Ковер зургийн тайлбар: Тесла "уйтгартай" хонгилд

дэлхий дахинд

Исламын улс бүлэглэлийг бүрэн дарсан хэмээн тунхаглаж, улмаар Сири дэх цэргээ татах Д.Трампын шийдвэрийн дараахан АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Ж.Маттис үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Ингэснээр тэрээр сүүлийн гурван долоо хоногийн дотор Трампын багийг орхиж буй гурав дахь чухал албан тушаалтан болж байгаа юм. Пентагоны тэргүүн Трампын хамгийн чухал-нөлөөтэй хамтрагчдын нэг байсан ч удаа дараалан санал зөрөлдсөн нь явах шалтгаан болсныг нуусангүй. Мексикийн хил дагуу 5 тэрбум долларын өртөгтэй хана барихтай холбоотойгоор Сенаттай тохиролцож чадаагүйн улмаас АНУ-ын засгийн газар тодорхойгүй хугацаанд түр зогсолт хийгээд байгаа нь Трампын нөхцөл байдлыг улам хүнд болгосоор байгаа билээ.

Vox: Трамп болон Ардчилсан намын "тоглоом"-ыг тайлбарлах нь

Индонезийн Ява арлын орчимд гэнэтийн цунами дэгдэж, хамгийн багадаа 222 хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 1000 гаруй хүн гэмтэж, 600 гаруй байшин барилга нурсан байна. Ява, Суматра арлуудын дунд орших Анак Кракатоу хэмээх галт уул дэлбэрсэн нь уг цунами үүсэх шалтгаан болсон гэнэ. Тус галт уул 1883 онд дэлбэрч 36 мянган хүний амийг авч одсон түүхтэй гэдэг.

Элон Маск өөрийн өөр нэг төсөл болох The Boring Company-ийн хамгийн анхны туршилтын туннелийг олон нийтэд танилцуулав. Замын түгжрээг бууруулах зорилгоор газар доогуур хонгил ухаж, тээврийн цоо шинэ хэлбэрийг бий болгох амбицтай уг төслийн хүрээнд тэрээр 10 сая долларын өртөгтэй 1.8 км-ийн хонгилыг Калифорнийн Хавторн орчимд "ухсан" бөгөөд өөрийн Теслагаар эхний аяллыг хийжээ. Маск метро барихаас илүү хямд бөгөөд ухаалаг, зөвхөн цахилгаан юм уу жолоочгүй машин явах зориулалттай, цагт 240 км/цагийн хурдтайгаар тээвэрлэх боломжтой хонгилын сүлжээг үүсгэхээр зорьж байгаа билээ.

Калифорни муж 2040 он гэхэд нийтийн тээврийн бүх хэрэгслүүдээ цахилгаанаар ажилладаг болгох төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэд 2029 оноос эхлэн зөвхөн цахилгаан автобус, машиныг худалдан авах бөгөөд 14 мянга орчим тээврийн хэрэгслийг тэр чигт нь солих зорилготой байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хийж буй санаачилгуудаараа жишиг муж болж буй Калифорни энэ оны эхээр шинээр баригдаж буй амины байшин бүрийг нарны эрчим хүч хуримтлуулах хавтантай байлгах журмыг гаргасан билээ. Тэд 2045 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан муж болох зорилготой байгаа юм.

Японы эзэн хаан Акихито хамгийн сүүлчийн удаа ард түмэндээ хандан төрсөн өдрийн мэндчилгээгээ хүргэлээ. 85 настай эзэн хаан "бүх ард түмнийхээ дэмжлэг, хайр халамжинд баярлаж байгаагаа", дайн дажингүй, энх тайван цагийг үдэж байгаадаа талархаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр өөрийг нь засаглаж байх 30 жилийн хугацаанд тохиосон байгалийн гамшигт үзэгдлүүд, ослуудад амиа алдсан бүх хүмүүсийн гэр бүлээс уучлал хүсжээ. Түүний сүүлчийн мэндчилгээг сонсохоор 80 мянган хүн цугларсан байна. Тэрээр том хүү Нарухитодоо хааны суудлаа 4-р сард хүлээлгэн өгнө.

Тээврийн шинэ эринд тавтай морил!

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Электрон тамхи үйлдвэрлэгч Juul Labs 12.8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг салбарын хамгийн топ тоглогчдын нэг Altria-аас татлаа. Marlboro тамхийг үйлдвэрлэгч Altria ингэснээр Цахиурын хөндийн хамгийн эрэлттэй стартапуудын нэг Juul-ийн 35 хувийг дангаараа эзэмших эрхтэй болж байгаа юм.

