Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 29, 2018

2018 оны онцлох телевизийн цувралууд

2018 оны онцлох нийтлэлүүдээ бид телевизийн шилдэг цувралаар үргэлжлүүлж байна. Энэ жил Unread-ийн багийн үзсэн, хамгийн их сэтгэгдэл төрүүлж, хамгийн ширүүн маргаан дэгдээж, баахан бодолд автуулж, гүнзгий сэтгэл хөдөлгөсөн кинонууд энд бий. 

American crime story: the assassination of gianni versace

Эхний бүлгийнхээ түүхээрээ олон нийтийг талцуулж, О.Симпсоны гэмт хэргийг "дахин" алдаршуулж дөнгөсөн American Crime Story-ийн хүлээлт маш өндөртэй байсан. Тэгвэл тэд домогт дизайнер Ж.Версачегийн харамсалтай үхлийн тухай түүхээрээ эргэн ирж, бүр ч илүү чанартай, агуулга дүүрэн ангиудаа цацан, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авав. Эммид нийт 7 төрөлд буюу хамгийн олон төрөлд өрсөлдөж улмаар 3 шагнал хүртсэн нь ч үүний баталгаа.

the sinner

Netflix-ийн магадгүй хамгийн "дутуу үнэлэгдсэн" цуврал нь The Sinner байж магадгүй. Мөрдөгч Х.Амброузын түүх таныг энгийн нэгэн тосгонд өрнөсөн адармаатай, асар их түүхтэй, холбоос дүүрэн гэмт хэргийн ертөнцөөр аялуулна. Алдарт Ж.Билийн гол дүр бүтээсэн эхний бүлгийг үзэж амжаагүй бол заавал үзэхийг санал болгоё.

the handmaid's tale

М.Атвүүдийн энэхүү классик зохиолыг хамгийн сайн дэлгэцнээ хүргэж чадах байсан хамт олон нь Hulu байсан шүү гэдгийг тэд 2-р бүлгээрээ батлаад харуулав. Төсөөллийн ертөнцөд өрнөж буй атлаа өнөөгийн нийгмийн олон өнцгийг тольдож чадсан нь үнэхээр гайхалтай. Атвүүд зохиолын үргэлжлэл дээр ажиллаж буй гэдгээ зарласан нь фенүүдийн хувьд бүр ч том мэдээ байлаа.

better call saul

Breaking Bad-ийн хамгийн том фенүүдийн нэг атлаа яагаад ч юм Better Call Saul-ийг үзэх хүсэл төрдөггүй байж билээ. Гэтэл энэ шийдвэр тун чиг буруу байсныг эхний ангийг үзээд л ойлгосон юм. 4-р бүлэг хүртлээ үзэгчдээ уйдаалгүй шинэ үйл явдлуудаараа соронзон мэт татсаар буй нь зохиолын бүтэц, жүжигчдийн ур чадвартай шууд холбоотой биз ээ. Оройтоогүй дээрээ яг одоо эхэл!

atlanta

Д.Гловер өөрийгөө энэ бүтээлээрээ өнөө цагийн хамгийн авьяаслаг уран бүтээлч гэдгээ батлан харуулав. Atlanta-ийн найруулагч, бүтээгч, зохиолч, жүжигчнээр ажиллаж буй тэр үүнээс гадна дуулдаг, бичдэг, бүжиглэдэг. Нэрнээс нь болоод үзэхгүй алгасах хамгийн магадлалтайд тооцогдох энэ киног алдахгүй үзээрэй.

sharp objects

Sharp Objects-ийн номыг анх уншихдаа л кино үзэж байгаа мэтээр төсөөлж, дүрүүдийг нь нүдэндээ буулгаж шимтэж байснаа санаж байна. Тэгвэл яг л тэр үед төрж байсан төсөөлөл, сэтгэгдлийг HBO үнэхээр л дэлгэцнээ буулгаж чаджээ. Э.Адамсын гайхалтай жүжиглэлт энэ киног улам ч бүр чимэв. Зохиолын үг, чимэг, дүрслэл бүр буугаад ирсэн мэт санагдах болно.

patrick melrose

Доктор Стрэйнжийг сүүлийн Avengers-аас хойш хааш алга болсныг гайхаж байв уу? Тэгвэл ёжтой эшлэл, уулга алдам өрнөлүүд дүүрэн Patrick Melrose-ийг үзэхийг санал болгоё. Зарим экспертүүд Б.Камбербеч карьерынхаа хамгийн шилдэг дүрийг энд бүтээсэн хэмээн онцолж байна лээ шүү.

being serena

Being Serena бол хэрвээ бүх цаг үеийн түүхэн дэх биш бол өнөө цагийн хамгийн шилдэг эмэгтэй тамирчин. Түүний карьерынхаа оргил үед гэр бүл зохиож, ээж болох шийдвэр гаргасан нь, хувийн амьдралаа спортын ачаалалтай орчинтой хэрхэн зохицуулж буй нь олон хүнд нэгийг бодогдуулна. Баримтат киноны хийц, агуулга нь их сонирхолтой.

the haunting of hill house

Хамгийн сүүлд хэзээ аймшгийн киног ингэж шимтэж, дурлаж үзсэнээ санахгүй юм. Гэхдээ энгийн юм шиг хэрнээ гэнэтийн зүйлсээр дүүрэн, бүтэн бүлгийн турш хараа салгахгүй л үзэхгүй бол зарим жижиг баримтыг орхигдуулчихсан юм шиг мэдрэмж, хоорондоо хэрхэн холбогдож байгааг нь ойлгоод алмайрах гайхалтай өрнөлүүд таныг хүлээж байна. Таны мэддэг "уламжлалт" аймшгийн цуврал энэ огт биш.

bodyguard

Улс төрийн сэдэвтэй кино, цуврал сонирхдог бол танд Bodyguard-ийг санал болгоё. Маш хурдтай өрнөл, эсрэг тэсрэг дүрүүд бүхий энэ кинонд Английн улс төрийн онцлогийг маш эгзэгтэйгээр хүүрнэсэн юм. Хурдтай өрнөлтэй учир нэг л мэдэхэд дуусчихсан байна л гэж мэд.

23522   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.