Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   01 сарын 03, 2019

Unread Guide: Шинэ жилийн зорилтыг хэрхэн үр дүнтэй тавих вэ?

Нэгэн он улирч нөгөө он ирэхэд хүн бүр л дор бүрнээ өнгөрч буй жил юу хийж бүтээснээ дүгнэж, гарч буй жилд юу юу хийж бүтээхээ төлөвлөдөг билээ. 

Гэвч АНУ-д хийгдсэн судалгаануудаар багцаалахад, шинэ жилийн зорилтыг насанд хүрэгчдийг 40-50 хувь нь гаргаж, оны эцэст 10 орчим хувь нь зорилтдоо хүрсэн байдаг аж. Тийм ч учраас шинэ жилийн зорилт гэдэг сэтгэл хөөрлөөр хийдэг зүйл хэмээн зарим хүн тоохгүй байх нь ч бий.

Гэлээ гээд өмнөө зорилт тавихгүй бол утгагүй хэрэг болох биз. Угаас, он цагийн шинэ тоолол эхлэхэд урдаа зорилт тавьж, түүндээ хүрч чадна гэсэн итгэл үнэмшилтэй болдог нь хүний сэтгэлзүйн онцлог. Сэтгэлзүй эерэг, хүчтэй, дэврүүн байгаа энэ үеийг ашиглан амьдралаа өөрчлөх алхмуудыг төлөвлөж, эхлүүлэх л хэрэгтэй. Гагцхүү зарим хүмүүс яагаад шинэ жилийн зорилтоо биелүүлж чаддаггүйн учрыг судалж, эхнээсээ бодолтой байх нь зүйтэй юм. 

Ингээд миний бие өөрийн туршлага болоод энд тэндээс уншсан нийтлэл, жишээнүүдийг хамтатган шинэ жилийн зорилтыг хэрхэн үр дүнтэй тавих, хэрхэн биелүүлэх тухай зөвлөгөө нийтлэлийг хүргэе.

Өнгөрсөн оноо ЦАГ ГАРГАН дүгнэ

Үнэхээр шинэ жилийн зорилт тавьж, түүндээ хүрье гэж байгаа бол та цаг гаргах ёстой. Зүгээр л дэвтэр аваад "2019 онд англи хэлээ сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх" гэж хэн ч бичиж чадна. Шинэ жилийн зорилт тавихыг ерөөсөө нэг төсөл гэж бодчих. Төсөл амжилттай хэрэгжүүлэхийн тулд эхлээд одоогийн нөхцөл байдлаа дүгнэж, нөөц бололцоогоо тооцоолон зорилтоо дэвшүүлдэг шүү дээ.

Уншдаг хэд хэдэн блоггероо харж байхад тэдний зарим нь энэ үйл явцыг "Шинэ жилийн зорилт" ч гэж нэрлэдэггүй юм байна. Annual Review буюу "Оны тойм" хэмээн нэрийдэж, өнгөрсөн жил юу хийж бүтээсэн, юу сурснаа дэлгэрэнгүй дүгнэдэг юм байна. Бодоод үзэхээр, ирэх оны зорилтоо гаргах гол суурь нь одоо ямар нөхцөлд байгаагаа дүгнэж цэгнэх явдал юм байна л даа.

Жишээ нь блоггер, зохиогч Жэймс Клир жилийн төгсгөлд өөрөөсөө 3 асуултыг асуудаг аж:
1. Энэ жил би юуг сайн хийв? Ямар амжилт ололт гарав?
2. Энэ жил би юуг тааруу хийв? Юу буруудав, юу болсонгүй вэ?
3. Энэ жил би юу юу сурав?

Эдгээр асуултуудад та чин үнэнээсээ хариулбал ирэх жилийн зорилтоо гаргахад илүү хялбар байх болно.

ИРЭХ ЖИЛЭЭ ТҮЛХҮҮР ҮГЭЭР ТОДОРХОЙЛ

Шинэ онд хэдэн ч зорилт тавьж болно л доо. Гэхдээ хэт олон зорилт тавивал биелэх магадлал багасахыг сануулах юун. Бодоод үзэхээр гэвч "Ажил", "Гэр бүл", "Эрүүл мэнд", "Санхүү" гээд ядаж нэг нэг зорилт тавьчихаар амьдралын хэд хэдэн салаа мөчир бий.

