Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   12 сарын 17, 2018

Онцлох брэнд: Өв тээн дэлгэрүүлэгч Таван Нүдэн

Монгол угсаатны өв, соёл, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан, өнөө цагийн сор технологиор урлан бүтээж зах зээлд нийлүүлэхээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тансаг зэрэглэлийн монгол брэндийг бүтээхээр хичээн ажиллаж буй ТАВАН НҮДЭН брэндийг бид энэ удаа онцолж байна. ТАВАН НҮДЭН брэндийн бүтээл бүрээс нөр их хөдөлмөр, судалгаа, бүтээлч сэтгэлгээг харж болно. 

Өмнө нь харж байгаагүй ч танил дотно санагдах, монгол гэсэн мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлэм "Ав", "Өв", "Анд" зэрэг хутганы загварууд бидний харааг татсан юм. “МИНПРО” буюу Mongolian Innovative Product компаниар овоглосон ТАВАН НҮДЭН брэнд бүтээгдэхүүнийхээ загварт монгол өв, соёлд байсан хэлбэр, дүрслэл, хэв маягийг шингээн дэлхий дээрх хамгийн шилдэг үйлдвэрээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг гэдгээрээ бусад байгууллагаас онцлогтой. 

Шинэлэг, содон, өмнө нь хэрэглэж байсан мэт танил дотно санагдах бүтээлүүдийг танилцуулж буй ТАВАН НҮДЭН брэндийн үүсгэн байгуулагч Б.Батзаяатай ярилцлаа.

Бизнесийн нэр: TAVAN NUDEN
Үйл ажиллагааны чиглэл: Монголын тансаг эдлэлийн брэнд
Үүсгэн байгуулагдсан: 2016 он
Үүсгэн байгуулагч: Б.Батзаяа
Байршил: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Их хуралдай бизнес төвийн 5 давхарт
Сошиал хуудас: Тavan Nuden Mongolian luxury brand

БизнесиЙН САНААГАА АНХ ХААНАА, ЯАЖ ОЛСОН БЭ?

ТАВАН НҮДЭН брэндийг монгол өв соёлд хэрэглэгдсээр ирсэн ч одоо төдийлөн ашигладаггүй зүйлсийг инноваци шингээн дахин загварчилж, орчин цагийн хэрэглэгчдийн хэрэглээнд нийцүүлэн зах зээлд нийлүүлэхээр хоёр жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн. Анхны бүтээгдэхүүнээр хутгыг сонгож авсан нь учиртай. Хутга гэдэг зүйл монголчуудын ахуй амьдралын салшгүй нэг хэсэг, өдөр тутмын хэрэглээ, хүндлэл гоёлын, бэлэг дурсгалын чухал эд болж ирсэн. Монгол эр хүн бүр сайн хутгатай байхыг хүсдэг. Харин зарим хүмүүс сайн мэдээлэлгүйгээс хаана, ямар ган, төмрөөр урласан нь тодорхойгүй ур хийц муутай, утга агууламж тааруу хутгыг өндөр үнээр авах нь бий. Бид энэ байдлыг халахаар 2017 оны хоёрдугаар сард анхны бүтээгдэхүүн "МОНГОЛ" загварын хутгаа зах зээлд танилцуулж байлаа.

Мэсний ир хийх зориулалтаар тусгайлан гаргаж авсан зэврэлтэд тэсвэртэй, ир хадгалах чадвараар өндөр үнэлэгддэг Дамаскийн гангаар “МОНГОЛ” загварын алт, мөнгөн ангиллын хутгануудыг хийлгэсэн юм. Хутганы үйлдвэрлэгчээрээ бид 1815 оноос хойш Оросын армийн хүйтэн зэвсгийн дийлэнхийг үйлдвэрлэж ирсэн, 200 гаруй жил үе үеийн Оросын төдийгүй Европын хаад, дээдсүүд, Оросын төрийн тэргүүнүүдийн бэлгийг урлаж, тэдний гадаадын өндөр дээд хэмжээний зочдод барьдаг бэлгийг одоо ч мөн урлаж байгаа дэлхийд алдартай Златоустын урчуудыг сонгосон.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

Анхны санхүүжилтийн хувьд хуримтлал болоод зээлээр шийдсэн.

