Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 16, 2018

7 хоногийн тойм: Үнэний сахиулууд + Хязгаарыг давагч + Ази давлагаа

Ковер зургийн тайлбар: Үнэнийг сахиулагчид ба шударга ёсны төлөөх дайн. Эх сурвалж: TIME

ОНЦЛОХ: TIME сэтгүүл оны онцлох хүнээ зарлалаа

Time сэтгүүл 1927 оноос эхлэн тодруулж буй "Оны онцлох хүн"-ээ нэрлэлээ. Тэд шударга ёсны төлөө өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, амь биеэ үл хайхран тэмцсэн, тэмцсээр буй сэтгүүлчдийг онцлон, "Үнэний сахиулууд" хэмээн тодотгожээ. Тусгай дугаар нийт дөрвөн ковер буюу нүүр хуудастайгаар хэвлэгджээ.

Саудын Арабын засаг захиргааг шүүмжилж, "төрийн дайсан" хэмээн чичлүүлж явсан Жамал Хашоггиг тэд хамгийн эхэнд онцолжээ. Өөрийн үзэл бодол, үнэний төлөөх зарчмаасаа болж төрсөн нутагтаа ч буцах эрхгүйгээр өөрийгөө "цөллөгт" явуулсан Хашогги Washington Post сонинд хэвлүүлсэн цуврал нийтлэлүүдээрээ олон нийтэд харанхуйд дарагдсан үнэнийг ил гаргах гэж зүтгэж байлаа. 10-р сарын 2-нд Истанбул дахь консулын газраас бичиг баримтаа авах гэж ороод ахин эргэж ирээгүй түүний амь насаа алдсан хэрэгт угсаа залгамжлах хан хүүгээс эхлээд тагнуул-хүчний байгууллага оролцсон нь ил болж, олон нийтийн анхаарлын төвд орсон юм.

Филиппиний хамгийн алдартай онлайн мэдээллийн сайт Rappler-ийн үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхий редактор Мариа Рессаг Time мөн үнэний сахиул хэмээн нэрлэв. Популист ерөнхийлөгч Р.Дутартегийн явуулж буй хар тамхины эсрэг дайн, хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтэд амиа алдсан хүний тоо 12 мянгад хүрч, шударга ёс-хүний эрхийн түгээмэл зарчмууд илт алдагдаж буй ил гаргасан түүний багийн ажиллагаа засгийн газарт таалагдсангүй. Өнгөрсөн 11-р сард Rappler-ийг татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж, 55 настай Рессаг 10 хүртэлх жил шоронд хорих шийтгэл онооно хэмээн буруутгасаар буй. Гэхдээ л энэ заналхийлэл Rappler-ийн багийн үнэний төлөөх тэмүүллийг мохоосонгүй.

Мьянмарт эрх баригчдынхаа үнэн дүр төрхийг олон улсад ил болгож, мянга мянган гэм зэмгүй иргэдийн яс үндсээрээ хэрхэн хэлмэгдүүлэлтэд өртөж, төрсөн гэрээ орхиж яваа үнэнийг илчилсэн сэтгүүлчид хоригдох ял авав. Рохингягийн хямралын талаар хамгийн дэлгэрэнгүй-бодит сурвалжлагыг цацсан Ройтерсийн сэтгүүлчид болох К.Оо, В.Лоне нар 7 жилийн ялаар шийтгэгдсэн нь хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцэл үргэлжлэх ёстойг санууллаа.

Зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, таван хамтран зүтгэгчийнхээ алтан амийг алдсан Capital Gazette сонины багийн түүх үе үеийн залууст урам зоригоор тэтгэсээр байх болно. 6-р сарын 28-нд болсон аймшигт халдлагын дараа тэд ажлаа үргэлжлүүлэн хийхээр шийдэж, ямар ч аюул занал-аймшигт халдлага орон нутгийн мэдээ хүргэх, хүмүүст мэдээлэл өгөх үндсэн үүргийг нь зогсоож чадахгүй хэмээн мэдэгдсэн билээ. 1884 оноос хойш нэг ч өдөр таслалгүй мэдээгээ хүргэсэн гайхалтай цувралаа тэд үргэлжлүүлж чадсан.

