, Umoney картаа цэнэглэх, торгууль, татвараа төлөх гээд олон үйлчилгээг шууд авч болно. Гэрэгэ апп хэрэглэдэг бүх хүнд байх QR код нь мөнгөн шилжүүлэг, орлого авах, худалдан авалт хийхэд нууцлалыг хангах зорилготой. Банк шиг салбар дээр очоод царайгаа харуулахгүй болохоор нууцлал, эзнээ таних зэр олон зүйл дээр шийдэл хэрэгтэй болно. Үүн дээр яг банк шиг найдвартай баталгаатай таних систем боловсруулж байгаа.

Эцэст нь Гэрэгэ Агент буюу байгууллагад зориулсан анхны апп-ийг хосоор нь бүтээсэн. Нэг апп болгох гэж их үзсэн ч хараахан чадаагүй л байна. Дотроо хоёр үндсэн үүрэгтэй. Нэг нь цаг бүртгэл. Ихэнх албан газрын хувьд хурууны хээ уншиж бүртгэж байгаа ч аймаг сумдад нэг газар нэг хуруу уншигч байх нь санхүүгийн хувьд ч хэцүү шүү дээ. Орон даяар тархсан бүтэцтэй аймаг, сум бүрд нэг хоёрхон ажилтантай байгууллага бол алгын чинээ цаасан дээр нэг QR код хэвлэж тавиад л цагийн нэгтгэлээ төв компьютер дээрээ авчихна гэсэн үг юм.

Ер нь технологийн шийдлүүдээр бид ямар ч үйлдлийг гар утсаараа хийчих боломжтой болж байгаа нь эргээд киоск машинаа зах зээлээс шахаж гаргах болов уу.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО?

Ойрын хэдэн жилийн хугацаанд Гэрэгэ төлбөрийн системээ тогтворжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Гэрэгэ Системс гэдэг бол үндэсний технологийн компанийн нэр юм. Бидний хамгийн гол бүтээгдэхүүн гар утас байх болно. Яагаад гэвэл гар утас маань бүх технологийн уулзвар болчихсон. Хэрвээ гар утас л хийж чадах юм бол телевизор, компьютер хийх маш амархан байдаг. Технологи нь нээлттэй болчихсон болохоор асуудал биш. Хятадад очоод харвал миний мэдэхгүй лав л 20 брэнд байна лээ. Томоохон утасны үйлдвэрүүд нэрээ л өгчих, бусад нь асуудалгүй гэж байгаа ч бид програм хангамж, угсралт гээд бүх шатыг нь сайн мэддэг болж байж “Гэрэгэ” гэх арай өөр төрлийн гар утас гаргаж ирэх зорилготой.

Гэрэгэг дэлхийн технологийн старт-апууд хэрхэн урагшилдаг, тэр замаар л явуулмаар байна. Хувьцааны 50 хувиа өөрөө эзэмшдэг “монгол” тогтолцоог өөрчилж, анхны хөрөнгө оруулагч, ажилтнууддаа хувьцаагаа өгөн нээлттэй компани болгохоор төлөвлөж байна. Эцэстээ үүсгэн байгуулагчид нь 5-10 хувьтай л үлдэнэ. Анх Жак Ма Алибабаг 100 хувь эзэмшдэг байсан ч одоо 7 хувийг л эзэмшдэг. Тэр нь хамгийн багадаа 20-30 тэрбум доллар болдог гэхээр цалин нь бараг кофены мөнгө шиг л байдаг.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Гэрэгэгийн хувьд хэрэглэгчид манай бүх үйлчилгээ, гүйлгээ, аппуудыг амьдралынхаа турш үнэгүй хэрэглэх боломжтой. Төлбөр тооцоо, дараалал мэтийн зардал чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэх юмсан гэж их боддог. Манайд "Монел"-оос өөр технологийн компани бараг байсангүй шүү дээ. Харин Гэрэгэ гар утас, Пос, Киоск зэрэг бүтээгдэхүүнтэй үйлдвэрлэгч, үндэсний технологийн компани болохыг хичээнэ дээ.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?