100 тэрбум долларын сантай Vision Fund-ийг эзэмшигч SoftBank Group-ийн охин компани, Японы харилцаа холбооны салбарын гол тоглогчдын нэг SoftBank Corp нээлттэй арилжаагаар 23.5 тэрбум долларыг босгосноор улсынхаа түүхэн дэх хамгийн том IPO-г хийлээ. Гэхдээ тэдний нэгж хувьцааны үнэлгээ эхний өдөр 14.5 хувиар буурч хаагдсан гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ нь 2014 онд Alibaba-ийн хийсэн 25 тэрбумын IPO-ийн дараах хамгийн том арилжаанд тооцогдох болжээ.

Африкийн хамгийн том хөрөнгө оруулалтын сангуудын нэг Naspers Энэтхэгийн зах зээлд нэвтэрч, хоол хүргэлтийн хамгийн том сүлжээг эзэмшиж буй Swiggy-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Энэ нь 50 мянга гаруй хоолны газрыг эгнээндээ нэгтгэсэн тэдний үнэлгээг 3.3 тэрбумд хүргэж буй гэсэн үг. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Naspers 3-8 настай хүүхдүүдэд англи хэлний заах үйлчилгээ үзүүлдэг Byju-д 540 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байсан билээ. Сонирхуулахад, Naspers 2001 онд Tencent-д хийсэн 32 сая долларын хөрөнгө оруулалт нь хожим 175 тэрбумд хүрч гайхалтай амжилтыг үзүүлсэн хэмээгддэг юм.

Apple, Amazon шинэ оффисоо зарласнаас хэдхэн хоногийн дараа Google шинэ кампус барих гэж буйгаа мөн мэдэгдлээ. Тэд Нью Йоркийн Хадсоны орчимд 1 тэрбум долларын хөрөнгө оруулж, олон улсын бизнесийн төвөө байршуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дараагийн 10 жилд тэд нийт 14 мянган ажилтныг энэ кампустаа шилжүүлэх аж.

Эм үйлдвэрлэлийн салбарын гигантууд болох Английн GSK, АНУ-ын Pfizer компаниуд нийтийн хэрэглээний эмийн худалдааны бизнесээ нэгтгэж байгаагаа зарлалаа. Жилд 12.7 тэрбум долларын борлуулалттай болох учиртай уг нэгдлийн 68 хувийг GSK эзэмшихээр талууд тохиролцжээ.

Marlboro + Juul: Шинэ монополь тогтов уу?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Facebook блокчэйн технологид суурилсан төлбөрийн хэрэгслийн зориулалт бүхий койн гаргахаар зэхэж байгаа гэнэ. Өнгөрсөн 5-р сард тусдаа хэлтэс үүсгэн хөгжүүлэлтээ эхэлсэн тэд Whatsapp мессеж апп-аар дамжуулан мөнгөн шилжүүлгийн зах зээлийг онилоод байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Facebook өнгөрсөн жил 69 тэрбум долларыг төрсөн нутаг руугаа шилжүүлсэн гадаадад ажиллаж буй Энэтхэг ажилчдыг эхний зорилтот хэрэглэгчдээ болгон сонгожээ.

Apple-ийн шинэчлэгдсэн журмын дагуу хэрэглэгчид ирэх оноос эхлэн App Store-оос худалдан авсан апп-аа бусдад бэлэглэх боломжтой болж байна. Апп доторх худалдан авалт ч үүн дотор хамаарч байгаа нь апп хөгжүүлэгчдэд илүү их орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Судлаачдын таамгаар 2019 онд App Store болон Google Play-ийн борлуулалтын орлого 122 тэрбум долларт хүрнэ гэнэ.

250 сая хэрэглэгчтэй сошиал хэрэглэгчдийн хамгийн хайртай сүлжээнүүдийн нэг Pinterest 2019 оны 4-р сар гэхэд IPO хийхээр зэхэж байна. Үүсгэн байгуулагдсан 2008 оноосоо хойш 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаад буй тэдний зах зээлийн үнэлгээ 12 тэрбумтай тэнцүү байгаа билээ.