Тэд бол энэ жил үнэний төлөө бүхнээ зориулсан мянга мянган сэтгүүлчдийн төлөөлөл. Бразилаас Бангладеш хүртэл, Суданаас Хонгконг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт сэтгүүлчид, гэрэл зурагчид, хэвлэл мэдээллийнхэн шударга ёс, үнэний төлөө дайнд хүн бүрийн өмнөөс сайн дураараа оролцож, хүн төрөлхтний ирээдүйд итгэх итгэлийг нэг ч гэсэн өнгөөр сэргээж чадсан билээ.

Time: Яагаад "үнэний сахиулууд"-ыг бид онцлов?

Дэлхий дахинд

2022 онд явагдах намын даргын сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй ихэд хүнд өдрүүдийн ард гарлаа. Европын Холбооноос улс нь гарах тухай Brexit-ийн хэлэлцээрт үндэстний эрх ашигт нийцсэн заалтууд оруулж чадаагүй хэмээн парламентаасаа дэмжлэг авч чадахгүй байгаа түүнийг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж чадах эсэх талаар санал хураалт хүртэл явагдаад амжив. Консерватив намын нийт 317 гишүүний 200 нь түүнийг дэмжсэн ч намынхаа гуравны нэгээс дэмжлэг авч чадаагүй нь 1-р сарын 21-нд парламентад явагдах санал хураалт ихэд хүнд болохыг илтгэсэн юм.

Польшийн Катовиц хотноо явагдсан Уур Амьсгалын Өөрчлөлтийн тухай НҮБ-ийн чуулганаар 2020 оноос хүчин төгөлдөр болох Парисын гэрээнд баримтлах гол дүрмүүдийг баталлаа. Нийт 196 орон, түүний дотор АНУ хүртэл оролцож, хүлээн зөвшөөрсөн энэхүү баримт бичиг нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй ажлуудыг хянах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэхэд ихээхэн чухал нөлөөтэй билээ.

BBC: Бидний анзаарсан таван чухал зүйл

Канадын хойд хэсэгт орших уурхайгаас Хойд Америкаас олдсон хамгийн том алмазыг гаргаж авснаа Dominion компани зарлалаа. 33,74:54,56 мм-ийн хэмжээтэй уг алмазны үнэлгээг тодорхойлох ажил хийгдэж байгаа гэнэ. Өмнөх дээд амжилтыг 2015 онд олсон 187,7 каратын алмазаараа Рио Тинто компани эзэмшиж байсан гэнэ.

Алдарт тэрбумтан Ричард Брэнсоны эзэмшдэг Virgin Galactic хамгийн анх удаа задгай сансарт хөлгөө хүргэлээ. SpaceShipTwo хөлөг дөрөв дэх туршилтаараа нисгэгчтэйгээр 82,7 км-ийн өндөрт хүрсэн нь сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх амбицтай уг компанийн төлөвлөгөөнд томоохон түлхэц болох учиртай билээ. Үүнтэй зэрэгцэн 1977 онд сансарт хөөрсөн Voyager 2 хөлөг нарны аймгаас гарсан тухай NASA мэдээллээ. Дэлхийгээс 18 тэрбум км-ийн зайд буй гэх Voyager 2 нь одод хоорондын зайд нэвтэрсэн хүний гараар бүтээсэн 2 дахь төхөөрөмж болж байгаа юм. 6 жилийн өмнө нарны аймгаас гарсан Voyager 1 хөлөг одоо 22 тэрбум км-ийн зайд хүрсэн гэнэ.

12 жил үлдлээ...

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Инстаграм хэрэглэгчид хоорондоо аудио мессеж солилцох боломж олгох нэмэлтээ танилцууллаа. Хамгийн ихдээ нэг минутын урттай байх уг аудио мессежийг мессеж бичихдээ, мөн групп чатад илгээж болох аж.

Facebook шинээр гаргасан ухаалаг дэлгэц Portal-даа веб хөтөч болон тоглоомын апп-уудыг нэмж байгаагаа зарлалаа. Өмнө нь мессенжертээ нэвтэрч, видео дуудлага хийх зориулалттай байсан уг апп-ийг "зүгээр л том дэлгэц" хэмээн зарим экспертүүд шүүмжилж байсан билээ.

Uber Египетийн нийслэл Кайрод анхны автобус дуудлагын үйлчилгээг нэвтрүүллээ. Uber Bus нь тодорхой чиглэлүүдэд тогтмол тээвэр үйлдэх бөгөөд хэрэглэгчид апп-ийнхаа тусламжтай байршлыг тогтоон захиалаг өгч, улмаар QR кодоор эсвэл бэлэн мөнгөөр төлбөр төлөх боломжтой аж. Ирэх жил IPO хийхээр зэхэж буй Uber зөвхөн таксигаас гадна скүүтер, дугуйн үйлчилгээ үзүүлж, тээврийн бүхий л төрөлд өрсөлдөж байгаа билээ.