Хамтрагчдаа хэрхэн олж, сонгосон бэ?

Дизайнерууд маань бүгд энэ компанийн үүсгэн байгуулалцсан хамтрагчид. Тэд байхгүй бол эдгээр бүтээгдэхүүнүүд ийм агуулгатай төрнө гэхэд хэцүү. Бид өөрсдийгөө монгол соёлын өвийн уурхайчид гэж төсөөлөн хардаг. Газрын баялаг хязгаартай байдаг бол агуу их түүхтэй, түүнийгээ дагаад агуу их өв, соёлтой үндэстний хувьд бидний уурхай бол хэзээ ч үл дундрах ундарга гэж хэлж болно. Ийм л ундаргаас хэрэгтэйгээ шүүрдэн гаргаж ирж , түүнийг дахин загварчлан, инноваци, технологи шингээн зах зээлд гаргаж байгаа уурхайчид, өв соёлоо түгээн дэлгэрүүлэгчид гэж харж болно. Зүгээр нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж борлуулах биш өв, соёлыг инновацитай холбон өнөө цагийн соёлын өвийг бий болгохын төлөө хүсэл, сэтгэлтэй, хол зам туулах нэгнийг багтаа авдаг. Бидний бүтээл бүрийн ард асар их судалгаа, бэлгэдэл, утга агууламж бий.

Танай бизнес/бүтээгдэхүүний онцлог, давуу талууд? 

Бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн бүр нэг төсөл. Түүний ард нуугдаж байгаа түүхийн үндэс улбаа, өв уламжлал, хэв маяг, бэлгэдлийг өнөө цагт нийцүүлэн дахин загварчилж, хамгийн сайн үйлдвэрлэгчийг судлан олж хамтардаг. Түүгээрээ дамжуулан монгол агуулгатай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бүтээгдэхүүнийг бий болгохыг зорьдгоороо ТАВАН НҮДЭН бусдаас онцгой.

Бүтээгдэхүүн бүр хувийн дугаар, гэрчилгээтэйгээр цөөн тоогоор үйлдвэрлэгддэг тул цаг хугацаа алсрах тусам үнэ цэн нь нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн анхны "МОНГОЛ" загварын алт, мөнгөн ангиллын хутгууд загвар тус бүрээсээ ердөө л 55 ширхэг үйлдвэрлэгдэнэ. Жишээ нь: 05/55 хувийн дугаартай “МОНГОЛ” алтан загварын их гарын хутгыг манай өвөө эдэлж хэрэглэж байсан нь энэ гэнэ лээ хэмээн ам дамжин яригдах өвийг бид бүтээж байгаа гэж болно.

Хутганы загвар бүрийн мөрөн дээр босоо монгол бичгээр загварын нэрийг нь бичиж, зарим загварт онцгой өгүүлэмж бүхий зургийг сийлж өгсөн нь тэр чигтээ утга учиртай бэлэг байгаасай гэж хүссэнийх юм. Зурган өгүүлэмжээ дагаж шүлэг, уран бичлэг дагуулсан "АВ" алтан коллекц энэ жилийн онцлох бүтээлүүдийн нэг болсон.

АВ загварын алтан хутганы ирний хэсэгт бид зугтаж яваа 3 чоно, нэхэж яваа анчин нум сумаа эвшээлгэн давхиж яваагаар дүрсэлж, цагаан шонхор шувуу түүний дээр нисэж буй дүрсийг сийлж өгсөн юм. Хутганы ган дээр сийлсэн зургаас ургуулж шүлэг бичсэн. Эргээд шүлэгний өгүүлэмжээр зураг зурагдаж дашмаг, 3 хундага, асаагуурын гэр гэсэн 3 бүтээгдэхүүнээс бүрдсэн 55 ширхэг л үйлдвэрлэгдэх шинэ коллекц мэндэлсэн. Элсэн зургаар бүтээсэн АВ хутганы сурталчилгааны видеоноос зургийн өгүүлэмжийг харж, шүлгийг сонсох боломжтой. Бид оюуны өмчийг дээдэлж хүндэтгэхийг чухалчилдаг. Энэ ч утгаараа өөрийн ТАВАН НҮДЭН брэндэд зориулж тусгайлан бүтээсэн хөгжмүүдийг өөрсдийн контентуудад ашигладаг. Бүтээгдээд тун удаагүй байгаа ТАВАН НҮДЭН классик дуэт хөгжмийг МУГЖ, ятгач Ч.Мөнх-Эрдэнэ, энэ цагийн толгой хуурчдын нэг, Монгол Улсын Морин хуурын чуулгын гоцлол хуурч Н.Жигжиддорж нар гоцлон тоглоод буй.

