Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 31, 2018

2018 оны онцлох үйл явдлууд

Энэ бол Unread-ийн 2018 оныг дүгнэн хүргэж буй цуврал нийтлэлийг ээлжит дугаар - 2018 оны онцлох үйл явдлууд. Улиран одож буй оноо хэрхэн базах вэ, хэрхэн дүгнэх вэ гэж бид олон талаас нь ярилцав. Хожмоо шинэ мянганы арван найм дахь оны талаар түүхийн хуудаснаа хэрхэн тодорхойлох бол, юугаар нь дуурсах бол гэдэг бидний хувьд их сонирхолтой байлаа. Хэнийг хамгийн ихээр онцлох ёстойг, юуг илүү тодруулах хэрэгтэйг олох нь өөрөө "гайхалтай" сорил байсныг эхэнд нь дурдахыг хүслээ. Сайнтай-муутай, гунигтай-жаргалтай, харуусалтай-догдлууштай олон үйл явдлуудаас бид зөвхөн эерэг нөлөөлөл үзүүлснийг нь, ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлснийг нь, үе үеийнхний урам зориг бадраасныг нь сонгосон гэдгээ онцолъё. 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯвДЛУУД: ЭНХ ЦАГИЙН ДУУДЛАГА + шударга ҮНЭНИЙ САХИУЛУУД + эрх чөлөөний салхи

Алан хядах ажиллагаанууд, үндэстэн хоорондын мөргөлдөөн, дотоодын тэмцэл жагсаалыг түр мартацгаая. Зугатааж үл чадах, таамаглаж эс мэдэх байгалийн гамшгийг ч хойш нь тавиад оноо эерэг талаас нь дүгнэхийг хичээе. Нийгмийн хуваагдал үүнээс дор хэзээ ч байгаагүй юм шиг санагдаж, баахан талцал-маргаан өрнөж буй энэ цаг үед ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн үйл явдлуудыг эргэн нэг санацгаая.

Солонгосын хойгт энх тайван цаг ирж, хоёр тал дайныг албан ёсоор зогсоох хэлэлцээрт хүрлээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар анх удаа нүүр тулан уулзсан нь ч ихээхэн итгэл төрүүлсэн үйл явдал болов. Солонгосын тамирчид Өвлийн олимпод нэгэн туг дор жагсаж, бүр нэг баг бүрдүүлэн өрсөлдсөн нь сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа.

Куба улс шинэ ерөнхийлөгчтэй болов. 59 жилийн турш ноёрхсон Кастрогийн гэр бүлийн "хаанчлал" унаж, хамгийн хаалттай улсад ардчиллын үнэр ханхалж эхэллээ. Ирак улс Исламын улс бүлэглэлийг дарснаа мэдэгдсэнээс хойш анхны парламентийн сонгуулиа явуулсныг ч онцлох ёстой. Африкийн хамгийн ядуу улсуудад тооцогдох Эритреа болон Этиоп улсууд хэдэн арван жил үргэлжилсэн дайнаа дуусгаж, энхийн гэрээ байгуулснаа зарласан юм.

Time сэтгүүл "Оны онцлох хүн"-ээрээ шударга үнэний сахиул болсон сэтгүүлчдийг, Merriam-Webster-ийн толь бичиг "Оны онцлох үг"-ээрээ "шударга ёс" гэсэн үгийг сонгосон нь санаандгүй хэрэг биш. Хамгийн эхэнд дурдсанчлан нийгмийн хуваагдал-талцлын үед шударга ёсны төлөөх, үнэт зүйлсийн төлөөх тэмцэлд өөрсдийн амь бие, сэтгэл зүрхээ үл хайхран зүтгэж буй сэтгүүлчид юунаас ч илүү эрхэм байлаа.

