Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   12 сарын 10, 2018

"Шинэ санаа - Шилдэг инноваци 2018" тэмцээнээс онцлох 6 төсөл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 12 дугаар сарын 7-ны хооронд "Шинэ санаа-Шилдэг инноваци" төслийн уралдааныг аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгч, залуучуудын дунд гурван үе шаттайгаар зохион байгууллаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэх болон нийслэлийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн үндсэн чиглэлүүдийн хүрээнд уг тэмцээнд нийт 34 төсөл оролцсон байна. Unread энэ тэмцээний 2-р шатанд шалгаран өрсөлдсөн шилдэг төслүүдээс хамгийн онцлох 6-г нь онцлон нэрлэж байна.

Ecobin - ухаалаг хогийн сав

Улаанбаатар хотын иргэд жилд 1,5 сая тонн хог гаргадаг. Бидний нүдэнд илхэн буй хамгийн том асуудлуудын нэгийг илүү ухаалгаар шийдэх боломжийг Ecobin баг дэвшүүлжээ. Тэд 1 тонн хогийг 8 минутанд ачиж тээвэрлэх боломжтой, дахин боловсруулалт-ложистик тээвэрлэлтийн асуудлын бүрэн шийдсэн илүү өнгөлөг, загвар сайтай хогийн савнуудыг байршуулах зорилготой. Гол нь таван компани нийлсэн консорциум уг хогийн савыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх бөгөөд 20 хувь хямд үнийг санал болгож байгаа аж. Уг төслөөрөө тэд энэ тэмцээний шилдэг төслөөр нэрлэгдэн 10 сая төгрөгийн грант олгосон билээ.

Beelog technologies - бэлгэвч айсуй

"Бүх нийтийг бэлгэвчжүүлэх хөдөлгөөн" хэмээн өөрсдийн уриагаа тодорхойлсон "Beelog Technologies"-ийнхэн Улаанбаатар хотын бүх үйлчилгээний төвүүд, олон нийтийн цэгүүдэд бэлгэвчний АТМ нийлүүлэхийг зорьж байна. Ялангуяа залуучууд, өсвөр насныхан дунд дутагдаж буй нөхөн үржихүй, бэлгийн боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлуудыг шийдэхэд ач холбогдол өндөр уг төсөл төлбөр тооцооны асуудлаа дан цахим хэлбэрээр шийдэж байгаа нь мөн сонирхолтой. Beelog Technologies-ийн уг төсөл тэмцээний шилдгээр нэрлэгдэж, 15 сая төгрөгийн грант хүртсэн билээ.

4VR - Дээврийн эко хүлэмж

Дулаан алдахгүй, дусаал гоожихгүй дээврээс шинэ ногоо ургуулахад та бэлэн үү хэмээн 4VR-ийнхэн биднээс асууж байна. Тус баг жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах 100 хувь органик бордоо ашиглан ногоо тариалах хүлэмжийн асуудлыг акуапоникийн аргаар загас үржүүлэн шийдэж байгаа нь ихэд шинэлэг байв. Биотехнологи, загас үржүүлэг, барилга угсралтын чиглэлийн мэргэжилтнүүд бүхий тус баг Улаанбаатар хот дахь ногоон байгууламжуудын тоог дээвэр дээрх хүлэмжүүдээр нэмэгдүүлж, талбайгаар бус эзэлхүүний хэмжээгээр ургац хураахыг санал болгож байна.

10000 алхам - илүү алхаж бөөн урамшуулал хүртье

Эрүүл амьдралын хэв маягийг үүсгэж, ажил амралтаа тэнцвэржүүлэх, хөдөлгөөний дутагдлыг багасгах зорилготойгоор өдөр бүр 10 мянга алхахыг энэ төслийнхөн санал болгож байна. Үүнийг тэд гар утасны апп-аар шийдэж байгаа бөгөөд найзуудтайгаа өрсөлдөж, өөрийн дүрээ үүсгэж хөгжүүлэх, дээрээс нь даалгавар биелүүлж урамшуулал авах байдлаар хөгжүүлж байгаа аж. 10 мянга алхаад үнэгүй автобусаар аялах, киноны тасалбар авах боломж гарахад татгалзах хүн төдийлэн гарахгүй л байх.

Агроникс - органик баталгаажуулалтын байгууллага

Энэ оноос эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн "Органик хүнсний тухай хууль"-ийн хүрээнд Монгол улсад үйлдвэрлэгдэж, борлуулагдаж буй органик бараа бүтээгдэхүүнүүдийг илэрхийлэх, ялган тодруулах шаардлагатай болсон. Гэвч үүнийг батлах тэмдэг тэмдэглэгээг олгож чадахуйц лаборатори, мэргэшсэн байгууллага одоог хүртэл байхгүй байгаа юм. "Гилгэрэм" брэндээрээ зах зээлд танигдсан багийнхан энэ асуудлыг шийдэж, Монгол бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх алсын хараатай "Агроникс" төслөөрөө энэ тэмцээнд өрсөлдлөө.

LUMOS SPRAY - ДУЛААН ТУсгаарлагч метал нано утас

Энэ тэмцээнд өрсөлдсөн хамгийн залуу баг нь Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 3 дугаар түвшний оюутнуудаас бүрдсэн Lumos багийнхан байв. Тэд дэвшилтэт технологид суурилсан дулаан тусгаарлагч метал нано утсаар нано цацагч, бактерийн эсрэг нимгэн хөнжил бүтээх төслөө танилцуулсан юм. Зөвхөн угаалгаар л арилах нано цацлага болон оффисийн ажилчид руу чиглэсэн илүү хөнгөн, илүү дулаан нимгэн хөнжлөөр даарахын зовлонг мартахыг уриалж байна.

18780   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.