Unread: Pinterest - Шинэ санаа, шинэ сэдлээ эндээс ол

Twitter хэрэглэгчдийн хамгийн ихээр "шаардаж" байсан хүсэлтийг биелүүлж, шинээр "цацраг" нэмэлтийг танилцууллаа. Дэлгэцийн баруун дээд талд байрлах "цацраг" дээр дарснаар цаг хугацааны хувьд хамгийн сүүлд бичигдсэн жиргээнүүдийг эрэмбэлэн харах боломжтой болох юм. 2016 оны 2-р сард тэд нүүр хуудсын эхэнд алгоритмын тусламжтайгаар хамгийн эрэлттэй-шилдэг гэх жиргээнүүдийг харуулах болсон нь олон хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлсээр ирсэн билээ.

Энэ оны хамгийн их шуугиан тарьсан апп HQ Trivia-г үүсгэн байгуулагчдын нэг Колин Кролл 34 насандаа таалал төгслөө. Хэдий үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч зарим эх сурвалжууд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс байж болзошгүй хэмээн мэдэгдэж буй юм. Yahoo-ийн хайлтын системийн багийг ахалж явсан Кролл 2012 онд богино хэмжээний видео бүтээдэг апп Vine-ийг үүсгэн байгуулж алдаршсан бөгөөд Твиттерт зарсныхаа дараа интерактив тоглоомын салбарт "хувьсгал" хийсэн хэмээгдэж буй HQ-г бүтээсэн билээ.

Хуучин цагаа дурсах уу?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

DC Comics-ийн ээлжит супер баатрын түүх "Aquaman" АНУ-ын зах зээлд нээлтээ хийсэн долоо хоногтоо 72 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Гэхдээ үүнээс илүү амжилтыг тэд олон улсын зах зээл дээрээс олж, гурван долоо хоногийн дотор 70 улсаас 410 сая долларыг олоод байна. Америкийн бокс оффист Disney-ийн мюзикал "Mary Poppins Returns" 2-р байрт, "Transformers" цувралын "Bumblebee" 3-р байрт бичигджээ. Харин Хятадын зах зээлийг хүн аалзын ертөнцийн анимэйшн "Spider-Verse" 26.1 сая долларын орлогоор тэргүүлсэн байна.

Гүн агуулга, өвөрмөц хийц болон нууцлаг байдлаараа нэрд гарсан гудамжны уран бүтээлч Banksy ээлжит граффити зургаа танилцууллаа. Уэльсийн өмнөд хэсэгт орших үйлдвэрийн хот Порт Талботод тэрээр "утаанд дулаацан буй бяцхан хүүгийн" зургийг урласан байна. WHO-оос Порт Талботыг агаарын бохирдлын хэмжээгээрээ Их Британид тэргүүлж буй хэмээн зарлаад байсан юм.

Дэлхийг аврагч "хар хувцастнууд" эргэн ирэх нь. "Men in Black: International" нэртэйгээр ирэх жилийн 6-р сарын 14-нд нээлтээ хийх уг кинон эхний трэйлэр энэ долоо хоногт цацагдаж, олон фенүүдийн анхаарлын төвд оров. Кинонд Холливудын хамгийн эрэлттэй жүжигчид болох К.Хемсворт, Т.Томпсон нар тоглож байгаа юм. Хамгийн анх 1997 онд гарсан тус цуврал нийт 3 ангиараа 1.6 тэрбум долларын орлого олсон билээ.

Рианна 2019 онд шинэ цомог гаргана гэдгээ баталлаа. Хамгийн сүүлд тэрээр 2016 онд 8 дахь цомгоо гаргасан нь өндөр амжилт олсон юм. Түүнээс хойш тэрээр кино, сурталчилгаанд тоглож, нийгмийн ажлуудад идэвхтэй оролцох болсон билээ. Гэхдээ тэрээр саяхан 2019 оны NFL-ийн шигшээ тоглолт буюу Супер Боулын завсарлагаар дуулах саналаас татгалзсан юм.

Banksy-ийн ээлжит "гайхамшиг"!

Алдалгүй унших арван мэдээ

Konbini: Netflix-ийн 2019 онд төлөвлөж буй бүх контентууд
The Verge: 2018 оны хамгийн чухал сошиал сүлжээ - Fortnite
Reuters: Хятад видео тоглоомын журмаа шинэчилж, Tencent-ийн хувьцаа өсөв
CNN: Дэлхийн хамгийн шилдэг 50 хоол
NYTimes: 2018 оны онцлох гэрэл зургууд
Techcrunch: SpaceX 500 сая долларыг интернет үйлчилгээндээ босгож байна
Vox: 2018 оны шилдэг 7 телевизийн цуврал
QZ: Мөнгө өгвөл Фэйсбүүкээ устгах уу?
BBC: Ангараг руу хүн явуулах нь "тэнэглэл"