Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   12 сарын 28, 2018

Атаархлын жагсаалт: 2018 оны онцлох нийтлэлүүд

Жил бүр уламжлал болгон хүргэдэг оны онцлох нийтлэлүүд дундаасаа "Атаархлын жагсаалт"-даа бид хамгийн их цаг зарцуулдаг юм. Бүтэн жилийн турш уншсан нийтлэлүүдээ хадгалж, бусадтай хуваалцаж, санаа оноог нь сонсон, өөр илүүтэй нь харьцуулж нэгтгэсээр энэ жагсаалт гардаг. Бидний сонголтын шалгуур их энгийн. "Ямар гоё нийтлэл вэ? Бид ингэж харсан, ингэж хийсэн, ингэж бичсэн ч байсан болоосой" гэсэн сэтгэл хөдлөлийг манай багт төрүүлж, "цагаан атаархал" төрүүлсэн нийтлэлүүд энд бий. Энд онцлогдсон, дурдагдсан нийтлэлүүдийг бид 2018 оны онцлох нийтлэлүүд хэмээн тодотгон хүргэж байгааг хүлээн авна уу.

newspress: өндөг - монголчууд руу намжирдсан хүнс

Өндөгний тухай нийтлэл хачин уйтгартай санагдаж магад. Бүгд иддэг, бүгд шардаг, чанадаг болохоор сайн мэддэг юм шиг санагддаг болохоор тэр биз. Гэхдээ ийм "улиг" болсон бас "уйтгартай" сэдвийг яаж уншууртай, амттай, мэдүүштэй болгож чаддаг вэ гэдгийг Newspress-ийн хамт олон бидэнд харуулав. Бүтээгдэхүүн байршуулалтыг яаж ингэж сайн хийж болдог юм бэ гэсэн цагаан атаархал төрснийг нуух юун.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

ӨНӨӨДӨР: Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин

Сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нарын уг бүтээл Монголын сэтгүүл зүйн салбарын оны шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шагналыг хүртсэн. Үүнээс илүү тодорхойлолт, нэмэлт тайлбар хэрэггүй мэт. Орчин цагийн технологийн дэвшил, аж үйлдвэрийн хөгжил уламжлалт зан ахуй, аж амьдралтай хэрхэн нийцэж буй бодит түүхийг эндээс та уншина.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

GOGO: "Соёлын довтолгоо" цуврал

Gogo-ийн редакц өнөөгийн нийгмийн хамгийн их яригддаг, хэлэлцэгддэг хэрнээ орхигддог, анхаарлын гадаа үлдчихдэг сэдвийг сонгон авчээ. "Соёлын довтолгоо" хэмээн нэрлэсэн энэхүү 24 цуврал нийтлэлээрээ тэд бидний эргэн тойрондоо өдөр тутам анзаардаг, анхаарвал, засвал зохих үйлдлүүдийг хөндөж, маш энгийн бөгөөд егөөтэй байдлаар тайлбарлажээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

алтан үзэг: бурхнаас гуйсан нүгэлт хүсэл

Архи уудаг аавыгаа үзэн яддаг байсан юм болов уу?
Аавын уудаг архийг үзэн яддаг байсан юм болов уу?
гэсэн хөнгөн гуниг, гэмшил мэдрэгдсэн үгсээр энэ нийтлэл эхэлдэг. Н.Энхтэнгэр хэмээх охины энэ түүх өнөөдрийн нийгмийн эрээнтэй бараантай бүхнийг тольдож, олон гэр бүлийн дурдаагүй түүхийг хүүрнэж, өгүүлээгүй мэдрэмжийг түгээх болно. Уг нийтлэл сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд явагддаг "Алтан үзэг" наадмын ялагчийн шагналыг эзэндээ авчирсан нь үнэхээр л нүдээ олсон шийдвэр байлаа.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

ikon: АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Хэрэглэгчдэд тухайн асуудлыг ойлгуулж, илүү цэгцтэйгээр мэдээлэл хүргэх тал дээр үргэлж л уран бүтээлийн эрэл хайгуул хийж байдаг хамт олон бол iKon. Тэдний "Агаарын тээврийн либералчлал ба аялал жуулчлал" сэдвийн хүрээнд хийсэн цуврал нийтлэлүүд, ярилцлагууд нь бодлого боловсруулагчдад хүрч, илүү өргөн агуулгатайгаар өөр бусад талбаруудад ч хэлэлцүүлэгдэх болсон билээ. Сонирхолтой формат, утга учиртай агуулгаараа iKon журмын нөхдөдөө үлгэр жишээ үзүүлсээр.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