Харин тухайн жилийн хамгийн гол зүйлээ, ерөнхий зорилгоо өөртөө байнга сануулахын тулд тухайн жилээ түлхүүр үгээр тодорхойлбол үр дүнтэй байж магад. "Санхүүгийн сахилга батаа нэмэгдүүлэх жил", "Биеэ маш сайн чийрэгжүүлэх жил", "Харилцаа холбоогоо өргөтгөх жил" гэх мэтээр юу ч байж болно шүү дээ.

Нэг сонирхолтой жишээ дурдъя. Блоггер Дэвид Кэйн 2018 оныг өөртөө "Depth year" (Гүнзгийрэх жил) болгон зарлаж. Өөрөөр хэлбэл 2018 онд шинэ зүйлс худалдан авахаа больж, шинэ эрэл хайгуул хийхээ зогсоож, өмнө хийж байгаад орхисон төслүүд, оролдож байгаад больсон хоббинууд, уншилгүй орхисон номуудаа, араас нь яваагүй зорилгуудаа эргэн барьж авахаар шийдсэн байна. Хүмүүс байсхийгээд л шинэ зүйл сонирхож, аливаад өнгөц ханддаг болсон энэ цаг үед тэр хийж байгаа, хийж байсан зүйлсдээ гүнзгий төвлөрч, одоо байгаа нөхцөл байдалдаа илүү сэтгэл хангалуун болохыг зорьжээ. Улмаар тэр саяхан "Энэ жил миний амьдралын хамгийн сайхан цаг үе байлаа" гэх нийтлэлийг бичсэн байх юм. Мэдүүштэйеэ!

БИЕЛҮҮЛЖ БОЛОХУЙЦ, ХУГАЦААТАЙ, ХЭМЖИХҮЙЦ ЗОРИЛТ ТАВЬ

Хүмүүсийн хамгийн их алддаг зүйл бол сэтгэл хөдлөлдөө автаад хэтэрхий хэцүү, хэтэрхий ерөнхий зорилт тавьчихдаг. Тиймээс аль болох энгийн, хэрэгжүүлж чадах зорилт тавиарай. "Санхүүгийн сахилга батаа сайжруулах" зорилт тавьсан бол "Spending 2 апп-ийг татан ашиглаж эхлэх" гэх мэтээр зорилтуудынхаа эхний алхмыг заавал зааж өг.

Хугацаа! Зорилтыг зорилт болгодог зүйл нь биелүүлэх хугацаа юм. Тухайн жил дотроо хэрэгжүүлнэ гэвэл дэндүү бүдэг бадаг, өөрийгөө хуурсан зүйл болчихно. Тиймээс энэ зорилтыг 10 сарын 1 гэхэд хийж хэрэгжүүлсэн байна гэх зэргээр эцэсцэгийг (deadline) тавьж өгөөрэй. Яахав зарим зүйлийг тэгж нарийн заахад хэцүү байж болох ч бүх зорилт дээрээ хугацаа тавих нь зөв.

Хэмж! Төслийг яаж хэрэгжүүлдэг билээ? Төлөвлөгөө болоод биелэлтийг нь тоогоор л илэрхийлдэг шүү дээ. Хэдийгээр бүх зорилтыг тоогоор нарийн хэмжихэд хэцүү байж болох ч "Жин хасах" гэх мэтийн зорилтуудыг нарийн тоолж бүртгэхгүй л бол бүтэхгүй.

Миний хувьд энэ тал дээр "Теннисчний чадвараа ахиулах" зорилтын хүрээнд 2019 онд долоо хоног бүр 2 удаа ширээний теннис тоглохоор өөртөө ам өчиг өгсөн. Үүний жилийн эцсийн үр дүн нь, 5 тоо авдаг буюу 5:0 гэсэн онооноос эхлэн тоглодог (11 оноогоор нэг үе дуусдаг) тамирчнаас 3 тоо авдаг болох явдал юм.

ЯВЦАА ХЯНА

Төсөл яаж амжилттай хэрэгждэг вэ? Зорилт яаж биелдэг вэ? Явц дунд хяналт тавьж байж л тэр шүү дээ. Явцын дунд тавьсан зорилтуудаа хянаж, юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг цэгнэдэггүй бол ерөөс анхнаасаа зорилт тавиад хэрэггүй.