ТАВАН НҮДЭН ДҮРС НЬ ЮУНЫ БЭЛГЭДЭЛ ЮМ БЭ?

“ТАВАН НҮДЭН” бол монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн нэгэн зүйл эрхэм нандин бэлгэдэл юм. Алтан ургийн дээдсүүд маань энэ бэлгэдлийг эртнээс дээдлэн залж, эдлэл хэрэглэлдээ дүрслэн, агуулж ирсэн уламжлалтай. Их Юань улсын үед төрийн дээд бэлгэдэл болж Хубилайн ордон буюу Төв ордонд зөвхөн алтан ургийн ихэс дээдсийн өмсгөл хэрэгсэл, зэр зэвсэг зэрэгт асаан хэрэглэдэг байсан тухай түүхч эрдэмтэд судалгааны бүтээлдээ онцолсон байдаг. Хожмоо Богд хаант Монгол улсын үед ч төрийн бэлгэдэл байсан. Таван нүдэнг бэлгэдэл зүйн талаас нь авч үзвэл аюул ослоос авран хамгаалах, мөнх хөх тэнгэр, дөрвөн зүгийг бэлгэдсэн хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, мөнх тэнгэрийн ивээлээр дөрвөн зүгээс ирэх аюулаас хуяглан хамгаалах бэлгэдэлтэй гэсэн үг. Дөрвөн зүг, найман зовхис, мөнх хөх тэнгэр гээд 13-ын тоонд хураагддаг тухай тайлбар ч бас байдаг.

17-р зуунд мөн л Алтан ургийн хүн болох Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг "өсөж арвижих"-ын утгад урвуулан бүтээж "Наши" (дөрвөн арвай) хэмээн Төвөдөөр нэрлэхдээ монгол хэлний "наашир" гэх урин дуудсан утгат үг лүгээ адил сонсогдоно хэмээн бэлгэшээж их гуу сангийн тамга тэмдэгт зохион хэрэглэх болсон байдаг. Өндөр гэгээнээс хойших Богд нар бүгд л энэ бэлгэдлийг өөрийн хэрэглэл эд зүйлдээ шингээн хэрэглэж ирсэн юм билээ.Энэ бүхнийг хураавал ТАВАН НҮДЭН нь Мөнх хөх тэнгэрийн ивээлээр аюул ослоос хамгаалагдаж, эд эдлэл нь өсөж үржиж арвижихыг бэлгэдсэн гэж болно.

Танай ойрын болон хэтийн зорилго? 

Дэлхий ертөнц улам бүр даяаршиж, дэлхийн хаанаас ч хэн ч хүссэн зүйлээ олж авч болохоор тийм цаг үед бид амьдарч байна. Түүний дээр аль нэг компани бүх зүйлээ өөрөө хийх гэж оролдох нь хөрөнгө хүч, цаг хугацаа алдах үйл явц болж хувирсан байна.

Монголд оёж, хатгасан, хадаж эвлүүлсэн зүйлийг л монгол брэнд гэх нийтлэг ташаа ойлголтыг эвдэж, Монголдоо хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын зах зээлд танигдсан, хүндлэл хүлээсэн брэнд бүтээх нь манай зорилго.

Бидэнтэй ижил санаа зорилготой олон мянган хүн энэ мэт боломжийг хайж эрэлхийлсээр байгаа нь гарцаагүй. Өөрсдөөс шалтгаалах бүхнээ алдаа багатай сайн хийж, сайхан боломжийг шүүрэхэд бэлэн, гэрийн даалгавраа сайн хийсэн байх нь бидний тэргүүн зорилт байх болно.