Төлбөрийн систем дээрээ банк хүлээн зөвшөөрөх хэмжээний хэрэглэгчээ таних функцийг туршиж үзэж байна. Иргэний үнэмлэхээрээ баталгаажих болохоор албан ёсны үйлчилгээг явуулж болно гэсэн үг. Ойрын үед үүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэхээр банкуудтай холбоо тогтоож Хас, Худалдаа Хөгжлийн Банктай ярилцаж байна.

Үүнээс гадна анхаарал хандуулж байгаа зүйлсийн нэг нь UMoney автобусны картаа апп ашиглан цэнэглэх үйлчилгээ. Одоогийн хэрэглэж байгаа системээ БНСУ-аас авдаг. Сард хэдэн хүн аль чиглэлд хэрхэн зорчиж байгаа, хэрхэн дамжиж байгаа гэх мэт мэдээлэл ховор байдаг юм билээ. Манай компанийн хувьд технологи нь тодорхой болохоор Монголдоо илүү тохирсон автобусны карт ба уншигчтай системийг бараг бэлэн болгоод байна. Карт уншигчуудыг нь авч ирээд туршаад үзчихсэн. Удахгүй бүх системээ бэлэн болгоод төрийн байгууллагад танилцуулах болно. Гэрэгэ Системс бол хувийн хэвшил шүү дээ. Бид хувиасаа хөрөнгө оруулалт,зардал, тооцоо, судалгаагаа хийгээд төлбөрийн систем гаргаж байна. Үүнийг хотын захиргаа, төрийн бусад байгууллагууд дэмжиж ажиллана гэж найдаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Финтек хийж байгаа, хийх гэж байгаа олон компани байна. Банкууд дижитал болно гээд л, технологийн компани бүр зээл олгодог, шилжүүлэг хийдэг болгоно гээд л, үндсэндээ энэ салбар тэр чигтээ донсолж байна. Финтек хийгээд эхэлбэл технологийн компани өөрөө банк болох, эсвэл банктай хамтрах сонголт л бий. Технологийн компани яаж ч бодсон банкнаас хурдан болохоор банкны өөрийн апп хэрэглэгдэхээ болих хандлагатай байдаг. Тийм боловч дэлхийн том банкууд финтекүүдэд хөрөнгө оруулж, худалдаж авч байгаа нь ирээдүй ийш чиглэж байгааг анзаарсан болохоор тэр юм. Америкийн Чейз Манхеттан банк өөрөө хийж чадахгүйдээ хэдэн “арзайсан” залуусыг дэмжиж байгаа юм биш.

Банкны соёл, финтек хоёр нь шал өөр хоёр зүйл юм. Банк хэзээ ч нэг дор хоёуланг нь хийх боломжгүй. Технологийн компани ч банк болох, эсвэл банктай хамтрах аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Дэлхийн банкууд финтекүүдэд хөрөнгө оруулан босгож ирж, түүн дээр өөрсдийн үйлчилгээг бий болгох чиг хандлагатай байна. Гэрэгэ Системс яг л Samsung, Apple шиг технологийн том компани болохыг хүсэж байгаа тул цаашид банкуудтай хамтарч ажиллахаар шийдсэн.

ТАНАЙ ХАМГИЙН БОРЛУУЛАЛТТАЙ БУЮУ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД ХАМГИЙН ИХ ХҮРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН?

Төрийн үйлчилгээг илүү зардал, чирэгдэлгүй хүргэчих юм сан гэсэн зүйлс илүү хүмүүст хүрдэг байх. Оны өмнөөс Дүнжингарав худалдааны төв дээр татварын багц хуулийг хэрэгжүүлэхээр аян эхлүүлсэн юм. Эхний долоо хоногт л гэхэд 200 гаруй хүн Гэрэгэ Пэйг туршиж, 30 гаруй хэрэглэгч татвар төлөгч болсон байна лээ. Харин худалдан авагчдын хувьд зах дээрээс худалдан авалт хийсэн ч и-баримтаа авах боломжтой болж байгаад ам сайтай байна лээ.
22-ийн товчоо, Баянзүрхийн товчоогоор нэвтрэхэд зам ашигласны төлбөр гэж авдаг даа. Одоо үүнийг Гэрэгэ Пэй аппаар шилжүүлдэг болж байгаа. Ингэснээр тэнд үүсдэг түгжрэл, бэлэн мөнгө алдах, дутах эрсдэлийг бууруулна гэж найдаж байна.

12536   22


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.