Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   12 сарын 19, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - “United Airlines”-ийн Монгол дахь төлөөлөгч, “Air Trans” ХХК-ийн сургалт хариуцсан менежер Б.Баярмаа

Өнөөдрийн дугаартаа бид нэгэн сонирхолтой ажил хийдэг зочныг урьж оролцууллаа. Тэр бол дэлхийн хамгийн том авиа компаниудын нэг United Airlines-ийн Монгол дахь төлөөлөгч, Air Trans-ийн сургалт хариуцсан менежер гэх хоёр албыг хослуулан эрхэлдэг Б.Баярмаа юм. Тэрээр 2003 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг санхүүгийн удирдлага, маркетингийн удирдлага мэргэжлээр төгсөөд өнөөг хүртэл онгоцны билетийн компаниудад тогтвортой ажиллаж байгаа ажээ. Зочин маань 2017 оноос билетийн кассын хамгийн ууган компани, 80 гаруй ажилтан, 11 салбартай Air Trans-д ажиллах болжээ. 

Байршил: Central Tower, 406
Албан тушаал:
United Airlines-ийн Монгол дахь төлөөлөгч, Эйр Транс ХХК-ийн сургалт хариуцсан менежер
Хэрэглэдэг компьютер: Dell
Хэрэглэдэг гар утас: Samsung
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Олон ажлыг нэгэн зэрэг

ТА ЭХЛЭЭД ХАРИУЦСАН АЖИЛ ҮҮРГҮҮДИЙНХЭЭ ТУХАЙ ЯРИХГҮЙ ЮУ?

Одоогоор бараг 20 шахам агент буюу билетийн касс Монголд үйл ажиллагаа эрхэлж байна. Дотроо олон жилийн туршлага, хариуцлагатай байдлаараа ялгагдана. Манай “Эйр Транс” компанийн хувьд 21 жилийн түүхтэй хамгийн ууган билетийн касс юм. Би компанидаа сургалт хариуцсан менежерээр ажиллаж байна.

Миний бие мөн дэлхийн анхны авиа компаниудын нэг United Airlines-ийг Монголд төлөөлөн ажиллаж байгаагаараа бахархдаг. Хэдийгээр United Airlines нь Монголоос шууд нислэггүй, МИАТ, Air China-аар дамжиж нисдэг ч билетийг нь авсан тохиолдолд манайх бүх мэдээллийг өгч, асуудал гарвал шуурхай шийдвэрлэдэг.

Ташрамд дурдахад, бид Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны санаачилгаар Монгол улсын гадаад хэргийн яам, Солонгосын элчин сайдын яам, Японы элчин сайдын яамдын хамтарсан “Хариуцлагатай аялцгаая” аяныг дэмжин ажилладаг. Энэ аяны хүрээнд зорчигчдод хариуцлагатай аялахыг уриалж, визний хугацаа, ангилал зөрчихгүй байхыг сануулж, зөвлөгөө мэдээлэл өгдөг.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ вэ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би цаг тухайд нь холбогдох хүмүүс, газруудад нь дамжуулах шаардлагатай маш их мэдээллийн дунд ажилладаг. Ажлын онцлогоос үүдэн нэг зэрэг маш олон ажлыг амжуулдаг. Гэнэтийн төлөвлөөгүй зүйл их гарч ирдэг учраас амжуулахаас ч өөр аргагүй. Үүссэн асуудлуудаас шийдэж болохыгоо Монголд шийдэж, болохгүйг нь гадаад дахь United Airlines-тай холбогдон заавар зөвлөгөө авч шийдвэрлэдэг. Ялангуяа нислэг хойшлогдоход олон асуудал ундарч ачаалал нэмэгддэг. Тухай бүрд нь яаралтай шийдвэр гаргаж явах ёстой болдог.