Энэ бүхний ард монгол агуулгыг олон улсын тансаг бүтээгдэхүүний зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартайгаар таниулах нь чухал. Сар шинийн баярын өмнө зах зээлд шинээр танилцуулагдаж худалдаанд гарах бүтээгдэхүүнүүд маань дээр өгүүлсэн бүхний илэрхийлэл байх болно гэж итгэж байна.Шанхай хотноо өнгөрөгч 11 дүгээр сарын 5-ны өдөр албан ёсны нээлтээ хийсэн, талбайн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт, Азидаа нэгдүгээрт орох Олон улсын Экспо төвд бид өөрийн бүтээгдэхүүнийг борлуулах зай талбайгаа зэхчихсэн, ирэх оны нэгдүгээр сараас бүтээгдэхүүнээ борлуулж эхлэхээр мөн ажиллаж байна. Гадаад зах зээлд ТАВАН НҮДЭН брэнд танигдах зөв суваг, бусад улс орнуудтай хамтран ажиллах гарааны эхлэл уг олон улсын Экспогоос тавигдах болов уу гэсэн хүлээлт байгаа.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ? 

Бидний хийж байгаа, хийхээр зорьж байгаа бүтээлд судалгаагүй зүйл нэгээхэн ч үгүй. Судалгаанд суурилж бүтээхээр зорьсон зүйлдээ инноваци шингээж, дэвшилтэт технологи ашиглах нь манай бизнесийн гол зарчим гэж болно.

Мөн бид чанараараа дэлхийд танигдсан үйлдвэрлэгчидтэй хамтрахыг эрхэм болгодог. Орчин цагийн бизнесийн гол зарчим, хандлага ч тийм. Компани, байгууллагууд өөр өөрсдийн хамгийн сайн хийдэг зүйлсийг гардан хийж, тэдгээр бүрдэл хэсгүүдээ нэгтгэн чанартай эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг болсон байна шүү дээ.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ? 

Одоогоор бид 4 загварын 15 төрлийн хутга, 13-р зуунд хамаарах хүрэл цутгамал аяганы хэлбэрийг эш аван ясан шаазангаар бүтээсэн цай, хоолны аягануудыг худалдаалж байна. Ясан шаазан гэдэг нь шаазан бүтээгдэхүүний хамгийн дээд чанар, тансаг хэрэглээний эд гэж ойлгож болно. Цагаан сарын өмнө хэд хэдэн бүтээгдэхүүн шинээр худалдаанд гаргахаар ажиллаж байна.

Тэргүүн ээлжинд онцлох бүтээгдэхүүн бол Тайванийн Үндэсний Музейд хадгалагддаг хөрөгнөөс эш авч орос европчуудын бурхадаа бүтээдэг технологиор бүтээсэн "Мянганы суут хүн – ЧИНГИС ХААН" шүтээн хөрөг. 999.9 сорьцтой алтаар бүрэн бүрж бүтээсэн энэ хөрөг 999 ширхэг бүтээгдэнэ. Ажлын өрөө, гэртээ хүндэтгэн залахад тохиромжтой байхаар тооцож бүтээсэн гэж хэлж болно. Мөн бизнесийн хамтрагчдаа дурсгах, бэлэглэх, албан өрөөндөө залахад тун тохиромжтой байхаар тооцож Данзангийн доллар хэмээн алдаршсан, гүйлгээнд гарч чадаагүй устгалд орсон мөнгөн дэвсгэртүүдийн 25 долларын дэвсгэртийг мөн адил технологиор бүтээх ажил ид өрнөж байна. Данзангийн 25 доллар 3 дугаар сараас худалдаанд гарчих болов уу.

Их хааны хөргийн хойноос онцлох дараагийн бүтээгдэхүүн бол Алтан ордны улсын үед ихэд түгэн дэлгэрч Их Монгол улс даяар тархан хэрэглэж байсан сөн буюу цом хундага юм. Өдгөө Москва дахь Улсын (Орос) түүхийн музей, Эрмитажийн музейд хадгалагддаг цом хундагануудын хэлбэр, чимэглэлийг эш болгон 200 граммын хэмжээтэй, хагаан бугуйвч болон хатан сүйх хээг шигтгэж өгсөн дарсны хос хундага. Уг бүтээгдэхүүнийг ээж аавдаа бэлэг болгон барих, хосууд өөрсдийн хуримынхаа ойд авах, хуримлаж байгаа шинэ хосуудад бэлэглэхэд нэн тохиромжтой байх болов уу. Түүний зэрэгцээ уг хэлбэрийг эх болгон бүтээсэн 50 граммын 5 ширхэг хундага, сархадаа залах чамин тавиураас бүрдэх коллекц байх болно. Эдгээр бүтээгдэхүүнүүд бүгд 999.9 сорьцтой алтаар бүрэн шарсан алтан сөн хундагууд гэж ойлгож болно.

