Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 09, 2018

7 хоногийн тойм: Жолоочгүй такси + Алтан бөмбөрцөг + Эцсийн тоглоом

Ковер зургийн тайлбар: Жолоочгүй машины дайн улам ширүүссээр. Эх сурвалж: Bloomberg

Онцлох: Алтан бөмбөрцөгт нэр дэвшигчид тодорлоо

Нэр хүнд цар хүрээгээрээ зөвхөн Оскарын шагналын дараа л орохуйц "Алтан бөмбөрцөг" наадамд нэр дэвшигчдийн нэрс бүрэн тодорхой боллоо. 76 дахь удаагийн наадам 1-р сарын 6-нд явагдах билээ.

Драма төрлийн шилдэг киноны шагналд саяхан нээлтээ хийсэн Bohemian Rhapsody, Лэйди Гагагийн тоглосон A Star is Born болон Марвелийн анхны өнгөт арьст супер баатартай бүтээл Black Panther-ийн хооронд гол өрсөлдөөн өрнөнө. "Инээдмийн болон мюзикал төрлийн" шилдэг кино шагналд дан Ази гаралтай жүжигчидтэй Crazy Rich Asians, нийт 5 төрөлд өрсөлдөж буй The Favourite, Green Book зэрэг кинонууд нэр дэвшжээ.

Дэлгэцийн кинонуудаас хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кино нь нийт 6 шагналд өрсөлдөх Vice болов. АНУ-ын дэд ерөнхийлөгч Д.Чейнигийн намтраас сэдэвлэсэн тус кино 12-р сарын 25-нд нээлтээ хийх юм. Харин Game of Thrones-ийн эзгүйд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн телевизийн цуврал нь American Crime Story болов. Алдарт дизайнер Ж.Версачегийн аллагын талаар өгүүлэх FX-ийн тус цуврал нийт 4 шагналд өрсөлдөнө.

Шилдэг эмэгтэй жүжигчний шагналд Crazy Rich Asians киноны од Констанс Ву нэр дэвшсэн нь энэ жилийн гол мэдээ байв. Энэ нь 44 жилийн дараа "Алтан бөмбөрцөг" наадмын эмэгтэй гол дүрийн шагналд Ази гаралтай жүжигчин өрсөлдөх болсон тохиолдол байв. Хамгийн сүүлд 1974 онд Jesus Christ Superstar киногоороо И.Эллиман нэр дэвшиж байжээ.

Netflix онлайн стримингүүдээс хамгийн олон буюу нийт 13 шагналд нэр дэвших болов. Оскарын наадамд сойж буй Roma бүтээл нь "шилдэг гадаад кино" төрөлтэй нийлээд нийт 3 төрөлд өрсөлдөх аж. Hulu ердөө 2 төрөлд өрсөлдөх бол Amazon Prime 9 төрөлд нэр дэвшиж байгаа юм. Телевизүүдээс FX 10 төрөлд нэр дэвшсэнээр HBO-ийн өмнө бичигдэв.

Дэлхий дахинд

Германы канцеллор Ангела Меркель 18 жилийн дараа өөрийн намын даргын суудлаа хүлээлгэн өглөө. Орон нутгийн сонгуульд хүлээсэн удаа дараагийн гэнэтийн ялагдлын дараа амласан ёсоор Христын Ардчилсан нам шинэ удирдлагатай болж байна. Түүний орыг намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 56 настай Аннегрет Крамп-Карренбауэр залгах болсон юм. Меркелийн дэмжлэгийг хүлээсэн тэрээр дотоод сонгуульд гол өрсөлдөгч Ф.Мерцийг 517:482-оор илүүрхэж ялалт байгуулсан нь энэ юм.

Хятадын топ компаниудын нэг Huawei-ийн үүсгэн байгуулагчийн охин, компанийн санхүү эрхэлсэн захирал Мен Ванжоу Канадад баривчлагдлаа. Түүнийг компани нь АНУ-ын Иран улсад тавьсан худалдааны хоригийг зөрчсөн хэмээн сэжиглэж саатуулсан байна. Үүнийг Бээжин ихэд эсэргүүцэж, гэм буруу нь тогтоогдоогүй иргэнийг яаралтай суллахыг шаардсаар байна.

2018 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчний "Баллондор" шагналыг Хорватын хөлбөмбөгчин Лука Модрич хүртлээ. Ингэснээр сүүлийн 10 жилд анх удаа К.Роналду, Л.Мессигээс өөр хөлбөмбөгчин энэ шагналын эзэн болж байна. Модрич энэ жил Аваргуудын лигт гурав дахиа дараалан түрүүлж, ДАШТ-д Хорватын хамтаар финалд үлдсэн билээ. Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Норвегийн А.Хегерберг, шилдэг залуу хөлбөмбөгчнөөр Францын К.Мбаппе нар тус тус тодорчээ.