"100 долларын стартап" номын зохиогч Крис Гуйллебогийн хувьд тухайн онд тавьсан зорилтоо сардаа нэг удаа харж, улирал тутам 30 минут гарган өөртөө үнэлэлт дүгнэлт өгдөг ажээ. Тийм ээ тийм, ядаж сардаа нэг удаа юунд зорьж байгаагаа өөртөө сануулахгүйгээр түүндээ хүрнэ гэдэг үнэмшилгүй!

Явцаа хянахын тулд гар утасныхаа Reminder-т сануул, дэвтэр дээр бич, тэмдэглэл хөтөл. Boomerang ашиглаад өөртөө имэйл явуулсан ч болох шүү дээ.

ХУВААЛЦ, ДЭМЖЛЭГ АВ

Зорилтоо бусадтай хуваалцах нь зарим талаар үр дүнтэй байдаг. "Хүн нэрээ" гэдэг болохоор худалч болж хувирахыг та хүсэхгүй. Миний анзаарснаар блог бичдэг хүмүүс жилийн эхэнд зорилтоо хуваалцах нь элбэг. Түрүүнд дурдсан Дэвид Кэйний жилийнхээ зорилгыг "Гүнзгийрэх жил" хэмээн зарласан нийтлэл нь нэг сая орчим хандалт авч, бүр ижил зорилготой 900 орчим хүн нэгдэн фэйсбүүк групп үүсгэн бие биеэ харилцан дэмжсэн гэнэ шүү.

Бусадтай хуваалцах нь, ижил зорилготой хүмүүсийг олох нь зорилтоо биелүүлэх хөшүүрэг болдог. Магадгүй та дотнын найзуудтайгаа зорилтуудаа хуваалцаж, бие биедээ харилцан туслалцах ам өгсөн ч болно шүү дээ. Биелэлт боломжийн байвал өөрийгөө бас урамшуул. Яаж, юугаар урамшуулахаа ч эртхэн тодорхойлоорой.

Үргэлжлүүлсээр бай

Юм гэдэг тийм хялбар биш. Тавьсан зорилтдоо хүрэхгүй байх, бүтэлгүйтэх тохиолдол бидэнд зөндөө л гардаг. Англи хэлээ өдөр тутам үзэх зорилтоо та 14 хоног ч тасалдуулж мэднэ. Гагцхүү ихэнх хүмүүс шиг тэр чигт нь л бүү орхиорой. 14 хоногийн дараа ч гэсэн, "Энэ арай дэндэнэ ээ, одоо хийж эхэлье" гэж хэлдэг, тэгээд хийдэг байх нь хамгийн чухал. Ерөөс, 2017 оны энэ нийтлэлдээ бичсэнчлэн зорилтоо биелүүлэхийн хамгийн чухал хэсэг нь хийж гүйцэтгэх, үргэлжлүүлэх л явдал юм шүү.

Та бүхнийг эдгээр зүйлсийг бодолцон шинэ жилийн зорилт, төлөвлөгөөгөө гаргавал урьдах жилүүдээс хавьгүй сайн ахицтай байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Зарим блоггеруудыг харахад олон жил "Оны тойм" нийтлэл биччихсэн, тун ч атаархмаар байх юм. Нэг жил л бүгдээрээ шинэ жилийн зорилтоо цаг гарган сайн боловсруулж, хөлс гарган биелүүлэх гэж зорьё. Тэгвэл ирэх жилүүдэд бид бичиж буулгасан тэмдэглэл, туулаад гарсан туршлагатай болж, түүнээсээ улам урамшин, шинэ жилийн зорилт гаргах, биелүүлэх үйл явц маань хялбаршиж эхлэх биз ээ.

Хамтдаа зүтгэе!

Шинэ жилийг эрч хүчтэй, зорилготой эхлүүлэхтэй холбоотой бусад нийтлэлүүд:

-Шинэ оны эхэнд гар утсандаа заавал суулгах аппууд
-Бүтэн жил бүтээмжтэй байхад туслах 5 апп
-Шинэ жилийн зорилт тавихдаа юуг анхаарах вэ? + Алдартай хүмүүсийн 2017 оны зорилтууд

62901   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.