Их Юань загварын цай хоолны аяганууд маань 5 төрлийн хэмжээтэй нийт 18 ширхэг тавагнаас бүрдэх иж бүрдлээр баяжиж сар шинийн ширээг чимэх болно гэдгийг дуулгахад таатай байна. Өнөө цагийн бидний айрагны ваар гэж нэрлэж айргаа хийгээд байгаа ваарууд бол үнэндээ мод, ургамал тарьдаг ургамлын ваарууд юм шүү дээ. Тийм учраас амсар нь шингэн юүлэхэд тохиромжгүй, дээр нь таггүй байдаг. Ургамлын вааран дээр ур муутай наадмын болон адуу малтай зураг буулгаж авчирч айргаа хийж уугаад байгаа хэрэг. Энэ байдал халагдана. Их Монголын үеийн дээдсүүдийн аж амьдралыг дүрслэн зурж үлдээсэн зургуудад олон таарах хэлбэрээс эш авч шаазангийн хамгийн дээд чанар болох ясан шаазангаар бүтээсэн 10-12 литрийн багтаамжтай айрагны саваа сар шинийн өмнө худалдаанд гаргахаар чармайж байна. Аяга, тавагнууд үйлдвэрлэлийн аргаар хийгддэг бол айрагны шаазан сав гар аргаар хийгдэж байгаа нь цаг хугацаа их авч байна. Айрагны шаазан саваа дагаад цай, хоолны аяганууд дээр айрагны нэг литрийн багтаамжтай аяга бүл нэмэх учиртай.

Ажил хэрэгч эрчүүдэд зориулан ТАВАН НҮДЭН бэлгэдлээр бүтээж байгаа өмдний тэлээ, чагтан товчнуудыг Швейцарьт буюу алдарт Patek Philippe, Omega цагны брэндүүдийн аксессуарыг хийдэг компанид захиалан хийлгэж байна. Бүсний шир хар болон хөх өнгөтэй хоёр талаараа зүүх боломжтой. Чагтан товч, бүсний арал 24 каратын улаан туяатай алт (Rose Gold) болон хар гэсэн хоёр өнгөний сонголттой байх ба үндсэн материал нь тансаг зэрэглэлийн Швейцар цагны 316L гангаар хийгдэж байгаагаараа онцлогтой. Уг бүтээгдэхүүнүүд хязгаарлагдмал тоогоор буюу 555 ширхэг үйлдвэрлэгдэнэ.

Энэ бизнесийг эрхлэхийн хэцүү бэрхшээлтэй тал?  олж авсан сургамжаа хуваалцана уу?

Хэцүү бэрхшээлтэй гээд халгаад байх зүйл байхгүй ээ. Гэхдээ, хэрэглэгчдэд үнэлэгдэх агуулга, чанартай бүтээгдэхүүн бүтээж гаргах нь өөрөө маш их цаг авсан, их хөдөлмөр шаардсан нарийн ажил байдаг юм байна. Чухам ямар бүтээгдэхүүн зах зээлд гаргах вэ гэдгийг сонгож тогтох, түүнийг хэнээр үйлдвэрлүүлэх вэ, үйлдвэрлэгчийн технологийн онцлогт тохирсон дизайн боловсруулах, үлгэр бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж барьж мэдэрч үзэх, сайжруулалт хийх гээд амар биш үйл явц үргэлжилнэ. Үүний урд энэ төслийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэх мэт асуудалд оновчтой шийдэл олох шаардлагатай болно.