TikTok апп-ийг эзэмшигч Хятадын ByteDance зөвхөн AI хөгжүүлэлт, шинэ контентод зориулан 1.4 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татаж байгаа гэнэ. Ингэснээр тус стартап 100 тэрбумаас илүү үнэлгээтэй болох төлөвтэй байна. Тэд өнгөрсөн 10-р сард 3 тэрбум босгон 75 тэрбумын үнэлгээнд хүрч, Uber-ийг даван гарч байсан билээ.

10 минутын тасралтгүй алга ташилтаар гишүүд нь даргаа үдэв

технологийн ертөнцийн эргэн тойронд

Google-ийн эзэмшдэг, жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Waymo анх удаа олон нийтэд зориулсан таксины үйлчилгээгээ нээлттэй болголоо. Финикс хотоос эхэлж буй энэ үйлчилгээний тусламжтайгаар хэрэглэгчид Chrysler Pacifica маркийн жолоочгүй таксиг өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой болжээ.

Skype хийгдэж буй дуудлага, яриаг шууд таньж орчуулах нэмэлтээ танилцууллаа. Сонсгол болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уг нэмэлтийн тусламжтайгаар хэрэглэгчид дуудлагынхаа текстийг дэлгэцээр үзэх, эсвэл 20 хэлнээс орчуулсныг ямар нэгэн хоцрогдолгүйгээр сонсох боломжтой болж байна.

Хамгийн алдартай блог платформуудын нэг Tumblr "насанд хүрэгчдэд зориулсан бүх төрлийн контентуудыг устгах" болсноо зарлалаа. Энэхүү нэмэлт нь тус платформын хамгийн их хэрэглэгддэг нэмэлтүүдийн нэг байсан билээ. 2007 онд үүсгэн байгуулагдаж, оргил үедээ Yahoo-д 1.1 тэрбум доллараар зарагдаж байсан Tumblr өдгөө 450 сая орчим блогтой юм.

Google 2016 онд танилцуулж байсан мессеж апп Allo-ийн хөгжүүлэлтийг зогсоож байгаагаа зарлалаа. Үүний оронд тэд андройд төхөөрөмжүүдийн хооронд мессеж бичих RCS технологид илүү анхаарал хандуулна гэнэ. Allo-той хамт нээлтээ хийсэн видео дуудлага хийх апп Duo-ийн ирээдүй одоогоор тодорхойгүй байна.

Microsoft ирэх жилд өөрсдийн хамгийн гол бүтээгдэхүүнүүд болох Office 365 болон Windows 10-т дизайны томоохон өөрчлөлт хийх гэж байна. Office-ийн зарим шинэчлэлүүдийг туршилтын байдлаар хэрэглэгчдэд танилцуулж эхэлсэн нь эерэг сэтгэгдэл аваад байгаа гэнэ.

Жолоочгүй таксинд суухад та бэлэн үү?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Олон нийтийн таамаглаж байсанчлан Lyft 2019 оны эхний улиралд багтаан IPO хийх хүсэлтээ гаргалаа. Такси дуудлагын үйлчилгээний зах зээлд Uber-тэй гол өрсөлдөөнийг үзүүлж буй тэд 15 тэрбум долларын үнэлгээтэй болоод байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Uber ч мөн адил IPO хийх төлөвлөгөөгөө түргэсгэж, гол түншүүдээ эцэслэж байгаа мэдээ гарсан. Uber-ийн хувьд 70 гаруй тэрбумын үнэлгээтэй, хамгийн том арилжаануудын нэгийг эхлүүлэх төлөвтэй байгаа билээ.

Тэгвэл Цахиурын хөндийн хамгийн алдартай стартапуудын нэг Slack ч 2019 онд нээлттэй компани болохоор зэхэж байгаа гэнэ. 8 сая хэрэглэгч өдөр тутам хэрэглэж буй байгууллагын харилцаа холбооны апп Slack-ийн үнэлгээ 10 тэрбум аль хэдийн даваад байгаа юм.

Samsung 2019 оны эхний хагаст багтаан 5G дэмжих гар утас үйлдвэрлэнэ гэдгээ зарлалаа. Нугардаг утсаа танилцуулаад удаагүй байгаа тэд Verizon, Qualcomm зэрэг томчуудтай хамтран энэ технологийг хамгийн түрүүнд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Apple 5G дэмждэг iPhone-ийг 2020 оноос хойш гаргах төлөвтэй байгаа аж.