Сургалтын менежерийн хувиар билетийн кассын ажилд шинэ ажилтнуудыг сургаж бэлтгэдэг. Мэргэжлийн үнэмлэх авъя гэвэл гадагшаа явж өндөр үнэтэй сургалтад хамрагдах шаардлагатай байдаг юм. Энэ ажлыг дотоодод сургах сургууль, байгууллага байдаггүй болохоор бид өөрсдөө сургаж бэлддэг. Тийм болохоор янз бүрийн мэргэжилтэй хүмүүс энэ ажилд шалгуулж ордог.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Байнга мэдээлэл солилцох ёстой ажил хийдэг учраас гол хэрэгсэл бол имэйл ба Viber, WhatsApp, WeChat зэрэг чат аппууд. United Airlines-ийн өөрийн системийг мэдээж ашиглана. Flightradar24 апп-аар онгоцны дугаар, нисэх, буух цаг болон яг одоо хаана нисэж байгаа зэрэг мэдээллийг авдаг.
Өөр бусад апп, програм ашиглах цаг хомс, мэдээ унших ч боломж бараг гардаггүй дээ.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хамгийн яаралтай ажлаас нь эхлэн хийдэг. Томоохон ажлыг эртнээс хийж эхэлдэг нь цаг хэмнэх арга болдог. Яг ажлын цагаар өндөр ачаалалтай ажилладаг учраас би илүү дутуу юманд цаг гаргах дургүй. Аливаа хүсэлтэд хариу өгөхдөө боломжгүй байвал тэр дор нь л шууд хэлдэг. Бас түгжрээд байдаг учраас гадуур явах сонирхол багатай. Хаана ч явсан компьютероо авч явдаг нь бас нэг цаг хэмнэх арга болдог.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ширээний календарь, тэмдэглэлийн дэвтэр, зарим тохиолдолд гар утасны Note апп дээр тэмдэглэлээ хөтөлдөг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Миний хувьд ажил дээр ч, амьдрал дээр ч аливаа зүйлийг тайлбарлах, зөвлөхдөө өөрийгөө дажгүй сайн гэж боддог. Зорчигчид болон билет захиалгын ажилтнууддаа сайн зөвлөх байж чаддаг. Ажил дээр хүнд ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдлыг тайлбарлаж тайвшруулах хэрэгцээ нэлээд гарна. Сургаж дадлагажуулж байсан ажилтнууд маань "Багш аа, багш аа" гэж дотночлон дуудах, үйлчлүүлэгчид талархлаа илэрхийлэх зэргээс өөрийн ажлыг үнэлж дүгнэж байдаг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Ажлын онцлог гэвэл өдөр тутам шинэ зүйлс тохиолдоно. Нэг талаар байнга шинийг сурсан, авхаалж чадвар сорьсон, нөгөө талаар байнгын бэлэн байдалд байх ёстой, хариуцлагатай ажил. Би мэдэхгүй, би чадахгүй гэж хэлж болдоггүй, ямар нэг байдлаар аливаа асуудлыг шийдэхийг зорьдог.

Хил гаалийн асуудал, визний асуудал гэх мэт манайхаас яагаад ч нөлөөлөх боломжгүй, зорчигчдоос өөрсдөөс нь шалтгаалсан асуудлууд бас их гардаг. Ер нь монголчууд маань эдгээр асуудал дээр их зөрчил гаргадаг. Үүнээсээ болж онгоцны буудлууд дээр тун муу нэртэй болоод байгаа. Жишээ нь Хонконг-д манай улсын иргэдийг заавал шалга гэдэг.

Мөн онгоцны билетийн компанид ажиллах нь олон давуу талтай. Бээжинд лав сургалтаар явж байхад "Та нар томчуудын хүүхдүүд үү?" гэж асууж байлаа. Хүмүүсийн аяллыг төлөвлөж өгөх, олон хүнтэй харилцаж танилцах боломжууд нь хүмүүсийг ийм ажлын байранд их татдаг. Нөгөө талаар зорчигчдын мэдээллийг гаргахгүй нууцлалын зэрэглэлтэй, хүний аяллын бүх л зүйлсийг төлөвлөж, асуудал гарвал шийдвэрлэж өгдөг тул маш хариуцлагатай.

Зорчигч нислэгийн билет авснаар манай ажил дуусдаггүй. Билеттэй холбоотой бүхий л мэдээлэл, хил гаалийн дүрэм журам, гадаад паспортын хугацаа, аюулгүй ачаа тээш, нислэг хоорондын хүлээлгийн цаг, зочид буудал захиалга гэх мэт зорчигчтой холбоотой бүх л зүйлийн мэдээллийг өгдөг. Мөн зорчигч билет авахаас эхлээд аялал дуусах хүртэл утсаа асаалттай байлгаж, шаардлагатай үед шууд холбоо барих боломжтой тухай мэдээлэл өгдөг. Товчхондоо нислэг билетийн кассаас эхэлдэг.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном унших, номууд цуглуулах дуртай. Тэр дундаа Дэйл Карнегийн номуудыг байнга ширээн дээрээ байлгаж эргүүлж тойруулан уншдаг. Хүнтэй зөв сайхан харилцах, аливаад санаа зовохгүй эерэг байх тухай өгүүлдэг шүү дээ. Ер нь би их эерэг хандлагатай байхыг хичээдэг хүн. Тийм ч учраас олон нийтийн сүлжээнд нэг их ороод байхыг боддоггүй. Элдэв хар бараан юм уншихгүй байх нь сэтгэл санааны байдалд эерэг нөлөөтэй байдаг.