Саудын Арабын засаг захиргааг шүүмжилж, "төрийн дайсан" хэмээн чичлүүлж явсан Жамал Хашоггиг эхэнд онцолъё. Өөрийн үзэл бодол, үнэний төлөөх зарчмаасаа болж төрсөн нутагтаа ч буцах эрхгүйгээр өөрийгөө "цөллөгт" явуулсан Хашогги Washington Post сонинд хэвлүүлсэн цуврал нийтлэлүүдээрээ олон нийтэд харанхуйд дарагдсан үнэнийг ил гаргах гэж зүтгэж байлаа. 10-р сарын 2-нд Истанбул дахь консулын газраас бичиг баримтаа авах гэж ороод ахин эргэж ирээгүй түүний амиа алдсан хэрэгт угсаа залгамжлах ханхүүгээс эхлээд тагнуул-хүчний байгууллага оролцсон нь ил болсон билээ.

Филиппиний хамгийн алдартай онлайн мэдээллийн сайт Rappler-ийн үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхий редактор Мариа Ресса болон түүнийг багийг мөн дурдах ёстой. Популист ерөнхийлөгч Р.Дутартегийн явуулж буй хар тамхины эсрэг дайн, хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтэд амиа алдсан хүний тоо 12 мянгад хүрч, шударга ёс-хүний эрхийн түгээмэл зарчмууд илт алдагдаж буйг чухам тэд ил гаргасан. Мьянмарт эрх баригчдынхаа үнэн дүр төрхийг олон улсад ил болгож, мянга мянган гэм зэмгүй иргэдийн яс үндсээр нь ялгаварлан хэлмэгдүүлж буй Рохингягийн хямралын талаар хамгийн дэлгэрэнгүй-бодит сурвалжлагыг цацсан Ройтерсийн сэтгүүлчид болох К.Оо, В.Лоне нар 7 жилийн ялаар шийтгэгдсэн нь хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцэл үргэлжлэх ёстойг санууллаа.

Тэд бол энэ жил үнэний төлөө бүхнээ зориулсан мянга мянган сэтгүүлчдийн төлөөлөл. Бразилаас Бангладеш хүртэл, Суданаас Хонгконг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт сэтгүүлчид, гэрэл зурагчид, хэвлэл мэдээллийнхэн шударга ёс, үнэний төлөө дайнд хүн бүрийн өмнөөс сайн дураараа оролцож, хүн төрөлхтний ирээдүйд итгэх итгэлийг нэг ч гэсэн өнгөөр сэргээж чадсан билээ.

Дэлхий даяар өрнөсөн үнэт зүйлсийн төлөөх тэмцлийг бид "эрх чөлөөний салхи" хэмээн онцоллоо. Өнцөг булан бүрт хүн төрөлхтний тэгш эрхийн төлөө, тэгш нийгмийн төлөөх тулаан явагдаж, багагүй амжилтанд хүрснийг тэмдэглэхийг бид хүслээ.

Саудын Араб улсад эмэгтэйчүүд анх удаа машин барих эрхтэй боллоо. Энэтхэг улс ижил хүйстнүүдийн бэлгийн харилцааг гэмт хэрэгт тооцохоо больж, Иранд анх удаа эмэгтэйчүүд спортын уралдаан тэмцээнийг саадгүйгээр үзэх эрхтэй болов. Ирланд үр хөндөлтийн эсрэг хуулийг цуцалж, Шотланд дунд сургуулийн хөтөлбөртөө LGBTI-ийн тухай агуулга оруулсан анхны улс болжээ. Энтертэйнмент салбарт Black Panther, Crazy Rich Asians-ийн нөлөө хүчтэй байсныг мартаж болохгүй. #MeToo хөдөлгөөн ч эрчээ алдсангүй, улам бүр хүрээгээ тэлэв.

Америк даяар өрнөсөн явц дундын сонгууль ч "анхны" гэсэн тодотголоор дүүрэн өнгөрөв. Анхны муслим шашинтай, америкийн уугуул эмэгтэйчүүд конгресст сонгогдож, Колорадо муж ижил хүйстэн хотын даргатай болов. Залуусын давлагаа эрчээ нэмж, эмэгтэйчүүд болон цөөнхийн бүлгийг оролцоо улс төрд эрс өслөө.