Оросын хамгийн том технологийн компани Yandex ухаалаг утас үйлдвэрлэж эхэллээ. Оросын Гүүгл хэмээх тодотголтой тус компани өөрсдийн апп-уудыг суулгасан, андройд үйлдлийн системтэй Yandex.Phone-ийг 270 доллараар үнэлэн худалдаанд гаргав.

Walmart дэлхийн хамгийн том урлагийн онлайн зах Art.com-ийг худалдан авлаа. Жилийн 300 сая долларын борлуулалттай гэх Art.com хэдээр үнэлэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Андройдыг бүтээгч Э.Рубины стартап Essentials гар утсандаа зориулан имэйл апп хөгжүүлэгч Cloudmagic-ийг өөрийн болгосон байна.

Яндексийн утсыг сонирхох уу?

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Ирэх оны хамгийн хүлээлттэй кинонд тооцогдож буй Avengers 4-ийн эхний трэйлэр цацагдлаа. Эхний трэйлэрээр тодорхой болсон хамгийн эхний зүйл нь киноны нэр байсан бөгөөд "Endgame" нэртэйгээр 4-р сарын 26-нд нээлтээ хийх болжээ. Үүнээс гадна тус трэйлэр 24 цагийн дотор 289 сая үзэлт авснаараа дээд амжилтыг шинэчлэв. Өмнөх анги Infinity War нь 230 сая, саяхан цацагдсан The Lion King 224 сая хандалт цуглуулж байлаа. Мөн твиттерт 24 цагийн дотор 589 мянган удаа дурдагдсан нь ч дээд амжилт боллоо.

Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Grammy-д нэр дэвшигчдийн нэрс энэ долоо хоногт зарлагдлаа. Нийт 8 төрөлд өрсөлдөх болсноороо Кендрик Ламар бүх уран бүтээлчдийг тэргүүлэв. Түүний араас Drake 7 төрөлд, Brandi Carlile, Boi-1da нар 6 төрөлд өрсөлдөх болсноороо удаалжээ. Гол гурван төрөл болох шилдэг дуу, бичлэг, цомгийн төрөлд Drake, Lamar, Carlile нар гурвуул өрсөлдөнө. 61 дэх удаагийн Grammy наадам 2-р сарын 10-нд явагдах юм.

Дэлхийн хамгийн алдартай телевизийн цувралуудын нэг Friends-ийг ахин нэг жил Netflix-ээс үзэх боломжтой боллоо. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Netflix одоог хүртэл үнэ цэнээ алдаагүй байгаа уг цувралыг 2019 оны турш хадгалж үлдэхийн тулд 100 сая доллар төлсөн гэнэ. Уг цувралын эрхийг эзэмшигч AT&T шинээр нээх гэж буй стриминг үйлчилгээндээ Friends-ийг нэмэхийг хүссэнээс гадна Hulu, Prime зэрэг өрсөлдөгчид нь ч үнэ өсөхөд хүргэсэн аж.

2018 оны "Дэлхийн Мисс" тэмцээний ялагчаар Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа. Энэ жил 26 настай Ванесса Мексикийн түүхэнд Дэлхийн Миссийн титэм зүүсэн анхны бүсгүй болж байна. Монгол улсыг төлөөлөн оролцсон Э.Энхриймаа "Мультимедиа мисс" шалгаруулалтанд "Топ 10"-т, "Зорилготой мисс" шалгаруулалтанд "Топ 25"-д үлдсэн байна. БНХАУ-ын Санья хотноо явагдсан уг тэмцээнд 118 улсын мисс оролцжээ.

Эцсийн тоглоомд бэлэн үү?

алдалгүй унших арван мэдээ

Gizmodo: Microsoft Edge шинэчлэгдэж MacOS-д зориулсан хувилбараа гаргана
The Verge: К.Харт хэрхэн Оскар хөтлөх ажлаас татгалзав?
QZ: Солонгосын анхны финтек юникорнтой танилц
Reuters: 2018 оны шилдэг зургууд
CNN: Трамп батлан хамгаалахад 750 тэрбум доллар төсөвлөв
Vox: Ангарагийн салхи ингэж сонсогддог
Politico: Трампын тамгын газрын дарга Ж.Келли ажлаа өгнө
TNW: Epic Games-ийн дэлгүүр нээгдлээ
Al Jazeera: Яагаад Францад эсэргүүцлийн жагсаал өрнөх болов?
Polygon: Game Awards-аас онцлох 10 зүйл

13583   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.