Энэ бүхний дээр бидний нэг хийж яваа, хөөрхөн ачаалал авч байгаа зүйл бол бүдгэрч ташаарсан түүх, ёс заншлыг бүтээгдэхүүнээрээ дамжуулан ойлгуулах, залруулахыг чармайж байгаа явдал гэж хэлж болно. Жишээ нь: бид шаазан бүтээгдэхүүний анхны загвараа хөх алаг өнгөөр бүтээж, түүнээ "Их Юань" загвар гэж нэрлэсэн. Зарим нэг хүмүүсээс сөрөг дайралт, сэтгэгдэл ирнэ гэж тооцож байсан хэдий ч бараг талаас илүү нь энэ бол хятад өнгө, хятад нэр гэх мэтээр дайрахыг үнэндээ хүлээж байгаагүй. Манай фэйсбүүк хуудсанд бичигдэж байгаа зүйлсийг хараад Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар гуай хүртэл халаглаж, жич сэтгэгдэл бичихэд хүрсэн байх билээ дээ. Их Юань гүрэн, хөх алаг шаазангийн энэ ташаа ойлголтыг засаж залруулах, нийтэд бодит түүхэн үнэнг ойлгуулахад бид багагүй хөрөнгө, хүч зарж ажилласны дүнд ойлголт эергээр эргэсэн нь бидэнд эргээд сайхан үйл бүтээсэн гэх таашаал өгч, ажлаасаа улам урам авсан.

Бид урьд хэдэн зуун жилийн өмнө байсан зүйлийг технологийн дэвшилтэй хослуулан урьдынхаас илүү чанартай ӨВ болгож бүтээгээд өнөө цагийн хэрэглэгчдийн гарт бариулж байна гэсэн үг юм уу даа…

Танай хамгийн борлуулалттай буюу хэрэглэгчдийн таашаалд хамгийн их хүрсэн бүтээгдэхүүн?    

Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн онцлогтой, сонирхдог хүмүүстэй болохоор янз бүр байдаг. Цай, хоолны шаазан аяганууд маань жигд сайн борлуулалттай гэж хэлж болно. Гадаадад оршин суудаг монголчуудын захиалж авдаг гол бүтээгдэхүүн гэвэл шаазан аяганууд гэж нэрлэнэ. Тавагны иж бүрдэл гарахыг хүлээж, шалж байгаа хэрэглэгчид олон байна. Хүннү, хүрлийн үеийн бөгтөр хутганаас эш авч өнөө цагт бүдгэрээд байгаа яс мөлжих уламжлалыг дэлгэрүүлэх санаа зорилгоор, монгол өрх бүрт нэг байгаасай хэмээн зорьж яс мөлжихөд нэн эвтэй ӨВ загварын хутгыг гаргасан. ӨВ загварын хутгууд дотоод гэлтгүй гадаадын хутга сонирхогчдын сонирхлыг ихэд татдаг, борлуулалт сайтай бүтээгдэхүүн мөн.

дэлгүүрийн хувьд онцлох зүйлс бий юу?

Манай дэлгүүрийн зураг төсөл, гүйцэтгэлийн ажлыг монгол, японы хамтарсан МЯК ХХК бүрэн хариуцаж хийсэн. Дэлгүүрийн дизайн, интерьер гаргах нь бас нэг цоо шинэ сорилт байлаа. Учир нь жишиг болгож санаа авах ижил төстэй Монгол брэндийн дэлгүүр үгүй байсан. Архитектор мэргэжилтэй япон захирал өөрийн чадварлаг багийн хүчээр энэ асуудалд шинэ концепт санаа дэвшүүлж, дэлгүүр маань монгол тансаг ангиллын бүтээгдэхүүний брэндийн өнгө төрхийг төлөөлж чадах хэмжээнд зураг төсөл хийгдэж, зургийн дагуу өндөр гүйцэтгэлтэй хийгдсэн. Дэлгүүрийг амилуулж байгаа нэг гол элемент бол онгон дагшин байгалийн мэдрэмжийг төрүүлэх байгалийн чулуун оруулгууд юм. Мэдээж түүнийг дэмжих, нарийн тооцож боловсруулсан бусад элементүүд гээд олон зүйлийг дурдаж болох байх. Хамгийн зөв шийдэл бол хэрэглэгч өөрөө дэлгүүрт ирж биеэр мэдрэх. Тэр нь дэлгүүрийн болон бүтээгдэхүүний онцлогийг таньж мэдрэх хамгийн зөв зам байх болов уу.

30201   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.