ОНЦЛОХ ДҮР: ЭЛОН МАСК + АМАЗОН + СОШИАЛ МЕДИА

2 дахь жилдээ дараалан Элон Маск онцлох дүрийн жагсаалтанд багтав. Зөвхөн Монголд түүний намтар ном хэвлэгдсэн гарсан болохоор нь ч биш, хийж буй бүх төслүүдээрээ дэлхийг алмайруулж ханахгүй байгаа тул л бид сонгов. Тэрээр түгжрээний эсрэг тэмцэх "уйтгартай" төлөвлөгөөгөө бодит болгож, Лос Анжелест эхний хонгилынхоо нээлтийг хийгээд амжив. SpaceX нийт 64 хиймэл дагуулыг хөөргөж, дээд амжилт тогтоов.

Гэвч тэр ингээд л зогссонгүй.

Нэгж хувьцааг 420 доллараар худалдан авч Теслаг хувьчлах гэж байна хэмээн мэдэгдсэн түүний жиргээ ихээхэн шуугиан тарьж, сүүлдээ хуурамч мэдээллээр хангасан хэмээн буруутгагдан Теслагийн ТУЗ-ийн даргын албаа хүлээлгэн өгөхөд хүрэв. Радиогийн ярилцлагын үеэр марихуан татсан нь ил гарч хөрөнгө оруулагчдынхаа эгдүүцлийг төрүүлсэн нь ч үүнд нэрмээс болсон. Гэхдээ Теслагийн амжилт буурсангүй, гуравдугаар улиралд анх удаа ашигтай ажилласнаа зарласан тэр долоо хоногт 120 цаг ажилласны эцэст Модел 3-ын борлуулалтын зорилгодоо хүрэн, Хятадад үйлдвэрээ нээх төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Нөгөө талд Амазон, түүний үүсгэн байгуулагч Жефф Бэйзосын амжилт яг л пуужин мэт хөөрсөн билээ. Цахим худалдааны гигант Amazon 1 триллион долларын үнэлгээтэй болсон Америкийн 2 дахь компани боллоо. Том дэлгэцтэй гурван ч шинэ iPhone-оо танилцуулсан Apple-ийн амжилтаас сар хүрэхгүй хугацааны дараагаар тэд триллион долларын компани болов.

24 жилийн өмнө ном худалдаалах зорилготойгоор байгуулагдаж байсан тус компани өдгөө дэлхий даяар 560 мянган ажилтантай болж өргөжсөн бөгөөд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 177.87 тэрбум долларын борлуулалт хийсэн юм. Компанийн үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын хөрөнгө 165 тэрбум долларт хүрч, Блүүмбергийн гаргадаг тэрбумтнуудын жагсаалтыг итгэл төгс тэргүүлсээр. Хэдий Black Friday, Cyber Monday нь дараалан борлуулалтын рекорд тогтоосон ч 2018 он эхлэхэд 580 тэрбум долларын үнэлгээтэй байсан тэдний үсрэнгүй өсөлтийн гол шалтгаан нь нийт борлуулалтынх нь 31 хувийг эзэлж буй хостинг, клоуд үйлчилгээний AWS байв. Amazon контентийн зах зээлд ч хүч үзэж, Lord of The Rings-ийн түүхээс сэдэвлэсэн цуврал кино гаргахаа зарлаад байгааг дуулгая.

5 тэрбумын хөрөнгө оруулалттай, 50 мянган ажлын байр үүсгэх шинэ оффисынх нь төлөө Хойд Америкийн бүх хотуудад өрсөлдөж, Нью Йоркийн Лонг Айланд, Виржиниагийн Кристал Сити хотууд ялалт байгуулсан юм.