Индонезийн хамгийн том онлайн худалдааны платформ Tokopedia 1,1 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалтыг Softbank болон Alibaba-аас татлаа. 4 сая мерчантыг эгнээндээ нэгтгэсэн гэх тус стартапын зах зээлийн үнэлгээ 7 тэрбумтай тэнцэж байна. Tokopedia-ийн гол давуу тал нь ложистикийн сүлжээ нь бөгөөд 17 мянган арлаас бүрдэх нийт газар нутгийн 93 хувьд нь хүргэлт хийж чаддаг гэнэ.

800 сая хэрэглэгчтэй Хятадын хамгийн том хөгжмийн стриминг платформ Tencent Music АНУ-ын зах зээлд IPO хийж 1,1 тэрбум долларыг босголоо. Хэдий нэгж хувьцааны нээлтийн үнэ нь төлөвлөж байснаас багаар тогтоогдсон ч тэдний зах зээлийн үнэлгээ 21,3 тэрбумтай тэнцэх болсон нь том амжилт билээ. Apple Music, Spotify-тай өрсөлдөх амбицтай тус стартап энэ оны эхний хагаст л гэхэд 1,3 тэрбум долларын орлоготой ажиллажээ.

Walkie Talkie хэрэгтэй юу? Инстаграмаа ашигла!

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дөнгөж 1-р сард нээгдсэн аль хэдийн 1700 гаруй салбараа байгуулаад амжсан кофе шопын сүлжээ Luckin 200 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татсан гэдгээ зарлалаа. Хятадын зах зээл дэх Starbucks-ийн ноёрхлыг зогсоох амбицтай тус стартапын үнэлгээ ийн 2,2 тэрбум долларт хүрч байна. Сонирхуулахад, энэ оноос эхлэн Хятадын зах зээлд Alibaba-ийн эзэмшдэг Ele.me-тэй хамтран кофе хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх болсон Starbucks тус улс даяар 3300 салбартай юм.

Technode: Luckin Coffee хэрхэн Хятадын кофе соёлыг өөрчилж байна вэ?

Apple АНУ дахь ажиллах хүчнийхээ тоог 2023 он гэхэд 20 мянгаар нэмэгдүүлэх зорилго тавин, хэд хэдэн хотуудад шинэ оффис байгуулах болсноо мэдэгдлээ. Үүний хүрээнд тэд Техасын Остинд 1 тэрбум долларын өртөгтэй зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах шинэ кампус байгуулах бөгөөд 15 мянга хүртэлх ажлын байр бий болгохоор зэхэж байна. Мөн Сан Диего, Сиаттл, Лос Анжелест нээгдэх шинэ оффистоо 1000 ажлын байр үүсгэх аж.

Европын хамгийн баян хүн Б.Арногийн удирддаг LVMH тансаг зэрэглэлийн зочид буудал, рестораны сүлжээг эзэмшигч Belmond-ийг худалдан авлаа. 2,6 тэрбум долларын өртөгтэй уг худалдан авалтын дараагаар Франц компани нийт 24 улс дахь 46 зочид буудал, рестораныг эзэмших болж байгаа юм. Тансаг зэрэглэлийн зочлох үйлчилгээний салбарт хамгийн хүчирхэг нөлөөтэй тоглогчид тооцогдох LVMH-ийн мэдэлд Louis Vitton, Dior, Bulgari, Hennessy, Moet & Chandon, Hublot, TAG Hauer зэрэг алдартай брэндүүд багтдаг.

2015 онд шүдний эмчийн үүсгэн байгуулж байсан Toss нэртэй финтек стартап 80 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татсанаар 1,2 тэрбумын үнэлгээтэй болж, БНСУ-ын 4 дэх юникорн компани боллоо. Тус апп-д нийт хүн амын 20 хувь буюу 10 сая хэрэглэг нэгдэж, 2018 онд 18 тэрбум долларын гүйлгээ хийсэн гэнэ.

Байгууллагын харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч CallPro 1,1 сая долларын үнэлгээтэйгээр шинэ хөрөнгө оруулалтыг Япон улсаас татсан гэдгээ зарлалаа. Ингэснээр тэд Японы зах зээлд нэвтэрч, үйлчилгээний цар хүрээгээ тэлэх боломжтой болж байгаа юм. Японы тэрбумтан Таками Юүичи нь өмнө нь ЛендМН-д мөн хөрөнгө оруулалт хийж байжээ. Сонирхуулахад, ЛендМН өнгөрч буй долоо хоногт Филиппиний зах зээлд зориулсан LendPinoy апп-аа гаргажээ.