ТОМЁ БОДЁ: ЦАГ ХУГАЦАА

Шинжлэх ухааныг энгийнээр тайлбарлаж, уншигчдын оюуны боловсролд тууштай, тогтмол хувь нэмэр оруулсаар буй "Томё Бодё" блогоос бид ээлжит сонголтоо хийлээ. 8 дугаар сард нийтлэгдсэн "Цаг хугацаа" нийтлэл бол аль ч чиглэлийн ямар ч мэдлэгтэй хүн уншвал зохимжтой, дараа нь хэлэлцүүлэг өрнүүлж улам ихээр ярилцах ёстой сэдвийг хөндсөн агуулга. "Цаг хугацаа яагаад зөвхөн ирээдүй рүү чиглэдэг юм бол?" гэж нийтлэлч танаас хэд хэдэн удаа асууна. Эхний хариултаа сүүлийнхтэйгээ харьцуулаад нэг үзээрэй.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

itoim: Игзаар хүрснээ эрх чөлөөний өдрөөр

Алдарт Time сэтгүүл 2018 оны "онцлох хүн"-ээрээ шударга ёсны төлөө өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, амь биеэ үл хайхран тэмцсэн, тэмцсээр буй сэтгүүлчдийг тодруулан, "Үнэний сахиулууд" хэмээн тодотгосон билээ. Дэлхий өнцөг булан бүрд хүн төрөлхтний зуу зуун жилийн төлөө тэмцэн бий болгосон үнэт зүйлс үгүйсгэгдэж, тодорхойгүй нөхцөл байдал айсуй энэ үед хэвлэлийн салбарын үүрэг юу юунаас илүү чухал болж хувирав. Энэ трендээс Монгол ч хоцроогүй. Өнөө цагийн шилдэг нийтлэлчдийн нэг Г.Отгонбаярын "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-өөр бичсэн огт өөр өнгө бүхий, хаалт бөгөөд дүргүй шударга үгсийг заавал уншаарай.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

ub.life: Ээжүүд юу хүсдэг бол?

UB.LIFE-ийн эрхлэгч Ж.Тэгшжаргалын энэ нийтлэл ээжүүдийн тухай зүгээр ч бодрол, зүгээр ч нэг хувийн түүх-туршлага биш. Энэ бол үе үеийн залууст нэгийг бодуулах, олон хүмүүсийн дотор хүлэгдсэн гунигт дурсамжийг сэдрээх, хүн бүрд төрдөг харууслыг эргэн төрүүлэх сургаал-сургамжийн дайтай бичвэр. Заавал унших, уншиж үзээд эргэцүүлэх, эргэцүүлээд үйлдэл хийх учиртай нийтлэл.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

interview: анир гүм дэх цаг хугацаа

Ярилцагчийнхаа гүн рүү ийм дотогш нэвтэрч, ингэж ухаж төнхөн бүр шинээр, илүү өөрөөр нээж чадсан бүтээл тийм ч их олдохгүй. Чухам үүнийг Interview сэтгүүл, сэтгүүлч Б.Алтанхуяг гүйцэлдүүлж, уншигчдын оюуны цангааг амттайгаар, эргэцүүлж бодох дүр, төсөөлж бодох өрнөлтэйгөөр тайлж чаджээ. Энэ жил "Цаг хугацаа хэлнэ" номоо гаргасан У.Бямбанямын ертөнцөөр хамтдаа аялах уу?

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

IKON: ТАНИЛЦ: ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВАГСАД

Монгол хэлний үгийн сандаа шинэ утгатай шинэ үг бий болтлоо шуугиан дэгдээж, олны анхаарлыг татсан "ЖДҮ"-тэй холбоотой асуудлыг сурвалжилснаар нь бид iKon-ийг онцлов. Тоо баримт дээр суурилсан, мэдээллийн нээлттэй байдлыг үүсгэсэн тэдний нийтлэл-мэдээнүүдээр нийгэм амьсгалж, энд тэндгүй яриа өрнөж, нийгмийг хамарсан том хөдөлгөөн үүссэн юм

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

Дурдах ёстой нийтлэлүүд

Энэ бол хөндсөн сэдэв, агуулга, хэлбэрээрээ бидний анхаарлыг хамгийн их татсан, уншигч таныг уншаасай хэмээн санал болгож буй нийтлэлүүд юм. Дурдах, онцлох ёстой эдгээр нийтлэлүүд он гартал шинэчлэгдэх болно. Та өөрт таалагдсан, сонирхолтой санагдсан нийтлэлүүдийг бидэнтэй хуваалцаарай.

Gogo: Бид нийгмээрээ чадваргүй, цаг үедээ нийцэхгүй болжээ
Trends.mn: Орчуулах эрдэмд хэрхэн суралцах вэ?
ЗГМ: Хүний гараар бүтсэн диваажин
iToim: С.Баяр: Эхлээд элчин сайдын ажлаа өгөөд орхие
Ikon: Мэдээллийн боловсрол яагаад чухал вэ?
Baabar: Одоо л бид ёроол руугаа дөхөж явна
Buro247: Таны шоппинг жагсаалтанд байгаа хүн бүрт зориулсан бэлгийн санаа
Newspress: Цайны зам
JDF: Итгэлийн хямрал

АТААРХЛЫН ЖАГСААЛТЫН ӨМНӨХ ДУГААРУУД

2017 ОНЫ ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД
2016 ОНЫ ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд
А.Ундрал

Хандалт / Сэтгэгдэл:

13923   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.