Сошиал медиаг дүр гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй. Гэхдээ л адармаатай-ээдрээтэй харилцааг хүн бүрд үүсгэж чадсан сошиал медиаг бид энд л онцлох ёстой санагдсан юм. Хүн бүр ямар нэгэн байдлаар сошиал медиатай холбогдсон өнөө үед 2018 он гэхдээ илүү утга учиртай, мэдээлэлтэй хэрэглээг үүсгэх ёстой гэдгийг баталснаараа онцлог байлаа.

Cambridge Analytica-ийн скандал бодлого боловсруулагчдыг сошиал платформуудын эсрэг анхаарлаа хандуулахад хүргэв. Facebook, Google үүнд хамгийн ихээр өртөж, хэрэглэгчийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа эсэхэд эргэлзээ үүсэж эхлэв. Ядаж байхад бараг бүх платформууд, томоосоо эхлээд жижиг хүртэл датагаа алдсан нь ил гарсаар. Европын Холбоо шинэ журмаа танилцуулж, монополийн эсрэг хуулиараа баахан торгууль тавьсан ч ахиц одоогоор харагдахгүй л байна. 2018 оныг бид М.Зукербергийн Конгрессийн гишүүдэд сошиал медиа тайлбарлаж буй сонсголоор нь төсөөлөн үлдэж ч мэднэ.

Сошиал медиагийн энэ жилийн гол ололтыг бид "хугацаагаа хянах" боломж олдсон явдал гэж дүгнэв. Үнэн, маш олон "күүл", "янзтай" нэмэлтүүд энд тэнд нэмэгдсэн. Гэхдээ утсаа маажиж өнгөрүүлж буй хугацаагаа харах, түүнийгээ хязгаарлах боломжтой болсныг бид ахиц гэж үзлээ. Ухаалаг хэрэглээ, утга учиртай хэрэглээг сошиал медиад үүсгэх давлагааг бид дэвшил гэж харлаа.

дурдах ёстой бусдыг нэг өгүүлбэрээр

Шинжлэх ухаан
NASA-ийн хөлөг Ангараг дээр газардаж, сельфи илгээв
Генийн инженерчлэл хийсэн анхны ихэр охидыг төрүүлснээ Хятадын эрдэмтэн зарлав
Эрдэмтэд хорт хавдрыг 10 минутанд илрүүлдэг аргыг боловсруулав
Эболагийн эсрэг шинэ эмчилгээг туршиж эхэллээ
Жорлонгоо өөрчилье аян дэлхийг хөдөлгөв
С.Хокинг таалал төгслөө
Ангаргаас ус олдов
Бодлоороо үйлдэл хийх боломж олгох төхөөрөмжийг бүтээв

Спорт
Францын хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга болов
Вашингтон Кэпиталс NHL-ийн аваргаар тодров
Голден Стэйтийг зогсоох баг байхгүй хэвээр л
Криштиану Роналду Италийг, Леброн Жэймс Лос Анжелесийг зорив
Өвлийн олимп шинэ оддыг төрүүлэв
Тайгер Вүүдс эргэн ирлээ

Хүрээлэн буй орчин
Монгол улс гялгар уутыг хэрэглээнээс хална
Загварын топ брэндүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэв
Парисын гэрээг хэрхэн хэрэгжүүлэх талаарх төлөвлөгөөг улс орнууд дэмжлээ
Зөвхөн зүүн өмнөд Азиас 157 шинэ зүйлийг олж илрүүлжээ
Антарктидад ногоо тариаллаа
Дэлхийн хамгийн сүүлчийн эрэгчин умардын цагаан хирс 45 насандаа таалал төгслөө

Технологи
Samsung нугардаг утсаа танилцуулав
Facebook анхны төхөөрөмжөө худалдаанд гаргалаа
Биткойн хүндхэн жилийг өнгөрүүллээ
Скүүтер Америкийг бүрхэв
Анхны жолоочгүй такси замд гарлаа
Хятадын ByteDance хамгийн өндөр үнэлгээтэй стартап боллоо
Spotify, Dropbox IPO хийлээ
Fortnite эрчийг нэгэнт авав
Messenger, Gmail шинэчлэгдэв

9238   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.