Онцлох стартап: CallPro - Тэднийг маркетингаасаа асуу

Luckin Coffee Starbucks-ийн давамгайллыг эвдэж чадах уу?

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Queen хамтлагийн Bohemian Rhapsody стриминг платформуудаар хамгийн олон удаа тоглуулагдсан 20-р зуунд бүтээгдсэн дуу боллоо. 1975 онд анх цацагдсан даруйдаа чартыг тэргүүлж байсан тус бүтээл Youtube болон Spotify-д нийт 1,6 тэрбум удаа тоглуулагдсан амжилтаараа Nirvana-ийн Smells Like Teen Spirit-ийг гүйцжээ. Ташрамд дурдахад, Queen-ий дуучин Ф.Меркуригийн амьдралаас сэдэвлэсэн Bohemian Rhapsody кино 11-р сард нээлтээ хийж, дэлхий даяар 600 сая долларын орлогыг олоод байгаа билээ. Мөн Ed Sheeran-ий 2017 онд гаргасан Shape of You стримингээр 2 тэрбумаас илүү хандалт авсан анхны бүтээл болсон байна.

Хүн аалзын түүхээс сэдэвлэн бүтээсэн анимэйшн кино Spider-Man: Into the Spider-Verse нээлтийн долоо хоногтоо 42 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Энэ долоо хоногт дебютээ хийсэн Клинт Иствүүдийн The Mule 17 сая долларын борлуулалтаар 2-р байрт бичигдсэн байна. Өмнөх чартуудыг тэргүүлсэн The Grinch болон Ralph Breaks The Internet 3,4-р байрт жагсчээ.

Өнөө цагийн хамгийн эрэлттэй найруулагчдын нэг Ж.Ж.Абрамс Apple-ийн шинэ стриминг үйлчилгээнд зориулан шинэ цуврал бүтээх гэж байгаа гэнэ. My Glory Was I Had Such Friends нэртэй уг киноны гол дүрд нэрт жүжигчин Ж.Гарнер тоглоно гэнэ. Абрамс болон Гарнер нар 2001 онд Alias нэртэй цувралд хамтран ажилласан нь аль аль уран бүтээлчийг нь алдар нэрд хүргэж байсан түүхтэй билээ.

Үүнээс гадна Apple Чарли Броун болон Снүүпигийн түүхийн эрхийг эзэмшигч DHX Media-тай хамтран шинэ контентууд бүтээх болсон байна. 1950 онд анх цацагдсан Снүүпигийн түүх дэлхийн хүүхэд багачуудын хамгийн хайртай, алдартай дүр болон хоногшиж чадсан. Тэдний түүхтэй холбоотой жижиг цувралууд, шинэ анимэйшн, бүрэн хэмжээний кинонууд Apple-д шинэ үзэгчид авчирч чадна хэмээн найдаж байгаа аж.

Pokemon Go-г бүтээгч Niantic 3,9 тэрбум долларын үнэлгээтэйгээр 200 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. Үүнийг тэд ирэх жил гаргахаар зэхэж буй Харри Поттерын шинэ тоглоом болон Ingress-ийн цувралуудад зарцуулах гэнэ. Сонирхуулахад Niantic 2010 онд Google доторх стартапаар үүсгэн байгуулагдаж 2015 онд тусдаа гарсан аж.

алдалгүй унших арван мэдээ

BBC: Камбожоос 3 тонн зааны яс хураагджээ
Unread: 2018 оны шинэ жилийн хамгийн онцгой бэлгийн хөтөч
The Verge: Фэйсбүүкийн төв байранд тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага иржээ
QZ: "Та нар бидний ирээдүйгээс хулгайлж байна!"
Variety: 2018 оны хамгийн "муу" кинонууд
Gogo: Монголчууд NBA-ийн талбайд өв соёлоо танилцууллаа
IndieWire: Cold War кино Европын кино наадамд өнгөллөө
CNN: Трамп 2020 онд хэрхэн ялах вэ?
Techcrunch: Google-ийн хамгийн эрэлттэй хайлтууд юу байв?
Vox: Johnson & Johnson-ий скандалын эргэн тойронд

10612   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.