Мөн шинээр гарч буй бизнес, менежментийн болон түүхийн сэдэвтэй номуудаас цаг гарган уншдаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би сонгодог хөгжимд дуртай. Сонгодог хөгжим сонсохоор сайхан амардаг. Эннио Моррикон, Хенри Манчини нарын киноны хөгжмүүд бас сайхан. Өөрөө бас төгөлдөр хуур дарах гэж оролддог юм.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ихэвчлэн шөнийн 00 цагаас өглөөний 7 цаг хүртэл амардаг. Зарим тохиолдолд шөнө, үүрээр зорчигчид нислэгтэй холбоотой яаралтай асуудал гарсан гээд ярьдаг. Энэ үед яаралтай шийдэж, нислэг зохицуулах шаардлага гардаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Голдуу гэртээ л байдаг даа. Сайхан кино үзэхийг хичээнэ. Гэрээ цэвэрлэх цэгцлэх дуртай. Хотоос зайдуу салхинд гарч амрах дуртай. Жилд хоёр удаа мод тарьдаг. Манай компани 10 га талбайд 20,000 орчим мод тарьж ургуулдаг Эйр Транс нэрийн төгөлтэй.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хийж байгаа ажлаасаа эрч хүч, урам зориг авдаг. Одоо би билетийн компанид 13 дахь жилдээ ажиллаж байна. Одоогийн ажлаа анх кино дээрээс үзээд гоё юм байна даа гэж бодож байсан. Улмаар өөрөө их хүсэж онгоцны билетийн компанид орж байлаа.

Мөн хүмүүсийг сургаж дадлагажуулдаг ажил хийдэг учраас тэдгээр хүмүүс маань ажилдаа жинхлээд, гаршаад ирэхийг харахад их урамтай.

Мөн хүүхдүүдээсээ их энерги авна шүү дээ. Хүүхдүүд эрүүл саруул өсөж том болохыг харах нь их жаргал байдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Амжилттай ажиллаж байгаа лидер хүмүүсийн үлгэр дууриал нь өөрөө хамгийн сайн зөвлөгөө болж байсан. Асуудал тулгарсан хэцүү үед миний оронд тэр хүн байсан бол “Ямар шийдвэр гаргах байсан бэ?” хэмээн эргэцүүлэн боддог дадалтай болсон.

Мөн гадаад хэл сурахтай холбоотой нэг зөвлөгөөг онцолмоор санагдлаа. Герман хэлний багш маань гадаад хэлийг яг л хүүхэд шиг сурвал амархан байдаг гэж зөвлөж байсан. Зүгээр л дуурайгаад яриад бай, алдана гэж айх хэрэггүй. Хүмүүс хэл сурахдаа дүрмийг нь эхлээд сурах нь чухал гэж ойлгоод байдаг. Тэгвэл дууг сурахдаа бид нар ноотоор нь сурдаггүй, зүгээр л цээжилдэг. Үүн шиг эхлээд цээжлэх, дуурайх их чухал шүү гэж захиж байсан юм.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуу мэргэжилтнүүдэд “Зөв хүн л байгаарай" гэж хэлмээр санагддаг. Зөв байж чадвал бусад зүйл амархан бүтнэ. Гадаад хэл, ажлын ур чадвар зэргийг сурч эзэмшиж болно. Харин хувь хүний хандлагыг өөрчлөхөд хамгийн хэцүү байдаг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

"Алтан Тариа" компанийн Цэнгүүн захиралтай ярилцвал их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Чөлөөт зах зээлийн талаарх ном, орчуулга, ярилцлагууд нь их уншууртай. Мөн үнэ тогтворжуулах нэрийдлээр хөнгөлөлттэй зээлээс татгалзаж, арилжааны банкуудаас 3 дахин их хүүтэй зээл авсан ч гурилын үнээ бусад компанийн адил байлгаж чадсан мундаг хүн.

49603   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.